| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2018/00597/И |
| Дугаар | 181/ШШ2018/01117 |
| Огноо | 2018-05-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 181/ШШ2018/01117
| 2018 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 181/ШШ2018/01117 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.С /РД:................./-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А.К ХХК /РД:.................../-д холбогдох
12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.С, гэрч З.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.
Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.С би 2017 оны 4 сараас эхлээд А.К ХХК-д барилгын модон материал нийлүүлсэн. Гэтэл А.К ХХК нь одоог хүртэл төлбөрийг төлөхгүй өвөлжин ажилгүй болголоо. Би эргэлтийн мөнгөөрөө өвөл түлээ нүүрс зардаг байсан. Шүүхэд анх 12,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ үнийн дүнд модон материалын үнээс гадна банкны зээлийн хүүгээ оруулан тооцсон байсан ба одоо зөвхөн модон материалын үнийг буюу 9,183,200 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.К ХХК нь Хангай захаас барилгын мод худалдан авдаг бөгөөд уг ажиллагаанд тус захын мод худалдаалагчид оролцдог болно. Ж.С нь уг мод нийлүүлэгчдийн нэг бөгөөд бидний хооронд тусгайлсан гэрээ байхгүй болно. Манай компанийн санхүүгийн алба дээр ирж тооцоо нийлсний дагуу төлбөр тооцоог гүйцэтгэдэг бөгөөд уг иргэний хувьд 2017 оны 10 сараас хойш тооцоо нийлээгүй байна. Иймд уг иргэнийг компани дээр баримтуудаа авч ирэн тооцоо нийлэх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч ийнхүү тооцоо нийлээгүй байх тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч А.К ХХК-д холбогдуулан барилгын модон материал нийлүүлсний төлбөр 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 9,183,200 төгрөг болгон багасгаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд зөвшөөрөхгүй байх үндэслэлийг нэхэмжлэгч тооцоо нийлээгүй гэх үндэслэлээр тайлбарласан байна.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч А.К ХХК-д барилгын модон материал нийлүүлдэг байсан ба хариуцагч А.К ХХК нь нийлүүлсэн модон материалын үнээс 9,183,200 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байх ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан бичгийн гэрээ хэлцэл байхгүй гэсэн тайлбарыг гаргасан боловч Ж.Сэс модон материал худалдан авдаг байсан гэдэгт маргаагүй байна.
Талуудын хооронд үүссэн дээр дурдсан харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч нь хариуцагчид тодорхой хугацаанд модон материал нийлүүлж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Зарлагын баримт нэртэй баримтууд /хх-32-50 тал/, А.К ХХК-ийн Авлага өглөгийн товчоо нэртэй баримт /хх-4 тал/, гэрч З.Гантулгын шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2017 оны 5 сарын 23-ны өдрөөс 2017 оны 8 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны зарлагын баримтуудад байгууллагын нэр гэсэн хэсэгт Нацагдорж, Соёл-Эрдэнэ, Соёлоо гэсэн нэрс бичигдсэн, худалдан авагчийн нэр гэсэн хэсэгт А.К, Гантулга, Саруул, Алтай саруул гэсэн нэрс бичигдсэн, зарлагын баримтын тэмдэг гэсэн хэсэгт Ганбаяр гэсэн нэр бүхий тэмдэг дарагдсан байх боловч нэхэмжлэгч зарлагын баримтын хувьд зах дээрээс тэмдэг бүхий баримт худалдан авч уг баримтыг хариуцагчийн төлөөлөгчтэй үйлддэг байсан гэж тайлбарласан, шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан З.Гантулга нь дээрх баримтууд нь нэхэмжлэгч Ж.Сэс модон материал худалдан авах үед үйлдэж байсан баримт мөн бөгөөд уг баримтад талбайн нярав Уламбаяр гарын үсэг зурж модон материалыг хүлээн авдаг байсан гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн тул уг баримтуудыг нэхэмжлэгч Ж.Сэс хариуцагч А.К ХХК-д нийлүүлсэн модон материалын зарлагын баримт мөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Зарлагын баримтуудаар нийлүүлсэн модон материалын үнээс 9,183,200 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй гэсэн тайлбарыг нэхэмжлэгч гаргасан бөгөөд нийлүүлсэн модон материалын үнээс 9,183,200 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй болох нь хариуцагч А.К ХХК-ийн Авлага өглөгийн товчоо нэртэй баримтаар тогтоогдож байна.
Иймд хариуцагч А.К ХХК-аас 9,183,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтыг баримтлан хариуцагч А.К ХХК-аас 9,183,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 2 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ти экс эл ХХК-аас 113,740 төгрөгийг, хариуцагч А.К ХХК-аас 161,881 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР