2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/295

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408041621866 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт М-ын С, Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, ах нарын хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо *** түр байрлах, регистрийн дугаар ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.С нь хохирогч Л.М-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

Шүүгдэгч М.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч М.С нь 2024 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр *** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Л.М-тэй маргалдаж түүний үснээс зулгаан хана мөргүүлж, гараар нүүр лүү нь цохиж зодон эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн хацар, эрүү, уруул, дагзны зөөлөн эдийн няцрал, хацарт зулгаралт, уруулын дотор салстад шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

-  “...Хүмүүс зодолдоод, эмэгтэй хүн орилж чарлаад байна...” гэх утга бүхий дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),

- Хохирогч Л.М-ийн “…2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, *** байранд гэртээ ганцаараа байж байхад 19 цагийн орчимд гаднаас хамтран амьдрагч С.С ороод ирсэн. Тэгээд бид хоёр оройн хоол идээд байж байхад С.С-ын нагац ах болох Э нь зүс таних С гэх залуутай манай гэрт ороод ирсэн. Удалгүй С Э-ыг дэлгүүр лүү пиво аваад ир гэж хэлээд явуулсан. Э дэлгүүрээс Сэнгүр гэх нэртэй 2 литрийн пиво хоёр ширхэг, Агар гэх нэртэй 0,5 литрийн архи хоёр ширхгийг аваад ороод ирсэн. Бид нар тухайн пиво, архийг хувааж ууж байгаад согтчихсон. Тэгтэл С нь угаалтуурын өрөөнд намайг байж байхад орж ирээд үг хэлэлгүй намайг шууд үсдээд чирээд хаалганы буланд аваачаад миний эрүү, уруул хэсэгт гараараа цохиод байсан. Тэгэхэд Э салгаад намайг босгохоор нь гарч зугтаагаад цагдаад дуудлага өгсөн. С намайг гараараа нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор сайн санахгүй байна. С намайг ганцаараа зодсон. Тухайн үед манай хамтран амьдрагч С.С байсан. Мөн Э гээд манай хамтран амьдрагчийн нагац ах байсан. С.С унтаж байсан санагдаж байна. Би нэлээн уусан байсан. Гэхдээ биеэ хянах чадвартай байсан бөгөөд болсон хэргийн талаар тод санаж байна. Надад гомдол санал байхгүй. Миний эмнэлэгт үзүүлсэн мөнгө болох нийт 150,000 төгрөгийн хохирол учруулсан. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэхгүй…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37 дахь тал),

- Гэрч Б.Э-ын “...2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн орчимд ажлаасаа тараад С.С-ынд очоод М, С, С.С бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр болоод 0,5 литрийн Агар нэртэй архи, мөн Боргио гэх нэртэй 2 литрийн пиво хувааж уусан. Тэгээд удалгүй бид нар согтчихсон юм. Тэгтэл С нь Мийг байрны өрөөний буланд унагаачихсан, дээр нь гараад өвдөглөөд суучихсан гараараа далайгаад цохиод байсан. Би очоод салгах гэтэл С нь намайг түлхээд унагаачихсан. Тэгээд би босож чадахгүй унтаад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 84-86 дахь тал),

- Гэрч С.С-ын “...2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би ажлаасаа тарж ирээд танил болох С, Э, мөн хамтран амьдрагч М-ийн хамт манайд ирээд 0,5 литрийн Агар гэх нэртэй архи, мөн 2 литрийн Сэнгүр нэртэй пиво хувааж уусан. Тэгээд удалгүй би тасраад унтаад өгсөн. Би юу болсон талаар мэдэхгүй байна. Өглөө сэрээд ийм асуудал болсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90 дэх тал),

 - Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13745 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “…Дүгнэлт: 1. Л.М-ийн биед тархи доргилт, зүүн хацар, эрүү, уруул, дагзны зөөлөн эдийн няцрал, хацарт зулгаралт, уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Эрүүний зөөлөн эдийн няцрал дангаараа хохирлын зэрэг тогтоогдохгүй, бусад гэмтэл нийтдээ болон дангаараа хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн (хавтаст хэргийн 17-18 дахь тал) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 13745 дугаартай дүгнэлтээр хохирогч Л.М-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч М.С нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч Л.М-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Шүүгдэгч М.С нь хохирогч Л.М-ийг цохиж зодсон үйлдэл, хохирогчийн биед учирсан тархи доргилт, зүүн хацар, эрүү, уруул, дагзны зөөлөн эдийн няцрал, хацарт зулгаралт, уруулын дотор салстад шарх гэмтлүүд нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч М.С-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

​​​​​​​1.3. Хохирол, хор уршиг

Хохирогч Л.М нь гэмт хэргийн улмаас баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч М.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500,000 төгрөг, 700,000 төгрөгийн үнэ бүхий гар утас өгсөн гэж мэдүүлэх боловч энэ талаарх баримт хэрэгт мөн авагдаагүй байна.

Иймд шүүгдэгч М.С-г энэ тогтоолоор бусдад төлбөргүй гэж үзэж, харин хохирогч Л.М-ийн биед хөнгөн хохирол учирсан байх тул тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-д 460 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна ...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох  иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дэх тал), Голомт банкны дансны хуулга (хавтаст хэргийн 57-81 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч М.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан бусдын биед халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч М.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.С-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.

​​​​​​​​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.С нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овогт М-ын С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-д 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.С нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг  тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАР