2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/235

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000001693 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ч овогт П-ийн Г, Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Баяд суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт,  *** гэх газар оршин суух хаягтай боловч *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

Сум дундын 14 дүгээр шүүхийн  2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 154 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Г нь К караоке бааранд үйлчлүүлж байхдаа хоёр ширээний шилэн тавцанг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт, хууль зүйн дүгнэлт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч П.Г нь 2024 оны 10 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө 03-аас 04 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “К” караоке, бааранд үйлчлүүлж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас унтсан байна. Улмаар караоке, баар хаахаар болж түүнийг сэрээхэд тэрээр уурлаж караоке баарны 1 дүгээр ширээг авч 4-р ширээ рүү шидэж, хоёр ширээний шилэн тавцанг хагалж, 400,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- “...согтуу хүн ширээ эвдэлсэн...” гэх утга бүхий дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 1 дэх тал),

- Хохирогч Г.З-ын “…2024 оны 10 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо *** тоотод гэртээ амарч байсан чинь манай ажилтан болох А над руу залгаад “нэг залуу үйлчлүүлж байгаад манай хоёр ширээний хар өнгийн чулуун тавцанг эвдэлчихсэн” гэж хэлэхээр нь би цагдаад хэл гэж хэлээд унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь ажил дээрээ ирсэн чинь Б1 давхрын пабын 1, 4 дүгээр ширээнүүдийн хар өнгийн чулуун тавцанг эвдэлчихсэн байсан. Би хяналтын камерын бичлэгийг үзсэн чинь 30-аас 35 орчим насны 1.65 см орчим өндөртэй бордуу царайтай залуу манай 1-р ширээний тавцанг налаад унтаж байсан чинь манай ажилтан очоод сэрээхэд уурлаж босож ирээд тухайн 1-р ширээг аваад 4-р ширээ рүү шидэж байгаа нь бичигдсэн байсан. Тухайн эвдэрсэн гэх хоёр ширээг 2024 оны 05 дугаар сарын дундуур манай байгууллага бүрэн засвар хийх үедээ хар өнгийн чулуугаар 16  ширхэг ширээ хийлгэж байсан. Мөн тухайн ширээнүүдийг нэг бүрийг нь 500,000 төгрөгөөр хийлгэж байсан. 85*85 хэмжээтэй хар өнгийн чулуун тавцантай хоёр ширээний дээд талын чулуун тавцан хагарчихсан байсан. 400,000 төгрөгийн хохирол учирсан. Мөн тухайн залуу манай байгууллагаас худалдан авч идэж уусан тооцооны төлбөр нь 110,000 төгрөг болсон. Нийлээд 510,000 төгрөгийн хохирол учирсан…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

- Тэнцвэр  эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Ц-0730 дугаартай хоёр ширээний хохирлыг 400,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 17-19 дэх тал),

- Гэрч М.Б-ийн “...2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэртээ амарч байгаад өөрийн ажил болох Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К нэртэй пабад ирж зөөгчийн ажил хийсэн. Тэгсэн тухайн орой 23 цаг өнгөрч байхад хоёр эрэгтэй, хоёр эмэгтэйн хамтаар орж ирээд манай Б1 заалны 4 дүгээр ширээн дээр суусан. Мөн тухайн хүмүүс 1 литрийн хэмжээтэй архи 2 шил, Сэнгүр нэртэй шилтэй пиво 3 ширхэг болон ус ундаа захиалан авч тухайн хүмүүс хувааж ууцгаасан. Тэгсэн тухайн хүмүүстэй цуг явж байсан 1.60 см өндөртэй, бордуу царайтай ах тасраад унтаад өгсөн ба цуг явж байсан ах нь хаяад гарах гэж байхаар нь та нар хэн чинь тооцоогоо төлөх вэ гэсэн чинь тухайн эрэгтэй энэ залуу төлнө гээд тасраад унтаад өгсөн ах руу заасан. Тэгэхээр нь наад хүн чинь яаж өгөх юм бэ гээд асуухад би энэ хүнийг танихгүй, гэхдээ гадаа зогсож байгаа хоёр эмэгтэйг дагуулаад ороод ирнэ гэж хэлээд гарч яваад дахиж орж ирээгүй.  Шөнө 04 цагийн орчим манайх хаах болсон учир би тухайн ахыг сэрээсэн чинь тухайн ах уурлаад өөрийн сууж байсан 1 дүгээр ширээг хоёр гараараа өргөж аваад эсрэг талд байсан 4 дүгээр ширээ рүү шидчихсэн. ...Би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дахь тал),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 40-42 дахь тал) зэрэг болно

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол“ гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.

Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Б.З-ын үйл ажиллагаа явуулдаг К караоке, баарны хоёр ширхэг шилэн ширээг 400,000 төгрөгөөр тогтоосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад зааснаар бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч П.Г-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий, тэрээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, өөрийн үйлдлээ хянаж чадалгүй шилэн ширээг авч шидэн хоёр ширхэг шилэн ширээг устгаж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Шүүгдэгч П.Г-ын ширээ авч шидсэн үйлдэл, учирсан хохирол хоёр нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч П.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

​​​​​​​1.3. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч П.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болон тухайн үед гарсан тооцооны төлбөрт нийт 530,000 төгрөг төлж барагдуулсан болох нь хохирогч Г.З-ын дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч П.Г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “ .. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-д  2,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр торгох  ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. ...гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох  иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 69-81 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 82 дахь тал), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 2021/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 85-87 дахь тал),  Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 87-89 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч П.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг бүрэн төлсөн/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.Г-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.

​​​​​​​​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ч овогт П-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-д 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-д оногдуулсан торгох ялыг 03 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАР