Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2508

 

 

 

 

 

 

 

 

 

М.Лгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03336 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Лгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Нд холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 000 000 төгрөг, хохиролд 2 500 000 төгрөг, нийт 12 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Нямаа

Хариуцагч: Д.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Д.Н гэж хүнийг таньдаггүй байсан, н.Батцэнгэл намайг түүнтэй танилцуулсан бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчийн хүсэлтээр 10 000 000 төгрөгийг зээлдүүлсэн, энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Гэвч хариуцагч тал надаас авсан зээлийг төлөхгүй, өнөөдрийг хүртэл хугацаанд үндэслэлгүй тайлбар хэлж, зугтах болсон. Миний бие н.Батцэнгэл болон хариуцагч Д.Н нарын хооронд ямар асуудал болсныг мэдэхгүй, одоо нэхэмжилж буй 10 000 000 төгрөгийг н.Батцэнгэл бид хоёрын 45 000 000 төгрөгийн зээлтэй огт хамааралгүй юм. Хариуцагч тал өнгөрсөн хугацаанд зээлийг төлөхгүй байсан учраас би түүнтэй уулзах гэж Орхон аймгаас удаа дараа Улаанбаатар хотод ирж, бензин, шатахууны төлбөрт 2 500 000 төгрөгийн зардал гаргасан ба тооцооллыг холбогдох баримтын хамт хэрэгт өгсөн. Хэрэгт авагдсан мөнгөн орлогын баримтаар хариуцагчийн дансанд 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн байхад үүнийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгааг тодорхой тайлбарлах хэрэгтэй. Иймд хариуцагчаас зээлийн төлбөр 10 000 000 төгрөг, учирсан хохиролд 2 500 000 төгрөг, нийт 12 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч М.Л гэж хүнийг ерөөсөө танихгүй, гэнэт л надаас 10 000 000 төгрөг нэхэж, ажил дээр ирж дарамтлах болсон. Би 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр н.Батцэнгэлтэй зээлийн гэрээ байгуулж, түүнд 40 000 000 төгрөгийг зээлдүүлсэн юм. Ингээд н.Батцэнгэл надад авсан зээлээ буцаан төлөхдөө миний дансыг авсан ба 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөгийг М.Л гэж хүнээс шилжүүлсэн байсан, үүнийг н.Батцэнгэлээс лавлахад өөрийнхөө зээлийг төлсөн гэж хэлсэн. Шүүх, миний хүсэлтээр гэрчээр н.Батцэнгэлийг оролцуулж, мэдүүлэг авахад тэрээр энэ 10 000 000 төгрөгийг М.Лд төлнө, гэхдээ компанийн хувьцааг буцаан өгсөн тохиолдолд төлөх болно гэсэн. Яагаад нэхэмжлэгч тал энэ мөнгийг надаас шаардаад байгааг ойлгохгүй байна, би өөрийнхөө бусдад өгсөн зээлийг авсан гэж бодож байна, үүнийг ч тус зээл авсан хүн баталсан. Иймд, дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч М.Лгийн гаргасан хариуцагч Д.Нд холбогдох 12 500 000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Л давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анхан шатны шүүх нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Би хариуцагчийн Хаан банк дахь хувийн дансанд нь 10 000 000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хийсэн байхад энэ өдрөөс хойш буюу 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2 талын зээлийн гэрээний дагуу түүний өмнөөс хариуцагчийн дансанд төлбөр хийсэн байна гэсэн хийсвэр дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэрч Ө.Батцэнгэл, хариуцагч Д.Н нар хамаатан садангийн хүмүүс бөгөөд Ө.Батцэнгэл бид хоёрын хооронд 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ямар  нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй. Шүүх Ө.Батцэнгэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт сэжигтнээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Түүнийг мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох учиргүй юм.  Анхан шатны шүүх хариуцагч бид хоёрын хооронд ямар нэгэн зээлийн гэрээ хийгдээгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч М.Л нь хариуцагч Д.Нд холбогдуулан зээлийн төлбөрт 10 000 000 төгрөг, хохиролд 2 500 000 төгрөг, нийт 12 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь О.Батцэнгэл” гэж маргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно” гэж заажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “анхан шатны шүүх О.Батцэнгэлийг хариуцагчаар солих талаарх хүсэлтийг нэхэмжлэгч талд танилцуулаагүй, түүнээс зөвшөөрөл аваагүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой” гэж тайлбар гаргаж байна.  

Хэргийн 17 дугаар талд хариуцагч Д.Нас нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор иргэн О.Батцэнгэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар сольж оролцуулах талаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Лд танилцуулсан эсэх, энэ талаар тодруулах ажиллагааг явуулалгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид танилцуулсан гэж байгаа боловч гардуулсан баримтад гарын үсэг зурагдаагүй, үүнээс хойш нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулсан баримтад гарын үсэг зуруулсан байна. /хх 16, 66/

Нотлох үүргийн хуваарилалт болон дээрх асуудлаар анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх үүрэгтэй бөгөөд жинхэнэ хариуцагчийг зөв тодорхойлох, энэ талаар гаргасан хүсэлтийн талаар нэхэмжлэгч зөвшөөрч байгаа эсэх ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03336 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч М.Лгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                             ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН