Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2018/01402

 

 

 

 

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2018/01402

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.М /РД:/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х /РД:-д холбогдох

2,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.М, хариуцагч Х, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, иргэдийн төлөөлөгч Ө.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.М би 2018 оны 4 сарын 30-ны өдөр 13 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Герман улсын Элчин сайдын яамны зүүн уулзварт явж байх үед Тоёота аллион маркын 00000 УНХ дугаартай машины жолооч Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасан болно. Тус ослын улмаас машинаа хэрэглэж чадахгүй байна. Тийм учраас хувийн хэрэгцээнд зориулан машин түрээслэх шаардлагатай болсон бөгөөд Тоёота приус 1111 УБЭ машиныг 2 сарын турш 2,200,000 төгрөгөөр түрээсэлсэн болно. Даатгалаас мөнгө орж ирэх, сэлбэг захиалахад ирэх хугацаа зэргийг тооцон үзэж хоёр сараар түрээсэлсэн. Иймд Хоос 2,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд иргэн Нэргүй овогтой Р нь Х миний нэр дээр зам тээврийн ослоос учирсан гэх гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Би дараах үндэслэлээр дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх зам тээврийн осол 2018 оны 4 сарын 30-ны өдөр болсон ба уг зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд Ард даатгал ХХК-аас 2018 оны 5 сарын 17-ны өдөр нөхөн төлбөрт 778,000 төгрөг болон 120,000 төгрөгийг тус тус нийт 898,000 төгрөгийг өгсөн. Мөн уг ослыг шалгасан цагдаагийн апбан хаагчийн хажууд 98,000 төгрөгийг оношилгоо болон үнэлгээний мөнгөнд, 120,000 төгрөгийг машин ачуулсны хөлс гэж өгсөн.Иймд нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Хид холбогдуулан зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгслээ ашиглаж чадахгүй болж, улмаар бусдаас тээврийн хэрэгсэл түрээслэхэд гарсан зардал 2,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл болон эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул бусдаас тээврийн хэрэгсэл түрээслэхэд гарсан зардал 2,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Холбооны бүгд найрамдах Герман Улсын Элчин сайдын яамны зүүн уулзварт 2018 оны 4 сарын 30-ны өдрийн 13.30 цагийн үед Х жолоочтой Тоёота аллион маркын 00000 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Н.М жолоочтой Ниссан мурано маркын 1617 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөлдсөн зам тээврийн осол гарч, Замын цагдаагийн албаны Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч ахмад Ж.Ганзул зам тээврийн ослын материалыг шалгаад Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дахь заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасан үндэслэлээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дахь заалтыг баримтлан Хид 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан шийтгэлийн хуудас /хх-8 тал/-аар тогтоогдож байх ба зохигч талууд уг үйл баримтын талаар маргахгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ уг зам тээврийн ослын улмаас автомашинаа тодорхой хугацаанд ашиглах боломжгүй болсон тул өөрийн эрхэлдэг жуулчин хүлээн авах ажилд ашиглах үүднээс ГМО трейд ХХК-ийн захирал Д.Ганбаатараас Тоёота приус маркын 1111 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2 сарын хугацаанд нийт 2,200,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцон гэрээ байгуулж, 2,200,000 төгрөгийг төлбөр төлсөн тул уг төлбөрийг хохиролд тооцон нэхэмжлэгчээс нэхэмжилж байгаа гэж тайлбарласан.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Автомашин түрээслэх гэрээ нэртэй гэрээ /хх-12 тал/-ний төгсгөлд Түрээслэгч талаас түрээсийн төлбөр болох 2,200,000 төгрөгийг бэлнээр төлсөн болно. Төлбөр хүлээн авсан ГМО трейд ХХК, захирал Д.Ганбаатар. 2018.05.01 гэсэн агуулга бүхий гараар бичсэн тэмдэглэл байна.

 

Хариуцагч нь зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 898,000 төгрөгийг, оношилгоо болон үнэлгээний зардалд 98,000 төгрөгийг, тээврийн хэрэгсэл ачуулсан зардалд 120,000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн тул тээврийн хэрэгсэл түрээсэлсний төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан, дээрх төлбөрүүд төлөгдсөн гэдэгт нэхэмжлэгч маргаагүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь заалтад Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь заалтад заасан гэм хорын хохирлыг шаардахад бусдад хохирол учруулахад хүргэсэн үйлдэл, хамгаалагдсан эрхийн зөрчил, хариуцлагыг үндэслэгч шалтгаант холбоо, хууль бус үйлдэл, хохирол учруулагчийн гэм буруу, учирсан хохирол зэрэг нь нотлогдсон, эрхийн зөрчил хохирол хоёрын хоорондох шалтгаант холбоо тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд Хийн буруугаас гарсан зам тээврийн осол буюу эрхийн зөрчил болон Н.Мийн гаргасан тээврийн хэрэгсэл түрээсэлсний зардал буюу хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Н.М нь Хийн буруугаас гарсан зам тээврийн ослын улмаас бусдаас тээврийн хэрэгсэл түрээслэх зайлшгүй шаардлагатай байсан, уг түрээсийн зардал нь зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчид зайлшгүй учирсан хохирол гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Хоос 2,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 5 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 50,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Б.УУГАНБАЯР

 

ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ