| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/0071/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/191 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Э.Ууганзаяа,
хохирогч Ц.Э,
шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408025341859 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б-ын Л, Монгол Улсын иргэн, 1967 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, урьд
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 90 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Л нь хохирогч Ц.Э-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Л нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, *** тоотод хохирогч Ц.Э-тай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “архи дахин авч өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь дух, зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүү, баруун, зүүн чихний дэлбэн, зүүн шуу, баруун мөр, баруун зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, баруун, зүүн хацар, хүзүү, нуруу, баруун, зүүн тохойнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал),
- “...Манай ахыг өчигдөр хамт архи уусан хүмүүс нь зодчихсон байна...” гэх утга бүхий дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 9 дэх тал),
- Хохирогч Ц.Э-ийн “…2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, *** тоотод байх гэртээ байж байхад манай ойролцоо байх Л, Н гэх дүүгийн хамт манай гэрт орж ирсэн. Тэгээд бид гурав нийлээд хамт архи уухаар болж би тэтгэвэр буучихсан байсан тул манай гэрээс гараад ард талын гудамд байх хүнсний дэлгүүр орж 0.5 литр Хараа нэртэй архийг би өөрийн Хаан банкны картыг уншуулж авсан. Тухайн архийг манай гэрт орж ууж дуусгаад би одоо амарцгаая, би унтлаа, та хоёр гэртээ харьж амарцгаа гэж хэлсэн. Л дахиад ганц юм аваад өгчих гэж хэлэхээр нь би дахиж чамд архи авч өгөх мөнгө байхгүй хэлээд бид хоёр манайд байхдаа хоорондоо маргалдаж Л эхлээд миний нүүр тус газарт нэг удаа цохисон. Тэгээд би газарт унахад миний нүүрэн тус газарт нэг удаа өшиглөөд мөн хавирга тус газарт нэгээс хоёр удаа өшиглөсөн. Тэгээд хамт байсан Н гэх дүү бид хоёрыг салгаад Л-ыг манай гэрээс аваад гараад явсан. Би тухайн өдөр гэртээ унтаж амарсан. Маргааш нь манай дүү А гэрт ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Намайг зөвхөн Л л миний нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиод, намайг газар унасан байхад нэгээс хоёр удаа нүүрэн тус газар өшиглөсөн. Мөн хавирга тус газарт нэгээс хоёр удаа өшиглөсөн. Өөр хүн намайг цохиж зодсон асуудал байхгүй. Би Л-ыг огт цохиогүй. Л нь манай ойролцоо хашаанд амьдардаг ба бид хоёр танилцаад удаж байгаа. Тухайн үед миний зүүн талын хацар хэсгээр хавдсан. Духны зүүн хэсэгт шалбарсан. Зүүн талын хавирга хэсгээр хөндүүрлэж өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Энэ мөнгөө гаргуулж авмаар байна…Надад ямар нэгэн гаргах гомдол санал байхгүй. Би сэтгэцийн хор уршгаа тогтоолгохгүй. Би эмчилгээний зардал 407,500 төгрөг нэхэмжилж байна…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 15 дахь тал),
- Гэрч Ц.А-ийн “…Би өөрийн төрсөн ах Ц.Э-ийн гэрт 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн үед очиход 2 залуутай архи ууж байсан. Нэг залууг нь хажуу хашааны Л болон үл таних залуугийн хамт архи ууж байхаар нь би архиа ууж дуусаад, гэртээ харьж амарцгаа гэж хэлээд гэр лүүгээ явсан. Маргааш өглөө нь буюу 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 06 цаг 36 минутад манай ахын хөрш байшинтай айлын хүн *** гэсэн дугаараас над руу залгаад “ах чинь хүнд зодуулсан байна” гэж хэлэхээр нь би шууд яваад очсон. Намайг очиход ах гэрийнхээ гадна үүдэнд сууж байсан. Ахыгаа харахад нүүрний зүүн талын нүд нь хөхөрсөн, нүүрний зүүн талд бүхэлдээ хөхөрсөн хавдартай, зүүн чих нь хавдсан, хөхөрсөн, шалбарсан байдалтай, хүзүү хэсэг нь боосон мэт улайсан байсан. ...Тухайн үед ахтай хамт хөрш хашааны залуу Л, харин нөгөө залуу нь намхан, бор арьстай, нүүр нь барзгар байсан. ...Манай ах өмнө нь ерөөсөө хүнтэй муудалцаж маргалдаж байгаагүй…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 9111 дугаартай дүгнэлтэд “…Дүгнэлт: 1. Ц.Э-ийн биед дух, зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүү, баруун, зүүн чихний дэлбэн, зүүн шуу, баруун мөр, баруун, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, баруун, зүүн хацар, хүзүү, нуруу, баруун, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…” гэх (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
- Хохирлын баримт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 39-43, 44-48 дахь тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 9111 дугаартай дүгнэлтээр хохирогч Ц.Э-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хохирлын хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Л нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч Ц.Э-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Шүүгдэгч Б.Л-ын хохирогч Ц.Э-г цохиж зодсон үйлдэл, хохирогчийн биед учирсан дух, зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүү, баруун, зүүн чихний дэлбэн, зүүн шуу, баруун мөр, баруун, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, баруун, зүүн хацар, хүзүү, нуруу, баруун, зүүн тохойд зулгаралт гэмтлүүд нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч Б.Л-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.3. Хохирол, хор уршиг
Хохирогч Ц.Э нь гэмт хэргийн улмаас биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан ба хавтаст хэргийн 37-38 дахь талд авагдсан баримтаар эмчилгээний болон бусад зардалд нийт 407,500 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхэд гаргасан хүсэлт, талуудын хэн аль нь хохирол төлсөн талаар мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Л-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Ц.Э нь сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн ба тэрээр гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо /эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацаан цалин хөлс/ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Түүнчлэн хохирогч Ц.Э нь эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь хэрэгт баримтаар авагдсан хэдий ч иргэний нэхэмжлэгчийг тогтоохтой холбоотой ажиллагаа хийгдээгүй байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 90 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, засрал хүмүүжлийн тодорхойлолт (хавтаст хэргийн 57-59, 60, 61 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Б.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ахуйн хүрээнд, хамт архидан согтуурч байхдаа гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, баримтаар нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, 57 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Л-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Л нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Б-ын Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Л нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР