Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 218

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч О.Баасанхүү,

шүүгдэгч П.Цогтбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт П.Цогтбаярыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201724000145 дугаар хэргийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, Яармаг хөнгөн бетон ХХК-д ажилладаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, 1 дүгээр баг, Партизаны 8 дугаар гудамж, 10 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянтурууны 27 дугаар гудамж, 09 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Харчу овогт Пүрэвдоржийн Цогтбаяр /РД:УБ78072310/.

П.Цогтбаяр нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тахилтын замд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 19 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Hyundai Sonata 6 маркийн 51-69 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно., 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөний улмаас иргэний нэхэмжлэгч Г.Үнэнбатын жолоодож явсан Toyota Prius маркийн 74-19 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 781000 төгрөгийн шууд, 1146000 төгрөгийн нийт хохирол учруулсан,

мөн дүрмийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэснийг зөрчин зам тээврийн ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Цогтбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.    

 

201724000145  дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Иргэний нэхэмжлэгч Г.Үнэнбатын: 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 19 цагийн үед эхнэр бид хоёр Тахилтын замаар өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн 74-19 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлд 20 орчим км/цагийн хурдтай явж байхад эсрэг урсгалаас Соната-6 маркийн машин замын голоор яваад байсан. Манай эхнэр хараад наад хүн чинь согтуу юм биш үү, цаашаа шахаж яваарай гэхээр нь би нээрээ тийм байна гээд баруун гар тал руугаа замын боржур шахаад явж байхад нөгөө машин хажуугаар гарахдаа миний машины зүүн хажуу талаас шүргээд гарахад би зогссон. Буугаад ирсэн чинь нөгөө машин нэлээн цаана очоод зогссон байсан. Би жолооч дээр нь очоод цагдаа дуудчихсан, битгий хөдлөөрэй гэсэн чинь юм дуугараагүй буцаад машиндаа ороод суучихаар нь очсон чинь жолооч нь согтуу байхаар нь түлхүүрийг нь булааж авах гэтэл өөдөөс эсэргүүцээд өгөхгүй байсан. Би машин дээрээ очоод эргээд хартал нөгөө машин зугтаад явчихаар нь хамт явж байгаад үлдсэн найзыг нь бариад авсан. Миний болон зорчигчийн биед гэмтэл учраагүй. Тэр жолооч бууж ирээд юм яриагүй, согтуу юм ярих тэнхэлгүй байсан. Үнэлгээгээр гарсан мөнгө болон үнэлгээ хийлгэсэн мөнгө 1 200 000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-9-10/,

Иргэний хариуцагч Э.Төмөрбаатарын: ...Машинаа авах гээд ослын өмнөх өдөр буюу амралтын өдөр хэлсэн чинь дугаарын хязгаарлалт гарчихсан байна гээд байхаар нь маргааш аваад ир гэсэн. Маргааш нь надад худлаа яриад согтуу явж байгаад осол хийсэн байсан. ...Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг би төлөхөд хэцүү байна. Өөрийнхөө машинаар бас хохирсон байгаа. Гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-23-24/,

Ашид билгүүн ХХК-ийн Toyota Prius 20 маркийн 74-19 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2017.02.07-ны өдөр хийсэн үнэлгээний тайланд: Шууд зардлын дүн 781 000  төгрөг, шууд бус зардлын дүн 365 000 төгрөг, нийт 1 146 000 төгрөг гэжээ /хх-19-21/,

Иргэний нэхэмжлэгч Э.Төмөрбаатарын: Hyundai Sonata 6 маркийн 51-69 УБЦ дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх. ...Цагаан сарын өмнө Цогтбаяр гэж нэг нутгийн найзтай уулзаад тэрээр машин чинь айлын хашаанд байж байхаар би таксинд явж баярын мөнгө хийгээд машиныг чинь өгье гэхээр нь амаар тохироод хариуцлагын даатгал дээр нэрийг нь оруулаад машинаа өгсөн. Өдрийн 20000 төгрөг авч байхаар тохирсон. Нэг л удаа 20000 төгрөг өгсөн. Үнэлгээгээр гарсан хохирол 435000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 33000 төгрөг ...нэхнэ. Машинаа яаралтай гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг /хх-63/, 

 Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 51-69 УБЦ улсын дугаартай Hyundai Sonata 6 маркийн тээврийн хэрэгсэлд 2017.02.21-ний өдөр хийсэн үнэлгээний тайланд: Шууд зардал 245000 төгрөг, шууд бус зардал 190000 төгрөг, нийт 435000 төгрөг гэжээ /хх-29-30/,

Гэрч С.Отгонбаярын: Би 2017 оны 02 дугаар сарын эхээр байх өдрийг нь санахгүй байна, үдээс хойш 15 цагийн үед гудамжны найз Цогтбаярын гэрт Баатараа гээд манай найз бид гурав 2 шил 0,75 литрийн архи хувааж уусан. ...Их архи уусан болохоор би зарим зүйлээ санахгүй байгаа. Цогтбаярын гэрийн урд байсан Соната-6 маркийн машиныг асаагаад би арын суудал дээр, Баатараа жолоочийн хажуу талын суудал дээр суугаад явсан. Бид нар хаашаа явснаа мэдэхгүй байна, ямар ч байсан суугаад явж байснаа санаж байна. Машинтай мөргөлдөх үед л сэргэсэн. Машинаас буухад Цогтбаяр Тоёота приус 20 маркийн машин мөргөсөн, жолооч нь залуухан эрэгтэй, хажууд нь нэг эмэгтэй байсан. Нэг мэдсэн Цогтбаяр машиндаа суугаад зугтаад яваад өгсөн. Цогтбаярыг яагаад зугтаасныг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-66/,

Гэрч Ш.Баатарын: Би 2017 оны 02 дугаар сарын эхээр байх өдрийг нь санахгүй байна, 15 цагийн үед Тахилтын эцэс дээр явж байгаад танил Отгонбаяр, Цогтбаяр нартай тааралдаад бид нар хоёр шил 0,75 литрийн архи хувааж уусан. Би архи ууж байснаа л санаж байна, нэг сэргэсэн чинь Цогтбаярын машин өөр машинтай мөргөлдсөн, би машинд сууж байхад Цогтбаяр машинаа бариад явж байхыг санаж байна, өөр зүйл санахгүй байна гэх мэдүүлэг /хх-69/,

Шүүгдэгч П.Цогтбаярын сэжигтнээр өгсөн: Би 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед Тахилтын эцсийн буудал дээр Отгонжаргал, Баатар нарын хамт 3 шил архи хувааж уусан. Тэгээд 17 цагийн үед машинаа бариад гарсан юм шиг байгаа юм. Тэрийгээ сайн санахгүй байгаа. Нэг мэдсэн гэртээ байж байхад цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх байранд хонуулсан. Тэгээд өглөө нь гараад ирсэн чинь хүүхэн, залуу 2 намайг энэ мөн байх аа гээд байсан. Надтай цуг явсан 2 найз маань машин барьдаггүй учир би өөрөө машинаа барьсан байх гэж бодож байна. Миний унаж явсан машин найз Төмөрбаатарынх. Би гуйгаад таксинд унаж байсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-34/,

Шүүгдэгч П.Цогтбаярын яллагдагчаар өгсөн: ...Осол болох үед би машин бариад явж байсан нь үнэн, зарим зүйлээ санахгүй байгаа. Яах гэж машин бариад явснаа мэдэхгүй байгаа. Ямар ч байсан Отгонбаяр, Баатар нар осол болох үед миний хажууд суугаад явж байсан нь үнэн. Би 1997 онд жолооч болсон, жолоочийн үүргээ мэднэ. Архи уусандаа л зугтаагаад явсан байна. Осол болохоос өмнө жолоочийн үнэмлэх машинд байсан, яаж байгаад хаяснаа мэдэхгүй байна. Учруулсан хохирлоо төлж барагдуулна гэх мэдүүлэг /хх-77/,

Техникийн шинжээчийн 2017.04.06-ны өдрийн 143 дугаар дүгнэлтэд: 1. Хьюндай Соната-6 маркийн 51-69 УБЦ дугаартай автомашины жолооч П.Цогтбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно., 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөний улмаас иргэний нэхэмжлэгч Г.Үнэнбатын жолоодож явсан Тоёота приус маркийн 74-19 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 146000 төгрөгийн хохирол учруулсан, мөн дүрмийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Тоёота приус маркийн 74-29 УНК дугаартай автомашины жолооч Г.Үнэнбат нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3.Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна гэжээ /хх-72/,

Зам тээврийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч /хх-5-7/, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-38/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-13, 39/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/, хорооны тодорхойлолт /хх-78/, шийтгэвэр /хх-86-87/, хохирол төлсөн баримт /хх-95, 98-100, 110, 111/ зэргийг уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч П.Цогтбаяр нь согтуурсан үедээ буюу 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тахилтын замд Hyundai Sonata 6 маркийн 51-69 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэж тус тус заасныг зөрчсөнөөс иргэний нэхэмжлэгч Г.Үнэнбатын жолоодож явсан Toyota Prius 20 маркийн 74-19 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 1146000 төгрөгийн хохирол учруулж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч П.Цогтбаярыг зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах гэмт хэрэг үйлдэж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Г.Үнэнбатад 1146000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Э.Төмөрбаатарт 435000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирснаас Г.Үнэнбатын хохирлыг бүрэн төлж барагдуулсан тухай /баримтаар 1020000 төгрөг төлөгдсөн хх-95, 98, 99, 110, 111/ шүүхэд Г.Үнэнбат мэдэгдсэн, Э.Төмөрбаатарын тээврийн хэрэгсэлд учирсан үнэлгээгээр тогтоогдсон 435000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Харин иргэний нэхэмжлэгч Э.Төмөрбаатарын эзэмшлийн Hyundai Sonata 6 маркийн тээврийн хэрэгслийг журмын хашаанаас гаргахад төлсөн төлбөр болох 450000 төгрөгийг /хх-100/ төлсөн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч П.Цогтбаяраас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 435000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Төмөрбаатар /РД-ТЯ79092430, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 17 дугаар гудамж, 16 тоотод оршин суух/-т олгох нь зүйтэй.     

Иргэний нэхэмжлэгч Г.Үнэнбатын тээврийн хэрэгсэлд учирсан хохирол бүрэн төлөгдсөн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар иргэний хариуцагч Э.Төмөрбаатарын эзэмшлийн Hyundai Sonata 6 маркийн 51-69 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хураагдан ирсэн уг тээврийн хэрэгслийн 1193346 дугаар гэрчилгээг Э.Төмөрбаатарт буцааж олгохоор шийдвэрлэж байна.    

Шүүх ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын заримыг сайн дураар нөхөн төлсөн, гүйцэд төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд баривчлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, П.Цогтбаяр урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчу овогт Пүрэвдоржийн Цогтбаярыг зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах гэмт хэрэг үйлдэж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч П.Цогтбаярыг 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар П.Цогтбаярыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Hyundai Sonata 6 маркийн 51-69 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1193346 дугаар гэрчилгээг иргэний хариуцагч Э.Төмөрбаатарт буцаан олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, П.Цогтбаяр урьдчилан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Г.Үнэнбатад төлөх төлбөргүй, П.Цогтбаярын иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар П.Цогтбаяраас 435000 /дөрвөн зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Төмөрбаатар / РД-ТЯ79092430, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 17 дугаар гудамж, 16 тоотод оршин суух/-т олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Цогтбаярт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Цогтбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ                                           Л.БААТАР