| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 188/2024/0656/Э/220/2024/0275 |
| Дугаар | 2025/ШЦТ/270 |
| Огноо | 2025-01-24 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,
хохирогч Ж.Ч,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Э.Гансугар нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 02496 0095 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ч овогт Б-ын Г, Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, цэргийн байнгын тэтгэвэрт, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт *** тоотод тоотод оршин суух, регистрийн дугаар: ***
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч Б.Г нь *** дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны ахлах байцаагчаар ажиллаж байх хугацаандаа тус хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, цагдаагийн ахмад Д.Б, саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Д, Х.Ц нарт “...тус бүрийн сарын цалин дээр урамшуулал бодож олгох ба тухайн мөнгөөр эрүүлжүүлэх саатуулах байранд ойр зуурын юм авч, засвар хийж, тохижуулах тул урамшуулал болгон орсон мөнгийг надад буцаан хураалгана...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,
*** дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байран дээрээ тус хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, цагдаагийн ахмад Д.Б-н 2019 оны 10 дугаар сарын цалин дээр үндсэн цалингийн 20 хувийн буюу 149,620 төгрөгийн нэмэгдлийг нэмж, улмаар өөрийн Хаан банкны *** тоот данс руу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 105,000 төгрөгийг,
2020 оны 01 дүгээр сард 20 хувиар буюу 161,589 төгрөгийн нэмэгдлийг нэмж өөрийн Хаан банкны *** тоот данс руу 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 120,000 төгрөг,
2020 оны 10 дугаар сард 20 хувийн буюу 161,589 төгрөгийн нэмэгдлийг нэмж өөрийн Хаан банкны *** тоот данс руу 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 120,000 төгрөг буюу нийт 345,000 төгрөгийг,
Мөн үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Д-ийн 2020 оны 10 дугаар сарын цалин дээр үндсэн цалингийн 20 буюу 155,252 төгрөгийн нэмэгдлийг нэмж өөрийн Хаан банкны *** тоот данс руу 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 140,000 төгрөгийг,
*** дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Ч-ын 2019 оны 10 дугаар сарын цалин дээр 20 буюу 155,252 төгрөгийн нэмэгдлийг нэмж, улмаар өөрийн Хаан банкны *** тоот данс руу 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 120,000 төгрөгийг бэлнээр,
*** дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Х.Ц-ын 2020 оны 01 дүгээр сарын цалин дээр үндсэн цалингийн 20 хувийн буюу 155,252 төгрөгийн нэмэгдлийг нэмж өөрийн Хаан банкны *** тоот данс руу 110,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус тус авч, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 715,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Хохирогч Х.Ц-ын “...Би *** дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 5 шар цагдаагийн хэсэгт жижүүрийн цагдаагаар ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сард ээлжийн амралтаа аваад 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа ороход намайг *** дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн цагдаагаар томилсон байсан. Энэ цаг хугацаанаас хойш тус газарт ажиллаж байна. 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр цалин буухаас 5-6 хоногийн өмнө эрүүлжүүлэх байрны ахлах байцаагч Б.Г нь надад хандаж “Бөгс мөнгөн дээр чинь хэдэн хувь нэмсэн байгаа, цалин буухаар над руу шилжүүлээрэй, эрүүлжүүлэх саатуулах байранд ойр зуурын юм авна” гэж байсан. Ингээд цалин 2020 оны 01 дүгээр сарын 23 билүү 24-нд буух үед Б.Г над руу дансныхаа дугаарыг явуулаад би тэр дор нь шилжүүлж байсан. Б.Г бид 2-ын дунд ямар нэгэн өр авлагын асуудал байгаагүй. Дансаа шүүхэд 110.000 төгрөг шилжүүлсэн байна. ...Саатуулах байрандаа юм хийнэ гэж авсан боловч юу хийсэн, юу авсан талаараа хэлээгүй. Надад мэдэх зүйл байхгүй. ...Миний хувьд гомдол санал байхгүй, харин надаас авсан 110.000 төгрөгийнхөө зарцуулалтыг танилцуулаагүй учир би 110.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 33 дахь тал)
- Хохирогч Д.Б-н “...Б.Г-тай албаны л харилцаа холбоотой байсан. ...Би тус цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байрны эмчээр 2004 оноос хойш 2021 он хүртэл тасралтгүй 17 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Би эрүүлжүүлэх саатуулах байранд ажиллаж байх хугацаандаа цалин мөнгө нэмүүлсэн хасуулж байсан тохиолдол олон байдаг. Нэмүүлсэн үедээ тухайн мөнгөө өөртөө л зарцуулдаг байсан. Зарим үед хэрэгцээтэй эм тариаг тодорхой хэмжээний мөнгөөр авч эрүүлжүүлэх, саатуулах байрандаа өгдөг. Харин 2019 оноос тус эрүүлжүүлэх саатуулах байрны ахлах байцаагчаар томилогдож ирсэн Б.Г-ыг ирснээс хойш нэмүүлсэн цалингаа тухайн үед Б.Г-ын данс руу шилжүүлж байсан. Учир нь Б.Г цалин буухын өмнө надад “цалингийн тэдэн хувиар нэмлээ шүү, тэр мөнгийг над руу шилжүүлээрэй, би эрүүлжүүлэх байранд зарцуулна” гэж хэлдэг байсан. Ингээд л надаас 3 удаа нийт 345.000 төгрөгийг авсан. Тэрнээс бид 2-ын дунд ямар нэгэн мөнгө төгрөг, эд зүйлийн өр авлагын асуудал байхгүй. Одоо ч байхгүй. Б.Г-ыг миний цалин дээр хувь нэмж оруулаад мөнгө гаргуулан эрүүлжүүлэх саатуулах байрны эм тариа бусад засвар үйлчилгээ, эд зүйл худалдаж авахад зарцуулна гэхэд нь татгалзаж болохгүй байх аа гэхэд зүгээрээ эм тариа бусад зүйл дутагдалтай байгаа юм чинь болно гэдэг байсан. ...Тухайн үедээ бол надад надаас авсан мөнгөнүүдийг ийм тийм юманд тэдэн төгрөг зарцуулсан гэж тайлагнаж байгаагүй, харин ийм эм тариа авсан шүү гэж баримтыг нь харуулдаг байсан. Эм хангамжид улиралдаа 25.000 төгрөгийн эм тариа хангалт өгдөг байсан. Эм тариа дууссан үед хангалт өгдөггүй, бид өөрсдөө авдаг. Засвар үйлчилгээний санхүүжилт нь хэлтсээс гаргадаг. Би одоогоор цээжээр хэлж мэдэхгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дахь тал),
- Хохирогч Ж.Ч-ын “...Би 2013 онд Дотоод Хэргийн Их Сургуульд цагдаа дамжааг дэд ахлагч цолтой төгсөж *** дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Нийтийн хэв журам хамгаалах тасагт хэв журмын цагдаагаар томилогдон өнөөдрийг хүртэл 9 жил тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд албан тушаалын өөрчлөлтөөр жижүүрийн цагдаа жолоочийг 2014 оноос хойш хийж байгаад тус тасгийн эрүүлжүүлэх байрны цагдаа жолоочийн орон тоо дээр цагдаа жолоочгүй болж би 2019 оноос хойш ажиллаж эхэлсэн. Гэхдээ миний тушаал 2020 онд гарсан. Учир нь өөрийн хүсэлтээ өгөөгүй шалтгаанаар тушаал гараагүй байсан. Ингээд би 2020 онд хүсэлтээ өгч тушаалаар эрүүлжүүлэх байрны цагдаа жолоочоор томилогдсон. Намайг уг эрүүлжүүлэх байрны цагдаа жолоочоор орж ажиллахад эрүүлжүүлэх байрны ахлах байцаагчаар цагдаагийн хошууч Б-ын Г, мөн эрүүлжүүлэх байрны 4 эмч, 3 жолооч, эрүүлжүүлэх байрны жижүүрийн 12 цагдаа нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. ...2019 оны 9 билүү 10 дугаар сард цалингийн үр дүнгээр намайг болон цагдаагийн дэд ахлагч Э, мөн нэг алба хаагчийн буюу нийт 3 алба хаагчийг 20 хувиар нэмж байсан. Тэгсэн цалин ороход Г над руу утсаар ярьж чам руу 20 хувийн нэмэгдэл буюу 130.000 төгрөг орсон байх ёстой, тэр мөнгийг одоо над руу шилжүүл гээд 4-5 удаа залгаж өөрийнхөө “Хаан банк”-ны дансыг өгсөн. Тэгэхээр нь би анхандаа миний цалин дээр нэмэгдсэн учир өгөх дургүй байсан боловч нэгдүгээрт манай ахлах албан тушаалтан, хоёрдугаарт зогсоо зайгүй утсаар залгаад байхаар нь би аргагүй эрхэнд шилжүүлсэн. Г нь тухайн үед зөрчил гаргасан 3 алба хаагчийн цалинг хасаж өөр 3 алба хаагч дээр нэмж тэр мөнгийг цалин буухаар өөрийнхөө данс руу авсан. Үүнийг Э мөн гэрчилнэ. Би Г руу мөнгө шилжүүлэхдээ Ч гэсэн утгатай өөрийнхөө данснаас шилжүүлж байсан. Мөн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч М.М ярихдаа мөн л цалин нэмээд нэмсэн хувийнхаа мөнгийг авсан гэж ярьж байсан. Г нь алба хаагчдын цалинг хасаад цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч О.Х, Ц.Э, жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Х.Ц, Д нар дээр нэмж өөрийн данс руугаа авч байсан удаа байгаа. Ийм учир энэ асуудлыг шалгуулахыг хүссэн. ...Миний мэдэхээр хамгийн сүүлд 2022 оны 04 дүгээр сард Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан болох үед хамгаалалтад манай эрүүлжүүлэх байрны алба хаагчдаас 4-5 алба хаагч бэлэн байдалд Сүхбаатарын талбайн ойр орчимд 2 хоног ажилласан. Ингээд хамгаалалт буусны дараагаар манай эрүүлжүүлэх байрны алба хаагчдад цалин гэсэн утгатай 9000 төгрөг болон 18000 төгрөг орж байсан. Харин надад ороогүй. Тэгэхээр нь би жижүүрийн цагдаа О, М нараас асуухад “хамгаалалтад ажилласан алба хаагчдын хоолны мөнгө орж байна” гэсэн. Тэгэхээр нь О-ийг хамгаалалтад ажиллаагүй байж яахаараа чиний дансанд мөнгө ордог юм гээд асуухад “мэдэхгүй ахлах байцаагч Г нэр явуулсан байх” гэж байсан. Би энэ талаар тодруулж Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч С.А-аас асуухад “Танай ахлах Г нэр өгсөн", тэр нэрсийг нь би газар луу явуулсан гэж байсан. Үүний дараагаар Г нь дээрх хамгаалалтад ажиллаагүй алба хаагчдаас мөнгийг нь авсан гэж ярьж байсан. ...Энэ асуудал нь намайг ажиллаж байх хугацаанд болж байсан учир нэгдүгээрт таслан зогсоох, 2 дугаарт хохирсон алба хаагчдыг хохиролгүй болгуулах талаар Авлигатай тэмцэх газарт хандсан юм. ...Г нь надаас нэг удаа 130.000 төгрөг авсан. Мөн миний хамгаалалтад ажилласан хоолны 18.000 төгрөгийг өгөөгүй өөр хүний дансанд хийлгэж авсан байсан. Харин бусад өөр алба хаагчдын цалинг хэдэн удаа нэмж өөрийн дансандаа авч байсан эсэхийг хэлж мэдэхгүй, учир нь хэний цалинг хэдэн хэдэн хуваарь нэмсэн эсэхийг хэлж мэдээлдэггүй. Ер нь бол ажил дүгнэж хуралддаггүй. Ахлах байцаагч Г нь өөрөө л хэний цалин яаж нэмж хасахаа санал оруулдаг. Наад захын жишээ гэхэд 2021 оны гүйцэтгэлийн биелэлтээр намайг болон 3 жолооч 3 эмчийг шалтгаангүйгээр С үнэлж үр дүнг тооцуулаагүй. Харин ажилд томилогдоод 6 сар ч болоогүй цагдаагийн дэд ахлагч А.Б, дэд ахлагч О нарыг А үнэлэн цалинг 40 хуваар нэмүүлж байсан. Магадгүй энэ 2-ын мөнгийг ч авсан байж магадгүй гэж сэжиглэж байна. Г хошуучийн алба хаагчдаас ингэж мөнгө авдаг асуудлыг хэлж ярьж байгаагүй. Энэ асуудлын талаар манай алба хаагчид өөрсдөө мэдүүлгээ өгчих байх. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү л гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21-23 дахь тал),
- Хохирогч Н.Д-ийн “...Ахлах байцаагч Б.Г нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний орой намайг ажлын байран дээрээ байж байх үед орж ирээд “Чиний цалинг 20 хувь нэмсэн, маргааш цалин орно, нэмсэн 20 хувийн мөнгийг надад өгөөрэй. Эрүүлжүүлэх байранд ойр зуурын юм авна” гэхээр нь би за гээд үлдсэн. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 25-нд цалин буутал Г нь над руу өөрийн утсаараа дансаа явуулсан. Тэгэхээр нь би явуулсан данс руу 140,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ талаараа би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй ярьсан. ...Б.Г нь миний цалин дээр нэмэгдэл олгож 1 л удаа буцааж авсан. 140,000 төгрөгөө нэхэмжилж авна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 30 дахь тал),
- Гэрч Э.Т-ийн “...2022 оны 06 дугаар сард Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газарт аж ахуйн албаны офицерын орон тоон дээр дэд ахлагч цолтой томилогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Миний ажил үүргийн хуваарьт тус цагдаагийн газрын харьяанд байх барилга байгууламжийн бүрэн бүтэн байдал, засвар, цэвэрлэгээ үйлчилгээ, тохижилт зэргийг хариуцахаар заасан байгаа. ...Барилга, байгууламжийн засвар үйлчилгээний санхүүжүүлэлт нь цагдаагийн ерөнхий газраас санхүүждэг байх. Би энэ талаар нарийн сайн мэдэхгүй байна. Засвар үйлчилгээг хийхэд алба хаагчдаас мөнгө хурааж засвар үйлчилгээг хийдэг эсэхийг мэдэхгүй, намайг ажил авснаас хойш тийм тохиолдол байхгүй, би ажиллаж байх хугацаандаа цагдаагийн хошууч Б.Г-ыг эрүүлжүүлэх саатуулах байранд засвар үйлчилгээ хийсэн гэж сонсоогүй. Цагдаагийн газрын даргын нэр дээр тухайн газрын хэлтэс, тасгийн барилга байгууламжийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ хийх шаардлагатай зүйлсийг танилцуулга ирэхэд нь газрын даргаас манай ахлах нягтлан бодогч Б.Т-д судалж танилцуулах талаар цохолт хийдэг. Ингээд ахлах нягтлан бологчоос надад судлах талаар үүрэг өгдөг. Би цохолтын дагуу тухайн барилга байгууламж дээр очиж судалгаа хийгээд шаардлагатай засвар үйлчилгээ хийгдэх ажлыг нь танилцаад гэрэл зургаар баталгаажуулж газрын даргадаа илтгэх хуудсаар танилцуулдаг. Үүний дараагаар дарга засвар хийх шаардлагатай гэж үзвэл засварлах цохолт хийснээр тухайн байгууламжийн засвар үйлчилгээ хийгдэж эхэлдэг...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал),
- Гэрч Э.Э-ийн “...би 2019 оны 09 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газарт нягтлан бодогчоор ажиллаж байна. Би нягтлан бодогчоор цагдаагийн байгууллагад 15 дах жилдээ ажиллаж байна. Б.Г бид 2-ын дунд гэр бүл төрөл садны харилцаа холбоо байхгүй, бид албаны харилцаа холбоотой. Батлагдсан орон тоогоор ахлах байцаагч нь ороод нийт 20 орон тоотой. Ахлах байцаагчийн шууд удирдлагад нийт 19 алба хаагч ажилладаг. Б.Г нь намайг 2019 оны 09 дүгээр сард нягтлан бодогчоор ажиллан цалин мөнгө бодоход л ахлах байцаагчаар ажиллаж байсан. Миний цалин программаас тус цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд ажиллаж байсан алба хаагчдыг түүвэрлэн үзэхэд нийт 27 алба хаагчийн нэр гарч ирсэн. Уг нэрсийг би хавсралтаар гаргаж өгнө. Эрүүлжүүлэх байрны цагдаа О.Х нь цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ба бусад нь одоо тус цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байрандаа ажиллаж байгаа. Эрүүлжүүлэх саатуулах байр нь *** дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст харьяалагддаг. Тийм учир эдгээр алба хаагчдын цалин мөнгө нэмж хасах саналыг тус хэлтсийнх нь даргын саналаар хурлаар орж хэлэлцүүлсэн даргын зөвлөлийн гишүүд шийдвэрлэдэг. Урсгал засварын зардал нь тухайн жилийн батлагдсан төсвийн дагуу сар бүр эрх нь нээгдэж байгууллагын дансанд мөнгө нь орж ирдэг. Хэлтэс, тасгийн алба хаагчдаас мөнгө төгрөг хураалгаж байгууллагад засвар үйлчилгээ хийлгэж байсан тохиолдол байхгүй, засвар үйлчилгээ хийсэн гэж сонсоогүй, мэдэхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дэх тал),
- Гэрч Д.А-ын “...Намайг ажилд ороход Ц гэдэг нярав хариуцаж байгаад хүүхэд асрах чөлөө аваад явчихсан байгаа. Би ажилд орсноор тухайн эрүүлжүүлэх саатуулах байрны барилга, байгууламжийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг хариуцаж байгаад 2022 оны 06 дугаар сараас аж ахуйн ажилтан, цагдаагийн дэд ахлагч Т хариуцдаг болсон. Байгууллагын барилга байгууламжийн засвар үйлчилгээний урсгал засварын санхүүжилт нь Цагдаагийн ерөнхий газраас санхүүждэг. Засвар үйлчилгээг хийхэд алба хаагчдаас мөнгө хураадаггүй. Цагдаагийн хошууч Б.Г нь өөрийн санаачилгаар эрүүлжүүлэх саатуулах байранд ийм тийм засвар үйлчилгээ хийсэн гэж танилцуулж байгаагүй. Харин нэг удаа хариуцан засвар үйлчилгээг хийлгэж байсан. Гэхдээ засвар үйлчилгээний санхүүжилтийг цагдаагийн газрын санхүүгээр шийдүүлж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дахь тал),
- *** дүүргийн Цагдаагийн газраас гаргуулан авсан Эрүүлжүүлэх саатуулах байрны алба хаагчдын цалин нэмсэн хассан тушаал, цалингийн хүснэгт (1 дүгээр хавтаст хэргийн 59-72 дахь тал),
- *** дүүрэг дэх Цагдаагийн газраас ирүүлсэн эрүүлжүүлэх саатуулах байрны албан хаагчдын цалин нэмж хассан тушаалуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хавсралт (1 дүгээр хавтаст хэргийн 73-77 дахь тал),
- Албан тушаалын тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 105-107 дахь тал),
- Цалингийн карттай холбоотой баримтууд 2019, 2020, 2021, 2022 он (1 дүгээр хавтаст хэргийн 112-248 дахь тал),
- Шүүгдэгч Б.Г-ын “Хаан банк”-ны ***, ***, ***, *** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 74-79 дэх тал),
- Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/690 дугаартай тушаал (2 дугаар хавтаст хэргийн 59-62 дахь тал),
- Гэрч Б.Т-ын “...Миний хувьд алба хаагчдын цалин мөнгийг нэмж өөрийн дансандаа авч хувьдаа завшсан зүйл байхгүй. Би тухайн үед дээрх мөнгөөр буйдан авсны дараагаар гарынхаа даргад танилцуулж байсан. Газрын даргын хувьд нэг бүрчлэн алба хаагчдын ажлын үр дүнг дүгнэх боломж байхгүй, цагдаагийн газрын дарга нь дотроо хэлтэс, тасгийн дарга ахлахуудтай, тасгийн дарга ахлахууд өөрийн хариуцсан алба хаагчдын ажлыг дүгнэж санал гаргадаг. Эрүүлжүүлэх саатуулах байрны алба хаагчдын цалин мөнгийг нэмж хасах асуудлыг тус эрүүлжүүлэх саатуулах байрны ахлах байцаагч нь гаргаж нийтийн хэв журам хамгаалах тасгийнхаа дарга танилцуулж тасгийн дага нь бусад алба хаагч нарыгаа нэгтгэн газар хэлтсийн даргад танилцуулдаг...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 141-144 дэх тал)
- Гэрч Х.У-ын “...өмнө нь бол Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код-111-т “албан хаагчдын ажлын үр дүнг үнэлэх” гэж заасны дагуу алба хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг сар бүр дүгнэж А, В үнэлэгдсэн алба хаагчдын үндсэн цалинг 5-20 хувь хүртэл урамшуулдаг байсан. 2022 оны 02 дугаар сараас эхлэн алба хаагчдын ажлын үр дүнг улирал, хагас, жилийн эцэс гэсэн байдлаар мөн л гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж урамшуулдаг болсон. Алба хаагчдын ажлын үр дүнг эхэлж тухайн тасаг нь дотроо хуралдаж, хэлтсийн даргаар баталгаажуулж дараа нь газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэдэг. Ийм зарчмаар алба хаагчдын цалин мөнгө нэмэгдэж хасагдаж байгаа...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 243-244 дэх тал)
- Гэрч Б.Г-ын “...Намайг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажиллаж байх хугацаанд Эрүүлжүүлэх саатуулах байрны ахлах байцаагчаар Б.Г гэдэг хошууч цолтой хүн ажиллаж байсан. Эрүүлжүүлэх саатуулах байрны ахлах байцаагч нь тухайн байрны хэвийн үйл ажиллагаа, өдөр тутмын үйл ажиллагааг хангах, мөн алба хаагчдын өдөр тутмын ажилд нь хяналт тавих, ажлын үр дүнг тооцох үндсэн чиг үүрэгтэй. Ер нь бол эрүүлжүүлэх саатуулах байртай холбоотой үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй. Би одоо ажлын байрны тодорхойлолтод нь ямар эрх хэмжээтэй, ямар үүрэг хариуцлагатай гэдгийг хэлж мэдэхгүй байна. Манай нийтийн хэв журам хамгаалах тасаг нь тухайн цаг хугацаанд дарга, ахлах, алба хаагчид нийлсэн 138 алба хаагчидтай тасаг байсан. Хэв журам хамгаалах тасаг нь дотроо 5 тасаг, хэсэг буюу Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг хариуцсан Жаргалант цагдаагийн тасагт, 5 шар цагдаагийн хэсэг, Толгойт цагдаагийн хэсэг, Авто эргүүлийн хэсэг, Эрүүлжүүлэх саатуулах байр байдаг. Тасаг хэсгийн дарга ахлахууд нь хариуцсан тасаг хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж ажилладаг. Сарын тайлан мэдээ гарсны дараагаар алба хаагчдын ажлын үр дүнг тооцохдоо тасаг хэсэг бүр дотооддоо хуралдан үр дүнг тооцож алба хаагчдын цалинг нэмж хасах саналаа надад ирүүлнэ. Үүнийг би нэгтгэн хэлтсийн дарга танилцуулан газрын даргад хүргүүлдэг. Ингээд алба хаагчдын үр дүн тооцогддог. Цагдаагийн тасаг хэсгийн дарга ахлахуудын алба хаагчдын ажлын үр дүнг тооцох эрх хэмжээ нь цагдаагийн газрын дотоод дүрэм журмаар зохицуулдаг. Эрүүлжүүлэх саатуулах байрны засвар үйлчилгээ, эм хангалт нь Цагдаагийн газрын тухайн жилийн батлагдсан төсвөөс санхүүжилт гардаг. Тухайн батлагдсан төсвөөс эрүүлжүүлэх саатуулах байрны засвар үйлчилгээнд хэдэн төгрөг төсөвлөгдсөн байдгийг мэдэхгүй, харин эм тарианы хувьд бол 60.000 билүү 100.000 төгрөг байдаг байсан. Миний хувьд дээрх 5 тасаг, нэгжийн алба хаагчдын ажлын үр дүнг дүгнэх боломжгүй, мөн дээр нь хариуцсан тасаг хэсгийн дарга, ахлахуудыг томилсон учраас тэдгээр хүмүүс нь алба хаагчдынхаа өдөр тутмын ажил, үйл ажиллагаанд хяналт тавьж ажлын үр дүнг тооцож мэдээ тайлангаа гаргаж өгдөг юм. Миний хувьд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажиллаж байх хугацаандаа Эрүүлжүүлэх саатуулах байрны ахлах байцаагч Б.Гад алба хаагчдын ажлын үр дүнг тооцож цалинг нь нэмж тухайн мөнгөөр нь эрүүлжүүлэх саатуулах байрны засвар үйлчилгээ, хэрэгцээт зүйлс, эм тариа авах захиран зарцуулах талаар үүрэг чиглэл өгч байсан удаа байхгүй. Алба хаагчдын цалин мөнгийг нэмж тухайн мөнгөөр байгууллагад зарцуулж болохгүй, тийм дүрэм журам байхгүй. Б.Г-ын хувьд хэн нэгэн алба хаагчдын цалин мөнгийг нэмж ингэлээ тэглээ гэж надад хэлж ярьж байгаагүй, танилцуулга ч ирүүлж байгаагүй. Б.Г нь нойлын суултуур эвдэрсэн, хулдаас урагдсан гэх мэтэд шаардлага бичиж нярваас авч байсан. Б.Гын хувьд бол алба хаагчдын ажлын үр дүнг дүгнэж хуралдсан ямар нэгэн тэмдэглэл өгч байгаагүй, хурлын тэмдэглэл өгөхийг шаарддаг байсан боловч өгдөггүй байсан. Миний хувьд тасгийн алба хаагчдын ажлын үр дүнг дүгнэхдээ зөвхөн дарга, хариуцсан ахлахуудыг оролцуулан хийдэг байсан. Тухайн хурал дээр дарга ахлахууд тасаг хэсгээс цалин мөнгө нэмэгдэж байгаа алба хаагчдын саналыг гаргадаг байсан. Гаргасан саналыг нь дэмжээд явуулдаг. Тэрнээс тасгийн нийт алба хаагчдыг байлгаж ажлын үр дүнг дүгнэх хурал зохион байгуулах боломжгүй юм. Учир нь ажлын байрны тодорхойлолт нь өөр өөр байдаг учир боломжгүй байдаг байсан. Алба хаагчдыг тухайн хариуцсан дарга ахлахууд нь үнэлж дүгнэдэг...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 47-48 дахь тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч Б.Г нь 2019 оны 10 дугаар сарын 23-аас 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд *** дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны ахлах байцаагчаар ажиллаж байх хугацаандаа тус хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, цагдаагийн ахмад Д.Б, саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлах, ахлагч Н.Д, Х.Ц нарт “...тус бүрийн сарын цалин дээр урамшуулал бодож олгох ба тухайн мөнгөөр эрүүлжүүлэх саатуулах байранд ойр зуурын юм авч засвар хийж, тохижуулах тул урамшуулал болгон орсон мөнгийг надад буцаан хураалгана...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдаас нийт 715,000 төгрөгийг шилжүүлэн авсан байна.
Шүүгдэгч Б.Г нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны ахлах байцаагчаар ажиллаж байсан буюу төрийн тусгай албан тушаал хашиж байсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.4, 4.1 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарч байна.
Хэрэгт хохирогч Х.Ц-ын “...эрүүлжүүлэх байрны ахлах байцаагч Б.Г нь надад хандаж “Бөгс мөнгөн дээр чинь хэдэн хувь нэмсэн байгаа, цалин буухаар над руу шилжүүлээрэй, эрүүлжүүлэх саатуулах байранд ойр зуурын юм авна” гэж байсан... боловч юу хийсэн юу авсан талаараа хэлээгүй...” гэх, хохирогч Д.Б-н “...2019 оноос тус эрүүлжүүлэх саатуулах байрны ахлах байцаагчаар томилогдож ирсэн Б.Г-ыг ирснээс хойш нэмүүлсэн цалингаа тухайн үед Б.Г-ын данс руу шилжүүлж байсан. Учир нь Б.Г цалин буухын өмнө надад “цалингийн тэдэн хувиар нэмлээ шүү, тэр мөнгийг над руу шилжүүлээрэй, би эрүүлжүүлэх байранд зарцуулна” гэж хэлдэг байсан. Тухайн үедээ бол надад надаас авсан мөнгөнүүдийг ийм тийм юманд тэдэн төгрөг зарцуулсан гэж тайлагнаж байгаагүй, харин ийм эм тариа авсан шүү гэж баримтыг нь харуулдаг байсан...” гэх, хохирогч Ж.Ч-ын “...би анхандаа миний цалин дээр нэмэгдсэн учир өгөх дургүй байсан боловч нэгдүгээрт манай ахлах албан тушаалтан, хоёрдугаарт зогсоо зайгүй утсаар залгаад байхаар нь би аргагүй эрхэнд шилжүүлсэн. Г нь тухайн үед зөрчил гаргасан 3 алба хаагчийн цалинг хасаж өөр 3 алба хаагч дээр нэмж тэр мөнгийг цалин буухаар өөрийнхөө данс руу авсан. Би Г руу мөнгө шилжүүлэхдээ Ч гэсэн утгатай өөрийнхөө данснаас шилжүүлж байсан....” гэх, хохирогч Н.Д-ийн “...Ахлах байцаагч Б.Г нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний орой намайг ажлын байран дээрээ байж байх үед орж ирээд “Чиний цалинг 20 хувь нэмсэн, маргааш цалин орно, нэмсэн 20 хувийн мөнгийг надад өгөөрэй. Эрүүлжүүлэх байранд ойр зуурын юм авна” гэхээр нь би за гээд үлдсэн. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 25-нд цалин буутал Г нь над руу өөрийн утсаараа дансаа явуулсан. Тэгэхээр нь би явуулсан данс руу 140,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх, гэрч Б.Г-ын “...Миний хувьд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажиллаж байх хугацаандаа Эрүүлжүүлэх саатуулах байрны ахлах байцаагч Б.Гад алба хаагчдын ажлын үр дүнг тооцож цалинг нь нэмж тухайн мөнгөөр нь эрүүлжүүлэх саатуулах байрны засвар үйлчилгээ, хэрэгцээт зүйлс, эм тариа авах захиран зарцуулах талаар үүрэг чиглэл өгч байсан удаа байхгүй. Алба хаагчдын цалин мөнгийг нэмж тухайн мөнгөөр байгууллагад зарцуулж болохгүй. Тэгж болно гэсэн дүрэм журам байхгүй...” гэх мэдүүлгүүд тус тус авагдсан ба шүүгдэгч Б.Г нь хууль тогтоомж, тушаалаар өөрт олгогдсон албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад хуурамч сэтгэгдэл төрүүлж, хохирогч нарт худал хэлэн мөнгө шилжүүлэн авсан үйлдлийн арга, хэлбэр, шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэх хүндрүүлэн шинжийг бүрэн хангаж байна.
Түүнчлэн, түүний хэд хэдэн удаагийн бусдыг залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хангаж байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэгт тооцогдоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан ба шүүгдэгч Б.Г албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг залилсан үйлдэл нь хууль бус болох нь илэрхий байтал уг үйлдлийг хүсч, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар олж авсан байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.3. Хохирол, хор уршиг
Эрүүгийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-д 345,000 төгрөг, хохирогч Н.Д-д 140,000 төгрөг, хохирогч Ж.Ч-д 120,000 төгрөг, хохирогч Х.Ц-д 110,000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох саналтай, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах саналтай ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч Б.Г нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргадаггүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг бүрэн төлсөн, 4-14 насны хүүхдүүдтэй, цэргийн байнгын тэтгэвэрт гарсан зэрэг хувийн байдлыг тус тус харгалзаж үзнэ үү. Улсын яллагчийн 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялын саналыг дэмжиж байна...” гэв.
Хохирогч: “...хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 90 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 92 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 93 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 94 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 98-99 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 100 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 102-112 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосноор шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн Хаан банкны дансны хуулга бүхий 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Б-ын Г-ыг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-д 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн Хаан банкны дансны хуулга бүхий 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР