Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2018/01023

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2018/01023

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Р ХХК /РД:.............../-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Ф.Л ХХК /РД:............/-д холбогдох

Үйлчилгээний барилгын 2 дугаар давхрын таазаар угсарсан орон сууцны хэрэгцээний халуун, хүйтэн, цэвэр, бохир усны түгээх гол магистралын шугам хоолойг подвал В1 давхарт буулган, чанартай материалаар угсралтын системийг өөрчлөн шинэчлэн барихыг хариуцагчид даалгуулах, хана, таазны засварын ажлын зардалд шаардагдах 22,800,000 төгрөг, үнэлгээний хөлс 440,000 төгрөг, нийт 23,240,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С нар оролцов.

Хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Т ХХК нь 2012 оны 4 сарын 16- ны өдөр Үйлчилгээний төвийг захиалгаар барих, бариулах" NtT/41/010 дугаар, Н.Р ХХК нь 2014 оны 9 сарын 27-ны өдөр Үйлчилгээний төвийг захиалгаар барих, бариулах гэрээний нэмэлт NR/13/273 дугаартай гэрээнүүдийг Ф.Л ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч Ф.Л ХХК нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол 1 дүгээр гудамж гэсэн хаягт үйлчилгээний төвтэй 195 айлын орон сууцны барилгын 1, 2 дугаар давхрын 2,375 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийг барилгын стандарт норм дүрмийн дагуу барьж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээнд заасан төлбөр тооцоог төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Уг барилгыг 2013 онд улсын комисс ашиглалтад оруулсан бөгөөд барилгын 1, 2 дугаар давхрын үйлчилгээний зориулалттай 2,375 м.кв талбайн өмчлөгч нь манай компани юм. Барилга ашиглалтад орсон цагаасаа эхлэн их бага хэмжээгээр нийт 40-өөд удаа худалдааны заалны таазны шугам хоолой цоорч ус алдсан. Үндсэн барилгаас ус алдсан үед ус шууд манай худалдааны төвийн таазаар дамжин орж ирснээс хана таазны будаг нь шарлаж, ховхорч хууларсан, худалдааны заалны таазанд байрлах шугам хоолой цоорсноос түрээслэгчийн бараа материал усанд автах, цахилгааны утас, сүлжээ доголдох үүнээс үүдэн гал гарах аюултай нөхцөл байдалд байна. Энэ талаар Барилгын ажлын гүйцэтгэгч Ф.Л ХХК-д удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, барилгын ашиглалтын явцад үүссэн чанарын зөрчлөө арилгаж ус алдсан хэсгийн таазны эвдрэлийг засвар хийх, цаашид дахин ус алдахгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлэхийг шаардсан боловч ус алдаж буй хэсэгт тосгуур хийн түр торгоох байдлаар асуудалд хандаж, ус алдаж байгаа нь дээд давхрын айлуудын салбар шугамнаас буюу тэдний хариуцлагагүй байдлаас шалтгаалж байгаа гэсэн үндэслэлгүй тайлбарыг хэлсээр ямар ч арга хэмжээ авахгүй өдий хүрч байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 6 сарын 6-ны өдрийн 02-07-187/877 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтээр "Уг үйлчилгээтэй орон сууцны барилгын 1, 2 дугаар давхрын дэлгүүрийн заалны таазаар угсрагдсан шугамнаас ус алдсан, 2016 оны 5 сарын 17, 2016 оны 6 сарын 19-ний өдрийн шалгалт хийсэн тэмдэглэлүүдэд сантехникийн цэвэр бохир дулааны труба удаа дараа цоорч ус алдсан, таазны хуурай шавардлагад эвдрэл гарсан болохыг тогтоосон. Үйлчилгээний төвийг захиалгаар барих, бариулах гэрээний 2.8-д Үйлчилгээний төвийн хувьд цахилгаан, дулаан, агааржуулалт, салхивч, цэвэр ус, холбоо интернэт, галын дохиолол зэрэг инженерийн байгууламжийн хангамж ашиглалтын шийдэл нь тусдаа буюу орон сууцнаас хамааралгүй хийгдсэн гэсэн тусгай шаардлагыг зөрчиж үндсэн барилгын буюу орон сууцны хэрэглээний халуун, хүйтэн бохирын усны системийн ерөнхий зангилааг үйлчилгээний төвийн давхрын таазаар татаж хийхдээ давхар дундын битүүмжийн цутгалтыг хийгээгүй, чанаргүй материалаар гүйцэтгэснээс шугам хоолойнууд цоорч ус алдсан гэж байна. Иймд Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь заалт, Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 3.3-т заасан гүйцэтгэгч нь Барилгын тухай хуульд заасны дагуу ашиглалтад орсноос хойш гурван жилийн хугацаанд барилга, үйлчилгээний төвийн чанарт баталгаа өгнө. Энэ хугацаанд барилгын материал болон ажил гүйцэтгэлийн чанар, техникийн, инженерийн шугам сүлжээний тоноглолтой холбоотой эвдрэл, гэмтэл, доголдол гарвал гүйцэтгэгч өөрийн зардлаар засварлах, доголдлыг арилгах үүрэг хүлээнэ гэж заасан. Барилгын ажлын явцад Н.Р ХХК, инженер техникийн ажилтнуудаас байнга хяналт тавьж, амаар бичгээр шаардлага хүргүүлсээр ирсэн бөгөөд гүйцэтгэгч Ф.Л ХХК нь барилгын ажлын зарим зургуудыг танилцуулаагүй, манай тавьсан шаардлага, гаргаж өгсөн технологийн горим шаардлагуудыг удаа дараа зөрчсөөр барилгыг ашиглалтад оруулсан. Манай талаас гүйцэтгэгч талд тавьж байсан гол шаардлага болох орон сууцны халуун хүйтэн усны түгээх гол магистралын шугам хоолойн монтажийг доош нь В1 давхарт буулгаж, чанартай материалаар хийж гүйцэтгэх шаардлагаа 2013 оны 4 сарын 18-ны өдрийн 3-1/103 дугаар албан бичгээр хүргүүлж, улмаар удаа дараа амаар болон бичгээр шаардсаар байсан ба захиалагч талын хяналт шаардлагыг хүлээн авахгүй байсаар гүйцэтгэгч барилгыг улсын комиссоор ашиглалтад оруулсан. Тухайн үед барилгын хийц, шугам хоолойн чанар, холболтоос ус алдана гэдгийг урьдчилан тооцоолох боломжгүй бөгөөд үйл ажиллагаа явуулан шугам хоолойгоор ус, даралт хэвийн өгч эхлэх үеэс буюу 2015 оноос хойш байнга ус алдаж эхэлсэн байдаг. Хариуцагч байгууллага ус алдсан шугам хоолойн зангилаа бүрт ус буулгах тосгуурыг хийж бохирын шугамтай холбон торгоох төдий арга хэмжээг энэ хугацаанд авсан боловч одоо хүртэл орон сууцны айлуудын шугамаас ус алдахад шууд манай худалдааны заал руу ус алдаж, Н.Р ХХК болон барилгын түрээслэгч гуравдагч этгээд болох Н.Т ХХК, тэдгээрийн эд хөрөнгө хохирсоор өдий хүрч байна. Хамгийн сүүлд 2017 оны 2 сарын 26-ны өдөр буюу битүүний өдөр дэлгүүрийн 2 давхарт шугамнаас ус алдаж, гипсэн таазыг буулгаж холболтоор ус алдаж байсныг тогтоож боолгосон. Ус алдах болгонд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх 1-р төв болон Ф.Л ХХК-ийн инженер, техникийн ажилтнуудад мэдэгдэж хана таазыг буулгах, засвар үйлчилгээг өөрсдийн зардлаар хийдэг байсан боловч одоо шугам хоолой цоорч хаа хамаагүй газраас ус их, бага хэмжээгээр байнга алдаж байна. Удаа дараа ус алдсан үйл явдал нь Ф.Л ХХК-ийн давхар дундын битүүмжлэл хийгдээгүй барьсан барилгын хийц, чанаргүй барилгын материалаар шугам хоолойг хэвтээ босоо таазанд суурилуулж угсарсан, холболт муу зэрэг барилгын ажлын чанараас болсон тул Н.Р ХХК-ийн зүгээс засвар үйлчилгээний зардлыг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д хандан эд хөрөнгө хохирлын албан ёсны үнэлгээг гаргуулахад нийт 22,800,000 төгрөг гарсан тул уг зардлыг үнэлгээ гаргуулах ажлын хөлс болох 440,000 төгрөгийн хамт хариуцагчаас нэхэмжилнэ. Гүйцэтгэгч нь захиалагч талын гаргаж өгсөн шаардлагыг биелүүлээгүй, Барилгын тухай хуульд заасан ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацааны дотор уг доголдлоо арилгаж, захиалагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг Ф.Л ХХК-аас удаа дараа шаардсан боловч зохих ёсоор биелүүлэхгүй байх тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй гэж тус тус заасан байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж нэмэгдүүлж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар шүүхэд гаргасан байгаа үйлчилгээний барилгын 2 давхрын таазаар угсарсан орон сууцны хэрэглээний халуун, хүйтэн, цэвэр, бохир усны түгээх гол магистрал /ерөнхий зангилаа/-ын шугам хоолойг подвал М1 давхарт буулган, чанартай материалаар угсралтын системийг өөрчлөн шинэчлэн барихыг хариуцагчид даалгаж, удаа дараа ус алдсанаас өнгө үзэмжгүй болсон хана таазны засварын ажлын зардалд шаардагдах 22,800,000 төгрөгийг, үнэлгээний хөлс 440,000 төгрөгийн хамт, нийт 23,240,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын үйлчилгээний барилгын 2 давхрын таазаар угсарсан орон сууцны хэрэглээний халуун, хүйтэн, цэвэр, бохир усны түгээх гол магистрал /ерөнхий зангилаа/-ын шугам хоолойг подвал М1 давхарт буулгах шаардлагаас татгалзаж, хэрэглээний халуун, хүйтэн, цэвэр, бохир усны түгээх гол магистрал /ерөнхий зангилаа/-ын шугам хоолойг чанартай материалаар угсралтын системийг өөрчлөн шинэчлэн барихыг хариуцагчид даалгаж, удаа дараа ус алдсанаас өнгө үзэмжгүй болсон хана таазны засварын ажлын зардалд шаардагдах 22,800,000 төгрөгийг, үнэлгээний хөлс 440,000 төгрөгийн хамт, нийт 23,240,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид Н.Т ХХК-тай 2012 оны 4 сарын 16-нд гэрээ байгуулан, гэрээний 2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт захиалагчийн гаргаж өгсөн технологийн дагуу гүйцэтгэнэ гэж зааснаар 2012 оны 10 сарын 20-ны өдөр манай инженер захиалагчийн менежер болон инженерүүдэд барилга архитектурын, барилгын дотор цахилгаан, цэвэр бохир усны системийн, халаалт салхивчийн, холбоо дохиоллын ажлын зураг гэх мэт бүхий л зургийг өгч хянуулсны дараа, бид өөрсдийн хөрөнгөөр чанарын сертификаттай бараа материалаар хийж, тухай бүр нь шалгуулж байсан. Бид Барилгын тухай хууль, холбогдох дүрэм журмын дагуу барилгыг барьж, байнгын ашиглалтад оруулан, орон сууц нийтийн аж ахуйн Улаанхуаран контор буюу ХҮТ-1 д хүлээлгэн өгсөн тул ашиглалттай хамааралтай ажлыг ашиглалт хариуцсан газар нь хийх ёстой билээ. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Р ХХК нь хариуцагч Ф.Л ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг арилгуулж, гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 1 сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг Скайтаун-1 барилгын гүйцэтгэгч Ф.Л ХХК-ийн барилгын тухай хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгох, барилгын үйлчилгээний төвийн заалны таазаар угсрагдсан босоо шугамыг шинээр сольж, шугам хоолой цоорч ус алдсанаас үйлчилгээний барилгын хана таазны өнгөлгөө, будаг хууларсныг засварлахыг хариуцагчид даалгуулах гэж, 2017 оны 3 сарын 21-ний өдөр Үйлчилгээний барилгын 2 давхрын таазаар угсарсан орон сууцны хэрэглээний халуун, хүйтэн, цэвэр, бохир усны түгээх гол магистрал /ерөнхий зангилаа/-ын шугам хоолойг подвал М1 давхарт буулган, чанартай материалаар угсралтын системийг өөрчлөн шинэчлэн барихыг хариуцагчид даалгаж, удаа дараа ус алдсанаас өнгө үзэмжгүй болсон хана таазны засварын ажлын зардалд шаардагдах 22,800,000 төгрөгийг, үнэлгээний хөлс 440,000 төгрөгийн хамт, нийт 23,240,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэж тус тус өөрчлөн нэмэгдүүлсэн байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Үйлчилгээний барилгын 2 давхрын таазаар угсарсан орон сууцны хэрэглээний халуун, хүйтэн, цэвэр, бохир усны түгээх гол магистрал /ерөнхий зангилаа/-ын шугам хоолойг подвал М1 давхарт буулгах шаардлагаасаа татгалзаж, хэрэглээний халуун, хүйтэн, цэвэр, бохир усны түгээх гол магистрал /ерөнхий зангилаа/-ын шугам хоолойг чанартай материалаар угсралтын системийг өөрчлөн шинэчлэн барихыг хариуцагчид даалгаж, удаа дараа ус алдсанаас өнгө үзэмжгүй болсон хана таазны засварын ажлын зардалд шаардагдах 22,800,000 төгрөгийг, үнэлгээний хөлс 440,000 төгрөгийн хамт, нийт 23,240,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагаа дэмжиж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Хариуцагч Ф.Л ХХК нь 2017 оны 1 сарын 2-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд түүнээс хойш шүүхэд ямар нэгэн тайлбар гараагүй байна.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн  хэргийг  хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2012 оны 4 сарын 16-ны өдөр Номинтав трейд ХХК болон Ф.Л ХХК нарын хооронд NtT/41/010 дугаартай Үйлчилгээний төвийг захиалгаар барих бариулах гэрээ нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 6 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр Ф.Л ХХК нь Номинтав трейд ХХК-ийн захиалгаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 1 дүгээр гудамж гэсэн хаягт баригдахаар төлөвлөж буй үйлчилгээний төвтэй 211 айлын орон сууцны барилгын 1 болон 2 дугаар давхарт нийт 2,375 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийг барих, Номинтав трейд ХХК нь гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Номинтав трейд ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн 2012 оны 9 сарын 27-ны өдрийн 07 дугаартай шийдвэр /хэргийн 1 хавтас 110 тал/-ээр компанийг тусгаарлах замаар Н.Р ХХК-ийг шинээр үүсгэн байгуулж, Номинтав трейд ХХК-ийн зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан компанид шилжүүлэхээр шийдвэрлэсэн байх ба 2014 оны 9 сарын 27-ны өдөр Н.Р ХХК болон Ф.Л ХХК-ийн хооронд NtT/41/010 Үйлчилгээний төвийг захиалгаар барих бариулах гэрээний нэмэлт гэрээ нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 11 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр NtT/41/010 дугаартай Үйлчилгээний төвийг захиалгаар барих бариулах гэрээ нэртэй гэрээний захиалагч нь Н.Р ХХК, гүйцэтгэгч нь Ф.Л ХХК байхаар, гэрээгээр гүйцэтгэх ажилд зургийн өөрчлөлт оруулсан, орц, гарц, ачаа оруулах хэсгийн пандусын ажил, шугам сүлжээний өөрчлөлтийн ажил, салхивчны нэмэлт сэнс байрлуулах ажилтай холбогдуулан гэрээт ажлын төлбөрийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцсон байна.

Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь заалтад Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг тусгаарлах гэнэ гэж заасан бөгөөд Номинтав трейд ХХК нь хуулийн этгээдийг тусгаарлах замаар өөрийн зарим эрх үүргийг шинээр байгуулагдсан Н.Р ХХК-д шилжүүлсэн, шинээр байгуулагдсан Н.Р ХХК-тай Ф.Л ХХК нь өмнө байгуулагдсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар гэрээний харилцаанд орсон байна.

Талуудын хооронд үүссэн дээр дурдсан гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд хариуцагч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь ажлын хөлсийг төлөх үүргийг харилцан хүлээнэ.

Үйлчилгээний төвтэй хамт баригдсан орон сууцны барилгыг 2013 оны 11 сарын 28-ны өдрийн 2013/383 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /хэргийн 1 хавтас 111-114 тал/-аар байнгын ашиглалтад хүлээн авсан байх боловч үйлчилгээний төвийг Ф.Л ХХК нь 2014 оны 11 сарын 28-ны өдрийн 01 дугаартай Барилга байгууламжийг хүлээлцэх комиссын акт нэртэй баримт /хэргийн 1 хавтас 115 тал/-аар Н.Р ХХК-д хүлээлгэн өгсөн, улмаар 2015 оны 11 сарын 25-ны өдөр Н.Р ХХК-ийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол /13330/, Энхтайваны өргөн чөлөө гудамж 89 байр, 1, 2 дугаар давхрын үйлчилгээний хэсэг тоот хаягт байршилтай 2,375 м.кв талбайтай, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 1 хавтас 12 тал/ олгосон байна.

Үйлчилгээний төвийн халуун, хүйтэн, цэвэр, бохир усны түгээх гол магистрал /ерөнхий зангилаа/-ын шугам хоолойн труба цоорсон болон холболтоос шалтгаалан удаа дараа ус алдаж байсан, ус алдсаны улмаас үйлчилгээний төвийн хана, тааз норж шарласан, эмульс будаг ховхорсон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн Шалгалт хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 1 хавтас 15,16 тал/, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт /хэргийн 1 хавтас 34 тал/, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дуудлагын дэвтрийн хуулбар /хэргийн 1 хавтас 140-199 тал/-аар, фото зургууд /хэргийн 1 хавтас 61-65 тал/ зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын зарим хэсэг доголдолтой буюу хэрэглээний халуун, хүйтэн, цэвэр, бохир усны түгээх гол магистрал /ерөнхий зангилаа/-ын шугам хоолойг чанартай материалаар хийгээгүйн улмаас худалдааны заал руу ус алдаж байгаа тул шугам хоолойн ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр шаардаж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан бол хариуцагч нь ажлыг чанарын сертификаттай материалаар хийж гүйцэтгэсэн, ашиглалтын улмаас үүссэн асуудлыг ашиглалт хариуцсан газар нь хийх ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

Үйлчилгээний төвийн халуун, хүйтэн, цэвэр, бохир усны түгээх гол магистрал /ерөнхий зангилаа/-ын шугам хоолойн бат бэх байдал, холболтын битүүмжлэл, угсралтын ажлын чанар, шугам сүлжээний найдвартай ажиллагааг шалгадаг барилгын доторх цэвэр, бохир ус, халаалтын системийн сорилт, туршилтын ажлыг чанаргүй хийснээс удаа дараа ус алдаж, ашиглалтын хэвийн ажиллагаа доголдож байгаа болох нь шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт /хэргийн 1 хавтас 225-227 тал/-ээр тогтоогдсон байна.

Хариуцагчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч маргасан тайлбар болон дахин шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй бөгөөд хариуцагчийн татгалзлын үндэслэл болгож буй ус алдаж буй шалтгаан ашиглалтаас үүдэлтэй тул ашиглалтын улмаас үүссэн асуудлыг ашиглалт хариуцсан газар нь хийх ёстой, сантехникийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэхдээ чанарын сертификаттай материалаар хийж гүйцэтгэсэн гэх тайлбар, татгалзал нь шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.

Хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын зарим хэсэг буюу хэрэглээний халуун, хүйтэн, цэвэр, бохир усны түгээх гол магистрал /ерөнхий зангилаа/-ын шугам хоолойн ажил доголдолтой болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хариуцагчийг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь заалтад заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ зөрчсөн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1 дахь заалтад Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ... ажлыг шинээр гүйцэтгүүлэх шаардлага гаргах эрхтэй гэж заасны дагуу хэрэглээний халуун, хүйтэн, цэвэр, бохир усны түгээх гол магистрал /ерөнхий зангилаа/-ын шугам хоолойн ажлыг шинээр гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Барилгын дотор талын цэвэр ба бохир усны шугамын хоолойн үндэсний стандарт байхгүй ГОСТ 3262:75 стандартад нийцсэн цайрдсан ган хоолойг хэрэглэгдэг талаар хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа дурдсан байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан хэрэглээний халуун, хүйтэн, цэвэр, бохир усны түгээх гол магистрал /ерөнхий зангилаа/-ын шугам хоолойг чанартай материалаар угсралтын системийг өөрчлөн шинэчлэн барихыг хариуцагчид даалгуулах шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол /13330/, Энхтайваны өргөн чөлөө гудамж 89 байр, 1, 2 дугаар давхрын үйлчилгээний хэсэг тоот хаягт байршилтай 2,375 м.кв талбайтай, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хэрэглээний халуун, хүйтэн, цэвэр, бохир усны түгээх гол магистрал /ерөнхий зангилаа/-ын шугам хоолойн угсралтын системийг ГОСТ 3262:75 стандартад нийцсэн цайрдсан ган хоолойгоор шинээр гүйцэтгэхийг хариуцагч Ф.Л ХХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь ус алдсаны улмаас өнгө үзэмжгүй болсон хана таазны засварын ажлын зардалд шаардагдах 22,800,000 төгрөгийг, үнэлгээний хөлс 440,000 төгрөгийн хамт, нийт 23,240,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг гаргасан бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтад Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу үйлчилгээний төвийн хана, таазанд учирсан гэмтэл, түүнийг арилгахад шаардагдах зардал, үнэлгээний байгууллагад хохирлын хэмжээг тогтоолгох үүднээс төлсөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн хохирлын үнэлгээний тайлан /хэргийн 1 хавтас 116-120 тал/-гаар үйлчилгээний төвд ус алдсаны улмаас учирсан хохирлын хэмжээ 22,800,000 төгрөг болох нь тогтоогдсон, уг үнэлгээнд хариуцагч маргаагүй, хариуцагч үнэлгээний байгуулагад үнэлгээ хийлгэсний төлбөрт 440,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан цахим гүйлгээний баримт /хэргийн 1 хавтас 139 тал/-аар тогтоогдсон тул хариуцагчаас ус алдсаны улмаас өнгө үзэмжгүй болсон хана таазны засварын ажлын зардалд шаардагдах 22,800,000 төгрөг, үнэлгээний хөлс 440,000 төгрөг, нийт 23,240,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг баримтлан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол /13330/, Энхтайваны өргөн чөлөө гудамж 89 байр, 1, 2 дугаар давхрын үйлчилгээний хэсэг тоот хаягт байршилтай 2,375 м.кв талбайтай, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хэрэглээний халуун, хүйтэн, цэвэр, бохир усны түгээх гол магистрал /ерөнхий зангилаа/-ын шугам хоолойн угсралтын системийг ГОСТ 3262:75 стандартад нийцсэн цайрдсан ган хоолойгоор шинээр гүйцэтгэхийг хариуцагч Ф.Л ХХК-д даалгаж, хариуцагч Ф.Л ХХК-аас 23,240,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Р ХХК-д олгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Н.Р ХХК нь хариуцагч Ф.Л ХХК-д холбогдуулан гаргасан Үйлчилгээний барилгын 2 давхарын таазаар угсарсан орон сууцны хэрэглээний халуун, хүйтэн, цэвэр, бохир усны түгээх гол магистрал /ерөнхий зангилаа/-ын шугам хоолойг подвал М1 давхарт буулгах шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 сарын 8-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөг, 2017 оны 1 сарын 25-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 2017 оны 3 сарын 21-ний өдөр төлсөн 1,985 төгрөг, 2017 оны 3 сарын 20-ны өдөр төлсөн 272,170 төгрөг, 2017 оны 3 сарын 20-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, нийт 484,755 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ф.Л ХХК-аас 344,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Р ХХК-д олгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР