2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/148

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Ш.Анужин,

шүүгдэгч Н.З, Э.Б,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Батбаяр, K.Манлай нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2402006600420 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

- О овогт Н-ын З, Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Т*** ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо *** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж, тус эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болгосон.

- М овогт Э-ын Б, Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Т*** ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо *** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.4 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.З, Э.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг;

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар хавтаст хэргээс шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой болон шүүхэд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт, хууль зүйн дүгнэлт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Н.З, Э.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах тариалангийн талбай орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 16755,5 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж олж авсан,

Улмаар тус 16755,5 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн шалган нэвтрүүлэх цэгт Э.Б-ы эзэмшлийн *** улсын дугаартай, Лексус Эйч Эс 250 (Lexus HS-250) загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн пост дээр 2024 оны 09 дүгээр сарын 12-ны *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мансууруулах төрлийн ургамал тээвэрлэсэн байна гэх” Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 2 дахь тал),

- “...*** машинд мансууруулах төрлийн канабис ургамал 5 уутыг тээвэрлэж явсныг илрүүлсэн...” гэх утга бүхий дуудлагын лавлагааны хуудас (1-р хавтаст хэргийн 4 дэх тал),

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарын хамт (1-р хавтаст хэргийн 17-22 дахь тал),

- Хүний биед үзлэг хийж биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (1-р хавтаст хэргийн 55-56, 59-60, 61-64 дэх тал),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 65-71 дэх тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5599 дугаартай дүгнэлтээр “...1.2.3.4.Шинжилгээнд ирүүлсэн “цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Н-ын З РД:*** цусны дээж” гэж хаягласан тариуртай цуснаас Тетрагидроканнабинол (Tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад хамаарна...” гэх (1-р хавтаст хэргийн 157-159 дэх тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2871 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг ууттай ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Уг ургамал нь Cannabaceae-Олсны овгийн Cannabis L.-Олс төрлийн Ruderalis-Зэрлэг олс болох нь тогтоогдож байна.

2. Уг шинжлэгдсэн ургамал нь голын эргийн сөөгөн шугуй, хавцал, сайрын зах, дэрсэн шугуй, хад чулуурхаг газрын хажуу, мөн хагалсан газар орчимд тархан ургадаг. Монгол орны Хэнтий, Хангай, Монгол-Дагуур, Ховд, Дорнод-Монгол, Их нуруудын хотгороор тархацтай.

3.Дээрх ургамал нь юунд ашигладаг хүний биед ямар нөлөөтэй нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй.

4.Шинжилгээнд ирүүлсэн 1-5 дугаартай ургамлын нийт цэвэр жин нь 16,768 гр байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтаар “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ”-ний хавсралтын дагуу үзэхэд Ruderalis-Зэрлэг олс ургамал нь экологи-эдийн засгийн үнэлгээ нь тогтоодоггүй байна...” гэх (1-р хавтаст хэргийн 172-178 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5303 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.2. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “СХД-н 32-р хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн пост дээр 2024.09.12-ны өдөр *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсан гэх хэрэгт хураан авсан эд мөрийн баримт 1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.

3.”СХД-н 32-р хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн пост дээр 2024.09.12-ны өдөр *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсан гэх хэрэгт хураан авсан эд мөрийн баримт “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин 4076,4 г, цэвэр жин 3982,9 г, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин 2931,8 г, цэвэр жин 2820,9 г, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин 5104,2 г, цэвэр жин 5037,0 г, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин 2794,1 г, цэвэр жин 2690,3 г, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин 2306,0 г, цэвэр жин 2224,4 г байна...” гэх (1-р хавтаст хэргийн 182-186 дахь тал),

 - Шүүх сэтгэц эмгэг судлалын №985 дүгнэлтээр “...1.Э.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2.Э.Б нь хэрэг үйлдэгдэх 2024.09.12-ны өдөр сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 3.Э.Б нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Б нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх (1-р хавтаст хэргийн 198-199 дэх тал),

- Шүүх сэтгэц эмгэг судлалын №987 дүгнэлтээр “...1.Н.З нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2.Н.З нь хэрэг үйлдэгдэх 2024.09.12-ны өдөр сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 3.Н.З нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.З нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх (1-р хавтаст хэргийн 202-203 дахь тал),

- Дамно үнэлгээ ХХК-ийн №24-404 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “….Дүгнэлт: Шинжилгээний обьект /*** улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн Lexus hs250h маркийн тээврийн хэрэгсэл/-ын 2024 оны 11 сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 20,335,000 төгрөгөөр үнэлэв...” гэх (1-р хавтаст хэргийн 206-212 дахь тал),

- Шүүгдэгч Э.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “… Би 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн сайн найз З-ын *** дугаарын гар утас руу залгаж “Төв аймгийн Жаргалант сум руу явж өвс түүж үзэх үү” гэж асуусан ба найз маань зөвшөөрсөн. Ингээд бид хоёр 22 товчооны Петровис дээр уулзаад миний унаж явсан *** улсын дугаартай цэнхэр өнгийн Lexus hs250h маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Жаргалант сумын төвийн хажуугийн тариалангийн талбайн хажууд очсон. Тэнд нэлээн өвс ургачихсан байхаар нь түүж аваад хар торонд хийгээд жаахныг татаж үзчихээд буцаад Улаанбаатар хот руу явсан. Тухай үед /цаг 15 цаг л болж байсан санагдаж байна/ Жаргалантаас буцаад явж байхад буюу 61-ийн гарам дээр цагдаа нар бид хоёрыг зогсоож тээшийг маань онгойлгоход өвс тээвэрлэж явсан тул саатуулсан юм. Би өвсний талаар Тайланд улсад явж байхдаа мэддэг болсон, түүнээс биш нэг их хэрэглээд байдаггүй, сорж үзэж байснаас хэтрэхгүй. Харин Монгол улсад ургадаг гэдгийг нь сонсоод түүж үзэхээр шийдсэн. Урьд нь бид хоёр өвс түүх талаар ярилцдаг байсан ба харин би тухайн өдөр найз руугаа утсаар ярьж тэр өдөр явж түүхийг санал болгосон. Бид хоёр хэрэглэх л зорилгоор өвс түүсэн ба анх удаа түүгээд л баригдсан юм. Өөр ямар нэг санаа зорилго байгаагүй. Би бусдад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис зарж борлуулсан асуудал байхгүй. Манай эхнэр Л нь А*** барилгын компанид хуулийн зөвлөх, би Т*** ХХК-д менежер хийдэг. Манай гэр бүл дээрх цалингаараа өрхийн амьжиргааны эх үүсвэрээ бүрдүүлдэг...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 233-234 дэх тал),

- Шүүгдэгч Н.З-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “…Намайг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сонсголонд ажлын байран дээрээ байж байсан чинь манай найз Б *** дугаарын гар утсаар залгаж “Төв аймгийн Жаргалант сум руу гарч өвс түүж үзэх үү, тэнд ургадаг юм байна” гэж асуухаар нь би түүнд за гэж хэлсэн. Ингээд бид хоёр 22 товчооны Петровис дээр уулзаад би тэнд машинаа орхиод түүний унаж явсан *** улсын дугаартай цэнхэр өнгийн Lexus hs250h маркийн тээврийн хэрэгслээр Төв аймгийн Жаргалант сум руу явсан. Тэгээд тухайн сумын төвийн хажуугийн тариалангийн талбайн хажууд очиж ургачихсан байсан өвснөөс нь түүж аваад хар торонд хийсэн. Тэгээд буцаад Улаанбаатар хот руу явж байгаад 61-ийн гармын постны цагдаад өвсөө хураалгасан. Би өвсний талаар Испани улсад 6 жил амьдрахдаа мэдсэн. Өвс түүх талаар Б санаачилсан. Бид хоёр хэрэглэх л зорилгоор сонирхож түүсэн. Бусад ямар нэг санаа зорилго байхгүй. Би Т*** ХХК-д менежер хийдэг. Манай гэр бүл дээрх цалингаараа өрхийн амьжиргааны эх үүсвэрээ бүрдүүлдэг. Би бусдад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис зарж борлуулсан асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 242-243 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенц, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” гэж,

мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг энэ хуулийн 4.1, 4.2-т[1] зааснаас бусад зориулалтаар үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглоно.” гэж тус тус заасан.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5303 дугаартай дүгнэлтээр хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, шүүгдэгч Н.З, Э.Б нарын түүж олж авсан, хадгалсан ургамлаас дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрч, уг илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болох нь тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Н.З, Э.Б нарын түүж олж авсан, хадгалсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис нь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад зориулалтаар үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Э.Б нь шүүгдэгч Н.З-д санал тавьж, харилцан тохиролцож хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж олж авч, хадгалсан байх тул гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Н.З, Э.Б нарын урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах тариалангийн талбай орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 16755,5 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж олж авсан, улмаар тус 16755,5 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн шалган нэвтрүүлэх цэгт Э.Б-ы эзэмшлийн *** улсын дугаартай, Лексус Эйч Эс 250 (Lexus HS-250) загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.З, Э.Б, тэдгээрийн өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаагүй болохыг тэмдэглэв.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэнцэх газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19Б/3286 тоот албан бичигт “...Тандалт судалгаа, дүн шинжилгээний тасгийн хүн/тун тооцоолох аргачлалын дагуу нэг хүн 2 граммыг мансууруулах зорилгоор хэрэглэдэг гэж тооцоолбол 16775,5 гр ургамлыг 8,377 хүн хэрэглэх боломжтой...” гэсэн хэдий боловч хэрэгт авагдсан бусад баримтууд, шүүгдэгч нарын дансны хуулга зэргээр шүүгдэгч нарын үйлдэлд “...худалдаалах зорилгоор...” гэсэн хүндрүүлэх шинж тогтоогоогүй гэсэн улсын яллагчийн санал нь үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан шууд хохирол төлбөргүй болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч Э.Б, Н.З нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.Б, Н.З нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хууль бусаар олж авсан, хадгалсан хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлын хэмжээ, гэмт хэргийн шинж, гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоо зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэж, шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 3 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.З-д 4 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нар баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник болох *** улсын дугаартай, “Лексус Эйч Эс-250” (Lexus HS-250) загварын тээврийн хэрэгслийг үнэлсэн “Дамно” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 24-404 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангийн үнийн дүн болох 20,335,000 төгрөгийг яллагдагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авах саналыг тус тус гаргаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 3982,9 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 2820,9 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 5037,0 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 2690,3 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 2224,4 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл буюу нийт 16755,5 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Батбаяр: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.З, Э.Б нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалан тэдгээрийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хэргийн үйл баримт болон хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй. Миний үйлчлүүлэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хариуцлагын талаар хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тухайн гэмт хэрэг нь сонгох санкцитай, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгч нарыг заавал хорьж, нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэмшүүлэх зорилгын хүрээнд зорчих эрх хязгаарлах ялыг шүүхээс оногдуулж болох эрх хэмжээ байх тул улсын яллагчийн тус бүр 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялын саналыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. Н.З нь эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг, тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэг, нийгэмд эзлэх байр суурийн хувьд хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, тухайн хүнийг засарч хүмүүжих, зан үйлээ засах боломжийг олгож өгнө үү. Э.Бы хувьд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Хоёулаа дээд боловсролтой, гаргасан алдаагаа засах боломжтой, урьд ял шийтгэл эдэлж байсан ч энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Эдгээрийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу тээврийн хэрэгслийн үнэлгээг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгох саналыг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч К.Манлай: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.З, Э.Б нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч нар Lexus HS250 загварын *** усын дугаартай автомашинд 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр олсон ургамлаа хадгалсан үйлдэлдээ маргаагүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Гэхдээ нотлох баримт шинжлэн судалсантай холбоотойгоор дараах зүйлийг хэлмээр байна. Яллах дүгнэлтийн хавсралтын 17, 18, 19 дугаарт байгаа албан бичгүүдээр миний үйлчлүүлэгчдийн хувийн байдлыг дордуулж байна. Ингэж шинжлэн судалсан нь шаардлага хангахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар эдгээр албан бичгүүд шаардлага хангахгүй байна. ...Эрүүгийн хариуцлагын талаар Батбаяр өмгөөлөгчтэй санал нэг байна. Тухайн зүйл анги сонгох санкцитай тул шүүхийн эрх хэмжээний асуудал. Харин хорих ял нь хүнд, зорчих эрх  хязгаарлах ял хөнгөн гэсэн аль нэг агуулгаар хэрэглэдэггүй. Ялын хэмжээ буюу 1-5 жилийн хорих ял, 1-5 жил зорчих эрх хязгаарлах ялыг тус тус хэдий хугацаагаар оногдуулах вэ гэдэгт ач холбогдол өгч ял хөнгөрүүлэх талаар ярьдаг. Тухайн хориглосон бодис болох олсон ургамал нь их хэмжээний гэдэгтэй маргахгүй. Гэхдээ улсын яллагч худалдаалах зорилгогүйгээр хадгалж байсан гэж ялласан. Тухайн хориглосон бодисыг хадгалсан үйлдэлд буруутгагдсан. Гэтэл тухайн 17 кг бодисыг яаж түүсэн, цаашаа хэрхэн зарцуулсан талаар эрүүгийн хариуцлага оногдуулж болохгүй. Иймд миний үйлчлүүлэгч нарт заавал хорих ял оногдуулж эрх зүйн байдлыг дордуулж 4 жил 3 сар нийгмээс тусгаарлах шаардлагагүй. Монгол улсад байхгүй химийн гаралтай бүтээгдэхүүн оруулж ирж хэн нэгэнд худалдаалсан зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгч нар хар тамхичин биш гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Урьд нь ял шийтгэл эдэлж, үүнийгээ ойлгож эрх зүйч мэргэжлээр суралцаад ирээдүйд аятайхан амьдарна гэж бодож байсан боловч өөрсдийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй ухаарсан гэдгээ илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгч нарт оногдуулж өгнө үү...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Хэрэгт авагдсан шүүгдэгч Н.З-ын хувийн байдалтай холбоотой гэрч З.Б-ийн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 145-146 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 9 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (2-р хавтаст хэргийн 10 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 11 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 12 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (2-р хавтаст хэргийн 13 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 14 дэх тал), боловсролын гэрчилгээ (2-р хавтаст хэргийн 15-21, 23-29 дэх тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (2-р хавтаст хэргийн 22 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (2-р хавтаст хэргийн 30 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хавтаст хэргийн 31 дэх тал), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.27-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоол (2-р хавтаст хэргийн 35-38 дахь тал) зэрэг нотлох баримтууд,

шүүгдэгч Э.Б-ы хувийн байдалтай холбоотой гэрч О.Л-ы мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 148-149 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 245 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 246 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 247 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 248 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 249-250, 2-р хавтаст хэргийн 1, 7 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших өмчлөх эрхийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 2 дахь тал), дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (2-р хавтаст хэргийн 3 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 4 дэх тал), хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 5, 6 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хавтаст хэргийн 32 дахь тал), Хан-Уул дүүргийн шүүхийн 2009.07.24-ний өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоол (2-р хавтаст хэргийн 29-43 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Н.З, Э.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдэх талаар санаачилсан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзсан болно.

Иймд шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

- шүүгдэгч Н.З-д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч нарт хорих ял оногдуулсантай холбоотойгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг үйлдэгддэг, хувь хүн, нийгэмд үзүүлэх хор нөлөө ихтэй, шүүгдэгч нар нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 16755,5 грамм буюу их хэмжээгээр түүж олж авсан, хадгалсан байх тул өмгөөлөгч нараас гаргасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг хүлээн авахаас хууль зүйн үндэслэлгүй болно.

Харин шүүгдэгч нар нь анх удаагаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэр бүлтэй, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон тус бүр 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялын хэмжээг багасгасан болно.

2.3.  Бусад асуудлын талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.З, Э.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Lexus HS250 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 20,335,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн, тус бүрээс 10,167,500 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөв шилжүүлж шийдвэрлээ.

Гэмт хэрэг үйлдэхээр ашигласан Lexus HS250 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Э.Б-ы эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоосон хэдий боловч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд тухайн тээврийн хэрэгслийг битүүмжлэх ажиллагааг хийж гүйцэтгээгүй байх тул тухайн тээврийн хэрэгслийг биет байдлаар улсын орлого болгох ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй болсныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа гэх “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 3982,9 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 2820,9 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 5037,0 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 2690,3 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 2224,4 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл буюу нийт 16755,5 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгав.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч, О овогт Н-ын З, М овогт Э-ын Б нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаадах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-д 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял,

- шүүгдэгч Э.Б-д 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З, Э.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З, Э.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 20,335,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн, тус бүрээс 10,167,500 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа гэх “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 3982,9 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 2820,9 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 5037,0 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 2690,3 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 2224,4 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл буюу нийт 16755,5 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.З, Э.Б нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Н.З, Э.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.З, Э.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАР

 

 

[1] Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль

4 дүгээр зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг үйлдвэрлэх, ашиглах, хэрэглэх

/Дээрх 4 дүгээр зүйлийн гарчигт 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг дор дурдсан зорилгоор дараахь байгууллага ашиглаж болно:

4.1.1.эмчилгээ, шинжилгээ, судалгааны зорилгоор эрүүл мэндийн болон эрдэм шинжилгээний байгууллага;

/Энэ заалтад 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.2.лабораторийн шинжилгээ хийх, сургалт явуулах зорилгоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих үүрэгтэй байгууллага;

4.1.3.харьцуулалт хийх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага;

/Энэ заалтыг 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.1.4.эмийн ургамлыг тарималжуулсан тохиолдолд сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг үйлдвэрлэх, экспортлох тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуйн нэгж.

/Энэ заалтыг 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.2. Эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болно.