| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/0163/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/375 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Б.Тогтох,
хохирогч Д.Б, Г.Т,
шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410017781158 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д овогт Г-ийн Т, Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.Т нь үргэлжилсэн үйлдлээр “тавилга хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт нэр бүхий 5 хохирогчоос 14,350,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан нотлох баримтуудыг,
шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргахгүй, 1-р хавтаст хэргээс 165 дахь тал, 2-р хавтаст хэргээс 130 дахь тал, 3-р хавтаст хэргээс 38, 39, 40, 41 дэх талд авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч Г.Т нь үргэлжилсэн үйлдлээр “тавилга хийж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөл оруулж,
- Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Ц-ээс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1,160,000 төгрөг,
- Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Б-аас 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 6,200,000 төгрөг,
- Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.С-аас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 2,740,000 төгрөг,
- Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Т-аас 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 3,100,000 төгрөг,
- Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч З.С-аас 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1,150,000 төгрөг буюу нийт 5 хохирогчоос 14,350,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
- Хохирогч Д.Б-ийн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, *** тоот 3 өрөө орон сууцыг хувь хүнээс худалдаж авсан. Тус байрыг худалдсан айлын эзэн Э нь тавилгын компанийн захирал гэж өөрийгөө анх танилцуулсан бөгөөд танайд гал тогооны тавилга хийхэд чинь тусалъя, арай хямд хийж өгье гэсэн. 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хавьцаа Э намайг 100 айлын Зөгийн үүр гэх нэртэй барилгын материалын худалдааны газар дуудсан. Би очоод Э бид хоёр хийлгэх материалуудаа сонгоод тохиролцсон. Дараа нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Э над руу залгаж “та гэртээ байна уу, хэмжээ авах хэрэгтэй байна” гээд гаднаас Т гэх залуутай хамт орж ирээд гал тогоо, үүдний өлгүүрийн хэмжээг авхуулан Т гэх хүнээр материалын тооцоо хийлгэсэн. Т надад хэлэхдээ материал болон ажлын хөлс нь нийлээд 6,200,000 төгрөг болох юм байна гэсэн. Э нь Т-д зураг хэмжээг нь авхуулж юу хийхийг нь хэлж өгөөд гараад явсан. Т үлдээд надад “маргааш материалуудаа авах учир мөнгөө 100 хувь даруй шилжүүл” гэхээр нь би Т гэх залууг Э-ын барилгын компанийн ажилтан гэж ойлгоод итгэн өөрийн дансанд байсан 2,500,000 төгрөгөө урьдчилгаа болгож өөрийн Хаан банкны *** дугаартай данснаасаа Т-ийн Хаан банкны *** дугаартай данс руу 1 гэсэн гүйлгээний утгатай шилжүүлээд маргааш нь буюу 04 сарын 11-ний өдөр нөхөр М-аас 2,300,000 төгрөгийг зээлж өөрийн дансаараа дамжуулан аваад Т-ийн данс руу 2,300,000 төгрөгийг “***” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Дараа нь үлдэгдэл 1,400,000 төгрөгийг 04 дүгээр сарын 12-ны өдөр Тгийн данс руу *** гэсэн гүйлгээний утгатай тус тус шилжүүлж төлбөрөө бүрэн барагдуулсан. Т-ээс тавилгаа хэзээ авчирч суурилуулах талаар асуухад надад 3 хоногийн дараа бэлэн болгоод гэрт чинь тавилгуудаа суурилуулж өгнө гэж хэлсэн. Би Т-ээс өдөр болгон хэзээ авчирч угсрах талаар асуухад Т надад “өнөөдөр 100 айл амарсан байна. 100 айлын үйлдвэр дээр угсарсан учир цоожтой байна, уучлаарай. Би нэг асуудал байна. Танд хэлж болохгүй байна. Тэд нарыгаа цэгцлэх гээд 2 хоног удчихлаа. Өнөө орой 10 цагт яваад очъё” гэх мэтээр надад өдөр болгон хоног хугацаа хожсон байдалтай үнэн худал хэлсээр байсан. 04 дүгээр сарын 18-ны өдөр надад “хагас сайнд өдөр 12 цагт очъё, дахиж нэг ч хойшлуулахгүй” гэж надад хэлээд ирээгүй. Дараа нь 04 дүгээр сарын 21-ний өдөр Т надад “өглөө би 8 цагт очъё, хоёр хүүхэд ханиад хүрчихлээ” гэж хэлээд ирээгүй. Тэгээд би Э-тай ярьж байгаад 100 айл дээр очиход Э ирчихсэн байсан ба надад хэлэхдээ “би тухайн 100 айлын таньдаг зөгийн үүрийн лангууны худалдагчаас асуухад Т огт тавилгын материал аваагүй байна” гэж надад хэлсэн. Тэгээд би Т миний мөнгөөр тавилгын материал аваагүй өөр зүйлд зарцуулсан гэж сэжиглээд Т-д хандаж “чи надад худал хэлж залилаад мөнгө авсан байна. Би чамайг цагдаад өгнө, шалгуулна” гэж хэлэхэд Т надад “уучлаарай, би таны мөнгийг яаралтай олж өгнө” гэж хэлээд одоо хүртэл миний мөнгийг эргүүлж өгөөгүй учир залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Надад одоо 6,200,000 төгрөгийн хохирол байна. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 24-26 дахь тал),
- Гэрч Б.Э-ын “...Би 2024 оны 04 сард Б эгчтэй орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж байраа зарсан юм. Б эгчид байраа зарахдаа гал тогооныхоо тавилгыг авна, таны тавилгыг хямдхан үнээр хийж өгч болно оо гэж хэлсэн юм. Тэгээд би тухайн үед Агарта төсөлд ажил авчихсан байсан болохоор тухайн гал тогооны тавилгыг хийж өгөх боломжгүй болоод Т манайд ажилд оръё гээд ярьж байсан болохоор Т-д чи 10 хоногийн дотор гал тогооны тавилга хийж өгөх боломжтой юу, амжих уу, чамайг хэр тавилга хийдгийг чинь хараад цалин мөнгөө тохиръё гэж хэлэхэд Т би амжина тэгье гэсэн нь би за чи тэгвэл хүрээд ир гээд Т-г Б эгчийн байран дээр дуудсан юм. Т, Б эгч хоёрыг хооронд нь холбож өгчхөөд Т-д чи өөрөө тавилга хийх хүн учраас өөрөө нарийн хэмжээгээ аваад үнэ хөлсөө тохирчих гэж хэлсэн ба тэр 2 хэмжээгээ аваад үлдсэн юм. Би тухайн үед ажилтай байсан болохоор ажлаа хийхээр явсан. Тэгээд хэмжээ авсан, холбож өгсөн өдрөөс хойш 15 хоногийн дараа Б эгч над руу залгаад нөгөө тавилга хийж өгөхөөр болсон хүн чинь одоо болтол байдаггүй, тавилга ирдэггүй ээ, асуухаар одоо ийм байна, одоо маргааш очно гээд хоног хойшлоод байна гэж хэлсэн юм. Би Т рүү залгатал би тавилгаа хийх гээд дэлгэрэх зүсэлт хийдэг газар зүсэлтээ хийлгэчихсэн байгаа, тавилга угсрах гэхээр угсрах газар олдохгүй байна, гэрт нь очоод зүсэж болох юм болов уу гэхээр нь үнэхээр зүсээд бэлэн болчихсон юм бол Б эгчтэй ярьж байгаад очоод угсарч болох л байлгүй дээ гэж хэлсэн юм. Тэгээд дахиад 5 хоногийн дараа Б эгч энэ хүн чинь ирдэггүй ээ, худлаа яриад байгаа юм биш үү гээд хэлэхээр нь би Т-тэй ярихад өмнөх ажлаа яг дуусгаж байна, тэгээд маргааш яг Б эгчийн тавилгыг угсарчихсан, маргааш аваад очно гээд хэлэхээр нь би Б эгч рүү эргүүлж залгаад танай тавилга болчихсон гэнэ, маргааш 10-11 цагийн үед аваад очно гэж байна гэж хэлсэн чинь наад нэг юмаа тэгээд утсаа ав гэж хэлээч гэж хэлсэн юм. Тэгээд тэр өдрөөс хойш Т одоог хүртэл Б эгчийн тавилгыг хийж өгөөгүй, мөнгийг нь ч өгөөгүй юм. Б эгч цагдаад өргөдөл гаргасан байсан бөгөөд надад Т-ийн эхнэрийн дугаарыг нь өгөхөөр нь би эхнэртэй нь ярьтал би нөхрийнхөө ажлыг сайн мэдэхгүй ээ гэсэн. Би чи нөхрийгөө утсаа ав гэж хэлээч яг тавилга хийх юм хумыг нь авсан юм уу, аваагүй бол тэр мөнгийг нь буцааж өг гэж хэл гээд эхнэр рүү нь уурласан юм. Мөн танай нөхрийг цагдаад өгчихсөн байгаа шүү гэдгийг нь бас хэлсэн юм. Т-тэй 4 сарын 20-ноос хойш холбогдох гээд холбогдож чадахгүй байгаа. ...Б эгчтэй холбогдоход чиний зуучилж өгсөн Т гэх хүнд гал тогооны тавилга хийлгэхээр нийт 6 сая төгрөг өгсөн гэж хэлж байсан. Би 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Б эгчийн гэрт нь очиж уулзсан. Тэр үед гэрт нь гал тогооны тавилгыг одоо болтол хийж өгөөгүй, хавтангийн өөдөс ч гэрт нь байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 30-31 дэх тал),
- Г.Т-ийн Хаан банкны *** тоот дугаарын депозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 61 дэх тал),
- Г.Т-ийн Голомт банкны *** тоот дугаарын дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл(1-р хавтаст хэргийн 122 дахь тал),
- “...тавилга хийлгүүлэхээр 1,160,000 төгрөгийг бусдад шилжүүлж, залилуулсан...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 223 дахь тал),
- Хохирогч Ц.Ц-ийн “...Би их сургуулийн нэг ангид хамт сурдаг байсан Г.Т-тэй фэйсбүүкээр найз бөгөөд Г.Т өөрийнхөө "Т Г" гэх нэртэй фэйсбүүк цахим хуудастаа тавилгын зургуудыг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр постлоод оруулсан байсан юм. Би тухайн үед оруулсан зургуудыг харсан. Манайх гэртээ гал тогооныхоо тавилгыг солихоор болсон бөгөөд зураг төслөө хүнээр гаргуулсан. Тухайн үед би Г.Т-г тавилга хийж байгаа гэдгийг нь санаад Г.Т рүү фэйсбүүкийн чатаар бичиж холбогдон гал тогооныхоо тавилгын гаргуулсан зургийг явуулаад тавилга хийж байгаа эсэхийг нь асуухад Г.Т тавилга хийж байгаа гэж хэлсэн. Би Т-тэй гал тогооныхоо тавилгын талаар ярилцаад, манай гэрт ирж хэмжээ авахаар болоод би гэрийнхээ хаягийг явуулсан. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүрэг, 24 дүгээр хороо, *** тоот гэрт ирээд гал тогооны өрөөнд хийгдэх доод хэсгийн тавилгын хэмжээг аваад явсан. Тэр өдөртөө тавилга хийх үнээ гаргаж өгсөн бөгөөд тавилгын үнэ 1,450,000 төгрөг болно, урьдчилгаа нь 1,160,000 төгрөг гэж хэлээд над руу Голомт банкны *** дугаарын данс явуулсан ба урьдчилгаа 80 хувь нь 1,160,000 төгрөг болсон байсан. Би өөрийн Хас банкны *** дугаарын данснаас Г.Т-ийн Голомт банкны *** дугаарын данс руу 1,160,000 төгрөгийг "Ц тавилга урьдчилгаа" гэсэн утгатайгаар шилжүүлсэн боловч Г.Т мөнгө авсан өдрөөс манай гэрт дахиж ирээгүй. Энд тэнд тавилга хийж байна, материал үзээд явж байна, хүүхэд өвдсөн, эхнэр ажилтай болохоор хүүхдээ хараад гэртээ байна, хүүхэд харах хүнгүй болохоор гарч чадахгүй байна гэх зэргээр худлаа яриад гал тогооны тавилга хийж өгнө гэчхээд хийж өгөөгүй юм. Г.Т 10 сарын 23-ны өдрөөс хойш шалтаг тоочоод цаг хугацаа хойшлуулж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөнгийг чинь буцааж өгье, дансны дугаараа явуулаарай гээд фэйсбүүкээр чат бичихээр нь би өөрийнхөө Хаан банкны *** дугаарын дансны дугаарыг явуулсан ч тэрнээс хойш Г.Т нь “ийм ч зээл, тийм ч ажилтай байна, мөнгө бүтэж өгөхгүй байна, бүтэхээр нь буцаагаад өгнө” гэх зэргээр хугацаа хожиж явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Г.Т нь гал тогооны тавилга хийж өгнө гэж хэлээд 1,160,000 төгрөгийг өөрийнхөө данс руу авсан боловч өнөөдрийг хүртэл тавилгаа ч хийж өгөөгүй бөгөөд мөнгийг маань ч буцааж өгөөгүй...” гэсэн мэдүүлэг(1-р хавтаст хэргийн 227-228 дахь тал),
- Ц.Ц-ийн Хас банкны *** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 26 дахь тал),
- “...тавилга хийлгэхээр тохиролцож 2,740,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн боловч намайг блок хийж алга болоод залилуулсан байна...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 49 дэх тал),
- Хохирогч Ч.С-ын “...Би 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр фейсбүүк цахим орчинд тавилга хийлгэхээр үл таних хүнтэй холбоо тогтоосон. Тухайн үед миний захиалгыг хүлээн авсан гэсэн бөгөөд одоог хүртэл миний тавилга болон мөнгийг эргүүлж өгөөгүй залилаад байна. Тийм учир тус цагдаагийн хэлтэст өргөдлөөр хандаж байна. Би тухайн хүнтэй өөрийн Ч.С гэх хаягаасаа нөгөө хүний Т Г гэх хаягаар холбогдсон. Манай гэрийн хэмжээг аваад шууд 2,740,000 төгрөг болох материалын мөнгийг шууд шилжүүлэх юм бол болох юм байна гээд би өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот данснаасаа нөгөө хүний *** тоот дансанд хийсэн бөгөөд гүйлгээний утга дээрээ “Гал тогоо тавилга 807-119 тоот С” гэсэн утгаар хийсэн. Мөнгөө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу зуслангаас уруудаж байх үедээ шилжүүлж байсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 55-56 дахь тал),
- “...гал тогооны тавилга угсруулахаар *** дугаартай данс руу 3,100,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 107 дахь тал),
- Хохирогч Г.Т-ын “...Би 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тавилга угсардаг Т гэх хүнтэй фэйсбүүкээр өөрийн гал тогоондоо тавилга хийлгэхээр холбогдсон. Тэгээд бид хоёр уулзахаар болоод маргааш нь буюу 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо *** тоот руу очсон. Т гэх хүн баахан хэмжээ авч байгаад манайхаас яваад өгсөн. Түүний дараа маргааш өдөр нь буюу 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр би үйлчилгээний хөлсөнд 3,700,000 төгрөг өгөхөөр тохиролцсон ба би тухайн өдрөө 2,590,000 төгрөгийг манай ах М-ын эзэмшлийн Хас банкны *** дугаартай данснаас *** дугаартай Т-гийн данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа Т нь манай байранд ямар нэгэн гал тогооны тавилга хийж өгөөгүй. 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Т надтай холбогдож "материалын мөнгө дутчихлаа, 100 айлаас материал авах гээд байна" гэхээр нь би ахын Хас банкны данснаас Т-ийн *** дугаартай данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн юм. Түүний дараа 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Т над руу дахин холбогдож "хүнд мөнгө өгөх гээд мөнгөний хэрэг гараад байна, дахиад мөнгө явуулаач" гэхээр нь 210,000 төгрөг шилжүүлсэн ба нийт 3,100,000 төгрөг шилжүүлсэн. Гэвч Т түүнээс хойш холбогддог боловч манай байрны тавилга угсралтын ажлаа хийхгүй байгаа. Т манай гэрт ямар ч үйлчилгээ хийж өгөөгүй. Би гомдолтой байна. Би мөнгө болох 3,100,000 төгрөгөө буцаан авчихвал санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 112 дахь тал),
- Гэрч Г.М-ын “...Би 2024 оны 01 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны *** тоотод шинэ байр авсан. Тухайн үед байр авсны бэлэг гээд миний төрсөн дүү Т нь надад гал тогооны тавилга захиалгаар хийлгэхээр болсон гэж мөнгийг нь өгсөн ба тавилга хийх хүний данс руу 3 удаагийн гүйлгээгээр 3,100,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь тухайн тавилга хийлгэхээр захиалга өгсөн хүн нь намайг залилчихлаа гээд цагдаад ханддаг юм билүү гээд явж байсан. Би тухайн үед Хас банкны *** тоот данснаас Т Г гэх хүний Голомт банкны *** тоот данс руу нийт 3 удаагийн гүйлгээгээр 3,100,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн мөнгөний жинхэнэ эзэмшигч нь Т бөгөөд мөнгө шилжүүлэх үед Т нь миний дансанд мөнгө байхгүй байна гээд надад бэлэн мөнгө өгсөн байсныг би тэр хүний данс руу шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 117-118 дахь тал),
- “...2024.09.26-ны өдөр тавилга хийлгэх зорилгоор 1,150,000 төгрөг шилжүүлэн залилуулсан...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 194 дэх тал),
- Хохирогч З.С-ийн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ тавилга хийлгэх зорилгоор фейсбүүк дээр тавьсан зарын дагуу "Т Г" гэх фейсбүүк хаягтай хүнтэй чат бичиж дугаараа солилцож авсан. Тухайн өдрийн орой 19 цагийн үед манай гэрт ирж хэмжээ авч байгаад урьдчилгаа мөнгө болох 1,150,000 төгрөг шилжүүлэн авсан. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд тавилгаа аваад угсарч өгнө гэж хэлээд явсан. Тэр өдрөөс хойш 10 дугаар сарын 01-ний өдөр залгасан чинь “ахмадын баяр болоод ээж дээрээ очих хэрэгтэй байна, 3 дахь өдөр очоод угсраад өгнө" гэж хэлсэн. Түүнээс хойш амжихгүй гэж хэлж байгаад сүүлдээ утсаа авахгүй, фейсбүүкээр залгахаар чатаа авахгүй байсан. ...Би өөрийн Хаан банкны *** тоот данснаас 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 27-ны өдөр 100,000 төгрөг, 10 дугаар сарын 05-ны өдөр 50,000 төгрөг тус тус Хаан банкны *** тоот данс руу гүйлгээний утга дээр нь “*** tavilga” гэж бичээд шилжүүлсэн. Би тухайн хүнтэй *** гэсэн дугаараар холбогдож байсан. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 200 дахь тал),
- 2024.11.28-ны өдрийн Г.Т-ийн Хаан банкны *** тоот депозит дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 222-227 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчилгүй баримтууд гэж үнэлсэн болно.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.
Залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, хуульд заасан аргаар хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн мэдэлд шилжүүлэн авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгосноор төгссөнд тооцогдоно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан баримтаас дүгнэвэл шүүгдэгч Г.Т нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр “тавилга хийж өгнө” гэж нэр бүхий хохирогч нарыг хуурч, гэрт нь очиж тавилгын хэмжээ авч, материалын тооцоо хийж, урьдчилгаа мөнгө өгвөл хурдан тавилга гаргана гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч нараас шилжүүлсэн мөнгөөр бараа материал авалгүй өөр бусад санхүүгийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь залилах гэмт хэргийг нь шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Г.Т нь нэг үйлдлийн аргаар нэр бүхий 5 хохирогчоос нийт 14,350,000 төгрөгийг шилжүүлэн авсан байх тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Т нь нэр бүхий хохирогч нарын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр, захиалсан тавилгыг хийж өгөх зорилгогүйгээр шилжүүлэн авч өөр бусад санхүүгийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь хууль бус болох нь илэрхий, тэрээр өөрийн идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Т-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Г.Т-г үргэлжилсэн үйлдлээр “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодид байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл, гэм буруу, хохирол төлбөрийн тухайд маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.3. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Г.Т нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.С-ийн хохирол 1,150,000 төгрөгийг, шүүхийн шатанд хохирогч Ц.Ц-ийн хохирол 1,160,000 төгрөгийг, хохирогч Ч.С-ын хохирол 2,740,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна.
Иймд иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ээс нийт 11,040,000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Б-д 6,200,000 төгрөг, хохирогч Ч.С-т 1,740,000 төгрөг, хохирогч Г.Т-д 3,100,000 төгрөг тус тус буцаан олгож шийдвэрлэв.
Хохирогч Д.Б-аас өөрийн сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхив. Учир нь:
Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.
Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч ...танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус зааж тодорхойлсон байна.
Иймд хохирогч Д.Б-ийн сэтгэцэд учирсан хохирлыг Шүүх шинжилгээний тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-д заасны дагуу шинжээч хүснэгтээр эсхүл дүгнэлтээр тогтоогоогүй байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй юм.
Харин хохирогч Д.Б нь өөрийн сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч Г.Т-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний эдлэх ялаас цагдан хоригдсон 66 хоногийг хасч тооцуулах, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй байна. Нэр бүхий хохирогч нарт шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Улсын яллагчаас миний үйлчлүүлэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны 3 хүүхэдтэй, бусдад учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн, цаашид төлөхөө илэрхийлсэн, гэм буруу дээрээ маргаагүй, зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгч хийдэггүй ажлаа хийдэг мэт худлаа яриагүй. Хавтаст хэрэгт Г.Т-ийн тавилгын ажил хийдэг талаарх 20 гаруй хуудас материал байгаа. Ямар ч байсан тавилга хийдэг юм. Хохирол төлбөрийн зарим хэсгийг төлсөн, үлдэх хохирлоо цаашид төлөхөө илэрхийлсэн. Ажил хийж төлнө гэдэг. Тиймээс заавал хоригдохгүйгээр ажил хийж хохирогч нарын хохирлыг төлөх саналтай байгаа. Эрүүгийн хариуцлагын гол зорилго бол шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй. Ял шийтгэл оногдуулахдаа хохирогч нарын эрх ашгийг бас хангах нь зөв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ялын хувьд сонгох санкцитай. Торгох, албадан ажил хийлгэх, эсхүл эрхийг хязгаарлах, хорих гэж заасан. Миний үйлчлүүлэгчид хорихоос өөр төрлийн ялын аль нэгийг оногдуулж өгнө үү. Ингэхдээ ар гэрийн байдлыг харж үзнэ үү. Хохирогч нарыг очиход эхнэр нь байсан байж болно. Гэхдээ хааяа л очдог. Хамгийн бага хүүхэд нь 2021 онд төрсөн. Одоо 3 настай. Шүүгдэгчийн ээж нь гурван хүүхдийг харж хандах үнэхээр хэцүү байна. Ажлаа хиймээр байдаг, хүүхдүүдийг нь харах хэрэгтэй байдаг. Хүүхдүүд бол аавтайгаа олон жил удаан амьдарсан. ...Гэхдээ хүүхдүүдийн ээж хүүхдүүдээ хаяад яваад байдаг. Тийм учраас хүүхдүүдийн эрх ашиг бас хөндөгдөж байгаа учир хорихоос өөр төрлийн буюу 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү... ” гэв.
Хохирогч Д.Б: “...Би хүний мууг үзэх гэсэнгүй. Гэхдээ энэ хүнд итгэхгүй байна. Хэлж ярьж байгаа, надтай мессежээр харилцсан, хэнийг ч хайрлахгүй байгаа зэрэг нь. Миний бодлоор бол бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн ч юм шиг санагддаг. Би бол прокурорын саналтай санал нэг байна. Энэ хүний залуу хүн юм чинь засраасай гэж бодож байна...” гэв.
Хохирогч Г.Т: “...Өмнөх урьдчилсан хэлэлцүүлэг дээр ч бас өөрөө хэлж байсан. 5 хохирогч гэж байгаа ч яг үнэндээ 10 гаран байгаа гэж. ...Эндээс харахад дараа дараагийн хохирогч гарах байх гэж бодож байна. Намайг гомдол гаргахад миний дараагийн хохирогч бас гарч ирж байсан. Дахин хүн хохироох байх гэж бодож байна...” гэв.
Шүүгдэгч “...Хохирлыг бүрэн төлж барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед би алдсанаа л эргүүлж олох гээд айлаас захиалга авчхаад мөрийтэй тоглоод ийм зүйл болсон. 3 хүүхдээрээ түрий бариад байгаа юм шиг санагдаад ичгэвтэр байна. Гэхдээ яах аргагүй хүүхдүүдийг маань харах асуудал байнга яригдаж байгаа. Цэцэрлэг, сургуульд нь хүргэх, зөөх асуудал хүнд байгаа. Хүүхдүүдээ харахаар үнэхээр том асуудал байгаа...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 35-36 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 38 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 39 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 40 дэх тал), эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах (1-р хавтаст хэргийн 41-42 дахь тал), Хур системийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 44-48, 234-237 дахь тал), Асап сангийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 156-163 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (3-р хавтаст хэргийн 38-40 дэх тал), оршин суугаа хорооны тодорхойлолт (3-р хавтаст хэргийн 41 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Г.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үргэлжилсэн үйлдлээр 5 хохирогчид хохирол учруулсан/ , учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоос тодорхой хэсгийг төлж барагдуулсан, бага насны 3 хүүхэдтэй/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-г Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарласугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Т-д мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ийн цагдан хоригдсон 67 хоногийн 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцон нийт 67 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг түүний эдлэх ялаас хасч тооцов.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Шүүхээс шүүгдэгч Г.Т-д хорихоос өөр төрлийн ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Г-ийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д 01 (нэг) жил 06 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-г Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Т-д мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ийн цагдан хоригдсон 67 хоногийн 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцон нийт 67 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг түүний эдлэх ялаас хасч тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ээс нийт 11,040,000 (арван нэгэн сая дөчин мянга) төгрөг гаргуулж, хохирогч Д.Б-д 6,200,000 (зургаан сая хоёр зуун мянга) төгрөг, хохирогч Ч.С-т 1,740,000 (нэг сая долоон зуун дөчин мянган) төгрөг, хохирогч Г.Т-д 3,100,000 (гурван сая нэг зуун мянга) төгрөг тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т-ийн түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч Д.Б нь өөрийн сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Т-д урьд авсан цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР