Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 199

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч Алтанцол,

иргэний нэхэмжлэгч З.Үүрийнтуяа,

иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал, 

шүүгдэгч Ш.Батхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасан гэмт хэрэгт Ш.Батхуягийг холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201724000202 дугаар хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, 10-3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Шагдаржавын Батхуяг /РД:ЧИ64080415/.

Яллагдагч Ш.Батхуяг нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 13 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 15 дугаар гудамжинд Тоёото Приус 20 маркийн 39-38 УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.5а, в, 2.1а гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч З.Үүрийнтуяаг мөргөж биед нь хөнгөн гэмтэл учруулж зам тээврийн осол гаргаад зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолоор/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Батхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй” гэв.  

 

201724000202 дугаар эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

Иргэний нэхэмжлэгч З.Үүрийнтуяагийн: “2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн үед би дэлгүүр орчихоод харих гээд Зүүн баян уулын 15 дугаар гудамжаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд алхаад явж байхад араас гэнэт нэг машин ирж мөргөхөд урагшаа газар өвдөглөөд унасан. Тэгээд баруун талын хөл гупер доогуур ороход сандраад эвгүй татаад авчихсан чинь хөл өвдөөд байсан. Жолооч нь гэх 50 орчим насны эрэгтэй хүн бууж ирэхэд би “та яагаад сигнал өгөөгүй юм бэ, та согтуу байна” гэсэн чинь тэр ах “ах нь хиймэл шүдтэй зууж ярьдаг юм” гэхээр нь би “цагдаа дуудлаа” гэхэд “битгий цагдаа дуудаач” гээд гуйгаад байхаар нь жолоочтой хамт Гэмтлийн эмнэлэг явсан. Хөлний зураг авахуулахад баруун шагай хэсгийн зөөлөн эдийн гэмтэлтэй, хялгасан судас тасарсан гэсэн. Тэгээд жолооч намайг гэрт хүргэж өгөх замдаа ...2 ширхэг барагшун, 1 үе мөчний тос авч өгсөн. Маргааш өглөө нь ээж жолооч руу нь яриад “энэ тос чинь үе мөчний тос байна, ирж энийгээ сольж өг” гэсэн чинь ирж тосоо авчихаад дахиж ирээгүй тэр чигээрээ алга болсон. Би тэр машиныг ирж байхыг хараагүй, 2 гартаа тортой юм барьчихсан явж байхад араас мөргөсөн. Гомдолтой байна, эмчилгээний болон бусад зардал 687000 төгрөг нэхэмжилж байна.

...Тэр жолооч машинаас бууж ирэхдээ халамцуу байсан. Нийт 1329318 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-13, 14/,

Иргэний хариуцагч Б.Энхбүрэнгийн: “...Тоёота приус маркийн 39-38 УБЕ дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийнх боловч одоо Хаан банкинд зээлийн гэрээтэй байгаа. Ш.Батхуяг цагаан сарын үеэр хүү Баттөмөрийг унтаж байхад автомашины түлхүүр авч гараад хүн мөргөсөн байсан. Батхуяг өөрөө хариуцаж хохирлыг барагдуулах байх гэж бодож байна. Хохирогч гэх Үүрийнтуяаг эмчилгээний болон хөлний зураг авахуулсан баримтаа авчирч үзүүлээч гэхээр авч ирж өгдөггүй. Тухайн үед Батхуяг Үүрийнтуяад анхан шатны тусламж үзүүлж, Гэмтлийн эмнэлэг дээр хөлнийх нь зургийг авахуулж, тос, барагшун, С витамин авч өгсөн байсан. Үүрийнтуяатай уулзах гэхээр загнаад “тантай ярихгүй, нөхрөө олж ир” гээд хөөгөөд байдаг. Батхуягийг уулзуулахаар гэрийнхнийгээ аваад ир гээд загнаад байдаг...” гэх мэдүүлэг /хх-33-34/,

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.03.11-ний өдрийн 3585 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. З.Үүрийнтуяагийн биед баруун хөлний шагай орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь ...2.4.1-д зааснаар ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-38/,

Техникийн шинжээчийн 2017.04.12-ны өдрийн 36 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “1. Тоёота Приус маркийн 39-38 УБЕ улсын дугаартай автомашины жолооч Ш.Батхуяг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 2.5 “зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, мөн дүрмийн 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч З.Үүрийнтуяа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэжээ /хх-42/,

Шүүгдэгч Ш.Батхуягийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “Би 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн үед дэлгүүр орохоор Тоёота Приус-20 маркийн 39-38 УБЕ дугаартай автомашиныг жолоодож Зүүн баян уулын 15 дугаар гудамжаар зүүнээс баруун чиглэлтэй явж байгаад хашааны баруун захаар явж байсан нэг охины араас мөргөсөн. Тэр охиныг гэрт нь оруулж өгсөн. Үдээс хойш тэр охиныг аваад Гэмтлийн эмнэлэг явсан. Зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. Тэр охиныг гэрт нь хүргэж өгсөн. Осол болсон талаар цагдаад мэдэгдээгүй. Тухайн үед мөргүүлсэн охин машины бичиг баримт хурааж аваад 300000 төгрөг өг гэсэн. Эмнэлэг явж ирээд бэртэл гайгүй юм чинь 100000 төгрөг өгчих гээд тохироод салсан. Одоо мөнгө алга, маргааш өгье гэж хэлээд би явсан. Маргааш нь 100000 төгрөг өгөхөөр гэрт нь ортол авахгүй, цагдаагаар явна гэсэн. Би жолооч биш, эрхийн үнэмлэхгүй, тухайн үед ганцаараа явж байсан. Явган зорчигчийг машины урд буферээр баруун хөлийн шилбэ рүү нь мөргөсөн. Хохирогчийн эмчилгээнд 17000 төгрөгөөр тос, эм авч өгсөн. Би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан...

...Миний унаж явсан автомашин хамтран амьдрагч Энхбүрэнгийнх. Үүрийнтуяаг мөргөсөндөө гэмшиж байна. Жолоочийн үнэмлэхгүй автомашин жолоодсон нь миний буруу. Хохирлыг төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх-47, 48/,

Зам тээврийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч /хх-4-6/, иргэний нэхэмжлэгчийн өргөдөл /хх-8/, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хх-16-29/, Ш.Батхуягийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-55/, хорооны тодорхойлолт /хх-56/, цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа /хх-59-60/, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг /хх-66/, шийтгэвэр /хх-73/ зэргийг уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Харин шүүгдэгчийн төрсөн ах гэх гэрч Ш.Хуягаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4-т “Гэрч, хохирогч нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг тэдний байдлыг хүндрүүлж болох тухай мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлан өгөх бөгөөд энэ эрхээ эдлэхгүй гэвэл мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдээлэг өгвөл хариуцлага хүлээлгэх тухай сануулна” гэж заасныг зөрчиж мэдүүлэг авсан байх тул тухайн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүгдэгч Ш.Батхуяг нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 15 дугаар гудамжинд Б.Энхбүрэнгийн эзэмшлийн /“Хаан банк” ХХК-ийн нэр дээр гэрчилгээтэй/ Тоёото Приус 20 маркийн 39-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч ...а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтан иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч З.Үүрийнтуяаг мөргөж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан зам тээврийн осол гарган, осол гарсан талаар зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ш.Батхуягийг зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах гэмт хэрэг үйлдэж осол гарсан талаар зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцол “Шүүгдэгч Ш.Батхуяг нь жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу жолооч биш учраас дээрх гэмт хэргийн субъект болохгүй тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж мэтгэлцэж байна.

Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэг буюу Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ...ойлгохоор хуульчилжээ. Түүнчлэн жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд гэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх аваагүй хүнийг ойлгох тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.     

Иргэний нэхэмжлэгч З.Үүрийнтуяа нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд “эмчилгээ, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, бусад  зардал 1329318 төгрөг нэхэмжилсэн”-ээс шүүгдэгч Ш.Батхуяг төлсөн зүйлгүй, түүнчлэн  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар “хохиролд нийт 500000 төгрөг” төлөхөөр харилцан тохиролцсон тул шүүгдэгч Ш.Батхуягаас 500000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Шүүх ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ш.Батхуяг урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Шагдаржавын Батхуягийг зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах гэмт хэрэг үйлдэж, осол гарсан талаар зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар шүүгдэгч Ш.Батхуягийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар Ш.Батхуягт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ш.Батхуяг урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ш.Батхуягаас 500000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч З.Үүрийнтуяа /Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 15 дугаар гудамж, 71 тоотод оршин суух, РД:УП89022123/-д олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ш.Батхуягт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Батхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Л.БААТАР