| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/0058/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/145 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.1.2.5., |
| Улсын яллагч | Э.Мандуул |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж, шүүгч М.Мөнхбаатар, шүүгч Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Э.Мандуул,
иргэдийн төлөөлөгч Д.М,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ү, түүний өмгөөлөгч Б.Чинбат,
шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308030241516 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Ч-ийн Г, Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эх, хүүхдүүдийн хамт амьдардаг, *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд:
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар тус тус нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтрагч Б.Н-ийн биед хүнд гэмтэл учруулж, Б.Н нь хүнд гэмтлийн улмаас нас барсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс 1-р хавтаст хэргийн 74, 89, 9-97 дахь талд авагдсан нотлох баримтуудыг,
Шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нар нь хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар 1-р хавтаст хэргийн 39-40, 93-99, 83-85 дахь талд авагдсан болон шүүхэд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Ч.Г нь 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 21 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо *** тоот гэртээ хамтран амьдрагч Б.Н-г “архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж хүүхэд хоол ундгүй байлгалаа” гэх шалтгаанаар түүний нүүр рүү алгадаж газар унаган гэдэс, хэвлий хэсэг рүү 2-3 удаа өшиглөж хэвлийн битүү гэмтэл бүхий хүнд хохирол учруулсны улмаас Б.Н нь 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт яаралтай түргэн тусламжаар хүргэгдэж 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02 цаг 39 минутад “хэвлийн битүү гэмтэл буюу элэгний доргилтын улмаас элэгний цусан хангамжийн цочмог хямрал, цус зогсонгишил, цус бүлэгнэлтийн алдагдлаар хүндэрч нас барсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- СХДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас (1-р хавтаст хэргийн 14 дэх тал),
- Цогцост үзлэг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 19-25 дахь тал),
- Хохирогч хууль ёсны төлөөлөгч Б.Ү-ын “...Миний дүү Б.Н нь өрөвч зөөлөн сэтгэлтэй, хүнд тусархаг хүн байсан. Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийг төгсөөд 2005 оноос 2010 он хүртэл Халдвартын эмнэлэгт ариутгагчаар ажилласан. Үүнээс хойш дараалаад гурван хүүхэд гаргасан бөгөөд гэртээ хүүхдээ асардаг байсан. Архи дарс ууж гадуур яваад байдаггүй байсан. Манай дүү Б.Н-г нөхөр болох Ч.Г нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, *** тоотоос нүүгээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монелын тэр хавьцаа Ч.Г нь өөрийн ээж, ах, дүү нар дээрээ очиж амьдраад манай дүүг надтай сүүлийн 2 жилийн хугацаанд уулзуулаагүй. Хадам ээж, аавын гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, *** тоотод очих үед тэр хавийн оршин суугчид нь манай дүү Б.Н-г нас барсан талаар сонсоод надад хэлэхдээ нөхөр нь зөндөө зодож байхыг харж байсан гэж хэлсэн. Т гээд залуу хамт архи дарс ууж байсан бөгөөд хажууд нь зодож байсан гэж надад хэлсэн. Манай дүү охин Б.Н нь нөхөр зодоод байна гээд Монелоос гүйгээд гэртээ ирдэг байсан гэсэн. Тухайн үед ирэхдээ нүүр нь хөхөрчихсөн байдаг байсан гэж надад То 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр надтай таараад ярьсан. ...Уг нь манай дүү Б.Н нь биедээ арчаатай хүн байсан. Нөхөр Г нь зодсоноос болоод биеийн байдал нь муудчихсан юм болов уу гэж хардлага төрөөд байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 29 дэх тал),
- Гэрч Б.Н-ийн “... Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хуваарийн дагуу жижүүртэй ажиллаж байсан. 18 цаг 30 минут орчимд яаралтай тусламжийн тасгийн жижүүр эмч Ц- гэх эмч яаралтай хүрэлцэн ирнэ үү гэсэн. Үүний дагуу 1 давхарт байх яаралтай тусламж руу очиход биеийн байдал маш хүнд, байж ядсан байдалтай, даралт шокийн байдалтай, амин үзүүлэлтүүд хэмжигдэхгүй, ганц нэг үг ч бүтэн илэрхийлэх чадамжгүй, 50 орчим насны махлагдуу, биедээ олон тооны хөхрөлттэй, цус бүлэгнэлтийн алдагдлын шалтгаантай /элэг цус бүлэгнүүлдэг эсийн тоо багасгадаг/, үүнээс үүдэн гар хүрэх эсвэл зүү хүрэх үед хөхөрч болдог, шээс огт үүсэл байхгүй байсан учраас яаралтай шинжилгээ бүрдүүлэн эрчимт эмчилгээний тасагт 16 цаг 47 минутад авсан. Тасагт хүлээн аваад зохиомол амьсгалын аппарат холбож төвийн вейнд гуурс байршуулан амьсгал цус эргэлтийн дэмжлэг эхлүүлсэн. Эмчилгээний явцад биеийн байдал сайжраагүй, элэгний эсийн задрал маш өндөр, хүнд зэргийн цус бүлэгнэлтийн алдагдалтай, баярын цочмог дутагдалтай бодисын солилцооны гүнзгий амедицтой /хордлого/ байсан. Эмчилгээ үр дүн өсөхгүй байсан тул 2023 оны 09 сарын 10-аас 11-ийг шилжих шөнө шөнийн 02 цаг 39 минутад нас барсан. Эмчлүүлж байх хугацаандаа ухаан санаа нь бүдэг, команд биелүүлэх гэж оролдоно, ганц нэг үг ярина, орчны харилцаа байхгүй, ерөнхийдөө унтаарсан, амьсгаадсан байдалтай байсан. Эмчлүүлж байх хугацаандаа амь хохирогч нь ямар нэг реакц таталт өгсөн зүйл болоогүй. Хэвтээ унтаа байдалтай байсан. Би тус өдөр 2 зэрэг хүн авч ажилласан. ...Амь хохирогч өмнө нь манай эмнэлгийн гэмтлийн тасагт үзүүлж байсан шиг санагдаж байна. Яаж мэдсэн бэ гэвэл манай харьяаллынх мөн эсэхийг шалгаж байх үедээ мэдсэн. Амь хохирогчийг анх очиж үзэхдээ өөрөөс нь хууч өвчтэй эсэхийг асуухад байхгүй гэж хэлсэн. Харин тухайн үед хамт байсан нөхөр нь гэх хүнээс энэ хүн ямар нэг хууч өвчтэй юу гэж асуухад элэгний “С” вирустэй гэж хэлсэн. Үүний дагуу шинжилгээ хийж үзэхэд “С” вирустэй байсан нь батлагдсан. Нөхөр гэх хүн нь шороо тоос болсон хувцастай, эрүүл, 3 орчим насны хүүхэд хөтөлчихсөн, 50 орчим насны, бордуу царайтай, намхан нуруутай эрэгтэй байсан. Яаралтай тусламжийн эмч анхан шатны эмчилгээг амь хохирогчид цаг алдалгүй, бүрэн гүйцэт үзүүлсэн. Бүр эргэлзээтэй зүйл дээр эрчимт эмчилгээний тасгаас хүн дууддаг. Яаралтай тусламжаас шингэн сэлбэх эмчилгээ, ацедоц засах, хордлого тайлах зэрэг анхан шатны тусламж үзүүлэн шинжилгээ бүрдүүлсэн байсан. Амь хохирогчийн биед хордлогын улмаас шарласан, цус бүлэгнэлтийн алдагдлын улмаас арьс нь олон тооны хөхрөлтүүдтэй байсан. Би бодохдоо цохиулсны улмаас үүссэн гэж бодохгүй байна. Өвчний болон архины шалтгаантай элэгний дутагдлаар нас барсан хүмүүсийг гэрийнхэнд нь хүлээлгэж өгдөг. Үүний дагуу цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Төв мэдрэлийн систем, хоол боловсруулах систем, зүрх судас, амьсгал, бөөрний дутагдал зэргээс болж амьдралын сүүлийн шатандаа, эмчилгээ хийсэн ч амьдрах бололцоогүй байсны улмаас би амь хохирогчийг эрхтний үйл ажиллагаа доголдсоны улмаас, архины өвчний улмаас нас барсан гэж үзсэн... ” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 32-33 дахь тал),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ү-ын гэрчээр өгсөн “...Би талийгаач Б.Н-ийн төрсөн ах нь байгаа юм. Талийгаач нөхөр Г, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо *** тоотод амьдардаг. 2023 оны 09 дүгээр сарын 11-ний шөнө 01 цагийн үед манай дүү Н-ийн том охин С над руу залгаж ээж маань бие нь муудаад сэхээн амьдруулах тасагт байна, эмч таныг яаралтай ирж уулзаарай гэж байна гэсэн. Шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ирэхэд манай дүү Н сэхээн амьдруулах тасагт байсан. Тухайн үед ухаангүй хэвтэж байсан ба эмчилгээ хийгээд гуурс залгасан байсан. Тэгээд эмч энэ хүнийг аппаратаар хүчээр амьсгалуулж байгаа, уулзах ёстой хүмүүст нь уулзуулж байгаа гэж хэлсэн. ...Сүүлийн үед архи согтууруулах ундааны зүйл тогтмол хэрэглэдэг болсон байсан. Нөхөр Г нь байнгын зоддог. 2012 оноос хойш гар хүрсээр ирсэн. ...Намайг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиход талийгаач баруун нүд, баруун гарын булчин хэсэг нь хөхөрсөн байсан. Тэгээд би хүргэн Г-ээс чи дахиад зодсон юм уу гэж асуухад “үгүй би гар хүрээгүй” гэж хэлсэн. Тэгээд би яагаад нүүр гар нь хөхөрчихсөн юм бэ гэж асуухад “үгүй би гар хүрээгүй өөрөө хэд хоногийн өмнө шавар болоод ороод ирсэн тэр үед хөхөрсөн байх гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 35-36 дахь тал),
- Гэрч Г.С-ийн “...Би том охин нь байгаа юм. Одоо аав Г 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо *** тоотод амьдардаг. 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би Баянзүрх дүүрэгт байх барилгын компанид ажил дээрээ байхад 14 цагийн үед манай аавын дүү Г над руу залгаж ээж чинь дахиад уудгаараа уугаад хордлогод ороод эмнэлэг дээр байгаа юм байна гэж хэлсэн.Тэгээд би аав руу залгаж асуухад аав "... дүүтэй чинь хамт зах ороод ирсэн чинь ээжийн чинь бие нь муудаад байна...” гэж хэлсэн. ...Би орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү очиход ээж ухаангүй хэвтэж байсан. Ээж 2013 оноос хойш элэгний С вирустэй гэх оноштой байсан. Эмнэлгийн байгууллагаар явж эмчлүүлж байгаагүй, эм тариа огт хэрэглэдэггүй байсан. 2009 онд намайг 1 дүгээр ангид байх үеэс эхлэн архи согтууруулах ундааны зүйл тогтмол хэрэглэдэг болсон. Сүүлийн үед архины хамааралтай болсон байсан. 7 хоногт 4-5 удаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон. Сүүлд 2023 оны 08 дугаар сарын 10-аас хойш тасралтгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Мөн 2016, 2020 онуудад архины хордлогод ороод эмчлүүлж байсан. Аав ээжийг байнгын зодож байсан зүйл байхгүй. Аав хааяа ажлаасаа ирэхэд хоол унд хийдэггүй зүгээр сууж байдаг болохоор 1-2 удаа гар хүрч байсан байх. Гэхдээ нүүр хэсэг рүү нь гар хүрдэггүй байсан. Дандаа хөл хэсгээр нь цохиж байсан байх. Цагдаагийн байгууллагад хандаж байсан зүйл байхгүй. Би Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо *** тоотод байх ээжийн төрсөн эгч Н-ийн гэрт байдаг. ...Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиход талийгаачийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Талийгаач Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо Баянголын хавиар байдаг архичидтай нийлж уудаг байсан. Жилийн өмнөөс тэр нийлж уудаг хүмүүс нь байхгүй болсон. Тэгээд ганцаараа ихэвчлэн гэртээ архи уудаг. Манай аав Г нь одоо Шангриллад няравын туслахаар ажилладаг. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, урд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Даруу төлөв, тогтуун, тусч, намайг загнаж байсан удаа байхгүй. Ээж архи уухаараа аавын уурыг хүргэдэг байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 39-40 дэх тал),
- Гэрч М.Г-ийн “...Манайх 2007 онд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо *** тоотод байсан. ...2023 оны 09 дүгээр сарын 07-ны орой караоке орчхоод 21 цагийн үед талийгаач Н-ийн гэрийн ойролцоо явж байхад А, Ж хоёртой тааралдсан. Намайг Г-ийн гэр рүү оръё гээд байсан. Тэгээд хашааны үүдэнд нь яваад очсон чинь Г, Н хоёр өөдөөс гарч ирээд “яана нүүж ирээд удаагүй, хүнд түрээслүүлж байсан чинь муухай болгочихжээ” гэхээр нь зүгээр ээ гээд бид хэд гэрт орсон. Г, А хоёр архинд явсан. Нөгөө хоёр хуванцар савтай 2 ширхэг дөрвөлжин хэлбэртэй архи авч ирээд нөгөөдхөө уугаад тойруулж байхад талийгаач Н дээр аяга ирэхэд “би уухгүй ээ бие өвдөөд байна” гээд талийгаач Н гэдсээ бариад зовуурьтай байгаад байсан. Тэгсэн хэрэн хөөрхий надад банштай шөл хийж өгөөд байсан. Тухайн үед биеийн ил харагдах хэсгээр хөхөрсөн зодуулсан шинжгүй, нуруу болон гэдсээ бариад нэг л зовуурьтай байсан. Би архиа ууж дуусчхаад түрүүлээд гараад явсан. Г-ийн гэрт эхнэр нь А, Ж, Г гээд ах үлдсэн. Гэрт нь бол хүүхэд байгаагүй. Би 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цагийн үед гудамжинд явж байхад Г, хүүхэдтэйгээ, А гурав явж байхаар нь би таараад чи чинь нөхрөө яасан юм бэ А гээд асуусан чинь манай нөхөр хөдөө төмсөнд явчихсан гэж хэлсэн. Харин Г-ийн царай нь хавдаж бумбайсан юм шиг, хөхөрсөн юм шиг болчихсон байсан. Тэгээд Г эхнэрээ саяхан түргэн тусламж дуудаад өгөөд явуулсан, бие нь өвдөөд байхаар нь гэж надад хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа Н-г нас барсан талаар сонссон. Г нүүрэн дээрээ сайхан инээд алдаад яваад байдаг боловч цаагуураа аягүй хүйтэн хөндий сэтгэлтэй юм шиг санагддаг. Надад яг илэн далангүй бол зовлонгоо ярьж байгаагүй. Гэхдээ нөхрийгөө заримдаа гар хүрсэн мэтээр цухуйлгадаг байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 57-58 дахь тал),
- Насанд хүрээгүй гэрч Г.Г-ийн “...Намайг С гэдэг. Би 6 настай. Ээж, аав хоёр өмнө нь муудалцаж, хэрэлдэж байсан. Намайг боль гэж хэлсэн ч болихгүй байсан. Аав уурлаад ээжийг цохиж байсан. Тэрнээс хойш ээж дахиж ирээгүй. Би одоо ээжийгээ хаана байгаа болохыг мэдэхгүй байна. Аав ээжийн биеийн нуруу, гэдэс, гар руу цохиж байсан гэж өөрөө үйлдлээрээ үзүүлж байв. Би одоо эмээ, аав, хоёр ахтайгаа хамт амьдардаг...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 74-76 дахь тал),
- Гэрч Ц.А-н “...Би тухайн өдөр Нд зээлсэн мөнгөө өгөх санаатай очсон бөгөөд гэрт нь ороход Н нэлээн согтуу тасарчихсан. Хажууд нь 5 настай хүүхэд нь байсан. Тэгээд согтуу байхаар нь би мөнгөө өгөөгүй гараад явсан ба гарахдаа хүүхэд нь ийш тийшээ явчих вий гэж бодоод ширээн дээр байсан эмтэрхий цоожийг хаалганы гадна талын цүүнд нь хийчхээд яваад өгсөн. Тэрнээс хойш ахиж уулзаагүй бөгөөд Төв аймгийн Жаргалант суманд төмс хураахаар 2023.09.06-ны өдөр яваад өгсөн. Г, Н нарын хооронд таарамжгүй харилцаа гаргаж байсан талаар би сайн мэдэхгүй. Намайг 2023.09.05-ны өдөр Н-тэй уулзах үед биед нь ил харагдах шарх сорви байгаагүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 79-80 дахь тал),
- Шинжээч эмч С.Э-ийн “...Амь хохирогчид учирсан Элэгний доргилт: Хэвлийн урд болон баруун хана, өрцний цус хуралт, арван хоёр хуруу гэдэс, бүдүүн, нарийн гэдэс, чацархай, сэмж, нойр булчирхай, баруун бөөрний хальс, өөхөн эслэгт цус хуралт, хэвлийн хөндийн цусархаг шингэн хуралдалт гэх гэмтэл нь мохоо гадаргуутай зүйлийн цохих, цохигдох хүчин зүйлийн үйлчлэлээс үүсгэгдэнэ. Уналтаас үүсэх боломжгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 87 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2422 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Талийгаач Б.Н-ийн цогцост хэвлийн битүү гэмтэл: Элэгний доргилт: Хэвлийн урд болон баруун хана, өрцний цус хуралт, арван хоёр хуруу гэдэс, бүдүүн, нарийн гэдэс, чацархай, сэмж, нойр булчирхай, баруун бөөрний хальс, өөхөн эслэгт цус хуралт, хэвлийн хөндийн цусархаг шингэн хуралдалт, баруун нүдний дээд зовхи, зүүн хацар, цээж, баруун бугалга, тохой, шуу, сарвуу, шагай, зүүн бугалга, тохой, шуунд цус хуралтууд, цээжний зүүн хажуу хэсэг, зүүн цавь, гуяны урд дээд хэсэг, баруун гуянд хуучин цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ.
3.Хэвлийн урд болон баруун хана, өрцний цус хуралт, арван хоёр хуруу гэдэс, бүдүүн нарийн гэдэс, чацархай, сэмж, нойр булчирхай, баруун бөөрний хальс, өөхөн эслэгт цус хуралт, хэвлийд цусархаг шингэн хуралдалт, баруун нүдний дээд зовхи, зүүн хацар, цээж, баруун бугалга, тохой, шуу, сарвуу, шагай, зүүн бугалга, тохой, шуунд цус хуралтууд нь шинэ ба цээжний зүүн хажуу хэсэг, зүүн цавь, гуяны урд дээд хэсэг, баруун гуянд хуучин цус хуралт гэмтэл нь нас барахаас тав буюу түүнээс дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой.
4.Тухайн гэмтлийн хүндрэлээс шалтгаалж амьд байх хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
6.Талийгаач нь элэгний архаг үрэвсэлт өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна.
7.Талийгаач нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний 02 цаг 39 минутад нас баржээ.
8.Ходоодонд 40 мл орчим хүрэн шингэн агууламжтай байна.
9. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврах боломж багатай.
10. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна.
11. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис цусанд илрээгүй байна.
12. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл: элэгний доргилтын улмаас элэгний цусан хангамжийн цочмог хямрал, цус зогсонгишил, цус бүлэгнэлтийн алдагдлаар хүндэрч нас баржээ...” гэх (1-р хавтаст хэргийн 93-99 дэх тал),
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 995 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Ч.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. Ч.Г нь болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. Ч.Г-ийн хэл ярианы хөгжил, сэтгэн бодох чадвар хэвийн байна. 4. Ч.Г нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэний дараа сэтгэл санааны цочрол болон өөрчлөлт орсон гэх шинж тэмдэг илрээгүй байна. 5. Ч.Г нь хэрэг үйлдэх үедээ болон үйлдэгдсэний дараа өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодож чадаж байсан байна. 6. Ч.Г нь хэрэг хариуцах чадвартай байна. 7. Ч.Г нь гэмт хэргийг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ үйлдсэн байх сэтгэцийн шинж тэмдэг илрээгүй байна. 8. Ч.Г-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэх (1-р хавтаст хэргийн 233-235 дахь тал),
- Шүүгдэгч Ч.Г-ийн сэжигтнээр өгсөн “...Би хамтран амьдрагч талийгаач Б.Н-тэй 2002 онд анх танилцаж дотноссон ба удалгүй нэг гэрт орсон. 2003 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан. 6-аас 21 насны 4 хүүхэдтэй. 2012 оноос хойш манай талийгаач архи уух нь ихсэж ажил төрөл хийхээ больсон ба архины хамааралтай болсон. Хүүхдээ харж байгаад л архи уучихдаг байсан. Би ганцаараа ажил хийж гэр орноо тэжээдэг байсан. 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хувиараа барилгын ажил хийгээд Сүхбаатарын талбайн ойролцоо явж байтал 17 цагийн орчимд миний 89677080 гэсэн дугаар луу манай талийгаачийн барьж байсан шинэ дугаараас залгасан. Би аваад ярьтал манай 5 настай хүү Г ярьсан бөгөөд “Ээж архи уугаад тасарчихлаа, би айгаад байна, гарах гэсэн чинь ээжтэй хамт архи уусан хүмүүс түгжсэн байна” гэж хэлэхээр би ажлаа дуусгаад гэр лүүгээ явсан. Автобусанд суугаад явтал маш их түгжирсэн бөгөөд 21 цаг 30 минутын үед гэртээ иртэл байшингийн хаалганы гадна талын цүүнд цоож өлгөчихсөн байдалтай байсан. Би хаалгыг нь онгойлготол байшин гэрэлгүй харанхуй байсан. Тэгээд би гэрлээ асаатал хүүхэд маань хоол унд байхгүй, тасраад унтчихсан ээжийнхээ хажууд уйлаад сууж байсан. Тэгэхээр нь би уурлаад талийгаачийг гараас нь угзарч татаад босгосон ба нүүр лүү нь алгадтал газар унасан. Тэгэхээр нь би уурандаа 2-3 удаа талийгаачийн гэдэс хэвлий хэсэг рүү нь баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд босохгүй хэсэг хэвтээд байхаар нь бос гэж загнаж байгаад босгоод талийгаачийг орон дээр хэвтүүлээд би өөрөө хүүхдэдээ хоол цай хийж өгсөн. Миний зүгээс эхнэрээ ална гэж бодоод зодож нүдээгүй, нэг удаа тэвчээр алдаад л ийм зүйл болсон. Манай эхнэр бол ажил хийхээр явсан хойгуур л ойр хавийн хүмүүстэй архи, дарс уугаад байнгын согтуу байдаг байсан. Би бага хүүхдээ тийм хэцүү байдалд байсныг хараад гэнэт уур хүрээд ингэж зодсон. Тэр үед бол том охин талийгаачийн төрсөн эгч Н-ийн гэрт, харин дунд 2 хүүхэд маань манай ээж О-тэй хамт байсан. Манайд өөр хүн байгаагүй. Тухайн үедээ айж сандарсан байдалтай байсан учир зүгээр алгадсан гэж дутуу мэдүүлсэн. Мөн намайг зодсоноос болж үхсэн гэж бодоогүй учир энэ талаар мэдүүлээгүй. Харин өнөөдөр цагдаагаас дуудахаар нь үнэнийг хэлнэ, нэг тийш энэ хэргийг шийдье гэж бодсон юм. Их удаан бодсоны дараагаар ингэж үнэнээ хэлж байгаа юм. Надад ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй бөгөөд би өөрөө хэргийг нэг талд нь болгох гээд үнэнээ хэлж байгаа юм. Намайг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны орой гэртээ очиход эхнэрийн биед ил харагдах гэмтэл бэртэл шарх анзаарагдаагүй. ...2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш талийгаач бусадтай муудалцаж маргалдсан зүйл байхгүй. Харин архи бол 3 хоног дараалж уугаад 8-ны өдрөөс хойш бие нь өвдөөд архи уухаа зогсоосон. Миний бие болсон асуудлыг үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Болсон асуудалд маш ихээр гэмшиж харамсаж байна. Бүтэн жилийн хугацаанд дотроо маш ихээр шаналж явлаа. Талийгаач нь надад зодуулсны дараачаас гэдэс дүүрээд, цэдийгээд байна гэсэн зовуурь хэлсэн. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр ирээд дотор эрхтний гэмтэлтэй байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 83-85 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан буюу зөрчсөн үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх бөгөөд тухайн нотлох баримтын эх сурвалжууд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хүрэлцээтэй байх шаардлага хангагдсан гэж үзэв.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Амь хохирогч Б.Н нь 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр яаралтай түргэн тусламжаар Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 02 цаг 39 минутад нас барсан байна.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2422 дугаартай дүгнэлтээр амь хохирогч Б.Н-ийн биед “....хэвлийн битүү гэмтэл: Элэгний доргилт: Хэвлийн урд болон баруун хана, өрцний цус хуралт, арван хоёр хуруу гэдэс, бүдүүн, нарийн гэдэс, чацархай, сэмж, нойр булчирхай, баруун бөөрний хальс, өөхөн эслэгт цус хуралт, хэвлийн хөндийн цусархаг шингэн хуралдалт, баруун нүдний дээд зовхи, зүүн хацар, цээж, баруун бугалга, тохой, шуу, сарвуу, шагай, зүүн бугалга, тохой, шуунд цус хуралтууд, цээжний зүүн хажуу хэсэг, зүүн цавь, гуяны урд дээд хэсэг, баруун гуянд хуучин цус хуралт...” бүхий хүнд гэмтэл учирсан ба хэвлийн битүү гэмтэл: элэгний доргилтын улмаас элэгний цусан хангамжийн цочмог хямрал, цус зогсонгишил, цус бүлэгнэлтийн алдагдлаар хүндэрч нас барсан болох нь тогтоогдсон байна.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Э “...элэгний доргилт: хэвлийн урд болон баруун хана, өрцний цус хуралт, арван хоёр хуруу гэдэс, бүдүүн, нарийн гэдэс, чацархай, сэмж, нойр булчирхай, баруун бөөрний хальс, өөхөн эслэгт цус хуралт, хэвлийн хөндийн цусархаг шингэн хуралдалт гэмтэл нь мохоо гадаргуутай зүйлийн цохих, цохигдох хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, уналтаас үүсэх боломжгүй...” гэж мэдүүлсэн.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ч.Г нь 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 21 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо *** тоот гэртээ хамтран амьдрагч Б.Н-ийн нүүр рүү алгадаж газар унаган гэдэс, хэвлий хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн үйлдэл, амь хохирогч Б.Н-д учирсан хэвлийн битүү гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ч.Г-ийн үйлдэл нь идэвхтэй, хууль бус болох илэрхий бөгөөд амь хохирогч Б.Нг “архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэлээ, хүүхэд хоол ундгүй байлгалаа” гэх шалтгаанаар нүүр рүү алдагдаж газар унаган гэдэс, хэвлий хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн буюу санаатайгаар түүний бие эрх чөлөөнд халдсан байна.
Гэвч хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Ч.Г нь амь хохирогч, хамтран амьдрагч Б.Н-г санаатайгаар алах гэсэн санаа, зорилготой байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан ба 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн”, 2.5 дахь заалтад “энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол” гэж хүндрүүлэх шинжийг тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэрэг үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан.
Шүүгдэгч Ч.Г, амь хохирогч Б.Н нар нь 22 жилийн хугацаанд хамт амьдарсан, дундаасаа 4 хүүхэдтэй, хамтын амьдралтай байсан нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч Г.С, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад зааснаар тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд байна.
Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ... заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан тул шүүгдэгч Ч.Г-ийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Мөн шүүгдэгч Ч.Г нь 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр амь хохирогч Б.Н-ийн нүүр рүү алгадаж газар унаган гэдэс, хэвлий хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөж, амь хохирогч Б.Н нь 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл эмнэлгийн тусламж үйлчилгээ авалгүй явсаар Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 02 цаг 39 минутад хэвлийн битүү гэмтэл: элэгний доргилтын улмаас элэгний цусан хангамжийн цочмог хямрал, цус зогсонгишил, цус бүлэгнэлтийн алдагдлаар хүндэрч нас барсан буюу хүнд гэмтлийн улмаас нас барсан байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч Ч.Г-ийг гэм буруутай гэж дүгнэсэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Ч.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүгдэгч Ч.Г-ийг үйлдлийг хүний алах гэмт хэргээр зүйлчилж өгнө үү гэсэн агуулга бүхий санал гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Хүнийг алах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргүүд нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо, шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт этгээдийн гэмт үйлдэл, хор уршигтаа хандсан сэтгэхүй харьцаа, хохирогчид учирсан гэмтлийн байдал, хохирогч нас барсан шалтгаан нөхцөл зэргээс шалтгаалан ялгагдан зүйлчлэгдэг.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ч.Г нь амь хохирогч Б.Н-г “архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэлээ, хүүхэд хоол ундгүй байлгалаа” гэх шалтгаанаар, тухайн үед үүссэн уур бухимдлаа барьж чадалгүй гэнэт үүссэн санаагаар амь хохирогч Б.Н-ийн гэдэс, хэвлий орчим 2-3 удаа өшиглөж түүний биед хэвлийн битүү гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан. Улмаар амь хохирогч Б.Н уг хүнд гэмтлийн улмаас нас барсан байна. Түүнчлэн шүүгдэгч Ч.Г нь амь хохирогч, хамтран амьдрагч Б.Н-г санаатайгаар алах гэсэн санаа, зорилготой байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан.
Хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримт авагдаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж, 5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй.” гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ү нь амь хохирогч Б.Н-ийн төрсөн ах хэдий боловч Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг шаардах эрх бүхий этгээд биш байх тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрх бүхий этгээд нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч Ч.Г-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний бага насны хүүхдүүдийн асран хамгаалалтын асуудлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон Н нарт шилжүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна... ” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “...Амь хохирогчийн том хүүхэд нь 22 настай, бага насны 3 хүүхэдтэй юм байна. Сэтгэцэд учирсан гэм хорыг хүүхдүүдэд нь өгөх нь зүйтэй гэсэн саналтай байна. Том хүүхэд нь бага дүү нараа харж хандах боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ү “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цэндоо “...Шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагын асуудал яригдана. Ямар ялыг ямар хэмжээгээр оногдуулах вэ. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ямар ач холбогдолтой, хүмүүжлийн болон засрал хүмүүжилд ямар нөлөөтэй вэ гэдгийг сонгож хэрэглэх учиртай. Шүүгдэгчийн шууд асрамжид байдаг насанд хүрээгүй 3 хүүхэд шилжилтийн насан дээрээ буюу эцэг, эхийн асран хамгаалалт, харгалзан дэмжлэг шаардлагатай насан дээрээ байна. Гэвч энэ үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн боломж байхгүй. Цаашид дээрх 3 хүүхдийг архины хамааралтай ээжийнх нь замналаар явуулахгүйн тулд төр болоод нийгэм эдгээр хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах ёстой. Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинж чанартай гэмт хэрэг үйлдсэн. Амь хохирогч бага насны хүүхдээ гэртээ түгжээд архи согтууруулах ундаа хэрэглэж эрүүл ухаанаа алдаж хэвтээгүй байсан бол энэ хэрэг гарахгүй байсан. ...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээсэн. Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хүний амь нас хохирсон тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байхгүй. Харин нөхцөл байдлыг харгалзан насанд хүрээгүй 3 хүүхэд, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн, шүүхээс сэтгэцэд учирсан гэм хорыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гаргуулах үндэслэлгүй гэж шийдсэн зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ялыг доод хэмжээгээр тооцож өгөхөд ноцтой зөрчил гарахгүй гэж үзэж байна. Насанд хүрээгүй 3 хүүхдийн эрх ашиг, санаатайгаар амь насыг нь хохирооно гэсэн санаа зорилго байгаагүй. Зөвхөн бага насны хүүхдээ хоолгүй байлгасан явдалд уурлаж хандсан хандлага нь буруу. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү. Амь хохирогчийн үргэлжлэл болсон 3 хүүхдийн эрх ашгийг хамгаалахад харгалзан үзэж дээрх зүйл заалтыг хэрэглэж өгнө үү...” гэв
Шүүгдэгч “...Хэлэх зүйлгүй...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1-р хавтаст хэргийн 159 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 160 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 161 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 162 дахь тал), эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах (1-р хавтаст хэргийн 163-165 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 166 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (1-р хавтаст хэргийн 167 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (1-р хавтаст хэргийн 168 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 169 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.03-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоол (1-р хавтаст хэргийн 172-179 дэх тал), асап сангийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 180-182 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (1-р хавтаст хэргийн 185-187 дахь тал) зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Ч.Г-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Учир нь хэрэгт авагдсан гэрч Ц.А-н мэдүүлэг, шүүгдэгч Ч.Г-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр гэмт хэрэг гарсан цаг хугацаанд амь хохирогч Б.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, өөрийн төрсөн хүү 5 настай Г.Г-ийн хамт гэртээ байсан нөхцөл байдал тогтоогдсон болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /амь хохирогч Б.Н-г “архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэлээ, хүүхэд хоол ундгүй байлгалаа” гэх шалтгаанаар гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршиг /хүнд гэмтлийн улмаас хүний амь нас хохирсон/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 6, эх, хүүхдийн хамт амьдардаг/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан шүүдэгч Ч.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар 06 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.
Тус гэмт хэрэг нь 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэгдэж, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Б.Н нь нас барсан байхад шүүгдэгч Ч.Г нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр мэдүүлгээ өгч, гэм буруугаа хүлээсэн байна.
Иймд шүүгдэгч Ч.Г-ийг мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул түүний өмгөөлөгчөөс гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүхээс үзсэн болно.
Шүүгдэгч Ч.Г-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
2.3. Бусад асуудал
Шүүгдэгч Ч.Г-д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүний асрамжид байх 12 настай Г.С, 10 настай Г.Д, 6 настай Г.Г нарт Гэр бүлийн тухай хуулийн 63, 66 дугаар зүйлүүдэд зааснаар асран хамгаалагч томилохыг харьяа дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Г баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ч.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Ч-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ү-ын гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрх бүхий этгээд нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх гаргах эрх нээлттэй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 63, 66 дугаар зүйлүүдэд зааснаар Г-ийн С /РД:***/, Г-ийн Д /РД:***/, Г-ийн Г /РД:***/ нарт асран хамгаалагч томилохыг харьяа дүүргийн Засаг даргад даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Г баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ч.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАР
ШҮҮГЧ М.МӨНХБААТАР
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ