2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/95

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганзориг,  

шүүгдэгч ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408011721782 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ************

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***********нь 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “***********” ХХК-ийн үйлдвэрийн хашаанд хохирогч ***********маргалдан толгой хэсэгт төмрөөр нэг удаа цохиж, эрүүл мэндэд “духанд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ***********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “***********ыг цохисон нь үнэн. Гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулсан. 2024 оны 12 дугаар сарын 07-нд компаниас, 12 дугаар сарын 10-нд би дансаар 270,000 төгрөгийг тус тус хохирогчид төлсөн” гэв.

Эрүүгийн 2408011721782 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.***********ын: “2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “***********” ХХК-ийн үйлдвэрийн хаалганы гадна талд харуулын ажлаа хийж байсан. 10 цаг өнгөрөөгөөд “***********” ХХК-ийн ажилтан *********** гэх хүн энгийн машинтай үүдэн дээр ирээд “Үйлдвэрийн даргаа дуудаадах” гээд их захирангуй над руу хэлсэн. Би “Байж бай, завгүй байна” гэтэл *********** “П... минь чи хурдан дуудаадах” гээд над руу муухай хараад бид хоёр үл ойлголцож маргалдсан. Би *********** гэх залууг өөрөөсөө түлхээд холдуулахад *********** урт төмрөөр миний толгой руу 1 удаа цохиж, толгойноос цус гарсан. Би үйлдвэр лүү орж толгойгоо угаагаад эмчээр боолгосон. Би сэтгэцийн хор уршгаа тогтоолгохгүй. ***********аас 300,000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19, 21 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024.03.14-ний өдрийн 3656 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1..***********ын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

Шүүгдэгч ***********ийн яллагдагчаар өгсөн: “2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “***********” нэртэй компани дээр 10 цагийн үед очсон. *********** захиралтай уулзах гээд харуул ***********т хэлэхэд “Чи *********** даргатай уулздаг хэн юм бэ” гээд байсан. Би “Уулзах хэрэгтэй байна, намайг дуудуулсан юм” гэж хэлсэн. *********** намайг оруулахгүй байхаар нь би уурлаад бид хоёр маргалдсан. Би газраас нэг урт төмөр аваад ***********ын толгойн хэсэгт 1 удаа цохисон. *********** толгойгоо бариад дотогшоо орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал),

сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох маягтын “Д.*********** би сэтгэцийн хор уршиг тогтоолгохгүй” гэх бичиглэл бүхий загвар (хх-22),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-33), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-31), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-51), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-34), дансны хуулга (хх-52-54) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ***********нь 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “***********” ХХК-ийн үйлдвэрийн хашаанд хохирогч ***********маргалдан толгой хэсэгт төмрөөр нэг удаа цохиж, эрүүл мэндэд “духанд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.***********ын “...би *********** гэх залууг өөрөөсөө түлхээд холдуулахад урт төмрөөр миний толгой руу 1 удаа цохисон, цус гарсан...” гэх мэдүүлэг (хх-19, 21), шүүх эмнэлгийн 3656 дугаар “1. Д.***********ын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-25-26), шүүгдэгч Ц.***********ийн “...*********** намайг оруулахгүй байхаар нь би уурлаад бид хоёр маргалдсан. Би газраас нэг урт төмөр аваад ***********ын толгойн хэсэгт 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-45-46) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.***********ийн тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогчийн толгойд урт төмрөөр нэг удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.***********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирогч 300,000 төгрөг нэхэмжилсэн боловч хохиролд 270,000 төгрөг төлөгдсөн, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт компаниас 270,000 төгрөг давхар төлсөн гэж байгаа боловч баримтаар тогтоогдохгүй байна. Шүүхээс хохирогчид хурлын тов мэдэгдэхэд “270,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч ***********бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Хохирогч Д.*********** сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********нь 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “***********” ХХК-ийн үйлдвэрийн хашаанд хохирогч ***********тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгой хэсэгт төмрөөр нэг удаа цохиж, эрүүл мэндэд “духанд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, 300,000 төгрөг нэхэмжилсэн, 270,000 төгрөг төлөгдсөн тул бусдад төлөх төлбөргүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ аваагүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу дээр маргахгүй, хангалттай тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирогч баримт гаргаж өгөөгүй. Хохиролд 270,000 төгрөг төлөгдсөн. Бусдад төлөх төлбөргүй. 450,000 төгрөгөөр торгож өгнө үү, 3 сарын хугацаанд төлөх саналтай...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн толгойд урт төмрөөр цохин эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 270,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажил, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “450,000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн шүүгдэгчид 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний гэм бурууд тохирно гэж дүгнэсэн болно.  

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч ***********500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********* овогт ***********ын ***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                         Л.БААТАР