Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2019/02628

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2019/02628

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Ц ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ИГ ХХК холбогдох,

Ажлаас халсан тушаалыг үндэслэлгүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Т.Ц миний бие нь ИГХХК-д 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ерөнхий менежерээр ажилд орсон.

Түүнээс хойш 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажлаа хийж байсан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон 2019 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн 19/15 дугаартай Т.Ц байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, намайг ажлаас чөлөөлсөн. Миний бие хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгохоор ноцтой зөрчил гаргаагүй болно.

Иймээс намайг ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй байх тул уг тушаалыг үндэслэлгүйд тооцож, ажилд маань эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн өдрөөс буюу 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинг гаргуулж, мөн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Т.Цыг хариуцагч ИГХХК нь хууль зөрчиж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлийг тогтоогоогүй байж ингэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэгч Т.Ц нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчил гаргаагүй гэж үзэж байгаа.

Хариуцагчийн төлөөлөгч анхан шатны кассын баримтыг будлиантуулсан гэж байгаа. Энэ нь ямар баримтаар нотлогдож байгаа нь тодорхойгүй. Ажилчдын хурал хийсэн гэж байгаа боловч тухайн хурлаас ямар шийдвэр гаргасан нь тодорхойгүй байна. Т.Цыг 2 өдрийн зогсоолын төлбөрийн орлогыг бүрэн орлогод аваагүй гэж үзэж ноцтой зөрчил гэсэн боловч энэ байдал нь нотлогдоогүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Т.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 19/15 дугаар Төмөр-Очир овогтой Цай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль болон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасантай нийцэж гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь:

Байгууллагын үйл ажиллагааг товч тайлбарлавал: Манай компанийн үндсэн үйл ажиллагаа нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хувь хүн, хуулийн этгээдтэй Худалдаа үйлчилгээний талбай түрээсийн гэрээ-г байгуулан гэрээний төлбөр нь компанийн санхүүгийн эх үүсвэр болдог. Мөн үүний зэрэгцээ Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд анх 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн Нийслэлийн авто замын хөгжлийн газар-тай ТЗГ-2017/27 тоот Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэх гэрээг байгуулж энэхүү гэрээг жил бүр дүгнэж 2018 онд ТЗГ-2018/15 тоот, 2019 онд ТЗГ-2019/14 тоотоор тус тус сунгалтыг хийж тус байгууллагатай хамтран ажиллаж байна.

Тус гэрээгээр манай байгууллага өөрийн эзэмшлийн талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрхлэх, Нийслэлийн авто замын хөгжлийн газраас хяналт тавин хамтран ажилладаг бөгөөд авто зогсоолын сар бүрийн орлогын 60%-ийг Авто замын сан-д, үлдэх 40%-ийг өөрийн байгууллагын үйл ажиллагаанд зарцуулдаг юм. ИГХХК нь үүсгэн байгуулагдсанаас хойш 6 хүнийг ажлын байраар хангаж байсан бол 2019 оны 3 дугаар сараас хойш хүний нөөцөө нэмэгдүүлж 14 хүний ажлын байрыг бий болгож нийгмийн үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэн ажиллаж байгаа билээ.

Иргэн Т.Цын ажил үүрэг болон түүний гаргасан ноцтой зөрчлийн тухайд бол Компанийн ерөнхий менежер Т.Цэрэнпагам нь 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөө авсан тул түүнийг эзгүй байх хугацаанд төрсөн дүү нь болох Т.Цтай 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 02 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-г байгуулж тэрээр ерөнхий менежерийн албан тушаалын үүргийг гүйцэтгэж эхэлсэн. Т.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь хүүхэд асрах чөлөөтэй ажилтныг ажилдаа орох хүртэл буюу 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатайгаар байсан.

Т.Ц нь компанийг төлөөлөн төрийн байгууллагатай харилцах, түрээслэгч нартай түрээсийн гэрээ байгуулах, түрээслэгч нартай холбоотой бүхий л асуудлыг хариуцах, түрээсийн төлбөрийг хураан авч компанийн дансанд тушаах, мөн авто зогсоолын төлбөрийг тухайн өдрийн ээлжийн харуулаас хураан авч компанийн дансанд тушаах, мөн хүний нөөцийн асуудал зэрэг бэлэн мөнгө болон компанийн гол үйл ажиллагааг хариуцсан хариуцлагатай ажил үүргийг гүйцэтгэж байсан.

Гэтэл Т.Ц нь компанийн анхан шатны санхүүгийн баримт /касс/-ыг будлиантуулан авто зогсоолын мөнгөн орлогоос 2018 оны 12 дугаар сарын 27, 28, 29, 30, 31, 2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн орлого 140,000 төгрөгийг 101,000 төгрөг болгон орлогдсон, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн орлого 102,000 төгрөгийг 42,000 төгрөгөөр кассын бичилт хийж, нийт 99,000 төгрөгийг компанийн дансанд тушаалгүй шамшигдуулж, компанийн мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан ноцтой зөрчлийг гаргасан. Тус зөрчил нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 1 дүгээр улирлын санхүүгийн тайлан гаргахаар кассын авто зогсоолын орлогыг харуул нарын рабортын дэвтэртэй тулгалт хийх үед илэрсэн.

Ингээд 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ажилчдын хурлыг хуралдуулж тус хуралд гүйцэтгэх захирал Д.Б, нягтлан бодогч Э.Б, менежер Т.Ц, харуул Т.З, Г.С нарыг оролцуулан хийсэн бөгөөд Т.Цын энэхүү үйлдлийг харуул Т.З, Г.С нарын гэрчээр мэдүүлсэн тайлбар, авто зогсоолын төлбөрийг хөтлөх дэвтэр болон кассын тайлан зэргээр бүрэн тогтоосон. Мөн тухайн өдөр нэхэмжлэгч өөрөө зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч өөрийн гараар хохирлыг барагдуулна гэсэн тайлбарыг гаргаж байсан.

Т.Ц нь бэлэн мөнгө хариуцуулж байсан удирдлагын итгэлийг энэхүү үйлдлээр алдсан бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.3-д заасан ноцтой зөрчлийг гаргаж компанийн мөнгөн орлогын бүрэн бүтэн байдлыг алдагдуулаад зогсохгүй төрийн санд очих мөнгөн орлогоос хулгай хийж байгаа нь хөдөлмөрийн ноцтой зөрчил юм. Т.Ц нь дээрх зөрчлөөс гадна 2019 оны 2 дугаар сарын 01-нээс 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрүүдийн нийт орлого 336,000 төгрөгөөс кассанд 240,000 төгрөг орлогод хийх гэх мэт бэлэн мөнгийг кассын орлогод бүрэн хэмжээгээр тушаалгүй дутааж байсан нь кассын тайлан, харуул нарын авто зогсоолын төлбөрийн дэвтрээс тодорхойлогддог. Компанийн удирдлагын зүгээс тухайн үйлдэл тус бүрт хариуцлага тооцож байгаагүй болно. Мөн компанийн зүгээс Т.Цын амаар гаргасан төлбөрийн зөрүүтэй баримтыг өөрөө дахин нягталж үзээд зөрүү гаргасан эсэхийг тогтоох хугацаа өгнө үү гэх хүсэлтийг нь харгалзан үзэж ажлаас халах тушаалыг нэн даруй гаргалгүйгээр 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр гаргасан бөгөөд түүний ажлаас халагдах өдрийг мөн л хангалттай хугацаагаар буюу 24 хоногоор боломжит хугацааг олгон гаргаж байгаа нь түүнд зөрчил гаргаагүй гэх тайлбар гаргаж өгөх боломжийг олгож байсан.

Гэвч тэрээр зөрчил гаргаагүй гэх баримтыг удирдлагад гаргаж өгөөгүй байна. Иймд компанийн хариуцлагатай ажилтан /ерөнхий менежер/ нь хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаж удирдлагын итгэлийг хүлээх чадваргүй, цаашид хамтран ажиллах боломжгүй гэдэг нь нэгэнт тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гаргаж, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр танилцуулсан. Мөн компанийн зүгээс 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 19/20 дугаартай тушаалаар Т.Цын ажил хүлээлцэх хугацааг сунгаж 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгох тухай гүйцэтгэх захирлын тушаалыг гаргасан. Нэхэмжлэгч Т.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаатай хугацаанд түүнд олгох цалин хөлсийг байгууллагын зүгээс дутуу олгосон зүйл байхгүй бөгөөд 2019 оны 5 дугаар сарын цалин хөлс болон ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговрыг бүхэлд нь тооцож түүний цалингийн дансаар олгосон.

Иймээс удирдлагын итгэлийг алдаж хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдож байгаа тул 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 19/15 дугаартай Төмөр-Очир овогтой Цай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасантай нийцэж байгаа тул Т.Цын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээрхи нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Т.Ц нь хариуцагч Ийст ХХК-д холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 19/15 дугаартай Т.Ц байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, хууль зүйн үндэслэлтэй халсан гэж маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага нь хөдөлмөрийн маргаан таслах комисс эсхүл шүүх байна.

Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол-ыг шүүх хянан шийдвэрлэхээр тус тус заасан. Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заажээ.

Хариуцагч ИГХХК нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 19/15 дугаар тушаалаар ажилтан Т.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх боловч нэхэмжлэгч нь тухайн шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 07143 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзсан, дахин 2019 оны 07 дугаар сарын 22-ний өдөр тухайн нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байна. Иймээс хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэгч шүүхэд гомдлоо гаргасан гэж үзэх тул нэхэмжлэгч Т.Цын хариуцагчид холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргааныг тус шүүх хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хариуцагч ИГХХК нь нэхэмжлэгч Т.Цыг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот ерөнхий менежерийн ажилд томилох тухай тушаалаар 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ерөнхий менежерийн албан тушаалд ажиллуулахаар томилсон /хх-ийн 28 дах талд/ бөгөөд хөдөлмөрийн гэрээг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулж /хх-ийн 25-27 дах талд/, талууд гарын үсэг зурж баталгаажуулан ажиллуулж байсан боловч 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 19/15 дугаартай Төмөр-очир овогтой Цай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 01-ний хоорондох авто зогсоолын орлогын тооцоог дутааж хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж менежер Т.Цыг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ./хх-ийн 10 дах талд/

Нэхэмжлэгч Т.Ц нь тус шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэлээ, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгох ноцтой зөрчил гаргаагүй, энэ байдал нь нотлогдон тогтоогдоогүй гэж тайлбарлаж, мэтгэлцсэн.

Ажил олгогч ИГХХК нь ажилтан Т.Цыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 19/15 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын болон гэрчүүдийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Т.Ц нь 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус компанид менежерийн албан тушаалд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан ба тус компаний авто зогсоолын орлогыг харуулуудаас тасалбартай тулган хүлээн авч, байгууллагын кассын орлогын тайланд бүртгэн тайлагнадаг үйл ажиллагааг хариуцан ажилладаг үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Т.Ц нь хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн бөгөөд ноцтой зөрчил гаргасан болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Г.С, Т.З, Э.Б нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан 2019 оны 04 сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх-ийн 31-35/, нэхэмжлэгч Т.Цын ИГХХК-ийн санхүүгийн албанд 2019.01.01-2019.02 сарын касснаас /зогсоолын/ нийт 102 000 зөрүү гарсан шалгаж үзээд хохирлыг барагдуулна гэж гараар бичиж гарын үсгээ зурсан тайлбар, хэргийн 42-54 дэх талд авагдсан огноо, гүйлгээний утга, орлого, зарлага, үлдэгдэл гэсэн хүснэгт бүхий жагсаалтын баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заажээ.

Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна. Сахилгын зөрчил нь хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.

Хэргийн 25-27 дугаар талд ИГХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэбаяр нь ажилтан Т.Цтай 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 02 дугаартай хөдөлмөрийн гэрээ авагдсан ба уг гэрээнд талууд гарын үсгээ зурж баталгаажигдсан байна.

Тухайн хөдөлмөрийн гэрээний 10-т гэрээ дуусгавар болох буюу цуцлах үндэслэлүүдийг заасан, 10.2-т ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлүүдээр хугацаанаас нь өмнө дангаар цуцлана. Үүнд: ...10.2.3-т Ажил олгогчийн болон харилцагчийн нууцыг задруулсан, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, түүнд халдах оролдлого гаргасан, бусдаас иймэрхүү оролдлого гаргахад тусалсан, данс бүртгэл будлиантуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг шалтгааны улмаас ажил олгогчид хохирол учруулсан... тохиолдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болгосон ба уг зөрчлийг ажилтан Т.Цыг гаргасан болохыг тогтоож, түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Ажилтныг халсан тушаалд нэхэмжлэгч Т.Цыг 2019 оны 1-р сарын 01-ээс 3-р сарын 1-ний хоорондох авто зогсоолын орлогын тооцоог дутааж хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж заасан зөрчлийн үндэслэл дараах тайлбар, баримтуудаар нотлогдсон байна гэж шүүх үзэв.

Гэрч Г.Сын ...харуул авто зогсоолын орлогыг бэлэн мөнгөөр хурааж аваад, менежер Т.Цт тушаадаг. Энэ ногоон дэвтэр дээр тэмдэглээд мөнгийг өгдөг. Жишээлбэл: 11 сарын 26-нд 58 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж би тэмдэглээд Ц өгсөн. 2019 оны 04 сарын 02-ны өдөр ажилчдын хурлаар авто зогсоолын орлогоос дутсан асуудал яригдаж, хэн орлого дутаасан талаар хэлэлцсэн. Тухайн дэвтрийг нягтлан Бурмаа шалгаад 4, 5-н зогсоолын орлогын зөрүү гарсан гэж хэлсэн. Т.Ц өөрөө байсан. Харуулуудаас дутаагүй, Т.Цаас тооцоо дутсан гэж би ойлгосон... гэсэн мэдүүлэг,

Гэрч Т.Зын ...Ц нь байгууллагын хашаан доторхи бүх зүйлийг хариуцдаг байсан. Ногоон дэвтрээс 2 сарын 21-ний өдрийн бичсэн 62 000 өгөв, 102 000 гэсэн хүртэл нь минийх. 62 000 төгрөг нь урд өдрийн орлого, шөнийн орлого нь болохоор 2000 төгрөгөөр 11 машин, 1000 төгрөгөөр 18 машин. Ингээд 40 000 төгрөг, үүн дээр 62 000 төгрөгийг нэмээд нийт 102 000 төгрөг болж байна. Энийг би С харуулд хүлээлгэж өгсөн. С нь өөрийнхөөрөө задалж бичин дэвтэрт тэмдэглээд Ц хүлээлгэн өгсөн байна. Сын өөрийнх нь орлого дангаараа 41 000 төгрөг болсон байна. 2019 оны 04 сарын 02-ны өдөр ажилчдын хурал хийсэн. Тэр хурал дээр орлогын дэврийн бичилтийг тулгаад, хэн хэний хэдний өдрийн орлого хэдэн төгрөг байна гэж тулгаж тооцоо хийсэн, харуулаас дутаагүй, Цаас дутсан... гэсэн мэдүүлэг,

Гэрч Э.Бгийн ...2019 оны 04 сарын 01-нд ажилд ороод кассын тайланг анхан шатны баримттай тулгахад зөрүүтэй байсан. Удирдлага Бд мэдэгдээд хурал зарласан. 4 сарын 02-нд ажилчдын хурал хийсэн. Харуул С, З нар Цай 3-уулаа нэг бүрээр нь орлогоо тулгасан. 2 өдрийн орлого зөрүүтэй гарсан. Тэр зөрүүгээ би дутаасан гэж Ц өөрөө хүлээн зөвшөөрсөн. Жишээ нь харуулууд 34 000 төгрөг өгсөн байхад 30 000 төгрөг болгож тэмдэглэж орлогод авсан жишээтэй. Цын тайланд тусгасан мөнгө нь дутсан. Харуулуудын мөнгийг Ц хүлээн авсан байсан... гэсэн мэдүүлэг,

ИГХХК-ийн 2019 оны 04 сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх-31-35/, нэхэмжлэгч Г.Цын ИГХХК-ийн санхүүгийн албанд 2019.01.01-2019.02 сарын касснаас /зогсоолын/ нийт 102.000 зөрүү гарсан шалгаж үзээд хохирлыг барагдуулна гэж гараар бичиж гарын үсгээ зурсан тайлбар,

хэргийн 42-54 дэх талд авагдсан огноо, гүйлгээний утга, орлого, зарлага, үлдэгдэл гэсэн бичвэр бүхий хүснэгтэлсэн жагсаалт зэрэг бичгийн баримтуудаар тодорхойлогдож байна.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хариуцагчийн шүүхэд баримтаар гаргасан харуулуудын бүртгэлийн ногоон дэвтэр, хэргийн 42-54 дэх талд авагдсан огноо, гүйлгээний утга, орлого, зарлага, үлдэгдэл гэсэн бичвэртэй хүснэгтэлсэн жагсаалт зэргийг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэж маргаж байх боловч эдгээр баримтууд нь талуудын өөрсдийнх нь тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр хариуцагч байгууллагад харуулууд уг ногоон дэвтрийг өдөр бүр бүртгэж, түрээсийн орлогыг тэмдэглэн, менежер Т.Цт мөнгийг бэлнээр хүлээлгэн өгдөг болох нь, мөн Т.Ц нь харуулаас хүлээн авсан бэлэн мөнгөө компаний орлогод авахдаа анхан шатны баримт болгож огноо, гүйлгээний утга, орлого, зарлага, үлдэгдэл гэсэн хүснэгтээр бүртгэж байсан болох нь ИГХХК-ийн 2019 оны 04 сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл, бүртгэлийн ногоон дэвтэр зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч энэхүү үгүсгэн тайлбарлаж буй үндэслэлээр хуульд заасан журмын дагуу нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу эдгээрийг бичмэл нотлох баримт гэж үзсэн болно.

Хариуцагч ИГХХК нь нэхэмжлэгч Т.Цыг 2019 оны 01-р сарын 1-ээс 3-р сарын 1-ны хоорондох авто зогсоолын орлогын тооцоог дутаасан талаархи зөрчлийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тухайн компанид шинээр нягтлан бодогчоор ажилд орсон Э.Б нь анх шалгасан бөгөөд улмаар гүйцэтгэх захирал Д.Бд танилцуулан, ажилчдын хурал зарлаад, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Т.Цыг зөрчил дутагдал гаргасныг нь тогтоосон үйл баримт нотлогдож байна.

Иймээс, нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө бүрдүүлэх, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнээд хариуцагч Ийст гарден" ХХК нь нэхэмжлэгч Т.Цыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ажлаас халсан байх тул түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэлгүйд тооцуулах, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүд, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2 дах заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1  дэх  хэсэгт заасныг  тус тус баримтлан хариуцагч ИГХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 19/15 тоот ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах-ыг хүссэн нэхэмжлэгч Т.Цын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ТҮМЭНЦЭЦЭГ