| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2018/00957/И |
| Дугаар | 181/ШШ2018/01429 |
| Огноо | 2018-06-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2018/01429
| 2018 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 181/ШШ2018/01429 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ц /РД:/-т холбогдох
58,600,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц манай байгууллагатай 2014 оны 1 сарын 8-ны өдөр 14/002 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлэхээр гол нөхцлөө тохиролцож, мөн энэхүү гэрээний салшгүй хэсэг болох барьцааны гэрээгээр өөрийн өмчлөлийн Ү-2203020563 улсын бүртгэлийн дугаартай 38 м.кв орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон барьцаалсан. Ц нь үндсэн зээлийн гэрээгээр тохирсон хугацаа буюу 2 сарын хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлөх боломжгүй байгаа тул гэрээг дахин 9 сараар сунгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу зээлийн гэрээний хугацааг 2014 оны 12 сарын 7-ны өдөр хүртэл сунгаж нэмэлт гэрээг хийсэн. Ийнхүү зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс нэг ч төгрөг төлөөгүй, зээлийн хүүнд 9,000,000 төгрөг төлж, нийт 25,000,000 төгрөгийн үүрэг гүйцэтгэгдээгүй байсан. Үүнээс хойш бид байгууллагынхаа үйл ажиллагааны дагуу төлбөр барагдуулах зорилгоор байнга шаардаж байсан боловч Ц нь байнга эзгүй, ямар нэг шалтгаан хэлж орон нутагт байгаа гэх нэрийдлээр уулзахгүй зугтаж, утас нь холбогдохгүй болж, тэр тоолонд хамтран зээлдэгч хадам эгч болох А.Гэрэлсувд бидэнтэй холбогдож байсан болно. 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдөр тус тус эгч Гэрэлсувд нь мөнгө хүлээгдэж байгаа, ар гэрийн гачигдал гарсны улмаас хөдөө байгаа, төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэж хүсэлт, тайлбар гаргаж явсаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр барагдуулахгүй хүлээлгэж, бид ч нөхцөл байдлаа утсаар болон бичгээр тайлбарлан гуйж байгааг нь харгалзсаар өнөөдрийг хүрсэн байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргахад зээлдэгч нь 25,000,000 төгрөгийн үндсэн зээл, 28,000,000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү 5,600,000 нийт 58,600,000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй гэж нэхэмжлэл гаргасан боловч дахин нягталсан тооцооллоор хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 25,000,000 төгрөг, зээлийн хүүнд 26,500,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,300,000 төгрөг буюу нийт 56,800,000 төгрөг төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 47.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 14/002 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 56,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү . Хэрэв гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлж барагдуулахгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц нь 2014 оны 1 сарын 8-ны өдөр Г ББСБ ХХК-аас 2 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй 25,000,000 төгрөгийн зээл авсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 23,500,000 төгрөг төлсөн. Гэтэл санхүүгийн байгууллагаас 58,600,000 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй гэж бодож байна. Энэ хугацаанд санхүүгийн байгууллагад үндсэн зээлд 14,500,000 төгрөг, зээлийн хүүнд 9,000,000 төгрөг төлсөн байна. Гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 10,500,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөртэй нийлээд нийт 12,600,000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг өмнө нь шүүхэд гаргаж байсан. Гэвч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь хариуцагч Цт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 25,000,000 төгрөг, зээлийн хүүнд 28,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,600,000 төгрөг буюу нийт 58,600,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн зээлийн үлдэгдэл 25,000,000 төгрөг, зээлийн хүүнд 26,500,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,300,000 төгрөг буюу нийт 56,800,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан багасгаж байна.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа 12,600,000 төгрөгийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж байсан ба шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
2014 оны 1 сарын 8-ны өдөр Г ББСБ ХХК болон Ц нарын хооронд 14/002 дугаартай зээлийн гэрээ /хх-7,8 тал/ байгуулагдсан байх ба гэрээгээр Г ББСБ ХХК нь Ц 25,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс заасан үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцсон байна.
2014 оны 3 сарын 7-ны өдөр Ц гэрээний хугацааг 9 сараар сунгах хүсэлт /хх-15 тал/-ийг Г ББСБ ХХК-д бичгээр гаргаж байсан байна.
Дээрх гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч нь зээл, түүний хүүг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь уг зээлийн гэрээнд А.Гэрэлсувд хамтран зээлдэгчээр оролцож гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд энэ удаад нэхэмжлэлийг зөвхөн Цт холбогдуулан гаргасан гэж тайлбарласан бол хариуцагчийн төлөөлөгч нь А.Гэрэлсувд уг гэрээнд хамтран зээлдэгчээр оролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс зээлийг эргэн төлөхийг Цаас шаардахдаа гэр бүлийн хүмүүст нь мөн шаардлага тавьдаг байсан, улмаар эгч А.Гэрэлсувдыг нь дуудаж гэрээний арын хэсэгт гарын үсгийг нь нэмж зуруулсан, хариуцагчид байгаа зээлийн гэрээний хувьд А.Гэрэлсувдын гарын үсэг байдаггүй гэсэн тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн зээлийн гэрээний зээлдэгч гэсэн хэсэгт зээлдэгчийг Ц гэж нэрлэн заасан байх боловч гэрээний сүүлийн хуудасны Зээлдэгчийг төлөөлж гэсэн хэсэгт Ц гэж бичин гарын үсэг зуруулснаас гадна гараар Агаар овогтой Гэрэлсувд гэж бичин гарын үсэг зуруулсан байна.
Хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан зээлийн гэрээний хувьд зээлийн гэрээний зээлдэгч гэсэн хэсэгт зээлдэгчийг Ц гэж нэрлэн заасан, гэрээний сүүлийн хуудасны Зээлдэгчийг төлөөлж гэсэн хэсэгт Ц гэж бичин гарын үсэг зуруулсан, Агаар овогтой Гэрэлсувд гэсэн гарын үсэг, бичилт байхгүй байна.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн зээлийн гэрээний хуулбар нь 2014 оны 1 сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Б.Оюунчимэг бүртгэлийн 72 дугаарт бүртгэн гэрчилсэн гэрээний хуулбараас 2018 оны 3 сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болох нь гэрээнд дарагдсан нотариатын тэмдгүүдээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч талаас 2014 оны 1 сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Б.Оюунчимэг бүртгэлийн 72 дугаарт бүртгэн гэрчилсэн гэрээг эх хувиар нь шүүхэд гаргаж өгсөн, уг гэрээнд А.Гэрэлсувдын гарын үсэг байхгүй байх тул А.Гэрэлсувд уг зээлийн гэрээний хамтран зээлдэгч биш гэж үзэх үндэслэлтэй, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн гэрээний хувьд А.Гэрэлсувдыг хожим гарын үсэг зуруулсан гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч зээл авснаас хойш зээлийн хүүнд 23,500,000 төгрөг төлсөн, үндсэн зээлийн төлбөрөөс төлөлт хийгдээгүй гэсэн тооцооллыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчийн төлөөлөгч зээл авснаас хойш нийт 23,500,000 төгрөг төлсөн гэдэгтээ маргахгүй байх боловч уг төлсөн төлбөрийн 14,500,000 төгрөгийг үндсэн зээлд, 9,000,000 төгрөгийг хүүнд төлсөн гэж тайлбарласан бөгөөд 14,500,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт төлсөн гэж үзэж буй үндэслэлийг шүүх хуралдаанд тодруулахад уг төлбөрийг төлсөн баримтуудад гүйлгээний утгыг зээлийн хүү гэж бичээгүй тул үндсэн зээлийн төлбөрт төлсөн гэж үзэж байгаа, 9,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн баримтад гүйлгээний утгыг зээлийн хүү гэж бичсэн тул хүүнд тооцож байгаа гэсэн тайлбарыг гаргасан.
Хариуцагч нь 2014 оны 2 сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 34 удаагийн төлөлтөөр 23,500,000 төгрөгийн төлбөр төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан төлбөрийн баримтууд /хх-32-61 тал/-аар тогтоогдож байх бөгөөд сард 1,000,000 төгрөгийн төлбөрийг нэг удаагийн гүйлгээгээр, зарим тохиолдолд 1,000,000 төгрөгийг 2 хуваан төлж байсан, гэрээний дагуу зээлж авсан 25,000,000 төгрөгт 1 сарын 4 хувийн хүүгээр тооцоход 1 сард 1,000,000 төгрөгийн хүү тооцогдож байгаа байдлаас үзэхэд хариуцагчийн төлсөн 23,500,000 төгрөгийн төлбөрийг гүйлгээний утгыг хэрхэн бичсэнээс үл хамааран зээлийн хүүгийн төлбөр байсан гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дахь заалтад гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан, хариуцагчийн төлөөлөгч нь дээрх хуулийн заалтын дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байх боловч хариуцагч нь 2017 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хүүгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дахь заалтад Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн зүйлийн 79.7 дахь заалтад Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасны дагуу хөөн хэлэлцэн хугацаа тасалдсан гэж үзэх бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүй байна.
Хариуцагч үндсэн зээлийн төлбөрөөс төлөлт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 25,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дахь заалтад Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй гэж заасны дагуу зээлийн хүүгийн төлбөрт 26,500,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн, нэхэмжилж буй хүүгийн тооцоолол зөв байх боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь заалтад Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасныг баримтлан шүүхээс зээлийн хүүг багасгаж 26,500,000 төгрөгийн 50 хувь буюу 13,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Зээлийн хүүг багасгаж буй гол үндэслэл нь нэхэмжлэгчийн өөрийн үйлдэлтэй холбоотой бөгөөд нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь зээлдэгч бус этгээд буюу А.Гэрэлсувдын бичгээр гаргасан хүсэлт /хх-16-18 тал/-үүдийг үндэслэн хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй хугацаа алдсан, ийнхүү хугацаа алдсанаар хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээ их хэмжээгээр нэмэгдэхэд нөлөөлсөн, энэ байдал нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролтой нөхцөл байдлыг бий болгосон байна гэж шүүх үзсэнтэй холбоотой болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,300,000 төгрөгийг нэхэмжилсэн ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дахь заалтад Зээлдэгч нь 2.2-т заасан хуваарийн дагуу хуваарьт өдөр төлбөр төлөөгүй тохиолдолд гэрээнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс заасан үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно гэж заасан байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд тохиролцсон нэмэгдүүлсэн хүүгийн хувь хэмжээ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтад Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцсэн байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дахь заалтад Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчид нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
Хууль болон гэрээнд заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь нэхэмжилж буй 5,300,000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүүгийн төлбөрөөс тооцон нэхэмжилсэн байх тул уг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүүгийн төлбөрөөс тооцон нэхэмжилсэн болох нь нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн Хүү тооцооллын хүснэгт нэртэй баримтад үндсэн зээлийн төлбөрөөс огт төлөлт хийгдээгүй байхад зээлийн хүүгийн төлбөр төлөгдсөн хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцоогүй, зээлийн хүүгийн төлбөр төлөгдөөгүй хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон байдлаас тодорхой харагдаж байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дахь заалтад Зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк батална гэж заасан бөгөөд Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 12 сарын 13-ны өдрийн А-236 дугаартай Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам https://www.mongolbank.mn/documents/regulation/money/2013/20131213_A236_policyrate.pdf / -ын 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад Нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгээс тооцно, мөн зүйлийн 2.4 дахь заалтад Зээлийн хүүгийн төлбөрт нэмэгдүүлсэн хүү бодохгүй гэж тус тус заасан тул зээлийн хүүгийн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Цаас үндсэн зээлийн төлбөрт 25,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 13,250,000 төгрөг, нийт 38,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д олгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр шаардсан шаардлагаас 18,550,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Г ББСБ ХХК болон Ц нарын хооронд 2014 оны 1 сарын 8-ны өдөр 14/002 дугаартай Барьцааны гэрээ /хх-9-11 тал/ байгуулагдсан байх ба уг гэрээгээр 14/002 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020563 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000180628 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол /14193/, Их сургуулийн гудамжны 31 дүгээр байр 98 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна.
Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь заалтад заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан байх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дахь заалтад Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтад Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байна.
Барьцааны гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020563 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000180628 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол /14193/, Их сургуулийн гудамжны 31 дүгээр байр 98 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Цаас 38,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д олгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр шаардсан шаардлагаас 18,550,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтыг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020563 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000180628 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол /14193/, Их сургуулийн гудамжны 31 дүгээр байр 98 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 521,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Цаас 419,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР