2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/307

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Э.Намуун,

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Р.Чинбаа нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403007681004 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ө овогт С-н Э, Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Х***” ХХК-д барилгын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Э нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Н, Н.А нарыг мөргөж, Б.Н-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Н.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг;

Шүүгдэгч өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргахгүй, эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх байр суурьтайгаар хавтаст хэргийн 5-10, 47-50, 117-118 дахь талд авагдсан нотлох баримтууд болон шүүхэд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч С.Э нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 09 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 19 үйлчилгээний төвийн хойд замд “Toyota Vellfare” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явж байхдаа баруун гар тийш буюу урагшаа эргэх үйлдэх хийхдээ  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т “Жолооч гарчаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөдлөн гарч байсан Б.Н, Н.А нарыг мөргөж, Б.Н-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Н.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- “машинд хүн мөргүүлсэн байна” гэх утга агуулга бүхий дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-11 дэх тал),

- Хохирогч Б.Н-ийн “...охин А-ийн хамт 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өглөөний 09 цаг 20 минутын орчимд 19-н үйлчилгээний төвийн хойд замаас урагшаа эргэдэг уулзвараар зүүнээс баруун тийшээ зам хөндлөн гарч байсан. Тэгтэл хойд талаас гэнэт том хар өнгийн автомашин урагшаа эргэж байхдаа охин бид хоёрыг мөргөсөн. Тэгээд охин бид хоёр шидэгдэж газарт унасан. Би хэсэг манараад шоконд ороод дээшээ хараад хэвтсэн. Хажуу талд явж байсан хүмүүс цагдаа болон түргэн тусламж дуудсан. Жолооч залуу гарч ирээд миний машинд суучих, ГССҮТ руу авч явъя гэхээр нь түргэний машиныг иртэл хүлээнэ гээд яваагүй. Тэр үед миний нуруу таг гэж дугарах дууг би мэдэрсэн. Би охины хамт зам хөндлөн гарч байхдаа хоёр тийшээ зам харсан. Машин байхгүй байхаар нь гарсан. Гэгээтэй, нартай, бороо ороогүй, зам хуурай, хөдөлгөөн сийрэг байсан. Уг тээврийн хэрэгсэл миний баруун ташаа руу мөргөсөн. Жолоочийн дүү нь гэх эмэгтэй миний охиныг гомдолгүй гээд хэлчих гээд явуулахгүй байсан гэсэн. Миний бие дээрдэхгүй өвдөөд байна, сэтгэл санааны хохирлоо гаргуулж авах хүсэлтэй байна. Сувилалд амармаар байна. Охинтойгоо цуг амармаар байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

- Иргэний нэхэмжлэгч Н.А-ийн “...Миний биед ослын улмаас нуруу, баруун хавирга орчимд зөөлөн эдийн гэмтэл учирсан. Би тухайн үед ээжтэйгээ цуг явж байсан. Ээжийнхээ хамтаар 19-н үйлчилгээний төв рүү ордог хэсгээр зам хөндлөн гарч байхад ээж бид хоёрын баруун гар талаас хар өнгийн том машин ирээд мөргөсөн. Миний айфоне 13 загварын гар утасны дэлгэцийн шилэн наалт хагарсан, гэр нь цуурч эвдэрсэн байсан. Гар утасны ар таг хэсгийнх нь дээд хэсэгт цуурсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

- Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С-ийн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н нь нийт 5,939,132 төгрөгийг эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 5,939,132 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч С.Э-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 12474 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Б.Н-ийн биед бүсэлхийн 2 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн (хавтаст хэргийн 29-31 дэх тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13268 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Н.А-ийн биед тархи доргилт, бүсэлхийд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн (хавтаст хэргийн 38-39 дэх тал),

- 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1810 дугаартай мөрдөгчийн магадалгаанд “...Жолооч С.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.3.Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол болох үндсэн шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Явган зорчигч Б.Н, Н.А нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна ...” гэсэн (хавтаст хэргийн 57 дахь тал) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 12474 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Н-ийн биед эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах хохирлын хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч С.Э нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 09 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 19-н үйлчилгээний төвийн хойд замд “Toyota Vellfire” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явж байхдаа баруун гар тийш буюу урагшаа эргэх үйлдэх хийхдээ  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т “Жолооч гарчаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөдлөн гарч байсан Б.Н, Н.А нарыг мөргөж, Б.Нийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Н.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч С.Э-ы Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж хохирогч Б.Н, иргэний нэхэмжлэгч Н.А нарыг мөргөсөн үйлдэл, хохирогч Б.Н, иргэний нэхэмжлэгч Н.А нарт учирсан хохирол нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч С.Э-ыг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

1.3. Хохирол, хор уршиг

Хавтаст хэргийн 117-118 дахь талд авагдсан баримтаар хохирогч Б.Н, иргэний нэхэмжлэгч Н.А нарт хохирлыг бүрэн төлж барагдуулсан, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн баримтаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дансанд 6,009,680 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч С.Э-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Б.Н нь цаашид гаргах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагчаас “...Шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. ...Шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал, улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Э-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөд татгалзах зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Өмгөөлөгчийн зүгээс С.Э-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх саналтай байна. Учир нь тухайн гэмт хэрэг болсон гэх уулзвар нь зохицуулдаггүй уулзвар байгаа. Тухайн үед явган зорчигч гарцаар гараагүй. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр замын хөдөлгөөнд оролцоно гэдэг. Гэвч явган зорчигч маань гарцгүй газраар, үзэгдэх орчин хязгаарлагдмал буюу машины араас гэнэт гарч ирсэн. Энэ нь гэмт хэрэг үйлдэгдэх үед явган зорчигчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэдгийг харуулж байна. Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-т “...Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэдэг. Мөн дүрмийн 5.12-т явган зорчигчид дараах зүйлийг хориглоно. Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхийг хориглоно. Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т “...Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө...” Зохицуулдаггүй уулзвараар баруун эргэх гээд чиглэж байсан. Уг уулзвар нь явган хүний гарцгүй. Гэмт хэрэг үйлдэгдэхэд явган зорчигч буюу хохирогчийн буруутай үйлдэл байсныг шүүх анхаарч өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэдэг. Миний үйлчлүүлэгч тогтмол ажил эрхэлдэг, байнга машин тэрэг барих шаардлагатай. Мөн эхнэр нь 2 сард төрнө. Өөрөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруудаа гэмшиж байгаа. Тиймээс Эрүүгийн хуулийн 6.7-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч: “...Эхнэр маань одоо жирэмсэн. Эмнэлгийн урьдчилсан үзлэгээр 2 сарын 20-нд төрнө. Мөн би өөрөө Их тэнгэрийн аманд байрлах байгалийн түүхийн музейн барилгын хариуцан ерөнхий инженерээр ажилладаг. Энэ асуудлаар машинтай явж хөөцөлдөх ажил их байдаг. Тиймээс намайг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг маань хасахгүй шийдэж өгнө үү ...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Хэрэгт авагдсан шүүгдэгч С.Э-ы хувийн байдалтай холбоотой  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 95 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 97 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 98 дахь тал), үл хөдлөх хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 99 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 100 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 101 дэх тал), иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 102 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 103 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 104 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 105 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар түүний хувийн байдлыг тогтоов.    

Шүүгдэгч С.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж , 1.1 дэх заалт “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх…” гэж тус тус заасан.

Шүүгдэгч С.Э-ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг гаргасан/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой зардлыг төлж барагдуулж байсан, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Э нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.            

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ө овогт С-н Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч С.Э-ыг чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Н нь цаашид гаргах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАР