| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/0026/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/32 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,
Улсын яллагчаар хяналтын прокурор *********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *********,
Шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *********-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *********-т холбогдох 2416003100022 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: *********.
Холбогдсон хэргийн талаар: ********* нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 24-ний шөнийн 03 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэр нутгийн удирдлагын ордны зүүн талд *********-той маргалдаж муудалцах үеэр тэднийг салгахаар ирсэн хохирогч *********-ын толгойн ар хэсэгт 1 удаа, нүүрэн тус газар нь буюу ам, уруул хэсэгт 2-оос 3 удаа цохиж түүний эрүүл мэндэд нь дээд уруулын дотор талд шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********* нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 24-ний шөнийн 03 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэр нутгийн удирдлагын ордны зүүн талд *********-той маргалдаж муудалцах үеэр тэднийг салгахаар ирсэн хохирогч *********-ын толгойн ар хэсэгт 1 удаа, нүүрэн тус газар нь буюу ам, уруул хэсэгт 2-оос 3 удаа цохиж түүний эрүүл мэндэд нь дээд уруулын дотор талд шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь хохирогч *********-ын “...2024 оны 11 дүгээр сарын 24-ны шөнө намайг гэртээ байж байхад манай хүү *********-ын эхнэр над руу гар утсаар залгаад Шүүхийн хажууд ********* хүнтэй маргалдаад байна хүрээд ир гээд би гэрээс *********-ын эхнэрийг дагуулаад зам дагаад алхаж байхад *********-дын эхнэр өмнөөс машинтай ирээд бид гурав 02 цагийн үед тухайн газар очиход манай хоёр хүүхэд болох *********, ********* нар хүмүүстэй маргалдаад барьцалдаад байж байхаар нь тэр хэдийг салгах гээд дундуур нь ороод зууралдаж байхад хажуугаас нэг намхан залуу миний уруул хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд миний уруулаас их хэмжээгээр цус гоожоод тухайн газраас би шууд эмнэлэг явсан. Цохиулсны улмаас миний дээд уруулын дотор тал язарсан. Тэгээд яаралтай 103-т очиж уруулдаа дөрвөн оёо тавиулсан. Тухайн шөнө би 103-н хяналтад хоносон. Миний дээд уруул руу хар куртиктэй намхан залуу гараараа цохиж гэмтэл учруулсан. Тухайн үед миний хажууд *********, *********, бас урт хар куртиктэй эрүүл бололтой залуу тамхи татаад зогсож байсан. Намайг уруулдаа цохиулахыг замын нөгөө талаас боль гээд урт хар куртиктэй залуу ирж байсан. Тэр сайн харсан байх аа. Би архи согтууруупах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Намайг очиход тэнд байсан залуучууд бугд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би ямар нэгэн хүний биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Би өмнө уруулдаа бэртэл гэмтэл авч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх 107-108/,
Гэрч *********-гийн “...2024 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө 02 цагийн үед би найзынхаа гэрт тоглож байгаад гэртээ харих гээд талбайн хойд талын замаар зүүнээс баруун чиглэлтэй яваад ертөнцийн зүгээр хойд зүг буюу аюулгүйн тойрог руу эргэхэд Нутгийн удирдлагын доод талын засмал зам дээр хар өнгийн жийп машин аваарын гэрлээ асаасан хойд талд нь хүмүүс хоорондоо маргалдаж байсан. Тухайн хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдаж зодолдоод байхаар би өөрийн автомашинаас буугаад та нар больцгоо гэж хэлэх үед 50-60 насны бололтой малгайтай настай ахыг 20-30 насны бололтой хар өнгийн куртектэй / Одоо харуул танина/ нэг залуу нөгөө настай ахын нүүр толгой хэсэг рүү гараараа 2 удаа цохиж авсан. Тэгээд хүмүүс бөөгнөрөх үед нөгөө настай ахын цохисон гэх залуу газарт унаад настай ахын хамар амнаас нь цус гарсан миний урд ирээд нойлын цаас асуусан. Энэ үед замын цагдаагийн шөнийн эргүүлийнхэн ирсэн. Би *********, ********* гэх хүмүүсийг танихгүй. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. ********* /залуу/ нь ********* /настай ах/-ын нүүр толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. ********* /залуу/-аас өөр хүн ********* /Настай/-ын биед халдаж цохиж зодоогүй. ********* /залуу/ нь ********* /настай ах/ нараас тусдаа олон хүмүүс байсан тухайн үед байсан хүмүүсийг би тоолоогүй. ********* /настай ах/-ын хамар амнаас цус гоожиж байсан. Ямар гэмтэлтэй байсан талаар би мэдэхгүй. ********* /настай ах/ нь та нар боль зодоон цохион хэрэггүй гэх утгатай зүйл хэлж байхад нь ********* /залуу/ нь орилж ирээд ********* /настай ах/-ыг цохисон. ********* /настай ах/-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан талаар би мэдээгүй ********* /залуу/ нь согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх 116-117/,
Гэрч *********-вын “…2024 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө Мичид баарнаас *********, ********* бид гурав гараад зам дагаад гэр лүүгээ явж байхад замын эсрэг талаас 2 эрэгтэй 2 эмэгтэй бид хэд дээр ирээд нэг залуу нь *********-той маргалдаад тэр залуу нь *********-ын шанаа хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод ********* тэр хоёр хоорондоо зодолдоод тэр залуу нь *********-ын куртикийг аваад өгөхгүй зууралдаад тэр хэдийг салгаад бужигнаад байж байхад манай аав *********, ********* ахын эхнэр *********-тэй цуг ирсэн. Аав ирээд тухайн үед маргалдаж байсан залуучуудыг салгах гээд голоор нь ороод байж байхад тухайн залуучууд дунд байсан миний зүс таньдаг ********* гэх залуу аавын толгойн ар хэсэг рүү гараараа нэг удаа цохиод эргээд харахад нь уруул хэсэг рүү нь гараараа хоёр удаа цохиод авахаар нь би уурлаад аавыгаа өмөөрөөд *********-ын нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод газар унагаасан. Манай аавын биед ********* нь эхлээд толгойн хэсэг рүү гараараа нэг удаа цохиод эргээд харахад нь уруул хэсэг рүү нь гараараа хоёр удаа цохисон. Тухайн үед яг юунаас болж ********* нь манай аавыг цохисон талаар сайн мэдэхгүй байна. Хүнтэй андуураад цохисон байх. Тухайн үед ********* согтуу байсан. Манай аав архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Аавыг *********-т цохиулах үед хажуугаас нь ********* бид хоёр хараад байж байсан. Тухайн үед зодоон болохоос өмнө манай аавын биед ямар нэгэн бэртэл шарх сорив байгаагүй. Зодоон болж дууссаны дараа аавын дээд уруулаас цус их хэмжээгээр гоожоод эмнэлэг явж дөрвөн оёо тавиулсан. Манай аав ********* нь *********-ыг танихгүй. Тухайн үед тэр хоёрын дунд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Урьд өмнө өс хонзонгийн зүйл байгаагүй. *********-аас өөр хүн манай аав *********-ын биед халдаж цохиж зодоогүй...’ гэх мэдүүлэг, /хх-ийн 120-121/
Гэрч *********-ын “…2024 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө Мичид бааранд *********, *********, эхнэр *********, *********-ын эхнэр ********* нарын хамт сууж байгаад *********-ийн бие нь өвдөөд эмнэлэг рүү яваад тэгээд араас нь ********* гэр лүүгээ явж машинаа авч ирнэ гээд явсан. *********, ********* ах бид гурав бааранд байж байгаад эмнэлэг явах гээд баарнаас гарч ирээд ********* эхнэртэйгээ гар утсаар яриад эхнэр ********* нь өмнөөс хүрээд ир цуг явъя гэхээр нь зам дагаад *********-ын өмнөөс явж байхад бааран дотор *********-той маргалдаад байсан залуу 2 эрэгтэй, 2 эмэгтэйгийн хамт замд таарсан. Тэр хэд нэлээн согтсон байдалтай нэг намхан залуу нь Алтайд миний өмнөөс сарваадаг пизда байдаггүй юм чи хэн юм гээд *********-той барьцалдаж аваад куртикийг нь шувт татаж аваад өгөхгүй зууралдаад маргалдаад байж байхад ********* ах ********* эгчтэй хамт машинтай ирээд ********* бид хэдийг авч явах гэсэн чинь нөгөө хэдэн хүмүүс нь явуулахгүй нэг махлаг залуу нь ирээд намайг хавирч унагаасан. Намайг унаад босож ирэхэд хүмүүс бужигнаад бужигнаан дунд ********* ахыг ********* гэх жижиг хар куртиктэй залуу араас нь цохиод дараа нь нүүр хэсэг рүү нь цохиод авахад нь ********* ах *********-рыг цохиод газар унагаасан. Тэгээд байж байхад цагдаа нар ирээд бид хэдийг салгасан. ********* ахыг зодож байсан хүмүүсийг салгаж байхад ********* нь хажуугаас нь орж ирж *********-ыг цохисон. *********, ********* хоорондоо хэрэлдэж маргалдаагүй. Тухайн үед ********* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ********* ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ********* ахыг *********-т цохиулах үед хажуугаас нь ********* ах бид хоёр хараад байж байсан. Тухайн үед зодоон болохоос өмнө ********* ахын биед ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй. ********* ах *********-ын дунд өс хонзонгийн зүйл байсан талаар би мэдээгүй. *********-аас өөр хүн ********* ахын биед халдаж цохиж зодоогүй. ********* нь ********* ахын уруул хэсэг рүү нь гараараа цохисон...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 124-125/,
Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаартай “...*********-ын биед дээд уруулын дотор талд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 5. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 46-47/,
Иргэний нэхэмжлэгч *********-ийн “...*********-ын эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон тусламж үйлчилгээний зардал болох нийт 163.598 төгрөгийн төлбөрийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /хх- ийн 112-113/,
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч цолтой ********* нь сидинд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 126-129/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч ********* нь хохирогч *********-рын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.
Хохирлын “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр хохирлын зэргийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтээр хохирогч *********-ын биед дээд уруулын дотор талд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байх бөгөөд прокуророос шүүгдэгч *********-ын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч ********* нь хохирогч *********-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл болон хохирол, хор уршиг хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *********-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ********* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ********* нь хохирогч *********-рын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *********-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ********* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч *********-т танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *********-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс уг саналыг дэмжиж оролцсон бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Иймд шүүгдэгч *********-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *********-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********-т оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч *********-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР