Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/02

 

 

 

 

 

 

 

 

 

У.Б-эд холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Хонгорзул,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/1885 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Хонгорзулын бичсэн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаартай эсэргүүцлийг үндэслэн У.Б-эд холбогдох эрүүгийн 2005000001392 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Адуучин овгийн У.Б-, 19.. оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ............ хамт .................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ... ..................тоотод түр оршин суух, РД: ................../;

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 3248 дугаартай тогтоолоор 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 8 жил 4 сар 27 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял шийтгүүлж, 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,  

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан.

У.Б- нь 2020 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө такси үйлчилгээ үзүүлэн явж байхдаа Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн орчим үйлчлүүлэгч Д.Н-ы таксинд гээгдүүлсэн “Самсунг Эс-9” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бага бус хэмжээнээс дээш буюу 420.000 төгрөгийн хохирол учруулж, улмаар тухайн завшсан гар утасны “Мобайл банк”-ыг ашиглан 3 удаагийн үйлдлээр 1.246.900 төгрөгийг нууцаар хууль бусаар авч бусдын дансанд шилжүүлэн нийт 1.666.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: У.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх дараах үндэслэлтэй байна” гээд,

“1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэсэн шалгуурыг заажээ. Шүүгдэгч У.Б-ийг “...“Самсунг Эс-9” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бага бус хэмжээнээс дээш буюу 420.000 төгрөгийн хохирол учруулж, улмаар тухайн завшсан гар утасны “Мобайл банк”-ыг ашиглан 3 удаагийн үйлдлээр 1.246.900 төгрөгийг нууцаар хууль бусаар авч бусдын дансанд шилжүүлэн нийт 1.666.900 төгрөгийн хохирол учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн санаа зорилгыг тодруулаагүйгээс шүүгдэгч нь нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангаж байна уу эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж эхлээд өөр гэмт хэргийг үйлдсэнээр төгссөн буюу гэмт хэрэг үйлдэх санаа зорилго нь шилжсэн эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа хийж хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар ялаас чөлөөлөхөд шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн гэмт хэрэг нь оногдуулах ялын хувьд хорих ба бусад төрлийн ялын сонгох санкцитай, тухайн сонгох санкци бүхий хорих ялын хэмжээний хувьд “дээд хэмжээг 3 жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон” шалгууртай. Гэтэл шүүгдэгч яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялын санкц байхгүй, мөн улсын яллагч нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ял, албадлагын арга хэмжээний саналыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан танилцуулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул хэргийг прокурорт буцааж” шийдвэрлэжээ.

Прокурор Д.Хонгорзул бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 1. У.Б-ийн үйлчлүүлэгчийнхээ “Самсунг Эс-9” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авсан нь тухайн эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хууль бусаар авч захиран зарцуулах эрх үүсэж байгаагаар “бусдын эд хөрөнгийг завших” гэмт хэрэг төгссөн гэж хууль зүйн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Улмаар үргэлжлүүлэн гар утасны мобайл банкыг ашиглан нийт 3 удаагийн үйлдлээр 1.246.000 төгрөгийг нууцаар хууль бусаар шилжүүлэн авч байгаа үйлдэл нь өөр гэмт хэргийн шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж хууль зүйн дүгнэлт хийсэн байхад дээрхи байдлыг үгүйсгэх болон цагаатгах ямар нэгэн үндэслэл дурдалгүйгээр санаа зорилгоор шилжсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

2. Шүүгч Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, зөвхөн хорих ял оногдуулахаар заасан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т ялаас чөлөөлөх заалт нь хорих ба бусад төрлийн ялын санкцтай, дээд хэмжээ нь 3 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон шалгууртай гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-т заасан нөхцөл хангагдсан гэж үзэх хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах хэргүүд болно. Үүнд ялын дээд хэмжээ 3 жил хорих ял оногдуулахаар заасан түүнээс доош эсхүл хорих ял оногдуулахгүйгээр заасан хөнгөн хэргүүд хамаарах бөгөөд хуулийг буруу тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх “шүүгдэгч нь нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангаж байна уу, эсхүл нэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж эхлээд өөр гэмт хэрэг үйлдэж төгссөн буюу гэмт хэрэг үйлдэх санаа зорилго шилжсэн эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа хийх, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1 дэх заалтаар ялаас чөлөөлөхөд Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялын санцкгүй, улсын яллагчаас мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан ял албадлагын арга хэмжээний талаар саналыг танилцуулсан нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна” гэсэн утга агуулга бүхий дүгнэлт хийж, шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан байна. 

Хэргийг прокурорт буцаасан дээрх шүүгчийн захирамжийг “хүчингүй болгож, тухайн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх”-ээр бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь, шүүгдэгч У.Б-ийн хувиараа такси үйлчилгээ эрхэлж, хохирогч Д.Н-д үйлчилгээ үзүүлж байхдаа түүний орхин буусан гар утсыг завшсан, улмаар уг гар утсан дахь банкны аплекэшн ашиглан нууцаар, хууль бусаар мөнгө шилжүүлэн авсан гэх үйлдэлд прокурор хууль зүйн дүгнэлт хийж, нийлмэл гэмт хэргээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэл бүхий болсон байхад анхан шатны шүүх нэг гэмт хэрэг эсхүл хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн эсэх, гэмт хэрэг шилжсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар дахин тодруулах шаардлагатай талаар дүгнэсэн нь оновчгүй болсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэн байх тул шүүгдэгч У.Б-ийн үйлдлүүдэд тус тусад нь дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхийг шийдвэрлэх бүрэн боломжтой. 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг шүүх хэрэглэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээ саад болохгүй бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар тухайн зүйлийн гарчигийн “хорих” гэснийг хасч, уг хууль 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэх тохиолдолд заавал хорих ялын санкцтай гэмт хэрэг байхыг шаардахгүй хөнгөн ангиллын аль ч гэмт хэрэгт адил хамаарахаар ойлгогдож байна.

 Анхан шатны шүүх цаашид аливаа хэлбэрээр шүүхийн шийдвэр гаргахдаа тодорхой, ойлгомжтой байх тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаж, хэн боловч уншиж ойлгогдохуйц байдлаар бичиж хэвших шаардлагатай байгаа нь дээрх шүүгчийн захирамжаас илт харагдаж байгааг онцлон тэмдэглэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1885 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, У.Б-эд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.  

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч У.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      Н.БАТСАЙХАН

 

         ШҮҮГЧ                                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

         ШҮҮГЧ                                                                              Б.ЗОРИГ