| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 195/2025/0031/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/137 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/137
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
шүүгдэгч ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408042141870 дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: **************
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ***********согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ***********тоотод хохирогч ***********“маргаан хийлээ” гэх шалтгаанаар шилэн аяга авч шидэн эрүүл мэндэд “зүүн зулайн хуйханд шарх, хүзүү, зүүн хацарт цус хуралт, эрүү, хүзүү, баруун хацарт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ***********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгсөн байгаа учир шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 200,000 төгрөг өгсөн. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй” гэв.
Эрүүгийн 2408042141870 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ***********: “2024 оны 10 дугаар сарын 21-ний 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороонд байх гэртээ найз эмэгтэй ***********хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед би архинаас ганц хундагыг уусан, манай найз архийг ихээр уугаад надад уурлаж агсам тавьж байгаад ширээн дээр байсан аягыг аваад миний толгой руу цохисон. Миний толгойноос цус гараад түргэн тусламж ирээд 3 оёдол тавиад өнгөц шарх байна гээд явсан. Миний сэтгэцэд учирсан гэмтэл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Эм тариа авсан 100,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15, 72 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024.10.31-ний өдрийн 13967 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. *********** биед зүүн зулайн хуйханд шарх, хүзүү, зүүн хацарт цус хуралт, эрүү, хүзүү, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэжээ (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
Гэрч ***********: “2024 оны 10 дугаар сарын 21-ний орой манай үеэл *********** над руу залгаж “би 1-р хороололд таньдаг эгчийндээ байна, хүрээд ир” гэж 20 цагийн үед очсон чинь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хоорондоо маргалдаж байсан. Би цай ууж байхад 0,75 литрийн архи нь талаас дээгүүр үлдсэн хувааж ууж байсан чинь гаднаас ээж нь гэх нэг хүн орж ирээд *********** гэх хүнийг баахан загнаж байгаад гарсан. Удалгүй явахаар болсон чинь ***********, *********** хоёр тодорхой шалтгаангүй маргалдаж барилцаж аваад нэгнийгээ маажаад тэгээд салгасан. Яг гэрээс гарахдаа гэрийн зүүн талд байрлах тавиур дээр байсан сэнжтэй цагаан аяга аваад *********** руу шидсэн. *********** гэх хүн толгойгоо дараад орилоод байсан. Тэгэхээр нь би ***** түлхэж гаргаад такси барьж манайд ирж хоносон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
Гэрч ***********: “***********тай хэрүүл маргаан хийсэн гэх эмэгтэй ***********ынд хоёр хоносон. 2024 оны 10 дугаар сарын 21-ний 15 цагийн үед манай хашаанаас гарч яваад удалгүй ороод ирж байгаа харагдсан. 20 цагийн үед чимээ шуугиан гараад байхаар нь орсон чинь гурвуулаа болчихсон, *********** болон тэднийд ирээд хоёр хоносон эмэгтэй хоёр нэлээн согтуу байж байхаар би эмэгтэй хүмүүс байж нийлээд архи уулаа гэж нэлээн загначихаад гарсан чинь нэг охин намайг дагаж гараад утсаар яриад “одоо хүн дуудчихлаа, бид хоёрыг ирж авна” гээд байхаар нь би гэртээ орсон. 20 минутын дараа утас дуугараад байхаар нь авсан чинь “намайг *********** цохичихоод явчихлаа” гэхээр би гэрт нь орсон чинь *********** толгойгоо дарчихсан, цус гарсан байхаар нь цагдаа, түргэн дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
Шүүгдэгч Б.***********яллагдагчаар өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай найз *********** намайг гэртээ дуудсан. Маргааш өдөр нь буюу 10 дугаар сарын 21-ний өдөр бид хоёр 0.75 литрийн архи хувааж хэрэглэсэн. Тэгсэн ***********ын эмээ гэх хүн орж ирээд бид хоёрт “эмэгтэй хүмүүс байж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна” гэж уурлаж байгаад гарсан. Гараад явсных нь дараа бид хоёр хэрүүл маргаан хийж байгаад больсон. Тэгээд миний уур хүрээд гэрээс нь гарч явах үедээ үүдэнд сэнжтэй аяга байхаар нь аваад шидчихээд шууд гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал),
Дуудлагын лавлагааны хуудас (хх-2), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-3), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-4-7), эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хх-59), сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон “Тогтоолгохоос татгалзаж байна” гэх бичиглэл бүхий маягтын загвар (хх-74), хохирлын баримтууд (хх-93-96),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-41), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-36), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-40) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогчид 200,000 төгрөгийн хохирол төлсөн гэх дансны хуулга, мессенжер чатны хуулбар зэрэг 5 хуудас баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ***********тоотод хохирогч ***********“маргаан хийлээ” гэх шалтгаанаар шилэн аяга авч шидэн эрүүл мэндэд “зүүн зулайн хуйханд шарх, хүзүү, зүүн хацарт цус хуралт, эрүү, хүзүү, баруун хацарт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогчид 200,000 төгрөгийн хохирол төлөгдсөн тул төлөх төлбөргүй. Эрүүл мэндийн даатгалын санд 246,300 төгрөгийг олгуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ***********согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ***********тоотод хохирогч ***********“маргаан хийлээ” гэх шалтгаанаар шилэн аяга авч шидэн эрүүл мэндэд “зүүн зулайн хуйханд шарх, хүзүү, зүүн хацарт цус хуралт, эрүү, хүзүү, баруун хацарт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч *********** “...Бид хоёр архи уусан. ...манай найз архийг ихээр уугаад надад уурлаж агсам тавьж байгаад ширээн дээр байсан аягыг аваад миний толгой руу цохисон...” гэх мэдүүлэг (хх-14-15, 72), шүүх эмнэлгийн 13967 дугаар “1. *********** биед зүүн зулайн хуйханд шарх, хүзүү, зүүн хацарт цус хуралт, эрүү, хүзүү, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-31-32), гэрч *********** “...*********** болон *********** хоёр тодорхой шалтгаангүй маргалдаж барилцаж аваад нэгнийгээ маажаад яг гэрээс гарахдаа гэрийн зүүн талд байрлах тавиур дээр байсан сэнжтэй цагаан аяга аваад *********** руу шидсэн...” гэх мэдүүлэг (хх-21-22), гэрч *********** “...“намайг *********** цохичихоод явчихлаа” гэхээр би гэрт нь орсон чинь *********** толгойгоо дарчихсан, цус гарч байхаар нь...” гэх мэдүүлэг (хх-28-29), шүүгдэгч Б.***********“...***********ын эмээ орж ирээд “эмэгтэй хүмүүс байж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна” гэж уурлаж байгаад гарсан. ...миний уур хүрээд гарч явах үедээ сэнжтэй аяга аваад шидчихээд шууд гараад явсан...” гэх мэдүүлэг (хх-68-69) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд архидан согтуурч, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч Д.*********** руу шилэн аяга шидэн онож хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч *********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 73,710 төгрөгийн баримт (хх-96) гаргаж өгсөн, хохиролд 200,000 төгрөг төлөгдсөн, хохирогчид хурлын тов мэдэгдэхэд “200,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Д.*********** сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзсан, нэхэмжлэхгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Улсын яллагчийн хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан 246,300 төгрөгийг шүүгдэгч Б.***********ээс гаргуулах тухай дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй. Хавтаст хэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ, үйлчилгээнд зарцуулсан 246,300 төгрөгийн төлбөрийн баримт авагдсан боловч холбогдох этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, эрх, үүрэг танилцуулан мэдүүлэг аваагүй, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй буюу энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул улсын яллагчийг дээрх үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхгүй, түүнчлэн хуульд заасан журмын дагуу иргэний нэхэмжлэл гаргаагүй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.***********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Олон удаагийн үйлдлээр гэмтэл учруулсан, зэвсгийн чанартай аяга хэрэглэсэн. Гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, жирэмсэн, эрхэлсэн ажилгүй...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд архидан согтуурч, тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч руу шилэн аяга шидэн онож эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын 73,710 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 200,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, 9 сартай жирэмсэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, орлоготой)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.
Улсын яллагчийн “Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Шүүгдэгчийн хувьд ***** дүүрэгт оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч ****** дүүрэгт түр оршин сууж байгаа, жирэмсэн удахгүй төрөх гэж байгаа зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь тохиромжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “нийтэд тустай ажил хийлгэх ялыг ...жирэмсэн эмэгтэй ...хүнд оногдуулахгүй” гэж зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй тул Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгчид торгох ял оногдууллаа.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, тодорхой орлоготой гэх)-ийг харгалзан шүүгдэгч ***********450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт ******н ***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********450,000 төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР