2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/306

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Д.Түмэнжаргал,

хохирогч Б.Ш, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,

шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000000982 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Г-ийн Л, Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, К*** ХХК-д мужаан ажилтай, ам бүл 1, *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Л нь хохирогч Б.Ш-ын биед хүнд хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг,

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн эрх ашгийг хамгаалах байр суурьтайгаар оролцож 1-р хавтаст хэргийн 78, 103, 108, 186, 188, 191, 192, 193, 194, 195, 196, 197-198, 199-200, 2-р хавтаст хэргийн 21-26 дахь талд авагдсан нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцоно гээд хавтаст хэргээс шүүгдэгчийн хувийн байдалтай болон шүүхэд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Л нь 2023 оны 04 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Ш-тай үл ялих зүйлээр шалтаглан толгойгоороо мөргөж, гараар цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний алимын салстын урагдал, судсан бүрхүүл, шилэнцэр, солонгон бүрхүүлийн хавчуулагдалт, зүүн нүдний хараагүйдэл, 1 шүдний паалангийн эмтрэл, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацар, зүүн чих, уруулд зулгаралт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 1 дэх тал),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 13-17 дахь тал),

- Хохирогч Б.Ш-ын “…Манай хүүхдийн ангийн эцэг эхчүүд ангийн багшид нь гарын бэлэг өгнө гээд ярьчихсан байсан юм. Тэгээд 2023 оны 04 сарын 28-нд орой 19 цагийн үед манай хүүхдийн эцэг эхчүүд “***” гэх нэртэй бааранд уулзахаар болоод би 20 цагийн үед ажлаа тараад гэртээ очоод эхнэр Э-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” гэх бааранд 22 цагийн үед очсон. Эхнэр бид хоёрыг очиход манай хүүхдийн эцэг эхчүүд ширээ засаад бөөндөө сууж байсан. Эхнэр бид хоёр юм ярьж сууж байгаад би захиалсан байсан пивоноос нь 3 ширхгийг уусан юм. Тэгээд юм яриад сууж байхад манай эхнэр Э-т гэрийн ойролцоо байрлах би бүтэн нэрийг нь сайн санахгүй байна, М гэж дууддаг хүн гэр лүүгээ хамт явна шүү гэж хэлж байсан юм. Манай эхнэр жирэмсэн байсан болохоор эхнэр бид хоёр жаахан сууж байгаад явах гээд М бүжгийн талбайд бүжиглэж байхаар нь би М-д явья гэж хэлэхээр очих үед нэг танихгүй залуу М бид хоёрын голоор орж ирэхээр нь би тэр хүнд “би наад эмэгтэй хүнтэй чинь хамт явж байгаа юм. Одоо авч явах гэж байгаа юм” гэж хэлээд зөрөх үед миний мөрөн дээрээс татахаар нь эргэж харахад миний нүүрэн хэсэг рүү толгойгоороо нэг удаа мөргөхөд нь би хойшоо унасан. Намайг унах үед миний нүүрэн дээрээс гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би цааш нь юу болсон талаар сайн санахгүй байна. Би тухайн хүнийг өмнө харж байгаагүй. Танихгүй. Миний зүүн талын нүд хараагүй болсон. Би сая зүүн талын нүдний хагалгаанд орсон. Миний дээд талын 1 ширхэг үүдэн шүд эмтэрсэн. Мөрнөөс дээш хэсэг хөхөрч хавдсан. Энд тэнд шалбарч цус гарсан. Дээд талын уруул хавдаж хөхөрсөн. Би эрүүл мэндээрээ хохирсон. Мөн би ажил дээрээ бригад хариуцан 10 гаран хүн хариуцаж ажиллуулдаг. Тухайн үед би 16 давхар барилгын авсан, 6 давхар дээрээ явж байсан. Энэ асуудлаас болж миний барьж байсан барилгын захиалга цуцлагдсан. Мөн манай эхнэр төрөх дөхчихсөн. Ажил хийх боломжгүй. Энэ асуудлаас болж манай өрхийн орлого зогссон. Намайг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд манай эхнэрээс манай бригадад ажиллаж байсан хүмүүс цалингаа нэхэж ирсэн. Үүнээс болоод миний сэтгэл санаа хямарсан. Би гомдолтой байна…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

- Хохирогч Б.Ш-ын дахин өгсөн “…Би С ХХК-д бригадын дарга хийдэг. 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш одоог хүртэл ажилдаа яваагүй байгаа. Миний зүүн талын нүдгүй болж хагалгаа хийлгэж, нүдээ авхуулсан. Одоо оёдолтой байгаа. Намайг одоо хиймэл шилэн нүд суулга гэж хэлсэн. Тухайн хиймэл нүд нь хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна. Гүйцэт эдгэсэн үед хиймэл нүд суулгана гэсэн. Би Улсын гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хагалгаанд орсон. Би эмчилгээний зардал болон хиймэл нүд суулгах, ажилгүй байсан үеийн цалин хөлс, мөн насан туршдаа хараагүй нүдгүй болсон тул сэтгэл санааны хохирол гаргуулж авмаар байна. Би одоо хүний хараа хяналтад байдаг боллоо. Бас эхнэр жирэмсэн, ажил төрөл хиймээр байдаг, эхнэр хүүхдээ тэжээмээр байдаг, ажил хийж болохгүй хөдөлгөөн хорьсон болохоор надад хэцүү байна. Би эрүүл мэндээрээ хохирсон тул их гомдолтой байна…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

- Гэрч Б.Э-ийн “…2023 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** бааран дотор байж байгаад би нөхөр болох Шын хувцсыг нь өмсүүлээд дагуулаад гарч байсан чинь үл таних хүн мөргөлдөөд хооронд заамдалцаад зодолдоод эхэлсэн. Би салгах гээд хүч хүрэхгүй болохоор хүмүүсээс салгаад өгөөч гээд салгах хооронд манай нөхөр газар унасан нөгөө залуу нь цохиж байсан.Тэгээд хүмүүс салгаад цагдаад дуудлага өгсөн. Манай нөхрийг Лхагвасүрэн нь гараараа цохисон, би салгах гээд сайн харж чадаагүй. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Манай нөхөр нэлээн согтолттой байсан. Тэдний хооронд ямар нэгэн маргаан болоогүй, гарахдаа мөргөлдөөд тэгээд шууд зодоон болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

- Гэрч Б.Э-ийн дахин өгсөн “…2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 22 цагийн үед нөхөр Б.Ш-ын хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй бааранд очиход манай хүүхдийн ангийн багш болон эцэг эхчүүд бөөндөө ширээ засаад дуусчихсан байсан. Тэгээд манай нөхөр бид хоёр жаахан юм ярьж сууж байхад манай гэрийн ойролцоо гэр нь байдаг М надад явахдаа хэлээрэй хамт явна шүү гэж хэлэхээр нь би за гэж хэлээд жаахан юм ярьж сууж байгаад би нөхөр Ш-ын хувцсыг өмсүүлэхэд манай нөхөр Ш М-т явъя гэж хэлчхээд ирье гээд бүжгийн талбайд очоод нэг үл таних залуутай хоорондоо заамдалцаад авсан байсан. Тэгэхээр нь би очоод салгах гээд хүчрэхгүй, жирэмсэн болохоор гэдэс рүүгээ цохиулчих байх гэж айгаад хүмүүсээс салгаад өг гээд гуйх хооронд манай нөхөр Ш газар унасан. Нөгөө залуу нь цохиж байсан. Тэгээд хүмүүс салгаад цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед манай нөхөр Ш ямар нэгэн хүнтэй маргалдсан зүйл байхгүй. Манай нөхөр Ш-ын зүүн талын нүд хараагүй болсон. Дээд талын үүдэн нэг шүд нь эмтэрсэн. Хамар хөхөрч хавдсан байсан…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

- Гэрч Б.М-ийн “…2023 оны 04 дүгээр сарын 29-ний 21 цагийн үед манай ангийн хүүхдийн эцэг эхчүүд дуудаад би Фортуна гэх нэртэй пабад очиход манай ангийн хүүхдийн эцэг эхчүүд сууж байсан. Бид хэд юм яриад сууж байхад Ш эхнэрийн хамт орж ирээд Фортуна гэх нэртэй пабад 1 цаг суугаад тэндээсээ гараад ойролцоо байдаг *** гэх нэртэй бааранд орсон. Бааранд ороод бид нар бөөндөө пиво захиалж авсан. Тэгээд юм яриад сууж байгаад Э надад манай нөхөр бид 2 явлаа гэж хэлээд босоод явсан юм... Би тухайн үед юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Анх Фортуна нэртэй пабад орж ирэх үед Ш-ын биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31, 33 дахь тал),

- Гэрч Х.М-ийн “…22 цагийн үед Ш, эхнэр Э-ийн хамт гаднаас орж ирсэн. Тэгээд бид нар хоорондоо юм ярьж сууж байгаад би Э-т явахдаа хэлээрэй, би хамт явна шүү гэж хэлчхээд босоод бүжгийн талбайд бүжиглэж байсан. 2023 оны 05 дугаар сарын 29-ний 02 цагийн үед гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, зээлийн 18-41А тоотод ирээд Э рүү залгаж ярихад манай нөхөр Ш сая *** нэртэй бааранд зодуулчихлаа гэж хэлсэн. Би тухайн үед юу болсон талаар мэдэхгүй байна. Тухайн үед Ш нь ямар нэгэн хүнтэй хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. *** бааранд ирэхдээ биед нь ямар нэгэн гэмтэл шарх учраагүй зүгээр байсан…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5749 дугаартай дүгнэлтээр: “…Дүгнэлт: 1.Б.Ш-ын биед зүүн нүдний алимны салстын урагдал, судсан бүрхүүл, шилэнцэр, солонгон бүрхүүлийн хавчуулагдалт, зүүн нүдний хараагүйдэл, 1 шүдний паалангийн эмтрэл, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацар, зүүн чих, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна…” гэх (хавтаст хэргийн 43-45 дахь тал),

- Шинжээч Б.Д-ийн “…Б.Ш-ын биед учирсан зүүн нүдний алимны салстын урагдал, судсан бүрхүүл, шилэнцэр, солонгон бүрхүүлийн хавчуулагдалт, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн үед хүнд гэмтэл юм. 1 шүдний паалангийн эмтрэл гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал),

- Улсын гуравдугаар төв эмнэлгийн тодорхойлолт (хавтаст хэргийн 78-102 дахь тал),

- Хохирлын баримт (хавтаст хэргийн 186-200 дахь тал),

- Шүүгдэгч Г.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэр үед би тухайн үл таних залуугийн зүүн нүд орчимд нь 2-3 удаа гараараа цохисон. Тэр үед би ямар гэмтэл учирсныг нь сайн анзаараагүй. Би ганцаараа явж байсан. Би хохирлоо барагдуулаагүй байгаа. Удахгүй хохирлыг нь барагдуулах болно..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 230 дахь тал) зэрэг болно.

 Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 5749 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Ш-ын биед зүүн нүдний алимны салстын урагдал, судсан бүрхүүл, шилэнцэр, солонгон бүрхүүлийн хавчуулагдалт, зүүн нүдний хараагүйдэл бүхий  ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулах хүнд зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Л нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болж хохирогч Б.Ш-ыг үл ялих зүйлээр шалтаглан, түүний эрх чөлөөнд халдаж, хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Шүүгдэгч Г.Л хохирогч Б.Ш-ыг тодорхой шалтгаангүйгээр толгойгоороо мөргөж, гараараа нүд хэсэгт цохисон үйлдэл, хохирогчийн биед учирсан зүүн нүдний алимны салстын урагдал, судсан бүрхүүл, шилэнцэр, солонгон бүрхүүлийн хавчуулагдалт, зүүн нүдний хараагүйдэл, 1 шүдний паалангийн эмтрэл, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацар, зүүн чих, уруулд зулгаралт гэмтлүүд нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч Л.Л-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруу, хэргийн үйл баримттай маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

​​​​​​​1.3. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Ш нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой баримтаар 6,253,470 төгрөгийг, ажилгүй байсан хугацааны олох байсан орлого 200,000,000 төгрөгийг нийт 206,253,470 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба шүүгдэгчийн зүгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой 6,253,470 төгрөгийн нэхэмжлэлтэй маргаагүй ба  шүүхийн хэлэлцүүлэгт 6,253,470 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч Б.Ш-аас гэмт хэрэг гарах үед олох ёстой байсан орлого 200,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтууд хангалтгүй байх тул хянан хэлэлцэх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан С ХХК-ийн “...Б.Ш-тай 5600 м2 талбай бүхий 280,000,000 төгрөгийн өртөгтэй мужааны бригадын ажлыг 4 сарын хугацаанд буюу 2023.03.20-ны өдрөөс 2023.07.01-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэх”-ээр Хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан, улмаар Б.Ш нь 2023.04.28-ны өдрөөс эрүүл мэндийн шалтгаанаар ажиллах боломжгүй болсон тул гэрээг харилцан ярилцаж, цуцалсан талаарх тус компанийн тодорхойлолт 1-р хавтаст хэргийн 186-190 дэх талд авагдсан.

Мөн 2-р хавтаст хэргийн 22 дахь талд авагдсан С ХХК-ийн 2024.12.12-ны өдрийн 24/43 тоот тодорхойлолтод “...гүйцэтгэх ажил: 400м.кв*14 давхар*50,000 төгрөг, нийт 280,000,000 төгрөг, гүйцэтгэсэн ажил: 400м.кв*4 давхар*50,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөг, гүйцэтгээгүй ажлын дүн: 10 давхар 200,000,000 төгрөг...” гэх боловч дээрх баримтаар зөвхөн хохирогчид учирсан хохирол уу, эсхүл түүний хариуцан ажилладаг байсан бригадад олгогдох нийт зардал уу гэдэг нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “...Би гэмт хэрэг гарахаас өмнө өдөрт дунджаар 400,000-500,000 төгрөгийн орлоготой, улирлын чанартай ажил хийдэг. Би бригад ахалж байхдаа мужааны ажлыг м.кв-аар тооцож хийдэг байсан. 400 м.кв нь 20,000,000 төгрөг болдог. Одоо бол би өдөрт 100,000-150,000 төгрөгийн орлого олж байна...” гэж мэдүүлэх ба дээрх олох байсан орлого 200,000,000 төгрөгөөс хэдэн хувь нь өөрт олгогдох зардал болох нь тодорхойгүй байна.

Түүнчлэн хохирогч Б.Ш нь биедээ хүнд зэргийн гэмтэл авч, улсын гуравдугаар төв эмнэлэгт хагалгаанд орж, хэвтэн эмчлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан. Түүний эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,247,000 төгрөгийг хариуцан төлсөн болох нь хавтаст хэргийн 108 дахь талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

Гэвч хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын газрыг тогтоосон, түүнтэй холбогдох бусад ажиллагааг хийсэн талаарх баримт авагдаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхив.

Хохирогч Б.Ш-ын биед хүнд хохирол учирсан тул цаашид гаргах эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардал, олох ёстой байсан орлого, гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч Г.Л-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих саналтай байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал энэ хэрэгт тогтоогдоогүй гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаагүй. Гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хохирогчид учирсан эрүүл мэндтэй холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зүйлгүй. Гэм буруугаа ойлгож, ухаарсан, хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирогч ам бүл 4-лээ амьдардаг, хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан, шүүхийн хэлэлцүүлэгт групп тогтоолгосон гэж мэдүүлдэг. Хэдийгээр баримтаар нэхэмжилсэн 6,253,470 төгрөгийг төлсөн гэх боловч хохирогч нэг нүдээ алдсан, хохирол хор уршиг маш өндөртэй. Хэргийн ангиллын хувьд хүнд зэргийн гэмт хэрэг. Эрүүгийн хариуцлагын нэг зорилго нь нийгэмшүүлэхээс гадна цээрлүүлэх байдаг...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хариуцлага дээр улсын яллагчтай санал нэг байна. Өнөөдөр хохирогч зүгээр нэг гэмтээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүхэл бүтэн эд эрхтнээрээ хохирсон гэдгийг ойлгох хэрэгтэй. ...Хүн чанар гэдэг зүйлийг хохирогч биш шүүгдэгч бодох ёстой байсан. Гэтэл хохиролтой холбоотой асуудал гаргаж өгөхгүйгээр өнөөдрийг хүргэсэн. Эрүүгийн хариуцлага маань тухайн гэмт хэрэгт тохирсон байх ёстой. Тийм ч учраас улсын яллагчийн хорих ял оногдуулах саналыг дэмжиж байна. ...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс торгуулийн ялын санал гаргаж байна. Мөн өмгөөлөгчийн мөн чанарын асуудал яригдаад байна. Миний хувьд талуудыг талцуулсан зүйл байхгүй. Хохирогчийн эрх ашгийг хамгаалж байгаа учраас түүнийг төлөөлж ярьж байна. Хохирогч бол мөнгө төгрөгт гол нь байгаа юм биш. Өнөөг хүртэл нэг удаа уучлалт гуйсан бол заавал шүүх хуралдаанд оролцох шаардлага байхгүй гэдэг. Түүнчлэн өнөөдөр баримтаар нэхэмжилсэн хохирлыг төллөө гээд хохирол барагдах зүйл биш. Хор  уршгийн талаар бас ярих ёстой...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол 10,000 нэгжээс 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл сонгох санкцитай. Хүний амьдралд мөнгийг үзэх үнэ цэнэ өөр. Их боломжтой хүнд 5, 6 сая төгрөг юу ч байж болно. Миний үйлчлүүлэгч яг л байж байгаа нь л ийм. Орох оронгүй, айлын хаяанд амьдарч байгаа. Би бол энэ залуугаас нэг төгрөг ч аваагүй, пробоно өмгөөлөл хийж байгаа. Гэхдээ би маш олон удаа уулзаж ярилцахад их хэнэггүйдүү юм шиг хэрнээ дотроо маш их гэмшиж, зовуурь тээж явж байгаа, уйланхай залуу. Хохирогчтой уулзъя гэхээр айгаад байдаг, санаа нь зовоод байдаг, хармаанд нь мөнгө байдаггүй. Миний үйлчлүүлэгч Г.Л алдаа гаргасан, эхнэр хүүхдээсээ салсан, таарамжгүй харилцаатай. Хүний хувь заяа, амьдрал орвонгоороо эргэдэг жишээ нь Г.Л байгаа. ...Улсын яллагчийг арай л хатуу хандаж байна уу гэж бодож байна. 2 нүдийг нь сохолсон хүн хохирогчийнхоо хохирлыг төлөөд торгуулийн ял авдаг. Би Г.Л-г гадуур байвал ажлаа хийгээд хохирлоо төлөх боломжтой юм гэж бодож байна. Ажлын байран дээр нь очиж уулзсан. Цалин буувал шууд хохирогч руу шилжүүлээд байх боломжтой. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгын нэг чухал хэсэг нь тухайн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Энэ бол хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх буюу үр хүүхдээ тэжээн тэтгэх зэрэг хүнд бэрхшээлтэй болсон ийм нөхцөл байдалд тусалъя гэж бас бодоод байна. Үүнээс үзэхэд хамгийн зөв боломжтой арга хэлбэр бол миний үйлчлүүлэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулбал хохирогчийн зөрчигдсөн эрх мөн шийдэгдэх байх. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон. Мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар учирсан хохирлыг нөхөн төлсөн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол хүнд төрлийн хэрэгт оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тусгасан байгаа. Үүнийг бас харгалзаж, хорихоос өөр төрлийн ял буюу 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж байна.  ...Торгуулийн ялыг биелэгдэх боломжгүй гэж таамаглалаар, миний үйлчлүүлэгчид субьектив хандаж байна. Сард 2 сая төгрөгийн цалин авдаг. Сүүлийн 3,4 сар мөнгөө цуглуулсан. Хамт олны зүгээс энэ хүнээ авч үлдье, байгууллагаас 10 сая төгрөг гаргаж өгье гэдэг нь миний үйлчлүүлэгчийн мөн чанар, хамт олонд үнэлэгдэх чанарыг харуулж байна. Эрүүгийн хариуцлага дотор цээрлүүлэх гэж байгаа. Гэхдээ хорих ял оногдуулснаараа цээрлүүлээд, торгуулийн ял оногдуулахаар цээрлүүлэхгүй байгаа зүйл биш. Торгуулийн ял бол маш том цээрлэл. ...Монгол Улсын Үндсэн хуульд хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон байгуулна гэж тунхагласан. Би ойлгохдоо хохирогчийн өмгөөлөгчийн яриагаар хохирогч миний үйлчлүүлэгчийг уучлаад байна гэж ойлгоод байна. Тиймээс миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх ял оногдуулж өгнө үү...” гэв.

Хохирогч: “...би бол гомдолтой байгаа. Эрүүгийн хариуцлагатай холбоотой санал байхгүй...” гэв.

Шүүгдэгч: “...уучлаарай л гэж хэлье даа. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох гэрч Д.О-ийн “…Манай хүү Г.Л нь манайд л ер нь амьдардаг. Эхнэр хүүхдүүдээсээ тусдаа амьдардаг. 4 хүүхэдтэй, эхнэр нь 4 хүүхдээ аваад яваад өгсөн. Ааш зангийн хувьд гайгүй дуулгавартай хүүхэд юм…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал) гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ү-ийн “…Би Л гэх хүнийг танина. Бид хоёр 2014 онд хамгийн анх танилцаж байгаад хамтран амьдрахаар болоод дундаасаа 4 хүүхэдтэй, бага нь 2 нас 6 сартай, дундах хоёр хүүхэд маань 4-7 настай, том нь 8 настай. Бид хоёр гэр бүлийн харилцаанаас болоод 2022 оны 12 сараас хойш бид хоёр тус тусдаа амьдарч эхэлсэн юм. Л нь байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, гэр орондоо агсам согтуу тавиад байдаг юм. Тэгээд бид 2 тус тусдаа амьдрах болсон…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 61-76 дахь тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 110 дахь тал), оргодол эрэн сурвалжлах тухай асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 128-130 дахь тал), Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчооны хариу хүргүүлэх тухай албан бичиг, хавсралтын хамт (хавтаст хэргийн 162-169 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.07.26-ны өдрийн 184/ШШ2023/02812 дугаартай шийдвэр (хавтаст хэргийн 170-173 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Г.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоосон гэсэн санал гаргасныг хүлээн авах боломжгүй.

Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд шүүгдэгч, хохирогч нар нь хэн аль нь бие биеэ танихгүй, шүүгдэгч Г.Л нь хохирогч Б.Ш-тай бүжгийн талбайд мөргөлдөж зөрөөд шууд түүний биед халдаж байгаа үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой 6,253,470 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн хэдий боловч гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ш нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдсан тул учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх боломжгүй юм.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, олон нийтийн газар, тодорхой шалтаг шалтгаангүйгээр гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан, хөдөлмөрийн чадвараа  тогтонги 65 хувь алдсан/, шүүгдэгчийн хувийн байдал /хэрэг хянан шийдвэрлэх шалгах ажиллагааны явцад оргон зайлсан/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Г.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-д 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс“...10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал /архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, олон нийтийн газар, тодорхой шалтгаангүйгээр хохирогчид халдсан/, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ш-ын биед хүнд хохирол учирсан /нэг нүдээ авхуулсан, хөдөлмөрийн чадвараа тогтонги 65 хувь алдсан/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсан байх тул шүүгдэгч Г.Л-д хорих ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Л нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Х овогт Г-ийн Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-д 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Л нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Ш нь цаашид гаргах эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Л-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАР