| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 1939006610176 |
| Дугаар | 2021/ДШМ/30 |
| Огноо | 2021-01-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2021/ДШМ/30
2021 1 6 2021/ДШМ/30
С.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Оюун-Эрдэнэ,
яллагдагч С.Б-, түүний өмгөөлөгч Х.Биязхан,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1924 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 51 дугаартай эсэргүүцлийг үндэслэн С.Б-д холбогдох эрүүгийн 1939006610176 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Цагаансүүл овгийн С.Б-, 19...... оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ............ настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа машин засварын ажил эрхэлдэг, ам бүл ............... хамт ................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД. ....................../;
С.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Дорнод-Сүхбаатар-Хэнтий-Улаанбаатар чиглэлийн АО502 дугаар магистрал замын 22/326 км дахь тэмдэгт газар “Benz atego” маркийн 92-01 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас “зайлшгүй зогсолт” хийн зогсож байсан Н.О-ын жолоодон явсан “Prius 11” маркийн 50-71 УНТ, Н.О-ын жолоодон явсан “Хьюндай аксент” маркийн 57-75 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөснөөс Н.О-, Н.Н- нарын эрүүл мэндэд хүнд, Т.А-, Г.М- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: С.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 6-7/, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 4-5/-ийг дурьдаж, Хэнтий аймгийн Замын цагдаагийн тасгийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд:
1. 92-01 УНС улсын дугаартай “Mercedes benz atego” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Б- нь осол гарах үед тээврийн хэрэгсэл жолоодох №32635 дугаартай В, С, Д, Е ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй /хүчинтэй/ байна.
2. 92-01 УНС улсын дугаартай дугаартай “Mercedes benz atego” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”
12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. 50-71 УНТ улсын дугаартай, “Prius 11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.О- нь осол гарах үед тээврийн хэрэгсэл жолоодох №905664 дугаартай В ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй /хүчинтэй/ байна.
4. 50-71 УНТ улсын дугаартай , “Prius 11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.О- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15м-ээс, суурин газрын гаднах замд 30м-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
5. 57-75 УНГ улсын дугаартай, “Асcent” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.О- нь осол гарах үед тээврийн хэрэгсэл жолоодох №1009984 дугаартай В ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй /хүчинтэй/ байна.
6. 57-75 УНГ улсын дугаартай, “Асcent” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.О- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
7. Явган зорчигч Т.А-, Н.Н- нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ. /1хх 237/,
Дотоод хэргийн их сургуулийн шинжээч нарын 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 202008 дугаартай дүгнэлтэд:
1. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэж заасан боловч гэрэл ойлгогч 140м-ээс харагддаг байхад бараан хар өнгийн зүйл 10м орчмоос харагддаг тул жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор ямар өнгийн зүйл харагдана гэж хурдаа сонгох нь ойлгомжгүй байна.
Хэрэв ослын зогсолтын тэмдгийг 30 метрийн зайд тавьсан тохиолдолд мөргөсөн бол жолооч С.Б-г хөдөлгөөнд аюул, саад тулгахарыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүй гэж болно. Жолооч С.Б- автомашиныг хараад зайлуулах арга хэмжээ авсан гэж үзэж байна.
2. 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 39 дугаартай дүгнэлтэд 5071 УНТ улсын дугаартай “Prius11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан Н.О- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүг хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15м-ээс, суурин газрын гаднах замд 30м-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
57-75 УНГ улсын дугаартай, “Асcent” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.О- нь осол гарах үед тээврийн хэрэгсэл жолоодох №1009984 дугаартай В ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.
57-75 УНГ улсын дугаартай, “Асcent” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.О- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ.
Энэ дүгнэлттэй санал нэг байна. Суурин газрын гаднах замд ослын зогсолтын тэмдгийг автомашинаас 30м-ээс доошгүй зайд тавьснаар 80км/цаг хурдтай яваа автомашин мөргөхгүйгээр зогсох боломжит зай гэж тооцдог.
57-75 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.О- нь урсгал сөрж их гэрлээ асаасан нь /хавтас хэргийн материал мөрдөн байцаагч С.Энхбат болон гэрч Буяндэлгэрийн мэдүүлэг/ ослын дохионы гэрэл болон ослын зогсолтын тэмдгийн үзэгдэлтийг бууруулах магадлалтай.
3. Зорчих хэсгийн захыг тэмдэглэх 1.2 тэмдэглэл байхгүй байсан нь хөдөлгөөний горим, мэдээллийг тодорхойгүй болгож осол гарахад нөлөөлсөн байх магадлалтай. “Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм” MNS 4596 стандартад 1.2 тэмдэглэлийг зорчих хэсэг нь 6.5м-ээс өргөн замд болон түүнчлэн 5.1 “Тууш зам” тэмдэг бүхий замд зорчих хэсгийн захыг тэмдэглэхэд хэрэглэнэ. /захын шугам/ (Е хавсралтын Е.7, Е.9, Е.10-р зураг)
4. Ослын зогсолтын тэмдгийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу байрлуулаагүй, зорчих хэсгийг чөлөөлөөгүй, мөн урсгал сөрж гэрэл асааж зогссон нь осол гарах үндэслэл болсон гэж үзэж байна гэжээ. /3хх 92/,
Дээрхи хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй байхад шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Түүнчлэн осол гарахад нөлөөлсөн бусад нөхцөл байдал бий эсэхийг тогтоох шаардлагатай” гэж хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Оюун-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “1. Хэргийн газрын үзлэгийн талаар: 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хэргийн газрын үзлэг нь тухайн зам тээврийн осол, хэрэг болсон бодит ул мөр, эд зүйлсэд тулгуурлан хийсэн байдаг. Энэхүү хэргийн газрын үзлэгээр замын зорчих хэсэг дээр үүссэн С.Б- жолоочтой “Benz ategо” маркийн 92-01 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйн мөрний эхлэлээс уг дугуйн мөрний төгсгөл хүртэл 25.10м, дугуйн мөрний төгсгөлөөс замын зорчих хэсгийн захад үүссэн дугуйн мөр хооронд 23.30м. /ослын бүдүүвч зурагт 7-оос 2-ын тоо хүртэл 25.10м, 2-оос 3-ын тоо хүртэл 23.30с, эдгээр зайн нийлбэр 48.40м байна. Энэхүү байдал нь гэрэл зураг №4, 5, 7-д дүрслэгдсэн/
Харин яллагдагч С.Б-гийн өмгөөлөгч Х.Биязханы Улсын Ерөнхий прокурорын газарт хандан гаргасан хүсэлтийг хүлээн авсны дагуу 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийг тухайн замын өгсүүр, уруу, зам орчны байдал, зам тээврийн ослоос тухайн замд үлдсэн ул мөрийг бэхжүүлэх зорилгоор хийсэн бөгөөд, зам тээврийн ослын үеийн нөхцөл байдлыг оролцогч нарын өөрсдийнх нь заасан байдал, байрлалаас ослын нөхцөл байдлыг тогтоон хийсэн. Энэхүү үзлэгээр жолооч С.Б- болон өмгөөлөгч Х.Биязхан нарын “Prius 11” маркийн автомашин үзэгдэх орчин хязгаарлагдмал замын өгсүүр хэсэгт зогсож байсан нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн” гэх нөхцөл байдлыг тогтоох зорилгоор үзлэг хийхэд, уг зам нь алсуураа өгсүүр бөгөөд замын налуу 2 градус байсан нь тогтоогдсон /гэрэл зураг 25, 36, замын налууг хэмжсэн байдал гэрэл зураг №2, 24, 3, 25, 26/. Энэхүү хэргийн газрын үзлэгээр тухайн замын нөхцөл байдал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.41-т заасан “Үзэгдэлт хангалтгүй нөхцөл” гэж байгалын үзэгдэл /цас, бороо, манан, шуурга г.м/ болон замд утаа, тоос боссоноос буюу бүрэнхий үед 300м-ийн дотор зам харагдахгүй болсон нөхцөлийг”, 1.2.42-т заасан “Үзэгдэлт хязгаарлагдмал нөхцөл” гэж байгалийн тогтоц, газрын тэгш бус байдал, замын нугачаа, инженерийн болон ногоон байгууламж, барилга, объект, түүнчлэн тээврийн хэрэгсэлд замын дагуух үзэгдэх орчин халхлагдсан байдлыг” гэх байдлууд тогтоогдоогүй.
2. Техникийн шинжээчийн дүгнэлтийн талаар:
Дотоод хэргийн их сургуулийн шинжээч нарын 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 202008 дугаартай дүгнэлтийн талаар:
Тус дүгнэлтэд “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэж заасан боловч гэрэл ойлгогч 140м-ээс харагддаг байхад бараан хар өнгийн зүйл 10м орчмоос харагддаг тул жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор ямар өнгийн зүйл харагдана гэж хурдаа сонгох нь ойлгомжгүй байна.
Хэрэв ослын зогсолтын тэмдгийг 30 метрийн зайд тавьсан тохиолдолд мөргөсөн бол жолооч С.Б-г хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүй гэж болно. Жолооч С.Б- автомашиныг хараад зайлуулах арга хэмжээ авсан гэж үзэж байна” гэжээ.
Осолд өртсөн “Prius 11” маркийн тээврийн хэрэгсэл нь цагаан өнгөтэй бөгөөд шөнийн харанхуйд жолооч нар хар бараан зүйлийг 25-30м, цагаан зүйлийг 35-40м зайнаас харах бололцоотой болохыг Францын эрдэмтэд тогтоосон байдаг. Гэтэл шинжээч нар осолд өртсөн автомашиныг бараан өнгөтэй гэж үзэн “бараан өнгийн зүйл 10м орчмоос харагддаг тул жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор ямар өнгийн зүйл харагдана гэж хурдаа сонгох нь ойлгомжгүй байна” гэж дүгнэсэн нь хэргийн газрын үзлэгийн үед буюу харанхуй үед авагдсан №4, 5, 6, 7 дугаартай гэрэл зургуудаар үгүйсгэгдэж байна. Тухайн гэрэл зургийн үзүүлэлтээр “Prius 11” маркийн тээврийн хэрэгсэл нь цагаан өнгөтэй, ямар зайнаас харагдаж байгааг тодорхой харуулжээ.
“57-75 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.О- нь урсгал сөрж их гэрлээ асаасан нь /хавтас хэргийн материал мөрдөн байцаагч С.Энхбат болон гэрч Буяндэлгэрийн мэдүүлэг/ ослын дохионы гэрэл болон ослын зогсолтын тэмдгийн үзэгдэлтийг бууруулах магадлалтай” гэсэн заалт нь дүгнэлтийн “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэж заасан боловч гэрэл ойлгогч 140м-ээс харагддаг байхад бараан хар өнгийн зүйл 10м орчмоос харагддаг тул жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор ямар өнгийн зүйл харагдана гэж хурдаа сонгох нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, жолооч хаанаас ч, ямар өнгөтэй зүйл гараад ирэхэд аюул, эрсдэлээс сэргийлэхэд бэлэн байдалд, тохиромжтой хурдтай жолоодлого үйлдэх ёстой. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасан байхад жолооч С.Б- нь зам дээр байгаа аюул, саадыг хараад тормоз гишгэж тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авалгүй тээврийн хэрэгслээ зайлуулах үйлдэл хийсэн нь хэргийн газрын үзлэгээс харагдаж байна.
“Ослын зогсолтын тэмдгийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу байрлуулаагүй, зорчих хэсгийг чөлөөлөөгүй, мөн урсгал сөрж гэрэл асааж зогссон нь осол гарах үндэслэл болсон гэж үзэж байна” гэсэн дүгнэлтүүд нь бие биенээ үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл, дүгнэлтийн 1 дэх заалтад харанхуй байсан учир “Benz atego” маркийн 92-01 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Б- зам дээр зогсож байгаа бараан өнгийн тээврийн хэрэгслийг харах боломжгүй байснаас уг бараан зүйлийг 10м орчимийн зайнаас харж тээврийн хэрэгслээ зайлуулсан, энэ үйлдэл нь жолооч С.Б-гийн хувьд зөв үйлдэл байсан гэж дүгнэсэн атлаа, дүгнэлтийн 2, 3 дахь заалтуудад “Accent” маркийн 57-75 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл их гэрлээ асааснаас, ...урсгал сөрж гэрлээ асааж зогсон гэрлийн гялбаа үүсгэж үзэгдэлтийг бууруулсан” гэсэн нь “Accent” маркийн 57-75 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.О- нь эсрэг урсгал сөрөн зогсож их гэрлээ асааж жолооч С.Б-д гэрлийн гялбаа үүсгэснээс тухайн зам тээврийн осол гарсан мэтээр зам тээврийн осол гарсан нөхцөл байдалд эрс зөрүүтэй дүгнэлт хийжээ.
Түүнчлэн дүгнэлтийн 3 дахь хариулт нь тухайн зам тээврийн осол гарахад замын хөвөөг тэмдэглэсэн 1.2 тэмдэглэл байгаагүй нь зам тээврийн осолд нөлөөлсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, тухайн үед зам тээврийн осол нь энэхүү хөвөөний цагаан зураас бүхий тэмдэглэлтэй ямар ч шалтгаант холбоогүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
Хэрэгт авагдсан баримтуудаар “Prius 11” маркийн тээврийн хэрэгсэл нь зүүн урд дугуй хагарсны улмаас Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14-т заасан /“Зайлшгүй зогсолт” гэж ... техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг”/ зайлшгүй зогсолтыг хийсэн байсан. Энэхүү зогсолтыг хийхдээ зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй хэдий ч жолооч С.Б-гийн мэдүүлсэнчлэн замын голд зогсож байгаагүй нь хэргийн газрын үзлэгийн 6, 7, 8, 9, 10 дугаартай гэрэл зурагт 2 ширхэг дугуйн данхрад, 2 ширхэг данхрадны гар, дугуйн боолт зэрэг нь зорчих хэсгийн захад байрласан, хэргийн газрын нөхөн үзлэгээр данхрад байсан хэсэг нь зорчих хэсгийн захаас 0.8 метр зайд байсан зэргээр тээврийн хэрэгслээ замын голд байрлуулаагүй байсан нь нотлогдож байгаа төдийгүй, энэ нь зам тээврийн осол гарах үед байсан хохирогч Г.М-ын “... Отгонбаатарын машин болон Отгонбаярын машинууд замаа чөлөөлөөд зогсчихсон байсан”, гэрч Н.О-ын “... машин нь замын шороон хөвөөн дээр багтахгүй байсан болохоор буруу талынх нь 2 дугуй зам дээр 50см орчим хэртэй орчихсон зогсож байсан”, гэрч Л.Батдэмбэрэлийн “...Отгонбаатарын машин замынхаа шороон хөвөөн дээр жолооч талынх нь дугуй гарчихсан, буруу талынх нь дугуй замынхаа хойд талын ирмэгийг унаад зогсчихсон байсан”, гэрч Н.Буяндэлгэрийн “... Отгонбаяр машинтайгаа араас ирээд эсрэг урсгалд ороод Отгонбаатарын машины урдаас зогсоод замаа чөлөөлөөд шороон зам дээр зогссон” гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Хэргийн газрын үзлэгээр “Benz atego” маркийн тээврийн хэрэгслийн тормозын мөр зорчих хэсэг дээр үүсээгүй нь уг тээврийн хэрэгслийн жолооч С.Б- нь аюул саадыг хараад зогсоох арга хэмжээ авч тормоз гишгээгүйг нотолж байна. Харин уг тээврийн хэрэгсэл 48.40м зам туулж зайлуулж дарах үйлдэл хийсэн нь уг тээврийн хэрэгслийн дугуйн ул мөрөөр тогтоогддог. Мөн аливаа тээврийн хэрэгслийн ойрын гэрэл 30 метрт, холын гэрэл 100 метрт тусах стандарттай байдаг. Жолооч С.Б- ойрын гэрэл дээрээ явж байсан гэж мэдүүлдэг бөгөөд өөрийн тээврийн хэрэгслийн ойрын гэрэлд урдаа зогсож буй цагаан өнгийн, мөн өөдөөс нь гэрлээ асаан зогсож буй тээврийн хэрэгслүүдийг харах бүрэн боломжтой, уг тээврийн хэрэгслүүдийг хараад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтын дагуу тормоз гишгэсэн бол 48.40м зам туулалгүй тээврийн хэрэгслээ бүрэн зогсоох боломжтой байсан гэж үзэж байна. Жолооч аюул, саад тулгарсан тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй, зайлуулж дарсан нь осолтой байдал бий болсон гэж үзсэн. Дотоод хэргийн их сургуулийн 202008 дугаартай шинжээчийн дүгнэлтээр жолооч С.Б-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж дүгнэсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн тул яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4, 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт тус тус заасны дагуу үнэлээгүй талаараа дурьдсан. Шүүх мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр С.Б-д холбогдох хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг зөрчжээ. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч С.Б- тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбаргүй.” гэв.
Шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч Х.Биязхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэв жолооч ослын гурвалжинг 30 метрийн зайнаас харч, аюулыг харсан бол зогсоох арга хэмжээ авах боломжтой байсан. Учир нь, тухайн тээврийн хэрэгслийн тоормосны системд Хэнтий аймгийн Автотээврийн үндэсний төвийн оношилгооны үзлэг хийгээд “тоормос, жолооны механизмд ямар нэг гэмтэл байхгүй, бүрэн бүтэн байна, тухайн тээврийн хэрэгслийн хурдаас үзвэл тоормос гишгэвэл зогсох боломжтой” гэсэн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээс үзэхэд тухайн зам тээврийн осол гарахад гол нөлөөлсөн нь зам бөгөөд тухайн зам байгалийн тогтцын хувьд өгсүүр газрын төгсгөл байсан. Хэргийн газрын нөхөн үзлэг хийхэд энэ байдлууд тогтоогдсон. Мөн зам тээврийн осол гарахад үзэгдэлт харанхуй байсан тул маш ойрын зайнаас харж зогсоох арга хэмжээ авах боломжгүй. Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас гаргасан шинжээчийн дүгнэлтээр “С.Б-, Н.О-, Н.О- нар аль аль нь буруутай” гэж тогтоогдсон тул бидний зүгээс Улсын Ерөнхий прокурорт хүсэлт гаргаж, зам тээврийн ослын хэргийн газрын дахин үзлэг хийлгэж, зам тээврийн ослын дүгнэлт гаргуулсан. Анх зам тээврийн осол гарахад Н.О-ын “Prius 11” маркийн тээврийн хэрэгсэл замын зорчих хэсгийн гадна талбайгаар зорчсон байсан. Давтан шинжилгээний дүгнэлтээр С.Б- Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, Н.О-, Н.О- нар зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн гэж тогтоогдсоор байхад Н.О-, Н.О- нарыг яллагдагчаар таталгүй зөвхөн С.Б-г татсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримт болох үзлэгийн тэмдэглэл зөрүүтэй, яллагдагчийг шүүхэд шилжүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Анхан шатны шүүх яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн С.Б-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд, “хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй байхад шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Түүнчлэн осол гарахад нөлөөлсөн бусад нөхцөл байдал бий эсэхийг тогтоох шаардлагатай” гэж дүгнэж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаажээ.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрч “хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн тухайн хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж байгаа боловч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Тээврийн прокурорын газраас яллагдагч С.Б-г Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т тус тус заасан хурдыг сонгон явах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах тухай заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 39 дугаартай дүгнэлт /1 хх 236/-ийг үндэслэж, зам тээврийн осол гаргасан буруутай гэж яллах дүгнэлт үйлдсэн байна.
Харин 3 дугаар хавтаст хэргийн 90 дүгээр талд Дотоод хэргийн их сургуулийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 202008 дугаартай дүгнэлтээр дээрх дүгнэлтийг үндсэнд нь үгүйсгэсэн байдлаар дүгнэлт гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж заасан хэдий ч шүүх дээрх эрс зөрүүтэй хоёр дүгнэлтийн алийг нь үндэслэлтэй, алийг нь үндэслэлгүй гэж дүгнэх хууль зүйн боломжгүй байдал бий болохоос гадна хэрэв яллах дүгнэлтэд дурьдагдаагүй дүгнэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзвэл яллагдагчаар татагдаагүй этгээдийн асуудлыг хамтруулан шийдвэрлэх боломжгүй буюу хэргийг хэлэлцэх хэмжээ хязгаарыг зөрчихөд хүрэхээр байна.
Тодруулбал, Замын цагдаагийн тасгийн 2019 оны 39 дүгээр дүгнэлтэд С.Б- нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэснийг бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2020 оны 202008 дугаар дүгнэлтээр “...жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор ямар өнгийн зүйл харагдана гэж хурдаа сонгох нь ойлгомжгүй байна. ...С.Б- нь автомашиныг хараад зайлуулах арга хэмжээ авсан гэж үзэж байна” гэх зэргээр үгүйсгэсэн байна.
“Шинжээч нарын дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байхад шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй” талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас үзсэн тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Харин шүүгчийн захирамж нь тодорхой, ойлгомжтой бөгөөд түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байх хуулийн шаардлагыг бүрэн хангаж чадаагүй байгааг цаашид анхаарах хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, уг шүүгчийн захирамжид хэргийн газрын анхны болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчдийн дүгнэлтүүдийг хуулбарлан бичээд “хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй байхад шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Түүнчлэн осол гарахад нөлөөлсөн бусад нөхцөл байдал бий эсэхийг тогтоох шаардлагатай” гэсэн нь учир дутагдалтай юм.
Иймд С.Б-д холбогдох хэрэгт авагдсан эрс зөрүүтэй хоёр дүгнэлтийн талаар дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулсны эцэст яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагатай.
Харин нэгэнт авагдсан анхны болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүдэд шүүх бусад нотлох баримтуудыг үндэслэн хууль зүйн дүгнэлт хийх боломжтой.
Мөн прокурор “”зайлшгүй зогсолт” хийн зогсож байсан Н.О-, Н.О- нарын жолоодон тээврийн хэрэгслүүдийг мөргөсөн” гэж яллах дүгнэлт үйлдсэн тул дугуй хагарсны улмаас зогссон зогсолт болон түүнийг нөхөхөд нь туслах зорилгоор урсгал сөрж зогсоод гэрэл тусгаж байгаа үйлдэл нь зайлшгүй зогсолтод хамаарах эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй.
Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтэд нэр бүхий зарим хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн тогтоосон гэмтлийн зэргээс зөрүүтэй бичсэн алдааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад анхаарах хэрэгтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1924 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 51 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ