| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 139/2017/00022/Э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2017-04-17 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Нямаа
Шүүгчийн туслах Э.Эрдэнэцэцэг
Улсын яллагч Д.Баянмөнх
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч Н.Энхболд нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1982 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багт оршин суух, эрхэлсэн ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 6, гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлээгүй гэх, Боржигон овгийн Нарантуяагийн Энхболдод
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тус шүүхийн 1392017/00022/Э/ индекстэй, эрүүгийн 201712000032 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.Энхболд нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 11 дүгээр сарын 20-ны үед Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багийн “Дэрт” гэх газраас иргэн Б.Хүрэлхүүгийн 2 тооны нас гүйцсэн эм үхрийг хулгайлж, бусдад 3200000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Энхболд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 6, 7 сарын үеэс эхлэн манай тэнд 2 үхэр гарч ирсэн. Заримдаа манай усанд ирэхэд нь би услаад гаргадаг байсан. 2016 оны 11 сард тэр 2 үхрийг мотоциклиороо тууж яваад уурхай дээр аваачиж уурхайн няравт нь 1 үхрийг 500000 төгрөгөөр бодож зарсан. Ингээд 11 сарын сүүлээр манай саахалт айлын малчин залуу “Б.Хүрэлхүү гуай 2 үхэр алдсан гэж ярьж байна” гэхээр нь би өөрөө Б.Хүрэлхүү гуайнд очсон. Очиход Б.Хүрэлхүү гуай чөдөртэй мориндоо явах гээд гэрээсээ гарч байсан. Би буруугаа хүлээж “2 үхэр байсныг нь би хэрэглэсэн, таныг үхрээ сурж байна гэхээр нь би хүрээд ирлээ” гэхэд “манай үхэр байсан, им тэмдэггүй юм. 12 сарын эхээр миний хохирлыг барагдуулж өгөөрэй, 4 сая төгрөг өгвөл би гомдолгүй” гэж хэлсэн. Би 3200000 төгрөгтэй очоод “надад байгаа боломж энэ байна” гэхэд “чамайг хашраах гэсэндээ өндөр үнээр хохирол төлүүлж байгаа юм. Байгааг чинь заруулах гэсэндээ ингээгүй юм шүү, дахиж битгий ийм хэрэг хийгээрэй” гэж хэлсэн гэв.
Хохирогч Б.Хүрэлхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 20-ны үед өдрийг нь сайн санахгүй байна, манай 2 тооны үхэр Баянжаргалан сумын 2 дугаар багийн нутаг “Дэрт” гэх газар бэлчиж байгаад алдагдсан байсан. Би Н.Энхболд гэх нутгийн залууг сэжиглээд очиж уулзахад таны 2 үхрийг би хулгайлаад “Логийн хар” гэх уурхайд аваачиж зарсан гэж хэргээ хүлээсэн. Н.Энхболд 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр манайд ирээд 3200000 төгрөг бэлнээр авчирч өгч байсан...Алдсан үхэр маань мухар улаан халзан үнээ, хар халзан үнээ, энэ 2 үхэр имгүй байсан... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, миний хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/
Гэрч Б.Нэрваанчигийн “...2016 оны 11 сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. 2 тооны хар халзан, улаан халзан бүдүүн үнээгээ алдсан юм... Хохирол мөнгийг Н.Энхболд манай нөхөрт өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/
Гэрч Ч.Болдбаатарын “...2016 оны 12 сарын эхээр манай нягтлан М.Шагжжав утсаар яриад Н.Энхболдоос 2 тооны үхэр авсан, дансанд нь мөнгийг нь хийх хэрэгтэй байна гэж хэлсэн... 2 тооны үхрийн мөнгийг нь өгсөн, яг хэдэн төгрөг хэзээ өгснөө санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/
Гэрч М.Шагжжавын “...2016 оны 11 сарын сүүлээр Н.Энхболд гэх залуу мотоцикльтой 2 тооны үхэр уурхай дээр тууж ирээд...“зарах гэсэн юм авах уу” гэхэд нь би нэг үхрийг 500000 төгрөгөөр авна гэж хэлэхэд зөвшөөрсөн. Хоёр тооны үхрээ Н.Энхболд нь ганцаараа нядлаад өгсөн юм...Н.Энхболд үхрээ өөрийн мотоциклиор тууж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/
- Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/
- Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх улсын дугааргүй цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/
- Хохирогч Б.Хүрэлхүүд 3200000 төгрөгийн хохирол учирсан болохыг нотолсон Дундговь аймгийн Баянжаргалан сумын үнэлгээний комиссын 4 дугаартай үнэлгээ /хх-ийн 23-24/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/ зэрэг уг хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг шүүх үнэлэн дараах дүгнэлтийг хийлээ.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Н.Энхболд нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны үед Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багийн “Дэрт” гэх газраас иргэн Б.Хүрэлхүүгийн 2 тооны нас гүйцсэн эм үхрийг хулгайлж, 3200000 төгрөгийн хохирол учруулсан, уг үйлдэлдээ машин механизм хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Энхболд нь бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн... тээврийн хэрэгсэл…-ийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасны дагуу цэнхэр өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн /арал №LB415P1E4BC005701, мотор №161FMJ*2B005701*/ 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хурааж улсын орлого болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Хүрэлхүү нь мөрдөн байцаалтын шатанд Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ “..иргэн Н.Энхболд нь миний 2 тооны үхрийг авч, хохирол болох 3200000 төгрөгийг өгсөн тул гомдолгүй болно” /хх-ийн 16/ гэсэн хүсэлт хэрэгт авагдсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөрдөн байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Шүүх шүүгдэгч Н.Энхболдын хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлснийг харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Нарантуяагийн Энхболдыг машин механизм хэрэглэж эд хөрөнгө хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхболдод эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхболдод оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Н.Энхболд нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхболдын бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн улсын дугааргүй, 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхболдод оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Энхболдод урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ