| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 188/2024/1381/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/389 |
| Огноо | 2025-02-05 |
| Зүйл хэсэг | 24.5.2., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/389
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408010400754 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
И овогт М-ын О, Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, нагац дүү нарын хамт *** оршин суух, регистрийн дугаар ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.О нь нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, хадгалсан, тээвэрлэсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцож, хавтаст хэрэгт авагдсан хувийн байдалтай холбоотой болон хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч М.О нь тусгай зөвшөөрөлгүйгээр 2024 оны 02 дугаар сард Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг Ховд аймгийн Булган сумын *** багийн нутаг дэвсгэр “М” гэх газарт хавхаар агнаж, 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл тухайн газраа хадгалж, 2024 оны 03 дугаар сарын 03-аас 04-ний өдрийн хооронд Ховд аймгийн Булган сумын *** нутаг дэвсгэр “М” гэх газраас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлт хүртэл тээвэрлэсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),
- Тээврийн хэрэгсэл, ачаа, тээш болон бусад эд зүйлд үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (хавтаст хэргийн 6-10 дахь тал),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т-ийн “...Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”, 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин уур амьсгалын сангийн *** тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Цоохор ирвэс нь Амьтны тухай хуульд заасан нэн ховор амьтны жагсаалтад багтдаг. Шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон хохирлыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
- Гэрч М.З-ийн “...2024.02.25-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймаг руу төрсөн дүү Э-ын пажеро маркийн машиныг засах ажилтай, төрсөн дүүгийн эхнэр М.У-ийн дүү М.О-ын хамт явсан. Улмаар Улаанбаатар хотоос гараад Ховд аймгийн Булган сум ороод 2 хоног ноцолдож байгаад пажеро маркийн машинаа янзалчхаад тэндээсээ буцаад О-ын хамт 2024.03.04-нд Улаанбаатар хотод ирсэн. Хот руу орж ирэхийн наахан талд буюу Эмээлт мал махны захын ойролцоо хүн ирж юм өгнө гэж хэлээд хүлээлгэсэн. Тэгээд хүлээгээд зогсож байхад О нэг машинаас юм аваад машин луу хийсэн. Юу юм бэ гэж асуухад мах байгаа юм, хүнд өгөх гэж байгаа гэж хэлсэн. Би тэрийг нь малын мах гэж л ойлгосон. Тэгтэл удалгүй цагдаа нар ирээд машинд үзлэг хийгээд эхлэхэд сүүлд О-ын авчирсан зүйл цоохор ирвэс байсан. Би тэр хайрцагтай эд зүйлийг цоохор ирвэсийг мөн эсэхийг анхнаас нь мэдээгүй. О миний машинд хийснээс хойш бол би тэр газраас огт хөдлөөгүй зогсож байсан. О утас нь цэнэггүй болоод байна, машинд цэнэглэж болохгүй байна гээд тэнд байсан зам дагуух цайны газар луу орж цэнэглээд байсан. Тийм болохоор хэнтэй юу ярьсан талаар би мэдэхгүй байна. ...М.О-ыг цоохор ирвэс агнасан, хадгалсан, тээвэрлэсэн талаар мэдээгүй. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр О над руу залгаад би хот руу ороод ирсэн байна. Та намайг ирээд аваач гэсэн юм. Тэгээд би өөрийн *** улсын дугаартай приус 41 дугаартай машинтайгаа очсон юм. Очиход хүнд нэг юм өгчхөөд явна гээд утсаар ярьж байгаад миний машины ар луу хайрцагтай юм авч ирээд мах гэж хэлээд хийсэн юм. Тэгээд юм авах хүнийг нь хүлээж байсан чинь цагдаа нар ирсэн. Би О-ыг цоохор ирвэс агнасан авч ирсэн талаар мэдээгүй, баригдсаных нь дараа л мэдсэн. О нь цоохор ирвэсийг хэзээ хаанаас агнасан, хэнд, хэдэн төгрөгөөр худалдан борлуулах гэж байгаа талаараа надад яриагүй. Галт зэвсэгтэй үгүйг мэдэхгүй байна. М.О нь манай дүүгийнд ирээд байдаг болохоор танина, Ховд аймгийн Булган сумынх гэдгийг нь мэднэ. Бусад зүйлсийг нь сайн мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27, 29 дэх тал),
- Гэрч Б.Э-ын “...Би *** дугаарын гар утастай намхан шар залуутай 1 удаа уулзсан. Учир нь цагаан сарын дараа буюу 2024 оны 02 дугаар сарын сүүлээр санагдаж байна миний *** дугаарын гар утас руу *** дугаараас залгаад сайн байна уу, М ах таны дугаарыг өгсөн юм, цоохор юм байна, авах уу гэсэн. Цоохор гэж юу юм бэ гэхэд өөдөөс цоохор ирвэстэй гэхээр нь аан тийм үү гээд би авдаг хүн биш л дээ, гэхдээ үзэж харья л даа гэж хэлсэн. Тэгээд ярьсан өдрөөсөө хойш Улаанбаатар хотод уулзъя ахаа гэхээр нь би нөгөө яриад байсан цоохор юм гэдгийг нь үзье гэж бодоод уулзсан. Тэгэхэд тэр залуу надад утсан дээрээсээ цоохор ирвэсийн зураг харуулахаар нь би үзмээр санагдаад чи аваад ирвэл харъя гэж хэлсэн. Тэр залуу би аваад ирье гэж хэлж байсан бөгөөд хэд хоногийн дараа над руу Ховд аймгийн Булган сумаас аваад очиж байна гэж ярьж байсан. Би тэр үед хотод байхгүй Өмнөговь аймагт байсан болохоор тэр залуутай уулзаж чадаагүй, тэр залуу ч над руу дахиж холбоо бариагүй. Би хувиараа том машин механизм түрээсэлдэг бөгөөд *** дугаартай залуу намайг хүнтэй андуураад утсаар яриад ороод ирэхээр нь би цоохор ирвэс гэдэг амьтныг үзмээр санагдаад л тэр залуутай уулзаад аваад ир, үзье гэж хэлсэн. Өөрөөр бол надад тухайн амьтныг худалдаж авах ямар ч сонирхол байгаагүй ээ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 1016 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1. Шинжлэгдсэн амьтан нь Мий-Felidae овгийн Цоохор ирвэс-Uncia uncia Schreber, 1775 зүйлийн эр хүйсийн, залуу бодгаль байна. 2. Цоохор ирвэс-Uncia uncia Schreber, 1775 нь Амьтны тухай хуулийн /2012/ “Нэн ховор амьтан”, Монгол улсын улаан номын /2016/ “Нэн ховор” зүйл юм. 3. Шинжилгээнд ирүүлсэн Цоохор ирвэс-Uncia uncia Schreber, 1775 хойд 2 хөлийн хооронд цавны хэсэгт арьс нь 12 см:9 см орчим нүх үүссэн, тэр хэсгийн эрхтэн /гэдэс, чив/ байхгүй, баруун чихний үзүүр хугарсан, үс нь халцарсан байна. Уг амьтны агнагдсан байдлыг тогтоох боломжгүй. 4.Монгол Улсын засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 тогтоолын хавсралтаар нэг бодгаль цоохор ирвэсийн экологи эдийн засгийн үнэлгээг 22,000,000 төгрөгөөр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн наймдугаар бүлгийн 49-р зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нийт үнэлгээг тооцохоор 44,000,000 төгрөг байна...” гэх (хавтаст хэргийн 35-40 дэх тал),
- 2024.05.16-ны өдрийн мэдүүлгийг шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (хавтаст хэргийн 53-56 дахь тал),
- Ховд аймаг дахь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 182 тоот албан бичигт “...Булган сумын нутагт орших “М” хэмээх газар нь Мөнххайрханы улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд хамаарагдаж байна...” гэх (хавтаст хэргийн 60 дахь тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.
Тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг нэн ховор амьтан гэж үздэг ба Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд нэн ховор амьтанд хамаарах амьтдыг нэрлэн заасан.
Шүүх шинжилгээний үндэсний 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1016 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Шинжлэгдсэн амьтан нь “Мий-Felidae овгийн Цоохор ирвэс-Uncia uncia Schreber. 1775 зүйлийн эр хүйсийн, залуу бодгаль байна. 2. Цоохор ирвэс-Uncia uncia Schreber, 1775 нь Амьтны тухай хуулийн /2012/ “Нэн ховор амьтан”, Монгол улсын улаан номын /2016/ “Нэн ховор” зүйл юм." гэсэн.
Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно.” гэж заасан.
Гэвч шүүгдэгч М.О тусгай зөвшөөрөлгүйгээр 2024 оны 02 дугаар сард нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг Ховд аймгийн Булган сумын Баянголын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “М” гэх газарт агнаж, 2024 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл тухайн газраа хадгалж, 2024 оны 03 дугаар сарын 03-аас 04-ний өдрийн хооронд Ховд аймгийн Булган сумын Баянголын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “М” гэх газраас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлт хүртэл тусгай тээвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч М.О-ын үйлдэл нь хууль бус шинжтэй болох нь илэрхий бөгөөд тэрээр өөрийн идэвхтэй үйлдлээр цоохор ирвэсийг агнаж, хадгалж, тээвэрлэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүгдэгч М.О-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг тээвэрлэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Шүүгдэгч М.О-ын хууль бус үйлдлийн улмаас цоохор ирвэсийн тоо толгой цөөрч байгаль орчинд хохирол учирсан.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар байгаль орчинд учруулсан хохирлыг “ойн сан, амьтан, ургамал, усны нөөц, газар, газрын хэвлий, хөрсөн”-д учруулсан хохирол гэж ангилах бөгөөд мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар амьтны аймагт учруулсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоохоор хуульчилсан.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолын хавсралт болох Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр цоохор ирвэсийн үнэлгээг 22,000,000 төгрөгөөр /жагсаалтын 127/ тогтоосон байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь 44,000,000 төгрөгөөр тогтоогдож байна.
Шүүгдэгч М.О-аас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 4,000,000 төгрөгийг Байгаль орчны уур амьсгалын санд өгсөн байх нь хэрэгт авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.О-аас 40,000,000 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч М.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цоохор ирвэсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлэхийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгах, 1 ширхэг хавхыг устгуулах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “... Шүүгдэгч нь өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоос тодорхой хэмжээг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Улсын яллагчийн санал болгосон торгох ялын саналыг дэмжиж байна. Машины хувьд шүүгдэгч нь өөрийн машинаар тээвэрлээгүй, эгчдээ мах хүргэж өгч байна гэж ойлгуулсан байдаг. Тиймээс эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон 8,000,000 төгрөгийг хасаж өгнө үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Хэрэгт авагдсанд шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал), Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллого (хавтаст хэргийн 121-124 дэх тал), оршин суугаа багийн тодорхойлолт (хавтаст хэргийн 125 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч М.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосноор шүүгдэгч М.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.О-т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасан.
Шүүхээс шүүгдэгч М.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар түүнээс 40,000,000 төгрөг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэсэн, *** улсын дугаартай Toyota Prius 41 маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч М.О-ын өмчлөлийн биш, гэрч М.З-ийн эзэмшлийн /түүний эхнэр Х.Б-ийн өмчлөлийн гэх/ тээврийн хэрэгсэл ба тухайн тээврийн хэрэгслээр цоохор ирвэсийг тээвэрлээгүй байх тул шүүгдэгч М.О-аас *** улсын дугаартай Toyota Prius 41 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 8,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуульд заасан “тээвэрлэсэн” үйлдэл нь бүх төрлийн тээврийн хэрэгслээр буюу галт тэрэг, агаарын хөлөг онгоц, шуудан илгээмж, такси үйлчилгээ, авто тээврийн хэрэгсэл зэргийг ашиглан тухайн эд зүйлийг нэг газраас нөгөөд ил буюу далд хэлбэрээр зөөвөрлөх үйлдлийг ойлгох бөгөөд тээвэрлэсэн үйлдэлд ашигласан гэх үндэслэлээр галт тэрэг, агаарын хөлөг онгоц, авто тээврийн хэрэгсэл бүрийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс албадан гаргуулах боломжгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн арга, сэдэлт, урдаас төлөвлөсөн байдал, тухайн тээврийн хэрэгсэл гэм буруутай этгээдийн өмчлөлийн эд хөрөнгө мөн эсэхийг зэргийг харгалзан үзэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа 1 ширхэг цоохор ирвэсийн бодгалийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, мөн хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 1 ширхэг хавхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т тус тус даалгав.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.О нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. И овогт М-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг тээвэрлэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-т 12,000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-т оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч М.О-аас 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа 1 ширхэг цоохор ирвэсийн бодгалийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, мөн хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 1 ширхэг хавхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т тус тус даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.О нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.О-т авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР