2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/234

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Э.Ууганзаяа,

хохирогч Л.Ц,

шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000001910 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М овогт Т-ы С, Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Э” ХХК-д ногоо ялгагчийн ажил эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт *** оршин суух албан ёсны хаягтай, одоо *** байрладаг гэх, регистрийн дугаар ***, урьд:

Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,  

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.С нь хохирогч Л.Ц-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцож, хавтаст хэргийн 29, 32-37, 40-43, 46, 47-56 дахь талд авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хохирол төлсөн баримт зэргийг тус тус шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Т.С нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-ийн ажлын байранд хохирогч Л.Ц-тэй үл ялих зүйлээр маргалдан толгойн тус газарт нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, хацар, эрүүнд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

- “...Согтуу хүмүүс зодолдоод байна...” гэх утга бүхий дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),

- Хохирогч Л.Ц-ийн “…Би 2024 оны 11 дүгээр сарын 15-ны орой Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Э” ХХК-д байрлаж ажиллаж байхад 21 цагийн үед С гэх цуг ажилладаг залуу согтуу манай өрөөнд орж ирээд унтаж байсан манай нөхөр Н-ийг алив чи бос, унтаад байх юм, ямар даварсан юм бэ гэсэн. Би алив одоо гар, бид нар унтаж амармаар байна гэсэн чинь С би архи уумаар байна гэсэн. Би “та нар өрөөндөө очиж архиа уугаач” гэсэн чинь “би хаана архиа уухаа чамаар заалгуулахгүй” гээд миний зүүн шанаа чих хэсэг рүү 1 удаа цохиод би ухаан алдаад унасан. С-тай бид нэг газар хамт ажилладаг. Өөр ямар нэгэн холбоо байхгүй. Тухайн үед би ямар нэгэн байдлаар хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Хажууд манай нөхөр Н, бэр эгч Б нар байсан. Миний зүүн шанаа хэсэг улайж зүүн нүдэнд цус хурагдаж зүүн чих сонсохгүй байна. Би гомдолтой байна…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

- Гэрч Б.Х-ын “...Би 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нагац эгч Ц-нд ирчихсэн унтах гэж байхад 21 цагийн үед танихгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай эрэгтэй хүн орж ирээд танай гэрт архи ууна гэсэн. Тэгэхэд манай нагац эгч Ц нь энд уулгахгүй, гарч уу гэсэн чинь нөгөө танихгүй эрэгтэй нагац эгч Ц-ийн нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Манай нагац эгч Ц нь ухаан алдаад уначихаар нь би цагдаад дуудлага өгсөн. Ийм л зүйл болсон. Тэр эрэгтэй хүнийг би танихгүй. Анх удаа харсан. Тухайн өдөр хэрүүл маргаан болсон зүйл байхгүй. Гэртээ архи уулгахгүй гэхэд нь нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэр үед нагац эгчийн нөхөр Н, бэр эгч Б нар харж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

- Гэрч Н.Н-ийн “…Би 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 19 цаг өнгөрч байхад унтах гээд орондоо орчихсон байхад манай ажлын газрын таньдаг эрэгтэй намайг босоод ирээ гээд байж байсан.  Манай эхнэр Ц гаднаас орж ирээд тухайн ажлын газрын таньдаг эрэгтэй манай эхнэр Ц-тэй маргалдаад бид нар унтмаар байна, та нар гэрээс гар гэсэн чинь нөгөө эрэгтэй гарахгүй, энд нөхөртэй чинь архи ууна гээд байсан. Манай эхнэр Ц өрөөндөө орж наад архиа уу гээд гэрээс гаргах гээд байж байсан. Тухайн манай ажлын газрын эрэгтэй манай эхнэр Ц-ийн нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгэхэд манай эхнэр Ц газар унаад ухаан алдчихсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Ийм л зүйл болсон. С-г би сайн танихгүй. Нэг газар цуг ажилладаг. Манай эхнэр гэртээ архи уулгахгүй, өрөөндөө орж уу л гэж маргалдсан. Маргалдаж байгаад гараараа нэг хэсэг рүү нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 15128 дугаартай дүгнэлтээр “…Дүгнэлт: 1.Л.Ц-ийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, хацар, эрүүнд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна…” гэх (хавтаст хэргийн 21-24 дэх тал),

- Хохирлын баримт (хавтаст хэргийн 40-43 дахь тал),

- Шүүгдэгч Т.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “…Би 2024 оны 09 дүгээр сарын 15-ны орой 20 цагийн үел архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 00 орчхоод гараад явж байх замдаа цуг ажилладаг Н-ийн өрөөний хаалга нь онгорхой байхаар нь явж орсон. Нацагаа босохгүй юу гээд асуухад эхнэр Ц нь над руу дайраад хэл амаар доромжлоод миний нүүрийг маажихаар нь би цаашаа гээд зүүн гараараа толгой хэсэг рүү нь түлхсэн чинь Ц газар унаад өгчихсөн. Тухайн үед миний нүүрийг маажаад сорви үүссэн. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, Эмнэлгийн байгууллагад хандаж үзүүлсэн зүйл байхгүй. Тухайн үед би ганцаараа явж байсан. Согтуугаар хүний биед халдаж гэмтэл учруулсандаа харамсаж байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн. Дахиж ийм үйлдэл гаргахгүй…” гэсэн мэдүүлэг зэрэг болно.

 Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 15128 дугаартай дүгнэлтээр хохирогч Л.Ц-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Т.С нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч Л.Ц-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Шүүгдэгч Т.С хохирогч Л.Ц-г цохиж зодсон үйлдэл, хохирогчийн биед учирсан зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, хацар, эрүүнд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтлүүд нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч Т.С-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

​​​​​​​1.3. Хохирол, хор уршиг

Хохирогч Л.Ц нь гэмт хэргийн улмаас биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан ба хавтаст хэргийн 40-43 дахь талд авагдсан баримтаар эмчилгээний болон бусад зардалд нийт 230,000 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтаар хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Т.С-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Л.Ц цаашид эмчилгээ үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул тэрээр цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Т.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө гэдгээ илэрхийлсэн. Ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Ховд аймагт амьдардаг боловч хүүхдүүд нь оюутан болсон тул сургалтын төлбөрийг нь төлөх зорилгоор Улаанбаатар хотод ажил хийж байсан нь уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон зэргийг харгалзан үзнэ үү. Тус зүйл анги сонгох санкцитаы. Хэрэв нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан тохиолдолд сарын орлогогүй болж ажлаасаа хөөгдөж, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөх боломжгүй болох тул 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 35-37 дахь тал), “Э” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 46 дахь тал), Хаан банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 47 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 48-56 дахь тал), Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоол, зан байдлын тодорхойлолт, Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамж (хавтаст хэргийн 74-75, 76-77), Суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт (хавтаст хэргийн 78 дахь тал), Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 80-84 дэх тал), Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 85-91 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Т.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан бусдын биед халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан, 51 настай/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөлд байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Т.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.С нь урьд 3 удаагийн ял шийтгэл хүлээж байсан ба Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж, уг торгох ялыг бүрэн төлж барагдуулан эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болсон нь Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 01/2456 тоот албан бичгээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.С-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.

​​​​​​​​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.С нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. М овогт Т-ы С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-д 1,300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.С нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Ц нь цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг  тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАР