| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Золбоо |
| Хэргийн индекс | 106/2024/0931/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/84 |
| Огноо | 2025-01-08 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Г.Э |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/84
2025 01 08 2025/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтөлж,
улсын яллагч Г.Энэрэл,
хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч Ц.Гансүх,
шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б** овогт Т.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000000055 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Б** овогт Т.М (РД:********).
Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Т.М нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 04 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “****” шөнийн цэнгээний газрын гадна Н.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хавсарч унагасны улмаас хохирогч Н.Б толгойгоороо газарт мөргөн эрүүл мэндэд нь зүүн хэнгэргэн хальсны цоорол, дагз ясны зүүн ар хэсгээс урагш хөхлөг сэртэн дайрч суурь яс, суурийн хөндий рүү үргэлжилсэн хугарал, баруун чамархай, баруун духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн зулай, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Б мэдүүлэхдээ “...Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжилж байна” гэв.
Шүүгдэгч Т.М нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” шөнийн цэнгээний газрын гадна хохирогч Н.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь зүүн хэнгэргэн хальсны цоорол, дагз ясны зүүн ар хэсгээс урагш хөхлөг сэртэн дайрч суурь яс, суурийн хөндий рүү үргэлжилсэн хугарал, баруун чамархай, баруун духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн зулай, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтууд болох:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 7-18 дугаар хуудас),
Хохирогч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…...Гомдолтой байна, намайг хавтаст хэргийн материалтай танилцахад хүмүүс нэлээн худлаа мэдүүлэг өгсөн байсан. Намайг цохиогүй байхад резинэн бороохойгоор цохисон гэж мэдүүлэг өгсөн байсан. Манай тээврийн цагдаагийн албанаас надад резинэн бороохой олгосон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),
Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Б газар толгойгоороо зүүн талаараа унасан, босож чадахгүй хэвтээд байсан, зүүн чихнээс нь цус гараад байсан. Тэр залуус 3605 УНН улсын дугаартай саарал өнгийн приүс 20 маркийн машинд суугаад явсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),
Гэрч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…М тэр залууг унагаж байхыг нь хараагүй, харин тэр эмэгтэй М-г цохиж унагаасан гэж зааж байсан. ... Бид нар их согтоогүй гайгүй байсан. Харин тэр залуус их согтуу байсан. ...Ц бид нарыг бааранд байхад юм авч өгчхөөд бид нараас түрүүлээд гараад явсан байсан, зодоон болох үед байгаагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),
Гэрч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…...Ямар нэгэн цохиж зодолдсон зүйл байхгүй. Харин баарнаас гараад явж байхад нэг хүнтэй маргалдаад зодолдох үед нь эхнэр Э нь дундуур орж салгасан. ...М гэх эрэгтэй хавирч унагаасан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),
Гэрч М.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…...Намайг яваад очиход маргаан болсон, Б газар унасан байдалтай байсан. ...Б-н эхнэр Э, Г нар байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),
Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Зодоон дууссаны дараа нэг залуугаас нь та нар модоор цохиод байгаа юм уу, юугаар намайг цохиод байгаа юм бэ гэж асуухад нэг залуу нь куртканы ханцуйн дотроосоо хар өнгийн Г хэлбэрийн бороохой гаргаж ирсэн. Харин цагдаагийн үнэмлэх читон гаргаж үзүүлээгүй. Харин тэр залуус бид нар цагдаа, хуулиа мэднэ, бид нар зодооныг эхлүүлсэн ч гэсэн, илүү хохирсон тал нь хохирогч болно, зодооныг эхлүүлсэн тал нь хамаагүй гэж хэлж байсан. Намайг цохисон залуугийн нэрийг нь мэдэхгүй байна, тэр залуу хар өнгийн Г хэлбэрийн бороохой гаргаж үзүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 6 дугаар хуудас),
Гэрч Т.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Бааранд үйлчлүүлж байгаад гэр гэр лүүгээ харих санаатай баарнаас гарсан. ...Э, Б, Г болон Б-н их сургуулийн найзууд нь гэх 4 залуу байсан. Их сургуулийн найзууд нь уг үл таних өндөр, махлагдуу залууг зугтаалгахгүй гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз нар тэр залуустай зодоон хийсэн, өөр хүн байхгүй. Б л нэг залууд нь зодуулсан байсан. ...Би архи уугаагүй, нэг лааз пиво л уусан, харин Б их согтуу байсан. Б-г зодсон залуу бас нэлээн согтсон байсан. Манай найз нар их согтоогүй, халсан байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас),
Гэрч О.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хоорондоо болон бусадтай маргалдсан зүйл болоогүй бөгөөд бид нар бүгдээрээ архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас),
Гэрч Т.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “......Хэнтэй ч маргалдаагүй, үйлчлүүлж байгаад гараад явсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас),
Гэрч Э.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “......Миний биед халдаж зодсон хүн байхгүй. Харин Б гэх найз маань л зодуулсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас),
Гэрч П.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М айлын ганц хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 787 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас),
Шүүгдэгч Т.М-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “…Б миний баруун шанаа хэсэг рүү резинэн бороохойгоор цохисон, ахиад цохихоор нь би зүүн гараараа хамгаалсан. Өөр Б-тай хамт явж байсан манай Б-г нэг залуу нь бас резинэн бороохойгоор цохисон гэж ярьж байсан. Б-г цохисон залууг би хараад танихгүй, хэн гэдгийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 144-145 дугаар хуудас, 226-227 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 319 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 166-170 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 742 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 241-243 дугаар хуудас),
Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,462,000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байх байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Т.М-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь дансанд төлүүлж өгнө үү…” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Замын цагдаагийн алба хаагч нарт резинэн хар бороохой хангалтаар тавьж олгодоггүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 82 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 81 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар хуудас), эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 85 дугаар хуудас), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 88-97 дугаар хуудас), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 675 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 98-103 дугаар хуудас), Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 189 дүгээр хуудас), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 190-191 дүгээр хуудас).
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:
Шүүгдэгч Т.М нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” шөнийн цэнгээний газрын гадна хохирогч Н.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь зүүн хэнгэргэн хальсны цоорол, дагз ясны зүүн ар хэсгээс урагш хөхлөг сэртэн дайрч суурь яс, суурийн хөндий рүү үргэлжилсэн хугарал, баруун чамархай, баруун духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн зулай, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 319, 742, 787 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Т.М нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ж.Батбаяр нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.М-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтын шаардлага хангасан 521,975 (шууд хохирол) төгрөгийн баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогчид 1,100,000 төгрөгийн хохирлыг (1 дүгээр хавтаст хэргийн 195 дугаар хуудас) төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Т.М-г энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Харин хохирогчийн зүгээс нэхэмжилж буй бусад нэхэмжлэлийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-н сэтгэцэд гуравдугаар зэрэглэлийн хор уршиг учирсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч тогтоосныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжилнэ гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 319 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Б-н сэтгэцэд гуравдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан байх тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-н 1.1-д “Гэмт хэргийн улмаас хохирогч, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ”, 3.4-д “... Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 1-р зэрэглэл 0-3%, 2-р зэрэглэл 4-8%, 3-р зэрэглэл 9-15%, 4-р зэрэглэл 15-30%, 5-р зэрэглэл 31-99% гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно”, 3.8-д “...Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, ... үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал ... гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар ... зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл хохирогч Н.Б-н эрүүл мэндэд учирсан хүнд зэргийн хохирол нь сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд тус журамд хүнд гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор заасан байх тул 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7,150,000 төгрөгийг шүүгдэгч Т.М-с гаргуулж хохирогч Н.Б-д олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Т.М-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хохирол нөхөн төлөх үндэслэлээр 10 минутын завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Т.М нь хохирогч Н.Б-д 7,150,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс “...Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг өөрийн 5013205102 дансанд 5085128539 дугаарын данснаас 7,150,000 төгрөгийг хүлээн авлаа. Энэ хэрэгт шүүгдэгч Т.М-д гомдолгүй болохоо илэрхийлж байна...” гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд бичгээр гаргасан тул шүүгдэгч Т.М-г энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор бусдад төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Харин Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид 2,442,000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байх бөгөөд тус хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.М-с 2,442,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгуулах нь зүйтэй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Гансүх “Тусгайлан гаргах саналгүй” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “...Торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Т.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгч Т.М-д 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус зааснаар шүүгдэгч Т.М-н 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл баривчлагдсан 2 хоног, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 20, нийт 22 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож, 330,000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасаж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээг 14,670,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.
III. Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон 22 хоногтой, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиас даруй суллах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б** овогт Т.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-г 15,000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-н баривчлагдсан, цагдан хоригдсон 22 (хорин хоёр) хоногийн 1 (нэг) хоногийг 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 (арван таван мянга) төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас 330,000 (гурван зуун гучин мянга) төгрөгийг хасаж, түүнд оногдуулсан торгох ялыг 14,670,000 (арван дөрвөн сая зургаан зуун далан мянга) төгрөгөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
6.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.М-с 2,442,000 (хоёр сая дөрвөн зуун дөчин хоёр мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
7.Хохирогч Н.Б нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдсугай.
8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Т.М-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиас даруй сулласугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЗОЛБОО