2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/364

 

   2025        02         03                                   2025/ШЦТ/364

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

хохирогч Г.Г, түүний өмгөөлөгч А.Золжаргал,

шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан О.Эд холбогдох эрүүгийн 2409016742255 дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Э нь 2024 оны 5 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С плазагийн орчим хохирогч Г.Гг "хуучин эхнэр Уг салгаж авч явах гэлээ" гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар гараараа цохиж биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн зовхины цус хуралт, зүүн сарвуу, зүүн өвдөгт зулгарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Г.Г шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 5 сарын 11-ний өдөр гурван багын найзын хамт уулзсан. Орой болоод бүх газрууд хаасан байхад У манай экс энд паб ажиллуулж байгаа тийшээ оръё гэсэн. Бид нар ууж байгаад нэг хартал манай найз У нөхөртэйгөө муудалцаж байсан. Манай найз их хэмжээний согтолттой байсан. Би Уг салгаж авах гээд очтол О.Э намайг эргэж хараад нэг цохисон. Намайг чирч аваачаад машины хажууд аваачиж байгаад цохисон. Би дараа нь О.Этэй уулзаад найз нөхдийн хооронд цагдаа сэргийлэх гээд яах вэ чи миний хагалгааны зардлыг төлж өг гэсэн. О.Э төлөхөө илэрхийлсэн. Хагалгаад орохын өмнө найз У над руу 5.000.000 төгрөг шилжүүлээд О.Эгийн өгөх мөнгөнөөс хасаарай гэсэн. 2 хагалгаа нийлээд 5.300.000 төгрөг, цалин зэрэг нийт 9.808.160 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байгаа” гэв.

Шүүгдэгч О.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өөрт оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй. Өөрийн гэм буруугийн талаар маргах зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2409016742255 дугаартай хэргээс:

Хохирогч Г.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С плазагийн 8 давхарт байрлах лаунж руу найзуудын хамт 23 цагийн орчимд орсон. Тэгээд тэндээ дуулаад бүжиглээд байж байхад манай найзын их сургуулийн эрэгтэй найзууд ирсэн ба удалгүй тэд нар танай найз чинь эхнэрээ зодоод байна бид нар явлаа гээд яваад өгсөн. Тэгээд бид нар үлдээд байж байхад У, О.Э 2 муудалцсан байсан ба, би Уг явъя гэхэд О.Э миний нүүр хэсэг рүү цохиод авсан.... Миний хамар далийсан, уруул хавдсан байна, толгой өвдөлттэй мөн зүүн гарын алтан бөгж алга байна... Би шүүх эмнэлэгт үзүүлнэ... О.Э нь миний нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад цохисон..." гэсэн мэдүүлэг /хх-н 18-19х/

Гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Г, О.Э, У нар хэрэлдээд байсан, Уг О.Э хамт явъя гэж байсан харин Г үгүй хамт явуулахгүй гэж байсан тэгээд тэр 3 хэдэн машины цаашаа очсон байсан орилоод эхлэнгүүт нь би очсон тэгтэл Г газар хэвтэж байсан тэгээд би нүүр нь цус болсон байхаар нь цусыг нь арчсан тэгтэл цус нь тогтохгүй байсан, тэгээд удалгүй хамар нь хавдаад эхэлсэн. Тэгээд цагдаа дууд гэж хэлсэн тэгтэл У цагдаа дуудсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 31х/

Гэрч Б.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... О.Э манай салсан нөхөр юм бид 2 салаад 2 жил болж байгаа юм тэгтэл намайг гэр лүүгээ авч явна гээд эхлээд миний баруун гарнаас чирээд байсан тэгээд би чирэгдээд явж байтал манай найз Г ирээд чи болиоч өгч явуулахгүй гээд өөр лүүгээ татсан тэтгэл О.Э эргэж хараад Гг цохиод авсан тэгээд Г газар хэвтээд бид нар цагдаа дуудсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 35х/

Гэрч Г.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Хангай зочид буудлын доор стрийт пүүд гэх газрын хажууд намайг булан эргэхэд манай эхнэр дээшээ хараад цус болсон хэвтэж байсан харин О.Э нь эхнэрийн хамтаар цаана зогсож байсан, тэгээд би эхнэр дээрээ очиход хамар далийсан цус болсон байсан тэгээд би О.Э дээр очоод чи манай эхнэрийг цохисон байна гэж удаа дараа хэлэхэд О.Э надад би цохиогүй гэж хэлж байсан О.Э цохисноо мэдэхгүй согтолттой байсан. Тэгээд бид 2 маргалдсан юм би түрүүлээд 1 удаа цээжин тус газарт нь цохисон санагдаж байна тэгээд зууралдаад ноцолдсон дараа нь цагдаа ирээд аваад явсан цагдаа руу би дуудлага өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-н 37х/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 6454 дугаартай "Г.Ггийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн зовхины цус хуралт, зүүн сарвуу, зүүн өндөгт зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон

удаагийн үйлчлэлээр, 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-н 43-44х/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 62-66x/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14/,

Г.Ггийн сэтгэцэд "Хоёрдугаар" зэрэглэлийн хохирол учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-н 53х/

Хохирогч Г.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 61/,

2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 62-68/,

Шүүгдэгч О.Эгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 77-87/,

   Хохирогч Г.Ггийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн “Хохирогчийн сүүлийн хагалгааны зардлын баримт, хохирогчийн ажилгүй байх хугацааны цалин хөлсний талаарх компанийн тодорхойлолт, Е-mongolia нийгмийн даатгалын лавлагаа зэрэг 7 хуудас баримт”,

Шүүгдэгч О.Эгийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн хохирогч Г.Гд 5.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн гэх баримт зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч О.Эд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч О.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

1. Гэм буруугийн талаар:

1.1. Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн санал гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч О.Э нь 2024 оны 5 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С плазагийн орчим хохирогч Г.Гг "хуучин эхнэр Уг салгаж авч явах гэлээ" гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар гараараа цохиж биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн зовхины цус хуралт, зүүн сарвуу, зүүн өвдөгт зулгарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Г.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-н 18-19х/

гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, /хх-н 31х/

гэрч Б.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... О.Э манай салсан нөхөр юм бид 2 салаад 2 жил болж байгаа юм тэгтэл намайг гэр лүүгээ авч явна гээд эхлээд миний баруун гарнаас чирээд байсан тэгээд би чирэгдээд явж байтал манай найз Г ирээд чи болиоч өгч явуулахгүй гээд өөр лүүгээ татсан тэггэл О.Э эргэж хараад Гг цохиод авсан тэгээд Г газар хэвтээд бид нар цагдаа дуудсан..." гэсэн мэдүүлэг, /хх-н 35х/

гэрч Г.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, /хх-н 37х/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 6454 дугаартай дүгнэлт /хх-н 43-44х/

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 62-66x/

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14/,

Г.Ггийн сэтгэцэд "Хоёрдугаар" зэрэглэлийн хохирол учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-н 53х/

хохирогч Г.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 61/,

2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 62-68/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу гэмт хэрэг үйлдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршиг болох хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, гэмтэл учруулсан, тодорхой хувийн сэдэлт, маргаан, тохиолдлын үндсэн дээр бий болдог. Хувийн сэдэлт дээр бий болсон гэмт хэрэг үйлдэгчийн довтолгоон, үүний улмаас хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол тодорхойлогдсоноор энэ гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинж хангагддаг.

Шүүгдэгч О.Эгийн үйлдлийн улмаас хохирогч Г.Ггийн биед хөнгөн хохирол учирсан болох нь гэрч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон ба харин шүүгдэгч О.Э нь хохирогчийн биед халдаж гэмтэл учруулаагүй талаарх нотлох баримт хэрэгт цуглараагүй, түүний гэм бурууг няцаан үгүйсгэх нөхцөл байдал, нотлох баримт үгүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Г.Ггийн биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн зовхины цус хуралт, зүүн сарвуу, зүүн өвдөгт зулгарал бүхий гэмтэл нь 2024 оны 5 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн О.Эгээс өөр этгээд энэ гэмтлийг учруулсан болон энэхүү гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч О.Эгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч О.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Шүүгдэгч О.Эгийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Г.Ггийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч хохирогч Г.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмчилгээ, хагалгааны зардалд баримтаар 9,808,160 төгрөг болон сэтгэцэд учирсан хор уршгийг тус тусад нь нэхэмжилсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоож уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул хүснэгтийн хоёрдугаар зэрэглэлд зааснаар хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож буюу 3.300.000 төгрөгөөр сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох нь зүйтэй байна.

Шүүхийн шатанд шүүгдэгч О.Эгээс хохирогчид 5.000.000 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан тул хохирогчийн нэхэмжилсэн 9,808,160 төгрөгөөс үүнийг хасаж 4,808,160 төгрөг дээр сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон 3,300,000 төгрөгийг нэмж нийт 8,108,160 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Г.Гд олгох нь зүйтэй байна.

            2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 төгрөгөөр торгох ял оногдуулах. Торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэх,

Хохирогчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар хохирогчид учирсан хохирлыг төлүүлэх талаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч О.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас санал болгосон ялын төрлийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эд 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалах болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршигийг 3 сарын хугацаанд арилгах үүрэг хүлээлгэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Эд оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг 3 сарын хугацаанд арилгах үүрэг хүлээлгэсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Эгээс нийт 8,108,160 /найман сая нэг зуун найман мянга нэг зуун жар/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Гд олгосугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              Г.УУГАНБААТАР