| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2018/01576/И |
| Дугаар | 181/ШШ2018/01652 |
| Огноо | 2018-07-31 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 181/ШШ2018/01652
| 2018 оны 07 сарын 31 өдөр | Дугаар 181/ШШ2018/01652 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Ч.Ичинхорлоо, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.Б /РД:/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Гт холбогдох
41,849,860 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, мэдээллийн санд оруулуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн төлөөлөгч Ч.Т, иргэдийн төлөөлөгч Л.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б миний бие 1992 онд гаалийн байгууллагад ажилд орсноос хойш 2015 оны 12 сарын 1-ний өдрийг хүртэл ямар нэгэн зөрчилд холбогдолгүй, хариуцсан ажлын байр бүхэнд үр бүтээлтэй ажиллаж, хамт олон, удирдлагынхаа итгэлийг хүлээж ирсэн. Үүний баталгаа нь төрийн албаны албан хаагчийн үр дүнгийн гэрээг жил бүр 95 хувиас дээш дүнтэй дүгнүүлж ирсэн, удаа дараа өөрийн байгууллагын болон агентлаг, төр засгийн шагнал, одонгоор шагнагдаж байсан явдал юм. Миний бие ээлжийн амралттай байхад буюу 2015 оны 11 сарын 23-ны өдөр Авилгатай тэмцэх газрын ажилтан танаас асууж тодруулах зүйл байна гэж тайлбар авсан ба улмаар эрүүгийн тоот хэрэгт сэжигтнээр тооцох тухай тогтоол танилцуулж, 11 сарын 25-ны өдөр Гт миний албан үүргээ гүйцэтгэхийг түр түдгэлзүүлэх тухай албан бичиг явуулсан байдаг. Үүний дагуу 2015 оны 12 сарын 1-ний өдөр тухайн үед Гаалийн ерөнхий газрын дарга байсан О.Ганбат Б/494 дугаартай тушаал гаргаж, Ж.Б миний албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн. Миний бие хоёр жил орчмын хугацаанд өөрийгөө ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй болохоо нотлох, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар хууль хяналтын бүх шатны байгууллагад гомдол гаргаж, эрхээ хамгаалан тэмцэж явсаар 2017 оны 10 сарын 2-ны өдөр Нийслэлийн Прокурорын тогтоолоор надад холбогдуулан шалгасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон болно. Энэ хугацаанд миний бие болон манай гэр бүлийн гишүүд сэтгэл санаа болон эд хөрөнгийн асар их хохирол амсахын зэрэгцээ миний ариун нэр төр сэвтэж, худал үнэн нь тодорхойгүй хов жив тархсанд үнэхээр харамсаж явдаг ба Гаалийн байгууллагын зүгээс миний нэр төр, эрх ашгийг хамгаалах талаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй юм. Миний бие надад холбогдуулан шалгаж байсан эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон тул Гаалийн байгууллагадаа эрхээ сэргээлгэх хүсэлтээ гаргасан ба олон удаагийн лавлагаа авах, эрх сэргээх шалгалт өгөх, орон тооны асуудал гэх мэтээр хугацаа өнгөрч Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 3 сарын 27-ны өдрийн Б/120 дугаар тушаалаар миний гаалийн улсын байцаагчийн эрх сэргээгдэж, Буян-Ухаа дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилогдон ажиллаж байна. Ж.Б миний бие төрийн албанд он удаан жил ажилласан, албаныхаа нэр төрийг эрхэмлэн дээдэлдэг төрийн тусгай албан хаагчийн хувьд үйлдсэн хэрэггүй хирнээ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нэр зүүн, эрхэлсэн ажил албан тушаалгүй, цалин мөнгө, эд хөрөнгөөр хохирч, бусдын батлан даалтад байж, хилийн хорио тавиулан сэтгэл санаа бие махбодын асар их хохирол хүлээсэндээ нэхэмжлэл гаргаагүй бөгөөд харин яалт ч үгүй өөрөөс гарсан дараах бодит хохирлоо нөхөн гаргуулахаар дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: миний бие тодорхой албан үүргээ гүйцэтгээгүй хугацааны /2015.12.01-ний өдрөөс 2018.04.01-ний өдөр хүртэлх/ улмаас өөрийн цалин буюу албан ёсны орлого болох 36,216,260 төгрөгийг Гаалийн ерөнхий газраас нөхөн гаргуулах, ажилгүй байх хугацаанд тасарсан нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажилласан хугацаагаар бүрэн төлүүлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр дээр нөхөн бичилт хийлгэж, мэдээллийн санд оруулах, ажилгүй байх хугацаандаа ажилласан жилээ таслахгүйн тулд нийгмийн даатгалд миний зүгээс төлсөн сайн дурын даатгалын хураамж 633,600 төгрөгийг буцаан авах, эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдах явцдаа өөрийн эрхийг хамгаалах, эрх зүйн туслалцаа авахын тулд өмгөөлөгчид төлсөн хөлс 5,000,000 төгрөгийг гаргуулах тус тус болно. Нийт нэхэмжлэлийн үнийн дүн 41,849,860 төгрөг ба ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, эрүүл мэндийн даатгалд төлсөн 633,600 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Бын нэхэмжлэлтэй танилцаад хариу тайлбар хүргүүлж байна. Гаалийн албан тушаалтан Ж.Быг албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд буюу 2015 оны 11 сарын 25-ны өдрийн Авлигатай тэмцэх газрын албан тоот ... Ж.Быг эрүүгийн тоот хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцон шалгах болсон тул албан тушаалаас нь түр түдгэлзүүлэх... тогтоол ирсэн тул хууль хяналтын байгууллагын хуулиар хүлээсэн үүргийг хүндэтгэн Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 сарын 1-ний өдрийн Б/494 тоот тушаал гарч Ж.Быг албан тушаалаас нь түр түдгэлзүүлсэн болно. Нэхэмжлэгч Ж.Б нь энэ тухайгаа нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байх бөгөөд энэ асуудал дээр зохигчид хооронд маргаан байхгүй болно. 2017 оны 10 сарын 2-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын тогтоолоор Ж.Бтой холбогдуулан шалгаж байсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 3 сарын 27-ны өдрийн Б/120 тоот Ж.Бын гаалийн улсын байцаагчийн эрхийг сэргээж, албан тушаалд томилох тухай тушаал гарч, одоо нэхэмжлэгч Буянт-Ухаа дахь гаалийн газарт томилогдон, албан үүргээ хэвийн гүйцэтгэж байна. Ж.Б нь тус гаалийн газарт одоо томилогдон ажиллахдаа албан ажлын үндсэн цалин, зэрэг дэвийн нэмэгдэл, цолны нэмэгдэл, хилийн нэмэгдэл, ажилласан хугацааны нэмэгдэл, улирал бүр үр дүнгийн урамшуулал зэргийг аван ажиллаж байгаа болно. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгөн дүнтэй холбоотой маргаан нь Авилгатай тэмцэх газрын Албан тушаалаас нь түр түдгэлзүүлэх тухай тогтоолтой холбоотой үүссэн маргаан, харин Гаалийн байгууллага өөрөө санаачилгаараа шийдвэр гаргаж албан тушаалаас нь түдгэлзүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Гт холбогдуулан албан үүргээ биелүүлэхийг нь түр түдгэлзүүлсний улмаас авч чадаагүй, албан үүргээ гүйцэтгээгүй хугацааны цалин хөлс болох 36,216,260 төгрөг, ажилгүй байх хугацаандаа нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж, даатгалын хураамжид төлсөн 633,600 төгрөг, эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдах явцад өмгөөлөгчид өмгөөллийн хөлсөнд төлсөн 5,000,000 төгрөг, нийт 41,849,860 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, мэдээллийн санд оруулуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх шийдвэрийг хариуцагч байгууллага гаргаагүй, эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу түдгэлзүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь Авилгатай тэмцэх газраас түүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар Нийслэлийн прокурорын газрын тогтоолоор түүнийг албан үүргээ гүйцэтгэхийг түр түдгэлзүүлсэн талаар Гт мэдэгдэж, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 сарын 1-ний өдрийн Б/494 дугаар тушаалаар Ж.Быг албан үүргээ гүйцэтгэхийг түр түдгэлзүүлсэн, улмаар 2017 оны 10 сарын 2-ны өдөр Нийслэлийн Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр 2018 оны 3 сарын 27-ны өдрөөс Буянт-Ухаа дахь гаалийн газарт гаалийн байцаагчаар томилогдон ажиллаж байгаа гэж тайлбарласан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч уг үйл баримтын талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд тодруулахад хэрэв албан үүргээ биелүүлэхийг нь түр түдгэлзүүлээгүй байсан бол цалин хөлсөө авах байсан бөгөөд 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дахь заалтад төрийн албан хаагч төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах баталгаагаар хангагдана гэж заасан тул албан үүргийг нь түр түдгэлзүүлсэн байсан хугацааны цалин хөлсийг авах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтад заасан зайлшгүй орох байсан орлого гэж үзэж байгаа талаараа болон Г өөрийнх нь эрх ашгийг хамгаалах ямар нэгэн арга хэмжээ явуулаагүй гэх үндэслэлүүдээр тайлбарласан.
Нэхэмжлэгч өөрт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн болон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй бөгөөд Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 3 сарын 13-ны өдрийн Б/1162 дугаартай Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт танаа гэсэн Ж.Бод холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 10 сарын 2-ны өдрийн 49 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг мэдэгдсэн агуулга бүхий албан бичиг, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 сарын 1-ний өдрийн Б/494 дугаартай Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай албан бичгүүдийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалтад заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх шаардлагыг хангаагүй байна.
Гэсэн хэдий ч хариуцагчийн төлөөлөгч Ж.Быг Авилгатай тэмцэх газраас эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар Нийслэлийн прокурорын газрын тогтоолоор түүнийг албан үүргээ гүйцэтгэхийг түр түдгэлзүүлсэн талаар Гт мэдэгдэж, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 сарын 1-ний өдрийн Б/494 дугаар тушаалаар Ж.Быг албан үүргээ гүйцэтгэхийг түр түдгэлзүүлсэн, улмаар 2017 оны 10 сарын 2-ны өдөр Нийслэлийн Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу түүнийг 2018 оны 3 сарын 27-ны өдрөөс Буянт-Ухаа дахь гаалийн газарт гаалийн байцаагчаар томилсон гэх үйл баримтын талаар маргаагүй тул шүүх нэхэмжлэлд дурдагдсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон гэж үзэн дээрх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар шаардан авах шаардлагагүй гэж үзсэн болно.
Хариуцагч Г нь Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дахь заалтад Хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно гэж заасны дагуу Ж.Быг ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсоосон нь хуульд нийцсэн байх ба 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дахь заалтад Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно гэж заасан тул албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй этгээдэд төрөөс цалин хөлс олгох үндэслэлгүй байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дахь заалтад зааснаар ажил олгогч нь ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр заасан, нэхэмжлэгчийг ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн хугацаанд түүнд төрөөс цалин хөлс олгох үндэслэлгүй байсан байх тул нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч нөхөн төлөх үүрэггүй бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө. гэж заасан, нэхэмжлэгчийг ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсоосон явдалд хариуцагч буруутай гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн сайн дурын үндсэн дээр төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийг мөн хариуцагч хариуцах үндэслэлгүй байна.
Өмгөөллийн хөлсний хувьд нэхэмжлэгч эрүүгийн хэрэг шалгагдах явцад өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр өмгөөлөгч авч холбогдох зардлыг гаргасан, уг зардал гарахад хариуцагч Гаалийн ерөнхий газрын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь Г өөрийнх нь эрх ашгийг хамгаалах ямар нэгэн арга хэмжээ явуулаагүй гэх боловч Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомжоор эрх бүхий байгууллагаас эрүүгийн журмаар шалгаж буй асуудалд хөндлөнгөөс оролцох эрх Гт олгогдоогүй, тухайн асуудлаар ажилтны эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авах үүрэггүй тул Г өөрийнх нь эрх ашгийг хамгаалах ямар нэгэн арга хэмжээ явуулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.
Аливаа хохирол, гэм хорыг хариуцах үүрэг үүсэхийн тулд хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн, эсхүл хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид хохирол, гэм хор учирсан байхаас гадна үүргээ зөрчсөн байдал, гэм буруутай үйлдэл болон хохирол, гэм хорын хооронд шалтгаант холбоо тогтоогдох учиртай.
Хэрэгт авагдсан баримтаар Г хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн, эсхүл түүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид хохирол, гэм хор учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Гаалийн ерөнхий газраас 41,849,860 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, мэдээллийн санд оруулуулах тухай нэхэмжлэгч Ж.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 5 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 368,000 төгрөгийн 367,199 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 801 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.Бод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА