2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/138

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ган-Эрдэнэ,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408039041799 дугаартай 2 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ************

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***********нь 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн ***********тоотод оршин суух хохирогч ***********нь “Дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 11,700,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн хохирогч ***********тээврийн хэрэгсэл жолоодох эрх шаардлагатай байгаа бодит хэрэгцээг далимдуулж, “цахим сүлжээ мэдээнээс хасалт хийлгэж, хүчингүй болсон эрхийг нь сэргээж өгч чадна” гэж итгүүлэн Хаан банк дахь ***********эзэмшлийн ...дугаар дансаар 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 1,200,000 төгрөгийг, Хас банк дахь өөрийн эзэмшлийн ...дугаар дансаар 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 68,000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 48,000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 236,000 төгрөгийг буюу нийт 1,552,000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч ***********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Өрөнд ороод энэ гэмт хэргийг үйлдсэн. Мөрийтэй тоглоод өрөнд орсон байсан. Хохирлыг бүрэн төлсөн. ***********ын хохирлыг *********** руу шилжүүлж өгсөн. ********н хохирлыг дүүгийнхээ дансаар шилжүүлсэн. Эгчийнхээ дэлгүүрт ажиллаж байгаа. Дахин алдаа гаргахгүй. Торгох ял шийтгэж өгнө үү” гэв.

Эрүүгийн 2408039041799 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ***********: “2023 оны 5 дугаар сард “****” фитнест явж байхдаа *********** эгчтэй танилцсан. Би тухайн эгчид цагдаа болох сонирхолтой Дотоод хэргийн их сургуульд орох талаар ярихад эгчид танил их байгаа, “манай өвөө генерал, ах, эгч нар бүгдээрээ цагдаагийн байгууллагад ажилладаг хүмүүс, би өөрөө цагдаагийн байгууллагад ажилладаг хошууч цолтой, эгч нь асуудалгүй оруулаад өгч болно шүү” гэж хэлсэн. Тэгээд *********** эгч 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн надаас “сургуульд оруулж өгөхөд мөнгө хэрэгтэй, жишээ нь хувцасны мөнгө, сургалтын албаны мөнгө, яаманд таньдаг хүндээ өгөх мөнгө” гэх зэргээр 2024 оны 8 дугаар сарын дунд хүртэл нийт 7-8 удаагийн гүйлгээгээр өөр өөр хүний данс руу нийт 12.000.000 төгрөг авсан. Тэрнээс хойш асуухад “эгч нь сургуулийн дарга нартай холбоо барьж байгаа, өөрийн өвөө *********** генералд хэлсэн байгаа, удахгүй сургуульдаа орно” гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн. 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр *********** *********** гэх фейсбүүк хаягтай хүнээс “ах нь чамайг сургуульд оруулж өгөх асуудал бүтэхгүй боллоо, чи нөгөө эгч болон өвөө нь болох *********** генералтай учраа олоорой” гэж чат явуулаад миний данс руу 3 удаагийн гүйлгээгээр данс асуулгүй 12.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгэхээр нь би *********** эгч рүү холбогдоод болсон зүйлийн талаар хэлэхэд “за яах вэ өвөө өөр хүмүүстэй яриад болгочих байх, тэр үед нь наад мөнгөө өгчихгүй юу” гэж хэлсэн. Миний бодлоор *********** эгч өөр, өөр хүний нэр дээр фейсбүүк хаяг нээгээд өмнөөс нь хүмүүстэй холбогдоод бусдаас мөнгө авч залилаад байж болзошгүй байгаа тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Өөрийнхөө өвөө *********** генералтай холбогдсон гээд Б.*********** гэх фейсбүүк чат хаягтай хүнтэй холбогдож чат бичсэн зурвасаа харуулсан. Мөн Дотоод хэргийн их сургуулийн дэд дарга болох ***********тай холбогдсон гэж “*****” гэх фейсбүүк хаягтай хүнтэй чаталсан зурвасаа харуулсан. Манай ах гэж танилцуулсан “*********** ***********” гэх фейсбүүк хаягтай хүн над руу чат бичээд “цагдаагийн сургуулийн дарга болох ***********той холбогдсон, чамайг оруулах талаар ярьсан” гэж хэлээд “********” гэх фейсбүүк хаягтай хүнтэй чаталсан чатаа явуулсан. “Бас Дотоод хэргийн их сургуупийн багш ******тай холбогдсон, чи тэр хүний ангид орсон байна. ***** чиний дутуу хувцас, малгай зэргийг авсан гэж байна” гээд “******” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатаа над руу явуулсан. Удаад байхаар нь өөрөө Дотоод хэргийн их сургуулийн дэд дарга ***********тай чатаар холбогдоод уулзах цаг аваад 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр уулзахад “би *********** гэх хүн танихгүй, тэр хүнтэй чиний харуулсан чатыг бичээгүй” гэж хэлсэн. Надад *********** генералын дугаар ...өгөхөөр нь хажууд нь ярихад *********** генерал “манай ач, зээ нар болон үр хүүхэд дунд *********** гэх нэртэй хүн байхгүй” гэхээр нь би худлаа гэдгийг мэдсэн. Үнэхээр их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 16-18 дахь тал),

Гэрч Б.***********ын: “Би *********** гэх хүнийг танихгүй. “*****” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй найз бөгөөд эзэмшигчийг нь танихгүй, тухайн хаягаас хэдэн сарын өмнө найзын хүсэлт илгээсэн, цагдаа хувцастай байхаар нь хүсэлтийг хүлээн авсан. Би түүнтэй чаталж байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 20 дахь тал),

Гэрч ***********: “Би “******” нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй найзууд болоод 2-3 жил болж байгаа. 2023 оны 9 дүгээр сард миний фейсбүүкийн стори доор коммэнт бичих болсон. Мөн над руу надтай хамт ажиллаж байсан цагдаа нартай фитнест явдаг болон тухайн хүмүүсийн фейсбүүк пост дээр сэтгэгдэл үлдээгээд байхаар нь хамт явдаг гэж ойлгосон. Би тухайн фейсбүүк хэрэглэгчтэй нэг удаа уулзаж байсан. Өөрийгөө Австрали явах гэж байгаа талаар ярьсан, өөр ярьсан зүйлгүй. Түүний фейсбүүкийг харахад өөрийгөө *********** генералын ач охин гэж ойлгогдохоор зураг, пост оруулдаг, фейсбүүк найзууд нь дандаа цагдаа нар байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 22 дахь тал),

Гэрч Б.***********ийн: “...Би фэйсбүүкт огт бүртгүүлж байгаагүй. Зун 7 дугаар сарын үед нэг эмэгтэй хүн над руу залгаад “таны ач гээд хүн байна, хүнээс мөнгө зээлээд яваад байна” гэсэн утгатай ярихаар нь би “надад тийм ач байхгүй ээ, та энэ талаар цагдаагийн байгууллагад хандвал зүйтэй” талаар хэлсэн. 9 дүгээр сарын дундуур нэг эмэгтэй хүн яриад “таны ач гээд нэг хүн байна, өөрийгөө цагдаагийн хошууч гэж байна, энэ талаар тантай уулзаж ярьмаар байна” гэсэн. Би “Надад тийм ач байхгүй” гээд тухайн хүний нэр, утсыг аваад “би энэ асуудлаар цагдаад хандахгүй бол болохгүй” гэж хэлсэн. Тэгээд би Цагдаагийн ерөнхий газрын хурандаа Идэрцог руу ярьсан “Цагдаагийн хошууч, миний ач гээд хүн хүнээс мөнгө цаас аваад яваад байна гэнэ, шалгамаар юм байна” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа ***** яриад “Тухайн хүнийг оллоо, залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан хүн байна. Цагдаагийн хошууч гэдэг нь худлаа байна, цагдаад хамаагүй байна, шалгаж байгаа хүмүүс нь тан руу ярих байх” гэсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 27-29 дэх тал),

2024.10.03-ны өдрийн цагдаагийн танилцуулга (1 дэх хавтас, хх-7-11), шүүгдэгч Л.***********гийн хохирогч ***********руу явуулсан фэйсбүүк чатны хуулбар (1 дэх хавтас, хх-36-60), хохирогчид хохирол төлсөн баримтууд (1 дэх хавтас, хх-62-69), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтас, хх-70-74), шүүгдэгчийн дансны хуулга (1 дэх хавтас, хх-77-84), Цагдаагийн ерөнхий газрын “*****гийн ***********, ***********гийн *********** гэх нэртэй эрэгтэй, эмэгтэй алба хаагч цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байгаа, ажиллаж байсан талаар хүний нөөцийн цахим сангаас шүүн үзэхэд холбогдох мэдээлэл байхгүй байна” гэх албан бичиг (1 дэх хавтас, хх-98),

Хохирогч Э.***********ын: “2022 оны 12 сарын 20-ны өдөр би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж 1 жилээр эрхээ хасуулсан. Жолоочийн эрхийг сэргээлгэх хэрэгцээтэй байсан. Тэр үед фэйсбүүк дээр “жолоочийн эрх сэргээнэ” гэсэн зар байсныг скрийншот хийгээд *********** гэх миний салсан нөхрийн хамт ажилладаг найз руу нь явуултал “би сэргээж өгч чадна, таньдаг хүн байгаа” гэж хэлсэн. “Эхлээд асуугаад өгье” гэж, хоёр өдрийн дараа залгаад “сэргээж өгч болно гэнээ” гээд “үдийн өмнө 1.200.000 төгрөг хийчихвэл жолооны эрх сэргээх хүмүүсийн нэрс дунд оруулах гээд байна” гэж хэлээд өөрийнхөө Хаан банкны ...дугаар дансандаа 1,200,000 төгрөг шилжүүлж авсан. “Жолооны үнэмлэхээ 2023 оны 03 сарын 07-08-ны өдрүүдэд гаргаж өгнө” гэж хэлсэн ч гаргаж өгөөгүй. Тэрний өмнө 68,000, 48,000, 236,000 төгрөгийг тус тус “ТЕГ, ЦЕГ, ТЦА дахь мэдээллийн сангаас устгуулна” гэж хэлээд ***********гийн *********** гэгч эзэмшигчтэй Хас банкны ...дугаар данс руу шилжүүлүүлсэн. Миний жолоочийн эрхийг сэргээж өгөөгүй. ***********ас асуухад жолоочийн эрх сэргээж өгдөг гэх ***********д мөнгийг шилжүүлсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 162 дахь тал),

Гэрч ***********: “Би Э.***********ыг 2020 оноос таньдаг болсон, нөхөр ***********тэй нь хамт ажиллагаанд явж байсан. *********** “жолоодох эрхээ хасуулсан тул сэргээлгэх хэрэгтэй байна, хүмүүсээс асуусан чинь сэргээж болдог гэнэ, таньдаг хүн байвал асуугаад өгөөрэй” гэхээр нь *********** гэх хүнтэй фэйсбүүк чатаар асуухад “асуудалгүй” гэж хэлсэн. Би ***********т хаягийг нь өгөөд “энэ хүн болгож өгч чадна гэнэ, чи холбогдох уу” гэхэд “тэгье” гэсэн. Удалгүй *********** надад “би чам руу мөнгө шилжүүлье, дараа нь янз бүрийн асуудал болвол чи өөрөө хариуцаарай” гэхээр нь би зөвшөөрсөн. *********** чат бичээд “1,200,000 төгрөг болно” гэхээр нь би ***********т хэлсэн. *********** 2023.02.06-ны өдөр 1,200,000 төгрөгийг ...миний данс руу шилжүүлсэн. Тэгэхээр нь би мөнгийг шууд ***********гийн данс руу шилжүүлсэн. *********** надад “би тэр хүнтэй чатаар холбогдож байгаа” гэж байсан. *********** надад хэлэхдээ “нөгөө хүн надаас мөнгө авсан” гэхээр нь би нарийн учрыг нь мэдэхгүй, “та хоёр өөрсдөө харьцаж байгаа юм чинь шийднэ биз” гээд орхисон. 2023 оны 4 сарын сүүлээр байх *********** надад “нөгөө асуудал худлаа болох шиг боллоо, би мөнгөө авмаар байна, нөгөө хүнээ олж өгөөд шахаж шаардаад миний мөнгийг гаргуулж өг” гэсэн. Тэгээд би *********** гэх хүний утас руу залгахаар авахгүй байгаа. Цагдаад ажилладаг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 164-165 дахь тал),

Шүүгдэгч Л.***********гийн яллагдагчаар өгсөн: “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хийсэн хэргээ хүлээж байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 239 дэх тал),

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтас, хх-157),  ***********банкны дансны хуулга (1 дэх хавтас, хх-169), Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг (2 дахь хавтас, хх-9),

шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтас, хх-1), Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай “600,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн ***********нь ялыг бүрэн эдэлж дууссан тул эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022.10.26-ны өдрөөр дуусгавар болсонд тооцсугай...” гэх тогтоол  (2 дахь хавтас, хх-10) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********нь 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн ***********тоотод оршин суух хохирогч ***********нь “Дотоод хэргийн их Сургуульд оруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 11,700,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

мөн Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан этгээд болох хохирогч ***********тээврийн хэрэгсэл жолоодох эрх шаардлагатай байгаа бодит хэрэгцээг далимдуулж, төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг төрийн байгууллага, албан тушаалтанд нөлөөлөх замаар “цахим сүлжээ мэдээнээс хасалт хийлгэж, хүчингүй болсон эрхийг нь сэргээж өгч чадна” гэж итгүүлэн, тухайн ажлын хөлс төлбөр гэх зориулалтаар Хаан банк дахь ***********н эзэмшлийн ...дугаар дансаар 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 1,200,000 төгрөгийг, Хас банк дахь өөрийн эзэмшлийн ...дугаар дансаар 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 68,000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 48,000 төгрөг,  2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 236,000 төгрөгийг буюу нийт 1,552,000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогчийн эд хөрөнгийг залилсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч ******** 11,700,000 төгрөгийн хохирол, ***********1,552,000 төгрөгийн хохирол төлөгдсөн тул бусдад төлөх төлбөргүй. Хохирогч нар сэтгэл санааны хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ***********нь 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн ***********тоотод оршин суух хохирогч ***********нь “Дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 11,700,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

мөн хохирогч ***********тээврийн хэрэгсэл жолоодох эрх шаардлагатай байгаа бодит хэрэгцээг далимдуулж, “цахим сүлжээ мэдээнээс хасалт хийлгэж, хүчингүй болсон эрхийг нь сэргээж өгч чадна” гэж итгүүлэн Хаан банк дахь ***********эзэмшлийн ...дугаар дансаар 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 1,200,000 төгрөгийг, Хас банк дахь өөрийн эзэмшлийн ...дугаар дансаар 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 68,000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 48,000 төгрөг,  2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 236,000 төгрөгийг буюу нийт 1,552,000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч *********** “...*********** эгч 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн надаас “сургуульд оруулж өгөхөд мөнгө хэрэгтэй, хувцасны мөнгө, сургалтын албаны мөнгө, яаманд таньдаг хүндээ өгөх мөнгө” гэх зэргээр 2024 оны 8 дугаар сарын дунд хүртэл нийт 7-8 удаагийн гүйлгээгээр өөр өөр хүний данс руу нийт 12.000.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-16-18), гэрч *********** “...Түүний фейсбүүкийг харахад өөрийгөө *********** генералын ач охин гэж ойлгогдохоор зураг, пост оруулдаг, фейсбүүк найзууд нь дандаа цагдаа нар байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-22), гэрч Б.***********ийн “...Надад тийм ач байхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-27-29), хохирогч Э.***********ын “...сэргээж өгч болно гэнээ, үдийн өмнө 1.200.000 төгрөг хийчихвэл эрх сэргээх хүмүүсийн нэрс дунд оруулах гээд байна” гээд 1,200,000 төгрөг шилжүүлж авсан. ...“ТЕГ, ЦЕГ, ТЦА дахь мэдээллийн сангаас устгуулна” гээд ***********гийн *********** гэх Хас банкны ...дугаар данс руу шилжүүлүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-162), гэрч ***********“...*********** гэх хүнтэй фэйсбүүк чатаар асуухад “асуудалгүй” гэж хэлсэн. ...*********** надад “би чам руу мөнгө шилжүүлье, дараа нь янз бүрийн асуудал болвол чи өөрөө хариуцаарай” гэхээр нь би зөвшөөрсөн. *********** над руу чат бичээд “1,200,000 төгрөг болно” гэхээр нь би ***********т хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-163-164), шүүгдэгч Л.***********гийн “...Өөрийн хийсэн хэргээ хүлээж байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-239) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.***********гийн хохирогч ***********“Дотоодын их сургуульд оруулж өгнө” гэж хуурч нийт 11,700,000 төгрөг авсан, хохирогч ***********“Жолооны эрх сэргээж өгч чадна” гэж хуурч худал хэлэн нийт 1,552,000 төгрөг авсан санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокуророос Л.***********гийн 2 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэгт тооцож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлгүй гэж үзлээ. Шүүгдэгчийн 2 удаагийн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан боловч хоорондоо харилцан хамааралгүй, өөр өөр цаг хугацаа болон орон зайд үйлдэгдсэн, тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул үргэлжилсэн гэмт хэрэг үзэхгүй.

Гэмт хэргийн улмаас хохирогч *********** 11,700,000 төгрөгийн, ***********1,552,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарт хохирол бүрэн төлөгдсөн, шүүхээс хохирогчид хурлын тов мэдэгдэхэд “хохирлоо авсан, сэтгэл санааны хохирлоо нэхэмжилмээр байгаа” гэснийг үндэслэн шүүгдэгч ***********гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж шүүх дүгнээд энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч нар сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөртэй холбоотой нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нарт сэтгэцийн хор уршиг тогтоолгох талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй тул энэ хуралдаанаар хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй юм.  

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Ажил хийж өр зээлээ төлж байгааг харгалзан үзнэ үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч нь хохирогч нарыг “Дотоодын их сургуульд оруулж өгнө”, “Жолооны эрх сэргээж өгнө чадна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан нийт 13,252,000 төгрөгийг аван бусдын эд хөрөнгийн эрхэд халдсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч нарт нийт 13,252,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч “Гомдолтой” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, ажил эрхэлж байгаа гэх боловч нотолсон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, орлого олдог нь тогтоогдоогүй, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********420 (дөрвөн зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Улсын яллагчийн “хорих ял оногдуулах” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Шүүгдэгч ***********нь шүүхийн хэлэлцүүлэгт ажил эрхэлж байгаа гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтаар ажилтай, орлоготой болохыг нь нотолсон баримтгүй, урьд өмнө тухайн зүйл ангиар торгох ял шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд торгох ял оногдуулах боломжгүй, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэмжээ, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул хорих ял оногдуулах үндэслэлгүй гэж үзээд эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгын хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирно гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********* овогт ***********гийн ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********420 (дөрвөн зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.***********д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч нар сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөртэй холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

            

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР