Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бяхаржавын Баярцогт |
Хэргийн индекс | 122/2021/0023/З |
Дугаар | 122/ШШ2022/0010 |
Огноо | 2022-09-20 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 122/ШШ2022/0010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг 6 дугаар хорооны иргэн Мэргэд овогт *******,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тус хэлтсийн Иргэний улсын бүртгэгч *******, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч *******
Гуравдагч этгээд: *******, ******* нарын хоорондын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч С.Ялалт /цахимаар/, Б.Давааням /цахимаар/, гэрч Д.Цэцэгчимэг /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, гуравдагч этгээд *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч У.Болдхүү /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан тус хэлтсийн “Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 5 давхар 25 айлын орон сууцны 1,4,15,16,18,22,23 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн ******* /ЛЮ81101714/-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-1214000268, Y-1214000269, Y-1214000270, Y-1214000271, Y-1214000272, Y-1214000273, Y-1214000274 дугаартай гэрчилгээ, мөн иргэн Раднаабазар овогтой Ганхуяг /ЛЮ78072918/-ийн нэр дээр тус орон сууцны 2,3,5,14,20,21,24,Б1 тоот байруудыг улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-1214000260, Y-1214000261, Y-1214000262, Y-1214000263, Y-1214000264, Y-1214000265, Y-1214000266, Y-1214000267 дугаартай гэрчилгээ олгосныг хууль бус болохыг тогтоож, бүртгэлүүдийг хүчингүй болгуулах, нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай” 2020.12.22-ны өдрийн СҮ-032/20 дугаартай улсын комиссын шийдвэрээр дунд ангиллын 25 айлын хүчин чадал бүхий орон сууцыг ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэсэн. Гэтэл В1 давхрын үйлчилгээний давхрыг улсын комисс хүлээж авсан дүгнэлт гараагүй байхад үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1214000267 тоот гэрчилгээг *******ийн нэр дээр гаргасан нь хууль бус бүртгэл болсон тул хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг хүчингүй болгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Мөн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дээрх 5 давхар 25 айлын орон сууцны 25 тоот хаягт байршилтай *******ын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Түүнчлэн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “улсын бүртгэлийн хэлтэст гаргасан нийт шаардлагаас 21 тоот орон сууц /Ү-1214000265/, В1-2 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-1214000260/ бүртгэлийг хүчингүй болгох, 25 тоот орон сууцны өмчлөх эрхийг *******ын нэр дээр бүртгэж гэрчилгээ олгохоос татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгох, бүртгэхийг даалгах нэхэмжлэлээс бусад нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэж нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзаж, даалгах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
Нэхэмжлэгч нийт 15 орон сууцны бүртгэлтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзсанаар “Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 5 давхар 25 айлын орон сууцны 21 тоот болон В1-2 тоот үйлчилгээний талбайг иргэн Раднаабазар овогтой Ганхуяг /ЛЮ78072918/-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, олгосныг хууль бус болохыг тогтоож, бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага,
Даалгах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснөөр “Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 5 давхар 25 айлын орон сууцны 25 тоот орон сууцны өмчлөх эрхийг *******ын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.
2. Нэхэмжлэгч нь иргэн *******, ******* нарын нэр дээрх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой гомдлыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гаргаж, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гомдлыг хангахаас татгалзсан хариу авсан.
2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч *******аас *******т олгосон итгэмжлэл болон орон сууц худалдах, худалдан авах гэрээ, бусад холбогдох баримтуудыг үндэслэн хариуцагч улсын бүртгэлийн хэлтэс нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг, Баян-Овоо 25 айлын байр 21 тоот байршилтай 34,74 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн тул эрхийн улсын бүртгэлийн Ү-1214000261 дугаарт бүртгэж, *******т үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000880836 дугаартай гэрчилгээ олгосон мөн өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг, Баян-Овоо 25 айлын байр В1-2 тоот байршилтай 140 м.кв үйлчилгээний талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн тул эрхийн улсын бүртгэлийн Ү-1214000260 дугаарт бүртгэж, *******т үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000880837 дугаартай гэрчилгээ олгосон.
4. Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдлээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д зааснаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 5 давхар 25 айлын орон сууцны 25 тоот орон сууцны өмчлөх эрхийг *******ын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан байна.
5. Нэхэмжлэгчээс маргаж буй үндэслэлээ хууль ёсны эзэмшигч ******* миний *******т олгосон итгэмжлэл нь өөрийн барьсан орон сууцуудыг бусдад худалдуулах, төлбөрийг нь авах, түүнтэй холбоотой улсын бүртгэлд бүртгүүлэх эрхүүдийг олгосон бөгөөд харин өөрсдөдөө байруудыг өмчлөгчөөр бүртгүүлэх эрхийг олгоогүй, мөн уг итгэмжлэлд Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгөө, түүнчлэн гуравдагч этгээдийн нэрээр өөрөө төлөөлүүлэгчтэй хэлцэл хийхийг хориглоно” гэж заасныг зөрчиж улсын бүртгэл хийлгэсэн, улсын бүртгэгч итгэмжлэлд заасан захиалгын гэрээтэй холбоотой үйл баримтыг шалгаж бүртгэл хийх ёстой атал өөр хүмүүсийг бүртгэн гэрчилгээ олгосон гэж тодорхойлжээ
6. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа дэмжиж байна. Би *******, ******* нартай хамтарч Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 25 айлын орон сууц барьсан. ******* нь 334 000 000 төгрөг, ******* 180 000 000 төгрөгийн бэлэн бус хөрөнгө оруулалт хийсэн. Түмэнцогт сумын Төрийн банкны хойд талд 1900 м.кв газартай холбоотой материалаа бүрдүүлж миний бие уг газрыг авсан. Түмэнцогт суманд орон сууц захиалах иргэдтэй гэрээ байгуулж 25 айлын орон сууц барьж улсын комисст би хүлээлгэж өгсөн. Үүний дагуу тодорхойлолт гаргуулж, орон сууцны гэрчилгээ олгогдож байсан. Би ковидын нөхцөл байдлын улмаас Сүхбаатар аймгийн руу ирж чадахгүй болсон. Би *******т 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр итгэмжлэл гаргаж өгсөн. Гэтэл ******* нь тухайн итгэмжлэлийг зүй бусаар ашиглаж *******ийн нэр 8 байр, эхнэр *******ийн нэр дээр 7 байрны гэрээ байгуулж гэрчилгээ гаргасан. Энэ талаар би мэдээгүй явж байгаад 2022 онд мэдэж итгэмжлэлээ цуцлуулсан. 2022 оны 07 сарын 01-ний өдөр 25 тоот байрыг өөрийн нэр дээр болгуулахаар улсын бүртгэлийн Октябрьт материалаа хүлээлгэж өгсөн. В1-ийн 2 тоот үл хөдлөх эд хөрөнгийн талаар улсын бүртгэлд өгсөн мэдүүлгээс үзэхэд мэдүүлэгт хавсаргаж өгсөн план зураг нь Баруун-Урт суманд барьсан 25 айлын орон сууцны зураг байсан. Миний барьсан орон сууцны план зураг өөр байдаг. Бүртгэгч уг зураг, төсвийг шаардах ёстой. Энэ тухай Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан. Гомдлын хариуд улсын комисс хүлээж аваагүй байна. Улсын комиссоос зөвхөн 25 айлын орон сууцыг хүлээж авсан байна гэсэн. 21 тоот орон сууцны хувьд 2021 оны 09 сарын 11-ний өдөр супер хонжвортой сугалааг явуулсан. Энэ тухай *******т мэдэгдэхэд энэ надад хамаагүй, чи өөрт ногдох хэсгээ өгч байгаа юм чинь гэсэн. 21 тоот байрыг азтанд өгөхийг *******, ******* нар мэдэж байсан. Сугалаанд азтан болсон иргэн Ч.Бадарч гэж хүнд 21 тоот орон сууцны түлхүүрийг өгсөн. Ч.Бадарч нь өөрт байгаа малаа 24 сая төгрөгт тооцон өгсөн. Ч.Бадарч өөрийн байрны үлдэгдэл төлбөрөө бүрэн төлсөн. Сугалаанд хожсон байрандаа 2 жил амьдарч байна. Улсын бүртгэлийн хэлтэс үүнийг мэдсээр байж *******, ******* нарын нэр дээр гэрчилгээ гаргасан нь хууль бус гэж үзэж байна гэв.
7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөлдөө: Нэхэмжлэлийн үндсэн 3 шаардлага байгаа. Улсын бүртгэлийн байгууллага бүртгэл хийх болсон үндэслэлээ тайлбарлахдаа итгэмжлэлд заасны дагуу бүртгэсэн гэдэг. *******ын 2021 оны 05 сарын 11-ний өдрийн итгэмжлэлийг үзэхээр 10 болон 25 тоот орон сууцнаас бусад орон сууцуудыг худалдах гэж тодорхой заасан байхад үйлчилгээний талбайг худалдах гэрээ байгуулсан. Мэдүүлэг, гэрээ нь үйлчилгээний зориулалтай, итгэмжлэл дээр болохоор орон сууц худалдах гэж байгаа. Агуулгын хувьд мэдүүлэг түүнд хавсаргасан баримт бичгүүд хоорондоо мэдээллийн хувьд зөрүүтэй байсан. Гэтэл Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь хэсэгт “хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй” гэж заасныг зөрчсөн байхад бүртгэлийн үйл ажиллагаа явуулсан. Мөн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн” гэж зааснаар татгалзах үндэслэл байхад бүртгэлийг хийсэн. 25 тоот орон сууцны мэдүүлэг 2-р хх-ийн 165 дугаар хуудсанд авагдсан байгаа. 1-р хх-ийн 49, 27 дугаар мөрөнд орон сууц биш гэсэн баримтууд хэрэгт авагдсан байгаа. 1-р хавтаст хэргийн 175 хуудсанд ******* нэр дээр гарсан баримтыг харахаар Улсын бүртгэлийн хэлтэс орон сууц биш гэдгийг маш сайн мэдэж байсан учир үйлчилгээний зориулалтай орон сууцны гэрчилгээ гаргасан. Итгэмжлэлийн дагуу баримт бичгийн бүрдүүлэлтийг хангуулах ёстой байсан. Үүнийг Улсын бүртгэлийн хэлтэс бүрэн хянах боломжтой байсан. Эдгээр үндэслэлээр В1-ийн 2 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
25 тоот орон сууцны хувьд хариуцагч шүүхийн маргаантай гэсэн хариу өгсөн. 2022 оны 06 сарын 29-ний өдрийн мэдэгдэх хуудас, татгалзлын агуулга нь шүүхийн маргаантай, хууль хяналтын байгууллагаас хязгаарлалт тогтоосон, *******ыг эрхгүй этгээд гэсэн тайлбар ирүүлсэн байсан. *******ад бүх эрх нь байсан. Эрхгүй этгээд гэх үндэслэл байхгүй. Октябрь нь баримт бичгийн бүрдэл хангасан гэж хэлж байсан. Сүхбаатар аймаг дахь Сум дунд иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийг 2022 оны 06 сарын 21-ний өдөр Хэнтий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүчингүй болгосон. Прокурорын болон шүүхийн байгууллагын эрх зүйн акт хүчингүй болсон тул бүртгэл хийх бүрэн боломжтой гэж үзэж байна. Түмэнцогт сумын 25 айлын орон сууцны 21 тоотын хувьд Ч.Бадарчтай холбоотой төлбөр бүрэн төлөгдсөн талаар ******* мэдэж байсан гэв.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Давааням шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөлдөө: В1-ийн 2 тоот нь үйлчилгээний зориулалттай гэдэг нь тодорхой байгаа итгэмжлэл дээр зөвхөн орон сууц худалдах гэж заасан байсан. Орон сууцны гараашийг улсын комисс тусад нь хүлээж авдаг. 21 тоот орон сууцны хувьд *******ын мэдүүлэг байгаа. Бүртгэлийн байгууллага маш хайхрамжгүй, бичиг баримтын бүрдүүлэлтийг бүрэн хангаагүй. 25 тоот орон сууцны хувьд Октябрь нь бид нарын өгсөн мэдүүлгийг нуудаг. 25 тоот орон сууцны талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй гэдэг. Баримтаа гаргаж өгөхөөр манай албан хаагч сейф дотроо хийсэн байна гэж хэлдэг. Хариуцагч тал Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх хэсэгт зааснаар хэрэг, маргаан явагдаж байгаа учраас бид энэ бүртгэлийг хийхгүй байгаа гэдэг. Гэтэл уг хуулийн заалт нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэгдсэн тохиолдолд хамаарна. Одоогийн байдлаар ямар нэгэн хориглосон, битүүмжилсэн акт байхгүй байгаа учир хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
9. Хариуцагч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хариу тайлбартаа: Итгэмжлэлээр улсын бүртгэл хөтлөхдөө тухайн итгэмжлэлд олгосон бүрэн эрхийн хүрээнд бүртгэл хийсэн, уг бүртгэл хийсэн тухайн цаг хугацаанд нийслэлийн нотариатч Д.Цэцэгчимэгийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 52 минутад үйлдсэн /бүртгэлийн дугаар 0198/ иргэн *******ын *******т олгосон итгэмжлэл нь хуулийн шаардлага хангасан байсан,
Дээрх итгэмжлэлийг үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу иргэн ******* нь 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлэг гаргасан.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэхэд холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ” гэсний дагуу 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрчилгээ гаргасан.
25 айлын В1-2 тоот хаягтай, 140 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай байрны хувьд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйл “үл хөдлөх өмчлөх эрхийг анх удаа бүртгэх”, 10.3.2-д “нэгж талбарын дугаар, газрын хэмжээ, зориулалт, хаяг, байршил”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.3-д “газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлах газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрт тусгасан зориулалтын дагуу бүртгэнэ” гэсний дагуу бүртгэсэн.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-д “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах;” 20 дугаар зүйлийн 20.1.14-д “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх” гэсний дагуу 25 тоот орон сууцыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан. Иймд иргэн *******ын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна гэжээ.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Итгэмжлэлийн дагуу гэрчилгээ олгосон, газар эзэмших эрхийн гэрчилгээнд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар гэж заасан байгаа. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.2-т зориулалтын дагуу бүртгэнэ гэж байгаа. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үйлчилгээтэй 25 айлын орон сууцыг байнгын ашиглалт авсан гэдэг. 25 тоот орон сууцны баримтуудыг 2022 оны 06 сарын 29-ний өдөр бүрдүүлж өгсөн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх хэсэгт зааснаар татгалзах хариу явуулсан гэв.
11. Гуравдагч этгээд ******* хариу тайлбар болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Энэ байрууд бол ******* нь *******тай ойлголцохгүй яваад байсан тул эрсдэлээ багасгах зорилгоор өөрөөс нь итгэмжлэл авч ******* болон миний нэр дээр шилжүүлж авсан. *******, ******* нарын орон сууц гэж зөвшөөрч ******* өөрөө итгэмжлэлээ хийж өгсөн. *******ын хувьд итгэмжлэлээр олгосон эрхийг урвуулан ашигласан, хэтрүүлсэн, олгогдоогүй эрхийг эдэлсэн зүйл байхгүй.Хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй, улсын бүртгэлийн хэлтэс хуулийн хүрээнд бүртгэлийн үйл ажиллагаа явуулсан гэв.
12. Гуравдагч этгээд ******* хариу тайлбар болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Түвшинмөнх ХХК-ийн захирал ******* нь 2019 онд надтай уулзаж Түмэнцогт суманд 25 айлын орон сууцны барилга хамтарч барих санал тавьсаныг хүлээн авч 50/50 хувийн хөрөнгө оруулж, эрсдэл ашигаа тэнцүү хуваахаар тохирсон. Барилгын үйл ажиллагаа эхлэхэд ******* нь өөрийн төрсөн эгчийн хүүхэд ******* гэх залууг дагуулан ирж танилцуулан барилгыг хариуцан ажиллана гэсэн. ******* нь зүй бус үйлдэл хийж, түүнийгээ нуун дарагдуулсан тул би өөрийн эрхийг итгэмжлэхээр шилжүүлж авахыг шаардсан, улсын бүртгэлийн гэрчилгээ хуулийн хүрээнд гарсан гэв.
13. Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч У.Болдхүү шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөлдөө: 2021 оны 11 дүгээр сард захиргааны хэрэг үүссэн. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагын нэлээд хэсгээс татгалзсан гэж үзэж байгаа. 25 тоот орон сууцтай холбоотой өмчлөх эрхийн буюу Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу өмчлөгчийн маргаан бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж байгаа. Хэрэв Улсын бүртгэлийн байгууллагад 25 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахыг даалгах шийдвэр гарсан байлаа гэж бодоход иргэний хэрэг процессын хувьд сүүлд шийдвэрлэгдэнэ. Сүүлд шийдвэрлэгдэхдээ *******ын нэхэмжлэлийн шаардлага хангагдах юм бол улсын бүртгэлийг хүчингүй болгох үр дагавар байгаа шүү.
Улсын бүртгэлийн ерөнхий хууль бүртгэгчийн хийх үйлдэл, ялгаа, заагийг тогтоож өгсөн материаллаг хууль байгаа. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуультай дандаа цуг хэрэглэгдэж явдаг.
2021 оны 05 сарын 11-ний өдрийн итгэмжлэл дээр 10, 25 тоот орон сууцнаас бусад орон сууцнуудыг гэж бичсэн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар одоо л ярьж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь итгэмжлэлээр олгоогүй гэсэн үндэслэл ярьж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг байхыг шаарддаг. Өмчлөх эрхийг нотолсон баримт гэдэгт гэрээ орно. Бүртгэлийн байгууллагад ******* болон ******* нарын хооронд хуулийн хүчин төгөлдөр хэлцэл, гэрээг хавсаргаж бүрдүүлж өгсөн байдаг. Нотариатын хийж өгсөн итгэмжлэлд үүнээс бусад гэж томьёолсон байгаа. Бусад гэдэг агуулга дотор В1-ийн 2 тоот ороогүй гэсэн агуулга байхгүй. 10, 25 тоот орон сууцнаас бусад гээд бүгдийг өгсөн агуулга харагдаж байна. Өнөөдөр итгэмжлэлийг хуулийн хүчин төгөлдөр бусад тооцуулсан шүүхийн шийдвэр байхгүй байгаа. Өмчлөх эрхийг нотолсон баримт буюу *******, ******* нарын хооронд байгуулсан гэрээ өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр байгаа. Хүчин төгөлдөр гэрээ байгаа тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагыг буруутгах үндэслэл байхгүй. 21 тоот орон сууцны хувьд өмчлөх эрхтэй холбоотой маргаан иргэний шүүхэд дээр явж байгаа. 21 тоот орон сууцны улсын бүртгэлийг гаргуулж авсан баримт материалтай холбогдолтой зүйлийг ярих ёстой. 2021 оны 05 сарын 11-ний өдрийн итгэмжлэлд 21 тоот орон сууц хамаардаг учраас төлөөлүүлэгчийн хувьд шилжүүлэх хүсэл зориг байсан гэж үзнэ. Байсан гэж үзэж байгаа учраас улсын бүртгэгч бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй. Хэрэв татгалзсан бол хууль бус үйлдэл болох учиртай. 21 тоот орон сууцыг шилжүүлсэн хэлцэл буюу өмчлөх эрхийг нотолсон гэрээ нь хуулийн дагуу хүчин төгөлдөр байгаа. Ийм учраас бүртгэгчийг буруутгах боломж байхгүй гэв. В1-ийн 2 тоотын хувьд улсын бүртгэлийн хэлтсийн гаргаж ирж байгаа үндэслэлийг дэмжиж оролцож байгаа. В1-ийн 2 тооттой холбоотойгоор хариуцагч газрын зориулалт нь үйлчилгээний зориулалтай байсан учир гэрчилгээ гаргасан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэл үндэслэлгүй байна.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн буюу “Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 5 давхар 25 айлын орон сууцны 1,4,15,16,18,22,23 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн ******* /ЛЮ81101714/-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-1214000268, Y-1214000269, Y-1214000270, Y-1214000271, Y-1214000272, Y-1214000273, Y-1214000274 дугаартай гэрчилгээ, мөн иргэн Раднаабазар овогтой Ганхуяг /ЛЮ78072918/-ийн нэр дээр тус орон сууцны 2,3,5,14,20,24 тоот байруудыг улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-1214000262, Y-1214000263, Y-1214000264, Y-1214000265, Y-1214000266, Y-1214000267 дугаартай гэрчилгээ олгосныг хууль бус болохыг тогтоож, бүртгэлүүдийг хүчингүй болгуулах” хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
3. Нэхэмжлэгч нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 5 давхар 25 айлын орон сууцны 21 тоот орон сууцыг *******ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-1214000261 дугаартай гэрчилгээ олгосныг болон В1-2 тоот үйлчилгээний талбайг *******ийн нэр дээр бүртгэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-1214000260 дугаартай гэрчилгээ олгосон улсын бүртгэл хууль бус болохыг тогтоож, бүртгэлийг хүчингүй болгуулахаар мөн 25 тоот орон сууцыг Д.Оюунбатын нэр дээр бүртгэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан,
4. Нэхэмжлэгчээс 21 тоотыг жинхэнэ захиалагч биш *******ийн нэр дээр бүртгэсэн нь хууль бус, итгэмжлэлд “10 болон 25 тоот орон сууцнаас бусад орон сууцуудыг” гэж зөвхөн орон сууцнуудыг худалдах эрх олгож, үйлчилгээний талбайг худалдах эрх олгоогүй, 0 давхрыг улсын комисс хүлээж аваагүй, В1-2 тоотыг бүртгүүлэх мэдүүлэгт хавсаргасан зураг нь уг барилгын зураг биш, 25 тоотыг бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй гэж, хариуцагчаас *******аас *******т олгосон итгэмжлэлийг үндэслэн эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэсэн, газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлах газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрт тусгасан зориулалтын дагуу бүртгэнэ гэсний дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрыг “үйлчилгээтэй орон сууц”-ны зориулалтаар олгосныг үндэслэн В1-2 тоотын өмчлөх эрхийг бүртгэсэн, 25 тоотын өмчлөлтэй холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа учраас бүртгэхээс татгалзсан гэж маргаж байна.
5. Маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл нь *******аас *******т олгосон итгэмжлэл болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр хийгдсэн байна. Тодруулбал,
Нийслэлийн тойргийн нотариатч Д.Цэцэгчимэгийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэрчилсэн 0198 дугаар итгэмжлэлээр: Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар: БЗ-035/2020, СҮ-032/20, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум 3 дугаар баг, дунд ангиллын, 25 айлын орон сууц, энэхүү итгэмжлэлийн дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2020/02/22 өдрийн СҮ-032/20 дагуу ашиглалтад оруулсан 2 давхрын 10 тоот, 5 давхрын 25 тоот орон сууцнаас бусад орон сууцуудыг гүйцэтгэгч намайг төлөөлөн худалдах, захиалагч нартай гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээг нотариатаар батлуулах, орон сууцны төлбөрийг хүлээн авах, өмчлөх эрх шилжүүлэх, захиалгын гэрээтэй холбоотой бүх үйлдэлд төлөөлөх гарын үсэг зурах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, лавлагаа хүсэх, хүлээн авах, гэрчилгээ хүлээн авах үйлдэл хийх бүрэн эрхийг төлөөлөгчид буюу *******т *******аас олгожээ.
Ийнхүү маргаан бүхий улсын бүртгэл нь дээрх итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу Д.Адъяабаатарын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр хийгдсэн байх тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.
6. Хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2020/02/22 өдрийн СҮ-032/20 дүгнэлтэд “дунд ангиллын 25 айлын хүчин чадал бүхий орон сууцны зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт” гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тодруулахад 2022.05.25-ны өдрийн 01/227 тоот албан бичгээр иргэн ******* нь Түмэнцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан үйлчилгээтэй 25 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулах хүсэлтийг 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсний дагуу улсын комиссын бүрэлдэхүүн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажиллаж “үйлчилгээтэй 25 айлын орон сууцны” барилгыг үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээн авсан гэсэн хариу ирүүлсэн.
Мөн Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолоор баталсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэмд улсын комисс барилгын 0 давхрыг тусад нь дүгнэлт гаргаж хүлээж авахаар зохицуулаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийн 25 айлын орон сууцны үйлчилгээний талбайг улсын комисс хүлээж аваагүй, 0 давхрыг тусад нь дүгнэлт гаргаж хүлээн авах байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс итгэмжлэлд “2 давхрын 10 тоот, 5 давхрын 25 тоот орон сууцнаас бусад орон сууцуудыг” гэж зөвхөн орон сууцыг худалдах эрх олгосон байхад үйлчилгээний талбайг худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар мэдүүлэг, гэрээ нь үйлчилгээний зориулалтай, итгэмжлэл дээр болохоор орон сууц худалдах гэж байгаа нь агуулгын хувьд мэдүүлэг түүнд хавсаргасан баримт бичгүүд хоорондоо мэдээллийн хувьд зөрүүтэй байхад улсын бүртгэгч татгалзаагүй бүртгэсэн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь хэсэгт “хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй”, 29 дүгээр зүйлийн 29.1.3-д “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн” гэж заасныг зөрчсөн гэж маргаж байна.
8. Итгэмжлэлд тусгасан “2 давхрын 10 тоот, 5 давхрын 25 тоот орон сууцнаас бусад орон сууцуудыг” гэдэгт үйлчилгээний талбай хамаарах эсэх, зөвхөн орон сууц худалдах эрх олгож, үйлчилгээний талбайг худалдах эрх олгоогүй, жинхэнэ захиалагч биш этгээдтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх маргаан нь итгэмжлэл, гэрээнээс үүссэн маргаан бөгөөд нийтийн эрх зүйн маргаан биш хувийн эрх зүйн маргаан болно. Иймд итгэмжлэл, гэрээнээс үүссэн маргааны талаар захиргааны хэргийн шүүх дүгнэлт хийхгүй учир мэдүүлэг түүнд хавсаргасан итгэмжлэл, гэрээ нь зөрүүтэй агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.
9. 1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт 3-р баг, Баян-Овоо 307 тоот хаягт байрлах, нэгж талбарын 2215000510 дугаар бүхий 1922 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, 2 дугаар хавтаст хэргийн 191 дүгээр талд авагдсан нэхэмжлэгч *******ын Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргасан хүсэлтэд “Түмэн үйлчилгээтэй орон сууц” гэж тусгасан, мөн хх-190 дүгээр талд авагдсан Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022.05.25-ны өдрийн 01/227 тоот албан бичигт “үйлчилгээтэй 25 айлын орон сууцны барилгыг үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээн авсан” гэснээс үзэхэд хариуцагчийн “газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлах газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрт тусгасан зориулалтын дагуу бүртгэнэ” гэсний дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрыг “үйлчилгээтэй орон сууц”-ны зориулалтаар олгосныг үндэслэн В1-2 тоотыг бүртгэсэн гэж тайлбарлаж байгааг үгүйсгэх боломжгүй. Учир нь: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд газрын нэгж талбарын дугаарт үндэслэх бөгөөд нэг нэгж талбарт нэг хувийн хэрэг нээж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг уг нэгж талбар газрын эрхтэй нэг бүрдлээр бүртгэнэ”, “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.2-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд газрын нэгж талбарын дугаарт үндэслэж, нэг хувийн хэрэг нээж, нэг бүрдлээр бүртгэнэ”, 5.3-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тухайн газрын эрх олгосон шийдвэрт тусгасан зориулалтын дагуу бүртгэнэ” гэж зохицуулсны дагуу орон сууц болон үйлчилгээний талбайг нэг бүрдлээр газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан зориулалтаар бүртгэсэн.
Иймд улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-д “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах; Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэхэд холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ” гэж заасан эрхийн хүрээнд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн нутагт баригдсан 5 давхар 25 айлын орон сууцны 21 тоот орон сууц болон В1-2 тоот үйлчилгээний талбайг *******ийн нэр дээр бүртгэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон гэж үзнэ.
10. Нэхэмжлэгчээс В1-2 тоотыг бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэгт хавсаргасан барилгын зураг нь уг барилгын зураг биш гэдэг боловч өөрийн маргаж байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй учраас шүүх хэрэгт авагдсан барилгын зургийг тухайн барилгын зураг биш гэж үзэх боломжгүй.
11. Иймд дээрх үндэслэлүүдээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн нутагт баригдсан 5 давхар 25 айлын орон сууцны 21 тоот орон сууц болон В1-2 тоот үйлчилгээний талбайг *******ийн нэр дээр бүртгэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон улсын бүртгэл хууль бус болохыг тогтоож, бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
12. Даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүх татгалзал үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийх учиртай. 1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр талд авагдсан Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Иргэний хэрэг үүсгэх тухай” 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 938 дугаар захирамжаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 25 айлын орон сууцны 5 давхрын 25 тоотын өмчлөлтэй холбоотой иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа нь тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй.
13. Мөн 3 дугаар хавтаст хэргийн 127 дугаар талд авагдсан Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 05/222 тоот албан бичгээр хариуцагч улсын бүртгэлийн хэлтэст Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр *******ын нэхэмжлэлтэй, *******ад холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар мэдэгдсэн.
14. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д “ хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх”-ийг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглохоор, мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д “мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа” бол эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг түүнд хавсаргасан баримт бичгийг буцаахаар зохицуулсан байх тул хариуцагч улсын бүртгэлийн хэлтсээс Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн нутагт баригдсан 5 давхар 25 айлын орон сууцны 25 тоот хаягт байршилтай *******ын орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг түүнд хавсаргасан баримт бичгийг буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
15. Иймд “Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 5 давхар 25 айлын орон сууцны 25 тоот хаягт байршилтай *******ын орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
16. Нэхэмжлэгч ******* нь 25 тоот орон сууцны өмчлөлийн маргаанаа шийдвэрлүүлсний дараа өмчлөх эрхээ бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргах эрхтэй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 5 давхар 25 айлын орон сууцны 1,4,15,16,18,22,23 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн ******* /ЛЮ81101714/-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-1214000268, Y-1214000269, Y-1214000270, Y-1214000271, Y-1214000272, Y-1214000273, Y-1214000274 дугаартай гэрчилгээ, мөн иргэн Раднаабазар овогтой Ганхуяг /ЛЮ78072918/-ийн нэр дээр тус орон сууцны 2,3,5,14,20,24 тоот байруудыг улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-1214000262, Y-1214000263, Y-1214000264, Y-1214000265, Y-1214000266, Y-1214000267 дугаартай гэрчилгээ олгосныг хууль бус болохыг тогтоож, бүртгэлүүдийг хүчингүй болгуулах” хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 10 дугаар зүйлийн 10.1, 10.5, 29 дүгээр зүйлийн 29.1.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 5 давхар 25 айлын орон сууцны 21 тоот орон сууцыг *******ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-1214000261 дугаартай гэрчилгээ олгосныг болон В1-2 тоот үйлчилгээний талбайг *******ийн нэр дээр бүртгэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-1214000260 дугаартай гэрчилгээ олгосон улсын бүртгэл хууль бус болохыг тогтоож, бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн нутагт баригдсан 5 давхар 25 айлын орон сууцны барилгын 25 тоот орон сууцны өмчлөх эрхийг *******ын нэр дээр бүртгэж гэрчилгээ олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. 3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРЦОГТ