| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0148/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/365 |
| Огноо | 2025-02-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/365
2025 02 03 2025/ШЦТ/365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,
улсын яллагч П.Итгэл,
хохирогч Л.Н, түүний өмгөөлөгч Л.Азжаргал,
шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Д.Бэлгүүн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нд холбогдох эрүүгийн “2403008731130” дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Н нь 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 13 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо "............" дэлгүүрийн баруун зогсоолд Toyota Aqua маркийн ............ УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 10.1-т заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана", мөн дүрмийн 10.14-т заасан "Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэсэн заалтуудыг зөрчин ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч Л.Нг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Н нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн зогсоол дээрээс 100 айлаас юм авчихаад гарах гэтэл хүмүүс хажуугаар яваад ухраахгүй байсан. Эмээ миний машины урд байж байгаад машины хажуугаар зөрөөд хойшоо явсан” гэв.
Эрүүгийн 2403008731130 дугаартай хэргээс:
2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн үзлэгээр хийсэн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 29-32/,
Хохирогч Л.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "............... дэлгүүрийн баруун хойд талд байдаг гар дээрээс хувцас зардаг хүнээс өөртөө таавчиг авах гээд ............ дэлгүүрийн урдуур тавьсан байсан машинуудын хажуугаар явсан. Цагаан өнгийн суудлын машины хажуугаар явган хүмүүс зөрөөд гарахад жолооч нь дотроо сууж байсан. Тэр хүмүүсийг гарч дуусгаад би хажуугаар нь гарахад нөгөө талаар нь хүүхэдтэй эмэгтэй хүн гарч байсан. Тэгээд намайг алхаад явж байхад тас буугаад явсан тэгэхээр нь би скүүтер унадаг хүүхдүүд мөргөчихлөө гэж бодсон чинь машин байсан байна лээ. Намайг газарт унасан байхад нэг эмэгтэй хүүхэд хашгираад хажуу талаас нь эрэгтэй хүн ирээд босгож өгсөн. Тэгээд намайг мөргөсөн машины жолоочтой хамт би Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг ороход ажиллахгүй байсан дараа нь бид хоёр хуучин түлэнхийн төв эмнэлэг руу жолоочийн машинтай очиж үзүүлсэн. Би баруун талаар газарт унасан. Миний нүүрний баруун шанаа цөмөрсөн, зүүн гарын шуу, сарвуу хэсгээр хугарсан, баруун талын гурван хавирга хугарсан, баруун гар хөхөрсөн байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13924 дугаартай "Л.Нгийн биед баруун хоншоор ясны далд хугарал, баруун дээд, доод зовхи, хацар, шанаа, хүзүүний баруун талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна." гэх дүгнэлт, /хх-ийн 48-49 хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 40 дугаартай " Л.Нгийн биед баруун хоншоор яс, хацрын нум, зүүн шуу ясны доод булууны далд хугарал, баруун 3-7-р хавирганы цууралт, баруун дээд, доод зовхи, хацар, шанаа, хүзүүний баруун талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Нэмэлтээр тогтоогдсон баруун хацрын нум, зүүн шуу ясны доод булууны далд хугарал, баруун 3-7-р хавирганы цууралт гэмтэл нь No13924 дугаартай дүгнэлтийн хохирлын зэрэгт өөрчлөлт оруулахгүй. 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Толгой, цээжний КТГ, гавал, цээж, бүсэлхий нуруу, аарцаг, зүүн шууны рентген зургийг дүрс оношилгооны эмчээр уншуулахад хамрын таславч зүүн талруу хуучин муруй, өвчүү ясны их бие хэсэгт зөрж бороолсон, сээрний Th6,7,8,12, бүсэлхийн 11,2 нугалмуудын их биеийн шахагдсан, зүүн 4-11-р хавирганы бороолсон, сээрний 12, Бүсэлхийн 1, 2 нугалмуудын их бие хуучин шахагдсан, баруун умдаг ясны дээд болон доод салаа бороолсон хуучин хугарлуудтай байна. Уг гэмтлүүд нь 2024 оны 10 дугаар 19-ний өдрийн зам тээврийн осолтой холбоогүй хуучин гэмтэл байна" гэх дүгнэлт /хх-ийн 56-59 хуудас/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 62/,
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-82 хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Өлзийбаярын гаргасан 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2055 дугаартай "Мөрдөгчийн магадлагаа" /хх-ийн 86-87 хуудас/
шүүгдэгч Г.Нгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 102-108/,
хохирогч Л.Нгаас мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн хохиролтой холбоотой гэх баримт, гэрэл зураг /хх-ийн 111-115/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Г.Нд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүгдэгч Г.Н нь 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 13 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо "............" дэлгүүрийн баруун зогсоолд Toyota Aqua маркийн ............ УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 10.1-т заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана", мөн дүрмийн 10.14-т заасан "Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэсэн заалтуудыг зөрчин ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч Л.Нг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн үзлэгээр хийсэн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 29-32/,
Хохирогч Л.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "............... дэлгүүрийн баруун хойд талд байдаг гар дээрээс хувцас зардаг хүнээс өөртөө таавчиг авах гээд ............ дэлгүүрийн урдуур тавьсан байсан машинуудын хажуугаар явсан. Цагаан өнгийн суудлын машины хажуугаар явган хүмүүс зөрөөд гарахад жолооч нь дотроо сууж байсан. Тэр хүмүүсийг гарч дуусгаад би хажуугаар нь гарахад нөгөө талаар нь хүүхэдтэй эмэгтэй хүн гарч байсан. Тэгээд намайг алхаад явж байхад тас буугаад явсан тэгэхээр нь би скүүтер унадаг хүүхдүүд мөргөчихлөө гэж бодсон чинь машин байсан байна лээ. Намайг газарт унасан байхад нэг эмэгтэй хүүхэд хашгираад хажуу талаас нь эрэгтэй хүн ирээд босгож өгсөн. Тэгээд намайг мөргөсөн машины жолоочтой хамт би Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг ороход ажиллахгүй байсан дараа нь бид хоёр хуучин түлэнхийн төв эмнэлэг руу жолоочийн машинтай очиж үзүүлсэн. Би баруун талаар газарт унасан. Миний нүүрний баруун шанаа цөмөрсөн, зүүн гарын шуу, сарвуу хэсгээр хугарсан, баруун талын гурван хавирга хугарсан, баруун гар хөхөрсөн байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13924 дугаартай "Л.Нгийн биед баруун хоншоор ясны далд хугарал, баруун дээд, доод зовхи, хацар, шанаа, хүзүүний баруун талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна." гэх дүгнэлт, /хх-ийн 48-49 хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 40 дугаартай " Л.Нгийн биед баруун хоншоор яс, хацрын нум, зүүн шуу ясны доод булууны далд хугарал, баруун 3-7-р хавирганы цууралт, баруун дээд, доод зовхи, хацар, шанаа, хүзүүний баруун талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Нэмэлтээр тогтоогдсон баруун хацрын нум, зүүн шуу ясны доод булууны далд хугарал, баруун 3-7-р хавирганы цууралт гэмтэл нь No13924 дугаартай дүгнэлтийн хохирлын зэрэгт өөрчлөлт оруулахгүй. 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Толгой, цээжний КТГ, гавал, цээж, бүсэлхий нуруу, аарцаг, зүүн шууны рентген зургийг дүрс оношилгооны эмчээр уншуулахад хамрын таславч зүүн талруу хуучин муруй, өвчүү ясны их бие хэсэгт зөрж бороолсон, сээрний Th6,7,8,12, бүсэлхийн 11,2 нугалмуудын их биеийн шахагдсан, зүүн 4-11-р хавирганы бороолсон, сээрний 12, Бүсэлхийн 1, 2 нугалмуудын их бие хуучин шахагдсан, баруун умдаг ясны дээд болон доод салаа бороолсон хуучин хугарлуудтай байна. Уг гэмтлүүд нь 2024 оны 10 дугаар 19-ний өдрийн зам тээврийн осолтой холбоогүй хуучин гэмтэл байна" гэх дүгнэлт,/хх-ийн 56-59 хуудас/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 62/,
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 76-82 хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Өлзийбаярын гаргасан 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2055 дугаартай "Мөрдөгчийн магадлагаа" /хх-ийн 86-87 хуудас/
хохирогч Л.Нгаас мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн хохиролтой холбоотой гэх баримт, гэрэл зураг /хх-ийн 111-115/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Г.Нд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
Зам тээврийн осол нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүнийг хангахаар хуульчилсан.
Шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой тул шүүгдэгч Г.Нг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Нгийн биед баруун хоншоор яс, хацрын нум, зүүн шуу ясны доод булууны далд хугарал, баруун 3-7-р хавирганы цууралт, баруун дээд, доод зовхи, хацар, шанаа, хүзүүний баруун талд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Л.Н нь эмчилгээний зардалд баримтаар 351.247 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг тус тус нэхэмжилсэн.
2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Шинэчлэн найруулсан Шүүх шинжилгээний тухай хуулиар “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох...” харилцааг зохицуулсан ба үүнтэй холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоол, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай “журам хүснэгт батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар “гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, 2 дугаар хавсралтаар “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталжээ.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 4 дүгээрт Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтийн 3 дугаар зэрэглэлд Хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгт Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр хохирогчид олгуулахаар заасан байна.
Уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэх ба хохирогч Л.Н нь “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-тай танилцаж хүлээн зөвшөөрсөн болохоо илэрхийлж гарын үсэг зурсан /хх-ийн 62/ байна.
Иймд хүснэгтийн гуравдугаар зэрэглэлд заасны дагуу хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл болон эдгэрэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн, тээврийн хэрэгсэл жолоодох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, хохирогчид учирсан хохирлыг сайн дураараа барагдуулж байгаа байдал, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахад татгалзах зүйлгүй нөхөн төлөхөө илэрхийлж буйг харгалзан уг гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлж нийт 9,900,000 төгрөгийг шүүгдэгч Г.Нгээс гаргуулах нь үндэслэлтэй.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд төлсөн 500.000 төгрөгөөс хохирогчийн урьд баримтаар нэхэмжилсэн 351.247 төгрөгийг хасахад үлдэгдэл 148.753 төгрөг илүү төлжээ.
Түүний илүү төлсөн 148.753 төгрөгийг сэтгэцэд учирсан хор уршигт гаргуулахаар шийдвэрлэсэн 9.900.000 төгрөгийн хохирлоос хасаж тооцон нийт 9,751,247 төгрөгийг шүүгдэгч Г.Нгээс гаргуулж хохирогч Л.Нд олгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болно.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн,
Хохирогчийн өмгөөлөгчөөс: “Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “2 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасвал шүүгдэгч цалин хөлс олж чадахгүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулж чадахгүй тул хамгийн багаар тооцож өгнө үү. Мөн 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчийн насыг харгалзан хамгийн багаар тооцож өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Г.Нд ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан түүнд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хамгийн бага төрөл, хэмжээгээр буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Г.Нд оногдуулсан эрх хасах ялыг, торгох ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох материалыг хүргүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрх бүхий байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалах болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Нг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгж буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Г.Нд оногдуулсан торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дугаар зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нгээс 9,751.247 /есөн сая долоон зуун тавин нэгэн мянга хоёр зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Нд олгосугай.
6. Хохирогч Л.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд оногдуулсан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох материалыг хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР