Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,

улсын яллагч *******,

шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******-д холбогдох 2516000000052 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: *******,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч ******* нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэрт 2025 оны 02 дугаар сарын 16-ны шөнийн 23 цагийн үед ******* ГАА улсын дугаартай пруис-30 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл./хавтаст хэргийн 01 дүгээр хуудас/

2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Физик химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ. /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/

3. Гэрч *******-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагчаар ажилладаг. 2025 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө хувиар томилгооны дагуу шугам замын эргүүлийн үүргийг цагдаагийн дэслэгч *******-ийн хамт гүйцэтгэсэн. Шөнө 23 цагийн үед Харзат багийн арын засмал замаар хөдөлгөөнд оролцож байсан ******* ГАА улсын дугаартай Приус-30 маркийн тэврийн хэрэгслийг зогсоон ******* гэх жолоочийн бичиг баримтыг шалгахад тухайн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үнэртэж байсан тул Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд авчирч 75.10 загварын драгер багаж үлээлгэхэд 2.08 хувийн согтолттой байсан тул эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгч тээврийн хэрэгслийг түр саатуулж цагдаагий газрын бүртгэлд оруулж ажилласан. Би 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 17-ны шөнийн 04 цаг хүртэл хувиар томилгооны дагуу үүрэг гүйцэтгэж байсан. Би ******* гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Тухайн жолооч тээврийн хэрэгсэлд ганцаараа явж байсан. Би ******* гэх хүнийг X- Со\/ег торгуулийн багажаар шалгахад эрх нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс нэг жилийн хугацаатай эрх нь хасагдсан байна гэсэн. Тухайн өдөр аймгийн төвд шугам замд зохицуулагч, цагдаагийн дэслэгч *******-ийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй  ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 13-р хуудас/

4. Гэрч *******-жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчаар ажилладаг. 2025 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө хувиар томилгооны дагуу шугам замын эргүүлийн үүргийг цагдаагийн дэд ахлагч *******-ын хамт гүйцэтгэсэн. Шөнө 23 цагийн үед Харзат багийн арын засмал замаар хөдөлгөөнд оролцож байсан *******0 ГАА улсын дугаартай приус-30 маркийн тэврийн хэрэгслийг зогсоон ******* гэх жолоочийн бичиг баримтыг шалгахад тухайн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үнэртэж байсан тул Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд авчирч 75.10 загварын драгер багаж үлээлгэхэд 2.08 хувийн согтолттой байсан тул эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгч тээврийн хэрэгслийг түр саатуулж цагдаагий газрын бүртгэлд оруулж ажилласан. Би 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 17-ны шөнийн 04 цаг хүртэл хувиар томилгооны дагуу үүрэг гүйцэтгэж байсан. Би ******* гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Тухайн жолооч тээврийн хэрэгсэлд ганцаараа явж байсан. Цагдаагийн дэд ахлагч ******* нь ******* гэх хүнийг Х-Cover торгуулийн багажаар шалгахад эрх нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс нэг жилийн хугацаатай эрх нь хасагдсан байна гэсэн. Тухайн өдөр аймгийн төвд шугам замд цагдаа-зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч *******-ын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 15-р хуудас/

5. ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан талаарх Цагдаагийн газрын Асап сангийн лавлагаа./хавтаст хэргийн 7 дугаар хуудас/

6. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ЗШ/15 дугаартай шийтгэвэрийн хуулбар/хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Мөн “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг мөн, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор хуульчилсан тайлбарыг хийжээ.

Энэ нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд урьд өмнө нь адил үндэслэлээр шийтгэл хүлээж эрхээ хасуулсан тохиолдолд хамаарна. Шүүгдэгч *******-ийн тухайд өмнө нь 2024 оны 12 дугаар сарын 27-нд тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодох зөрчил үйлдэн 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан тул түүний энэ удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг 6 сарын хугацаагаар тэнсэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус заасныг журамлан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг 6 сарын хугацаагаар тэнсэж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд шүүгдэгч *******-д хүлээлгэж шийдвэрлэлээ.

Тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулав.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус заасныг журамлан шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг 6 сарын хугацаагаар тэнсэж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд шүүгдэгч *******-д хүлээлгэсүгэй.

4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******-д сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.МӨНХТУЛГА