| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Золбоо |
| Хэргийн индекс | 106/2024/1016/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/111 |
| Огноо | 2025-01-10 |
| Зүйл хэсэг | 15.1.2., |
| Улсын яллагч | Т.Б |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/111
2025 01 10 2025/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтөлж,
улсын яллагч Т.Баянмөнх,
шүүгдэгч И.Д, түүний өмгөөлөгч Я.Батханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц** овогт И.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405017882033 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц** овогт И.Д (РД:********).
Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч И.Д нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө **** тоот хаягт байрлаж эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “****” нэртэй эмнэлгийг хариуцан ажиллах явцдаа Эрүүл мэндийн технологи, эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд MNS4621:2008 стандартын Эх барих эмэгтэйчүүдийн өвчний үе дэх оношилгоо, эмчилгээний үйлдлийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүйгээс 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө **** тоот хаягт байрлаж эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “****” эмнэлгээр үйлчлүүлсэн өвчтөн Б.С-н биед үзлэг хийж, улмаар бэлэг эрхтний өгсөх замын халдвартай үед нь умайн хөндийд ерөндөг тавьсны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Д мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч И.Д нь 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” эмэгтэйчүүдийн эмнэлэгт хохирогч Б.С-н биед бэлэг эрхтний үрэвсэлтэй үед ерөндөг тавьснаас өгсөх замын халдвар буюу үр дамжуулах хоолойн цочмог идээт үрэвсэл үүсэж, улмаар үжлээр хүндэрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтууд болох:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас),
Хохирогч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Эмнэлэгт хэвтсэн эмчилгээний төлбөр, ор хоногийн төлбөр, эмнэлгээс гараад хийлгэх эмчилгээний талаарх эмчийн хийж өгсөн бичгүүд Хөвсгөл аймагт гэрт байгаа байх. Өөр бусад баримт байхгүй байх. Ээж бол Хөвсгөл аймгаас автобусаар ирсэн. Харин ээж бид хоёр эмнэлгээс гараад Хөвсгөл аймаг руу жижиг суудлын тэргээр явсан. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас, 38-39 дүгээр хуудас, 122-123 дугаар хуудас),
Гэрч Н.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би эх хүүхдийн эмнэлэгт иргэдийн гомдлыг хүлээн авахаас бусад ажлыг зохицуулагч хийдэг. Манай эмнэлэгт С гэх 21 настай, эмэгтэй зориулалтын бус газар үр хөндүүлсэн байдалтай энэ оны 4 сарын 05-ны өдөр маш хүнд ирсэн. Ирэх үеийн зовуурь нь хэвлий хэсгээр өвдөнө, халуурна, үтрээнээс ногоон шар өнгийн ялгадас гарсан байдалтай ирсэн, шокын байдалтай эмнэлэг дуудаж машинаар ирсэн, амин үзүүлэлт тогтворгүй, ухаантай боловч өөртөө үйлчлэх, асуусан асуултад хариулах чадваргүй ирсэн…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “****” ХХК-д олгосон эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),
“****” ХХК эмэгтэйчүүдийн эмнэлгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 23 дугаар хуудас),
Эрүүл мэндийн яамнаас шүүгдэгч И.Д-д олгосон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),
Ү-2205048901 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),
2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн эмчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дэх хохирогч Б.С-н өвчний түүх (хавтаст хэргийн 41-77 дугаар хуудас),
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01/1083 дугаартай албан бичгийн хариу (хавтаст хэргийн 101 дүгээр хуудас),
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 01/1083 дугаар албан бичгийн хавсралт (хавтаст хэргийн 102-105 дугаар хуудас),
Эрүүл мэндийн газрын 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 01/1276 дугаартай албан бичгийн хариу (хавтаст хэргийн 107 дугаар хуудас),
Эрүүл мэндийн сайдын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/387 дугаар тушаалын хавсралт “Үр хөндөлтийг зохицуулах журам” (хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас),
Гэрч М.К-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Б.С нь биеийн байдал маш хүнд умай дааврын улмаас үжил, үжлийн цайрлалтай гэсэн оноштойгоор яаралтай тусламжийн тасгаас эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн. Хэвтэх хугацаанд нь холбогдох яаралтай шинжилгээ, оношилгоо хийгдэж байгаад 4 сарын 10-ны өдөр эрчимт эмчилгээний болон эмэгтэйчүүдийн зөвлөх эмч нарын хамтарсан үзлэг хийгдэж халдвар үрэвсэл цаашид хүндрэх, даамжрах эрсдэлтэй байсан учраас халдварын голомтыг авах шийдвэр гарч яаралтай амь насны заалтаар хагалгаа хийдсэн. Хагалгаа нь зохих журмын дагуу хийгдсэн, яаралтай хагалгаа хийгдээгүй бол улам хүндэрч амь насыг аврах боломжгүй байдалд хүрэх эрсдэлтэй байсан. Мэс заслын баг хэвлийг нээгээд умай дайвар, мухар ургацгийг шалгаад үлдээхээр шийдвэрлэж, хэвлийг угаагаад хяналтын гуурс үлдээж, хэвлийг хаасан. Хэвлийд 100 мг орчим цагаан өнгөтэй идээ байсныг соруулан гадагшлуулж, хэвлийг хаасан. Эмч нар бол зохих журмын дагуу эмчилгээ үйлчилгээ хийсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 126-128 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 783 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 141-143 дугаар хуудас),
Шинжээч эмч Т.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эрүүл мэндийн технологи, эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд MNS 4621:2008-н стандартын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан умайн ерөндөг тавих үйлдлийн технологийн эсрэг заалт болох үтрээ умайн дайврын хурц, хурцавтар үрэвслийн үед умайн хөндийд ерөндөг тавихгүй гэсэн заалтыг зөрчсөн. ...Б.С-д бэлэг эрхтний өгсөх замын халдвартай үед ерөндөг тавиулснаас үр дамжуулах хоолойн цочмог идээт үрэвсэл үжлээр хүндэрсэн нь хохирлын хүнд зэрэгт хамаарч байгаа юм. Бэлэг эрхтний үрэвсэлтэй үед ерөндөг тавьснаас өгсөх замын халдвар буюу үр дамжуулах хоолойн цочмог идээт үрэвсэл үүсэж, улмаар үжлээр хүндэрснээс амь насны заалтаар мэс заслын эмчилгээ хийлгэж биеийн байдал нь тогтворжсон байна. Хэрэв яаралтай арга хэмжээ авч чадаагүй бол үхэлд ч хүргэх аюултай...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 145-146 дугаар хуудас),
Шүүгдэгч И.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “…Хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйж байна. Хохирлыг бүрэн барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас),
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 808 дугаартай албан бичгийн хариу (хавтаст хэргийн 173 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 176 дугаар хуудас, 179 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 174 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 177 дугаар хуудас, 180 дугаар хуудас),үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 181 дүгээр хуудас), эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн лавлагаа (хавтаст хэргийн 182 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 183 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 184 дүгээр хуудас), ажлын үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 185 дугаар хуудас), бакалаврын дипломын хуулбар (хавтаст хэргийн 186 дугаар хуудас), төрөлжсөн мэргэжлийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 187 дугаар хуудас).
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:
Шүүгдэгч И.Д нь 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” эмэгтэйчүүдийн эмнэлэгт хохирогч Б.С-н биед бэлэг эрхтний үрэвсэлтэй үед ерөндөг тавьснаас өгсөх замын халдвар буюу үр дамжуулах хоолойн цочмог идээт үрэвсэл үүсэж, улмаар үжлээр хүндэрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 783 дугаартай дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ, 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэл, 01/1083 дугаартай албан бичиг, түүний хавсралт, 01/1276 дугаартай албан бичиг, 808 дугаартай албан бичиг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
“Эмнэлгийн мэргэжилтэн” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтнийг,
“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг ойлгоно гэж,
“Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй” гэж эрүүл мэндийн байдал, ар гэрт нь гачигдал гарсан, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан бусад гамшиг тохиолдсон, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх шаардлагатай эм, тариа, багаж, тоног төхөөрөмж байгаагүй зэрэг хувь хүнээс өөрөөс нь үл хамаарах бусад нөхцөл байдал үүсээгүй байхад эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлээгүйг,
“Зохих ёсоор биелүүлээгүй” гэж гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд Эрүүл мэндийн тухай хуулийн 28.1.3-т зааснаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх, үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүргийг зөрчсөн үйлдлийг ойлгоно гэж тус тус заажээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч И.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.
Шүүгдэгч И.Д, түүний өмгөөлөгч Я.Батханд нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч И.Д-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.С-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, шүүгдэгчийн зүгээс хохирогчид 2,000,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч И.Д-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Харин хохирогч Б.С нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч И.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар эрх хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгийн торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү, хэрэв эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй тохиолдолд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн /императив/ шинжтэй хэм хэмжээ биш, харин эрх олгосон /диспозитив/ шинжтэй хэм хэмжээ бөгөөд дээрх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал.
Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа тохиолдолд энэ зүйлд тодорхойлсон нөхцөлийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болох юм.
Ингэхдээ дараах нөхцөлийг буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч И.Д-н хувьд мөрдөн шалгах ажиллагаанд хэрхэн яаж бодитой дэмжлэг үзүүлж оролцсон эсэх нь тогтоогдохгүй байх тул өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч И.Д-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч И.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч И.Д-н эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар “өөрийн оршин суугаа газар болох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.
III. Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Д-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц** овогт И.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Д-н эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар “өөрийн оршин суугаа газар болох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Д-н эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5.Хохирогч Б.С нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч И.Д-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Д-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЗОЛБОО