| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 195/2025/0014/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/96 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Намдаг |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/96
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ган-Эрдэнэ,
улсын яллагч А.Намдаг,
шүүгдэгч ***********, өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000001812 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ***********
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *********** согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ***********тоотод байрлах гэртээ эхнэр буюу хохирогч ***********маргалдан нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд “дух, хоёр нүдний зовхи, дээд уруул, хоёр мөр, хоёр сарвуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Болсон үйл явдлыг мэдэхгүй байгаа. Хохирол нэхэмжлээгүй. Би гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 2408000001812 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ***********: “...Тухайн өдөр 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ байхад манай нөхөр *********** 20 цагийн орчимд согтуу орж ирсэн. Би хувцсыг нь тайлаад орон дээр хэвтүүлсэн чинь буцаж гарна гээд байхаар нь “гаргахгүй” гэж хэлтэл босож ирээд миний нүүр, нүд хэсэг рүү гараа атгаж байгаад 3 удаа цохисон. Тэгээд дахин “гарна” гээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь өөрийн ...дугаарын утаснаасаа цагдаад дуудлага өгсөн. Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй, дүгнэлт гаргуулах шаардлагагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024.11.18-ны өдрийн 14891 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. *********** биед дух, хоёр нүдний зовхи, дээд уруул, хоёр мөр, хоёр сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
Шүүгдэгч ***********яллагдагчаар өгсөн: “2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би эцсийн буудал дээр хэсэг хүмүүстэй хамт 2 шил архи хувааж уусан. Гэртээ 20 цагийн үед орсон. Цаашаа юу болсон талаар санахгүй байна, эрүүлжүүлэх байранд ирээд ухаан орсон. Маргааш өдөр нь гараад эхнэртэйгээ уулзаад юу болсон талаар асуухад эхнэр “чи гэрт шал согтуу орж ирснээ буцаж гарна гээд уурлаад байсан. Би чамайг “гаргахгүй” гэхэд чи миний нүүр хэсэгт 2, 3 удаа гараа атгаж цохисон. Би цагдаад дуудлага өгсөн” гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрийн үйлдэлдээ маргахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн “***********надад сэтгэл санааны хохирол учраагүй, нэхэмжлэхгүй” гэх бичиглэл бүхий маягтын загвар (хх-10), хохирогчийн “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, уучлалт гуйж эвлэрсэн...” гэх хүсэлт (хх-50, 51),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-33), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-30), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-32), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-34) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч *********** согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ******* тоотод эхнэр буюу хохирогч ***********маргалдан нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд “дух, хоёр нүдний зовхи, дээд уруул, хоёр мөр, хоёр сарвуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч *********** “...*********** 20 цагийн орчимд согтуу орж ирсэн. ...би “гаргахгүй” гэж хэлтэл орон дээрээс босож ирээд миний нүүр, нүд хэсэг рүү гараа атгаж байгаад 3 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-6-7), шүүх эмнэлгийн 14891 дүгээр “1. *********** биед дух, хоёр нүдний зовхи, дээд уруул, хоёр мөр, хоёр сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-13-14), шүүгдэгч ***********“...би эрүүлжүүлэх байранд ирээд ухаан орсон. Эхнэр “чи гэрт шал согтуу орж ирснээ буцаж гарна гээд уурлаад байсан. “Гаргахгүй” гэхэд чи миний нүүр хэсэгт 2,3 удаа гараа атгаж цохисон...” гэх мэдүүлэг (хх-42-43) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ***********согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ “гаргасангүй” гэх шалтгаанаар хохирогчтой маргалдаж эхнэр *********** нүүр хэсэгт 3 удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч *********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “...сэтгэцийн хор уршиг тогтоолгохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-7, 50)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *********** нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ********* тоотод эхнэр буюу хохирогч ***********маргалдан нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд “дух, хоёр нүдний зовхи, дээд уруул, хоёр мөр, хоёр сарвуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Ялыг зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэн гэртээ ирээд “гадагш буцаж гаргасангүй” гэх шалтгаанаар эхнэрийнхээ нүүрэнд 3 удаа цохиж зодон эрх, эрх чөлөөнд нь халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнээд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч ***********600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********** цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт **********ийн *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********600,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР