Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/76

 

 

 

 

 

 

2021               1             13                                          2021/ДШМ/76

 

 

Н.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг  даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнгөнсүх,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/979 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор С.Гансэлэмийн бичсэн 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 71 дугаартай эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Н.Э-д холбогдох эрүүгийн 1905040340507 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тугчин овгийн Н.Э, 19... оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........... хамт ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................./;

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 18/248 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгасан.

Н.Э- нь 2019 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар байрны гадна иргэн Б.Э-, Г.Г- нартай маргалдан улмаар Б.Э-гийн нүүр тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад хөнгөн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

иргэн Г.Г-ийн толгой тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ы биечлэн эдлэх ялыг 436 /500-64=436/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д оногдуулсан 436 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-аас 641.700 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-д 200.000 төгрөг, хохирогч Г.Г-ид 441.700 төгрөгийг тус тус олгож, хохирогч Б.Э- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Н.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор С.Гансэлэм бичсэн эсэргүүцэлдээ: “... Шийтгэх тогтоолын тогтоох  хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө баривчлагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон”-ыг тусгана гэж заасан. Энэ талаар огт дурьдаагүй. Мөн шүүгдэгч Н.Э-ы цагдан хоригдсон 8 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцсон боловч ойлгомжтой бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг үндэслэн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Н.Э- нь 2019 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 46 дугаар байрны гадаа Б.Э-, Г.Г- нартай маргалдан улмаар Б.Э-гийн нүүр тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад хөнгөн цус хуралт, Г.Г-ийн толгой тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

хохирогч Б.Э-гийн “2019 оны 9 дүгээр сарын 1-ний 00 цаг 30 минутын үед Руская гимназия сургуулийн дэргэдэх машин зогсоол дээр явж байхад хойно үл таних хоёр залуу бид хоёрыг эр юм уу, эм юм уу гээд байсан. Юу гээд байгаа юм бэ гэхэд эр юм уу, эм юм уу гэж асууж байна гэсэн. Манай найз охин чамд ямар хамаатай юм гэсэн. Тэр залуутай найз хүүхэн хэрэлдэж байхад би дундуур нь ороод хүн зүгээр явж байхад яахаараа дээрэлхээд байгаа юм бэ гэхэд миний хэн гэдгийг мэдэх үү, өөдөөс үг хэлдэг хэн бэ гээд үл таних залуу түлхээд, үснээс үсдэж аваад би цаашаа түлхсэн чинь найз нь дундуур орж ирээд бид хоёрыг салгах гэтэл зүүн талын нүүр рүү дайраад цохьсон. Би байшингийн хана толгойныхоо араар цохиулаад мөргөсөн” /хх 21/,

хохирогч Г.Г-ийн “...найз Энхсайханы хамт алхаж явтал үл таних хоёр залуу таараад намайг нэг нь энэ одоо эр юм уу, эм юм уу гэсэн. Тэгэхээр нь манай найз бид хоёр дуугүй өнгөрөөгөөд явсан чинь нөгөө хоёр залуу одооны энэ янханууд эр эм нь мэдэгдэхгүй юмаа гэхээр нь би эргэж хараад та нарт ямар хамаатай юм бэ гэтэл Энхсайхан гэгч залуу алнаа гэж ирэнгүүтээ манай найзын үснээс нь зулгааж байгаад нүүр рүү нь гараараа цохьсон. Манай найз цохиулахдаа хана мөргөсөн. Энхсайхан миний цамцнаас татаж зууралдаад толгой руу цохьсон. Миний толгой доргиж, духанд самардуулсан сорвитой болсон” /хх 30/,

гэрч Б.Золзаяагийн “2019 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-нд шилжих шөнө 46 дугаар байрны орчим нөхөр Энхсайхан, Энхсайханы найз Энхболд нарын хамт зогсож байсан юм. Энхсайхан, Энхболд хоёр тамхи татаад хоорондоо юм яриад л зогсоод байх шиг байсан. Тэгсэн танихгүй хоёр эмэгтэй ирээд миний эр эм байх нь чамд ямар хамаатай юм гээд Энхсайханыг үснээс нь зулгаагаад дараад зууралдаад Энхсайхан үснээсээ тавиулахад нөгөө хоёр эмэгтэйгийн нэгийг нь нүүр рүү нь цохьчихсон чинь нөгөө охин нь хана мөргөсөн” /хх 49/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 10793 дугаартай актын “Г.Г-ийн биед тархи доргилт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”,

Мөн хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 10623 дугаартай актын “Б.Э-гийн биед зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн зовхи хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэсэн дүгнэлт /хх 40, 41/-үүд зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Э-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Н.Э-ы хохирогч Б.Э-, Г.Г- нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 Мөн шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол болон шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Дээд шатны прокурор С.Гансэлэм “шүүх нийтэд тустай ялаас цагдан хоригдсон 8 хоногийг хасч тооцохдоо тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй тул өөрчлөлт оруулж зөвтгүүлэх”-ээр эсэргүүцэл бичсэний дагуу хянахад, анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлыг “шүүгдэгчийн цагдан хоригдсон 8 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 64 цагийг хасч, нийт биечлэн эдлэх ялыг 436 цагаар тогтоох нь зүйтэй” гэж маш тодорхой дурьдсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Гэвч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө баривчлагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон” үндэслэлийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгахаар хуульчилсан байх тул эсэргүүцлийг хүлээн авах үндэслэл болов.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11ий өдрийн 2020/ШЦТ/979 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ы биечлэн эдлэх ялыг 436 /дөрвөн зуун гучин зургаа/ цаг /500-64=436/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ы цагдан хоригдсон 8 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 64 цагийн ялыг хасч, биечлэн эдлэх ялыг 436 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                        Б.БАТЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ