Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Өын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/02254 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Өын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж ХХК , Ө.Б д тус тус холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 39 000 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,  

 

Хариуцагч Ж ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж ХХК -д 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс борлуулагч менежерээр ажиллах болсон ба тус компанийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016 оны 01 дугаар сарын 28-ны өдрийн 1109 тоот шийдвэрээр намайг Ж ХХК -ийн борлуулалтын менежерээр эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3 440 496 төгрөг, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 192 164 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын цалингийн үлдэгдэл 366 000 төгрөг, нийт 558 164 төгрөгийг төлөхөөр болсон. Хариуцагч Ж ХХК  нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсан тул гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гарган мөн шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 11720 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Ж ХХК  нь ажилгүй байсан хугацааны цалин 3 440 496 төгрөг, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 192 164 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын цалингийн үлдэгдэл 366 000 төгрөг, зэргийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан нийт 4 058 660 төгрөгийг төлсөн. Ж ХХК  нь шүүхийн шийдвэрээр тогтоосон цалинг өгсөн боловч ажилд авах үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, намайг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тус компанийн борлуулагчийн ажилд томилсон тушаал гаргасан боловч ажил хийх гэхээр маргааш ир, нөгөөдөр ир, захирал алга байна гээд ажиллах боломжоор хангаагүй, намайг олон удаа очиход хөөгөөд оруулаагүй болно. Шийдвэр гүйцэтгэгчийг ярихаар одоохондоо орон тоо байхгүй байна, наад хүнийг чинь ажилд авна гэдэг боловч үнэндээ ажилд аваагүй. Хариуцагч Ж ХХК  нь нэр төдий тушаал гарган шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна, намайг ажилд авах байх гэж найдаж байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаагүй. Иймд миний бие 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1 сарын цалин 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1 сарын цалин 1 500 000 төгрөг, бүгд 36 000 000 төгрөг, нийт 39 000 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж ХХК  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компанид борлуулалтын менежер ажилтай байсан Б.Ө нь анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр ажилд эргүүлэн тогтоогдсон бөгөөд Б.Өыг компани дээр ирж ажилдаа орохыг хүлээж байсан. Гэтэл 2016 оны 03 дугаар сард шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хоёр байцаагч Б.Өын хэргээр манай компани дээр ирж шүүхийн шийдвэрийн дагуу 4 058 668 төгрөгийг төлүүлж, Б.Өыг ажилд томилох тушаалыг гаргаж өгөхийг шаардсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагаар ажилд эргүүлэн тогтоох тухай 16/05 дугаартай тушаал 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргаж, нэг хувийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, нэг хувийг Б.Ө өөрт нь хүргүүлсэн. Тушаал гарсны дараагаар Б.Ө манай компани дээр ирсэн боловч захирал надтай болон нягтлан Ө.Б  нартай хэрүүл маргаан хийгээд хаалга саваад гарч явсан. Үүнээс хойш Б.Ө дахин ирээгүй бөгөөд ажилдаа ормоор байна гэж амаар болон бичгээр өргөдөл хүсэлт ч гаргаагүй, борлуулалтын ахлах менежер Г.Амартүвшинтэй ч ажилд орох талаар холбоо бариагүй. Гэтэл түүний нэхэмжлэлд ажилд орохоор олон удаа ирсэн гэх, захирал надтай огт уулзаагүй мэтээр бичсэн нь ор үндэсгүй худал зүйл болно. Манай компанийн борлуулалтын менежерүүд нь зөвхөн борлуулалт хийсэн үнийн дүнгээс шалтгаалан төлөвлөгөө норм биелүүлсэн тохиолдолд цалингаа тодорхой хувиар тооцож бодуулдаг журамтай. 2015 оноос борлуулагч нарын цалинд өөрчлөлт оруулж, сарын борлуулалтын төлөвлөгөө нь 54 782 936 / тавин дөрвөн сая долоон зуун наян хоёр мянга есөн зуун гучин зургаа/ төгрөг болгосон тул борлуулагч нарын сарын цалинг бодохдоо 1 500 000 төгрөгийг дээрх төлөвлөгөө 100% биелэгдсэн тохиолдолд олгох, хэрэв сарын төлөвлөгөө 100% биелээгүй бол биелэгдсэн тодорхой хувиар нь тооцож цалинг хувилж олгодог юм. Манай борлуулалтын менежер хийж байсан Б.Ө цалин хөлс нь хэрхэн тооцогддог гэдгийг сайн мэддэг атлаа нэг төгрөгийн ч борлуулалт хийгээгүй байж 2016 оны 05 дугаар сараас тооцож цалин хөлс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 2016 онд манай компанийн борлуулалтын менежерүүд тодорхой хэмжээний борлуулалтын норм биелүүлэн тухайн сарын цалин нь хувилж гардаг учраас тушаал гарсан ч шүүхийн шийдвэр гарсан цагаас хойш Б.Ө нь ажлаа хийгээгүй улмаас цалин бодогдоогүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж ХХК -д борлуулалтын менежерийн ажил хийж байсан Б.Өын борлуулалтын цалинг хийсэн борлуулалтын төлөвлөгөөний дагуу хувиар бодож олгодог байсан. Би тус компанид нягтлангийн ажил эрхэлдэг. Компани тогтмол нэрлэсэн цалинг олгодоггүй байсан. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хурлаар ажилд нь эгүүлэн авахаар шийдвэр гарсан боловч Б.Ө ажилдаа орох гэж ирээгүй бөгөөд нэг удаа ирээд миний дэргэд захиралтай хэрэлдээд явсан. Иймд Б.Өын нэхэмжилж байгаа цалинг өгөх ёсгүй, үндэслэлгүй гэж бодож байна. Олон удаа ирэхэд оруулаагүй гэдэг нь худал, өөрөө ажилдаа ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж ХХК -иас 28 494 748 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Өд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 505 252 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон Ө.Б д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Өаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 352 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагч Ж ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тайван давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Б.Ө 2016 оны 05 дугаар сарын 2-ны өдөр ажил эгүүлэн авсан тушаал гарснаас хойш ажилд орох гэж ирж байгаагүй. Нэхэмжлэгч Б.Ө ажилд орохоор удаа дараа нягтлан бодогч Ө.Б тай утсаар ярьж байсан, ажилгүй байсан хугацааны цалинг олгох ёстой гэж түүнийг шууд хариуцагчаар татсан бөгөөд шүүх хуралдааны явцад нягтлан бодогч Ө.Б  түүнийг ажилдаа орох гэж ирж байгаагүй, харин нэг удаа ажил тарах үеэр ирээд захиралтай хэрэлдэж, доромжлоод хаалга хаяад гарсан гэж мэдүүлсэн болно. Түүнчлэн шүүхэд гэрчээр орсон борлуулалтын албаны дарга Г.Амартүвшин, үйлдвэрийн дарга Л.Энхтайван нарын мэдүүлгээр давхар нотлогдож байгаа.

...Тэрээр Ж ХХК -д 3 жилийн хугацаанд нэг ч өдөр борлуулагчийнхаа ажлыг хийгээгүй атлаа бусад борлуулагч нарын өдөр бүр ихээхэн хөлс хүч зардал гарган хийснээрээ авдаг борлуулалтын орлогоос маш хялбар аргаар шүүхийн журмаар авах болж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Хариуцагчийн зүгээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг урьд өмнө эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоосон бөгөөд ажилтантай хөдөлмөрийн гэрээг дахин шинээр байгуулаагүй байна.

Нэхэмжлэгчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар гомдол гаргах журамтай, гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн шалтгаан нөхцөлийн талаар, ажилгүй байсан гэх 2 жилийн цалин хөлс нэхэмжлэх хөөн хэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт гаргах ёстой байсан.

Хариуцагч ажилд эргүүлэн тогтоосон тушаал гаргасан нь цалинг нь ажиллаагүй ч олгоно гэсэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй юм. Ажилд эргүүлэн тогтоосон тушаалд хийснээр олгоно гэж тодорхой заасан нь нэхэмжлэгчийг бодит байдлаар хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хөдөлмөрлөх үүргээ биечлэн гүйцэтгэснээр ажлын гүйцэтгэлийн үр дүнгээр тооцоологдох цалин хөлс олгоно гэсэн заалт бөгөөд түүнд ажил хөдөлмөр эрхлэх эрх олгосон эрх зүйн үр дагавар үүсгэсэн болохыг нэхэмжлэгч тушаалыг биечлэн хүлээн авсан учир мэдсэн гэж үзнэ.

Цалин хөлсийг хөдөлмөрийн гэрээнд сард хоёр удаа олгохоор заасан хугацаанд олгоогүй тохиолдолд цалин хөлсөө хугацаандаа аваагүй ажилтан гомдол гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн хуульд заасан хугацаагаа хэтрүүлсэн талаар шүүх үнэлэлт дүгнэлт өгсөнгүй.

...Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан нэхэмжлэгчийг ажиллах нөхцөл, ажлын байраар хангаагүйгээс шүүхийн шийдвэрийг бодитоор биелсэн гэж үзэх боломжгүй гэх нөхцөл байдлыг нэхэмжлэгч нотлоогүй байхад шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Өд ажилдаа буцаж орох эрх нь үүссэн, зөрчигдсөн гэх эрх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар сэргээгдсэн нь бүрэн нотлогдсон үйл баримтыг харгалзан үзсэнгүйд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, албан тушаалтанд нэхэмжлэгч 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл ямар нэг гомдол хүсэлт огт гаргаж байгаагүйг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 4/391 тоот хариу мэдэгдэх хуудас нотлож байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч Ж ХХК , Ө.Б д тус тус холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 39 000 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт Б.Өыг Ж ХХК -ийн борлуулагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, тус байгууллагаас түүний ажилгүй байсан 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн олговорт 3 440 496 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01109 дугаартай шийдвэр авагдсан байна. /хх 8-10/

Дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 16/05 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Өыг ажилд нь эгүүлэн томилсон, гэвч тэрээр ажилдаа орох санаачилга гаргаагүй, хөөн хэлэлцэл хугацаа өнгөрсөн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосноос хойш түүнийг ажиллах нөхцөл, ажлын байраар хангаагүйн улмаас хөдөлмөрлөх эрхийн зөрчил үргэлжилсээр байгаа талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

            Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй юм.

            Нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор 49 903 төгрөг болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01109 дугаартай шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан олговрыг шүүхээс шийдвэрлэсэн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 0-ны өдрийг хүртэлх хугацааны цалин, хөлс түүнтэй тэнцэх нөхөн олговрыг ажилгүй байсан 27 сар 4 хоногт тооцон 28 494 748 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон хариуцагч Б.Бат-Оюунд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай хэсгийг шийдвэрлэлгүй орхигдуулсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шиймтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахаар нэмж өөрчлөлт оруулав.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Ж ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/02254 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “...Б.Өд олгон” гэсний дараа мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шиймтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж,” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж ХХК -иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300 424 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                             ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН