| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0124/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/248 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/248
2025 01 22 2025/ШЦТ/248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Боржигон овогт Лувсандагвын Бод холбогдох эрүүгийн 2403 00000 1086 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1953 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр **** аймагт төрсөн, 71 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, оршин суух хаягтай,
Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан,
***** овогт Л-вын Б /регистрийн дугаар: *******/,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Быг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдуулан Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2403 00000 1086 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Баянцээлийн баруун замд Тоёота приус маркийн *****УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гаргасан үйл явдлыг бэхжүүлсэн буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8-р хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж, жолооч Л.Быг нь согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-р хуудас/,
Хохирогч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14732 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20-р хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 34-р хуудас/,
Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 950028 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-30-р хуудас/,
Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны 01/63 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-64-р хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн 2403 00000 1086 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ шүүх хуралд шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Л.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянцээлийн баруун замд Тоёота приус маркийн ***** УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа вган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэсэн заалтуудыг зөрчиж явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Б.Аыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч Л.Б шүүх хуралд: “... гэм буруугийн талаар маргахгүй...” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шинжлэн судалсан: 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Баянцээлийн баруун замд Тоёота приус маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гаргасан үйл явдлыг бэхжүүлсэн буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт,
Хохирогч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хичээлээ тараад 17-18 цагийн хооронд МУИС-с Сансар орох гээд 13 дугаар хорооллын автобусны буудал дээр автобуснаас буугаад хойшоогоо алхаж байгаад Бууз гэр хоолны газрын харалдаа замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан юм тэгэхэд урдаас хойш чиглэлийн зорчих хэсгийн 1-р эгнээнд ирэх үед миний баруун талаас нэг машин ирээд мөргөсөн. Тэгээд би машинд мөргүүлээд шидэгдээд газар унасан. Тэгээд би хэсэг хугацаанд шоконд ороод хөл өвдөж байсан болохоор босч чадахгүй газарт сууж байсан тэгээд би нөхөрлүүгээ залгаж дуудахад манай нөхөр ажлаасаа хүрээд ирсэн. Тэгээд түргэний машин ирээд намайг ГССҮТ-д хүргэсэн. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд миний баруун хөлийн өвдөгний тулгуур яс нь босоо ташуу хугарсан байна гэж хэлээд гипсдэж өгсөн. Би тухайн үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан. Хойноос урагш чиглэл түгжирч байсан. Урдаас хойш чиглэлд машин байхгүй хөдөлгөөн сийрэг байсан. Тэгээд би чигээрээ явган хүний гарцаар гарч явахад 1-р эгнээнд явж байсан машин ирээд шууд мөргөсөн...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 884,682 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Л.Боос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14732 дугаартай “...Б.Аын биед баруун тахилзуур ясны далд зөрүүтэй хугарал, зүүн сарвуу, баруун тохой, зүүн ташаанд цус хуралт, доод уруул, зүүн мөрөнд зулгаралт, зүүн шилбэнд зөөлийн эдийн няцрал” бүхий гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Г.Б-ийн гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “жолооч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Мөн дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэх мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтуудаар Л.Бын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нотлогдсон, түүний үйлдэл мөн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус гэмт хэргийн ойлголт, шинжийг тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан.
Шүүгдэгч Л.Бын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бичгийн болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтын агуулга болох:
Хэргийн газар үзлэг хийж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Баянцээлийн баруун замд зам тээврийн осол гарсныг бэхжүүлж “автомашинд мөргүүлсэн цэгийг А үсгээр тэмдэглэж, мөргүүлээд унасан цэгийг Б үсгээр тэмдэглэж, үл хөдлөх цэг буюу гэрэлтүүлгийн шонг В үсгээр заалгуулан үзлэгийг эхлүүлэв. А цэг, Б цэг хүртэл 6,5 метр, А цэгээс замын зүүн талын хашлага хүртэл 6,1 метр тус автомашинаас замын зүүн талын хашлага хүртэл 6,18 метр, А цэгээс В цэг хүртэл өнцөгт гарсан хэмжилтэд 8,1*8,0 метрийн зайтай байв...” гэсэн тэмдэглэл, хохирогч Б.Аын “зам хөндлөн гарч явахад тээврийн хэрэгсэл мөргөсөн” талаарх мэдүүлэг зэргээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Аыг *****УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Л.Б мөргөж, зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэндэд хохирол учирсан зам тээврийн осол гарчээ.
Жолоодох эрхийн лавлагаагаар Л.Б нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр №236916 дугаартай үнэмлэхээр жолоодох эрхтэй байх ба тэрээр *****УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.3 “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” гэсэн хуулийн нэр томьёоны дагуу түүнийг жолооч гэж үзнэ.
Жолооч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрэм, журмыг дагаж мөрдөх нь түүний үүрэг юм.
Жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрэм, журмыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй талаарх магадалгаа гаргасан ГанБ овогтой Баяраа нь Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд “Авто инженер” хөтөлбөрийн модулын “С” зэрэглэлийн 40 цагийн сургалтад хамрагдаж, замын хөдөлгөөний зохион байгуулалт, автомашины хөдөлгөөний онол зэргийг эзэмшиж Сертификат авчээ.
Тэрээр зам тээврийн осол гаргасан Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн гэсэн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд заасантай нийцсэн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.
Шүүгдэгч Л.Бын гаргасан зам тээврийн ослын улмаас хохирогч Б.Аын эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 14732 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр /болгоомжгүйгээр/ халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Шүүгдэгч Л.Б нь тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчоогүйн улмаас тулгарсан саад болох зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Аыг мөргөхгүй байх, зогсоох боломжит хурдыг сонгож явалгүй Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 16.1-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасан, хохирогч Б.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Иймд шүүгдэгч Л.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй тул түүнийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрэм, журам дагаж мөрдөөгүй, анхаарал болгоомжгүй оролцсоноос гэмт хэрэг гарсан байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хохирогч Б.Ат мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээ хийлгэсэн талаарх 503,000 төгрөгийн баримт гаргаж, шүүгдэгч Л.Б нь 3,900,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр *********** тоот дансанд шилжүүлсэн, хохирогч “сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” талаар /хх-ийн 78-р хуудаст/ хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Л.Быг хохирогч Б.Ат төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс буюу шүүгдэгч Л.Блоос холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж,
“Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй.” гэж заасан.
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын баримтаас 600,000 төгрөгийн баримт нь 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн буюу хэрэг учрал болохоос өмнө байх тул нэхэмжлэлээс хасаж, хохирогч Б.Аын гэмт хэргийн улмаас эмчилгээ сувилгаа хийлгэхдээ Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан 284,682 төгрөгийг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Б нь иргэний нэхэмжлэлийг төлөх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах талаар хүсэлт гаргаагүй болохыг дурдав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах тухай...” дүгнэлтийг,
Шүүгдэгч Л.Б: “...Хохирлыг барагдуулна. Миний тэтгэвэр 2026 он хүртэл гарахгүй. Зээл авсан байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн хохирлыг төлнө. Машишынаа авч болох болов уу. Машинаа зармаар байгаа...” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Л.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан, шүүгдэгч Л.Б хувийн байдлын хувьд, 71 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэтгэвэрт байдаг, ганцаараа амьдардаг байна.
Иймд шүүгдэгч Л.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг сонгож оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Бусад асуудлаар
Хэрэгт хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овогт Л-ын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Быг өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Боос 284,682 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Л.Боос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР