Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж,  тус  шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Шүүгчийн  туслах Г.Нямаа

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Л.Энхтунгалаг

Шүүгдэгч Б.Бямбацогт нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн Б.Бямбацогтод холбогдох эрүүгийн  201712000033 тоот  хэргийг  2017 оны  4 сарын 10-ны  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 сарын 20-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн  хамт Дундговь аймгийн Өлзийт сумын 1-р баг  “Төмөрт” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,  Самдан овгийн  Батсуурийн  Бямбацогт /РД:ЗИ87122016/

Шүүгдэгч Б.Бямбацогт нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 8 дугаар сарын 7-оос 10-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Өлзийт сумын 1-р багийн  нутаг “Хөтөл” гэх газраас тус сумын иргэн Л.Бэх-Очирын 1 тооны тэмээг тээврийн  хэрэгсэл ашиглан  хулгайлж 450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Б.Бямбацогт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би Бэх-Очирын тэмээг нь авсан. Эргүүлээд хохирлоо төлж, хохирогчийг гомдолгүй болгосон. 2016 оны 8 сарын 10-ны үеэр тэмээг аваад, зарж борлуулсан. Тэмээг нь  эргүүлж төлсөн учраас хохирогч гомдолгүй гэсэн бичиг өгсөн. Идэрнасанд хулгайн тэмээ  гэж  хэлээгүй.  Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж хэрэг хийхгүй гэв.

             2.Хохирогч Л.Бэх-Очирын:  “...Дундговь аймгийн Өлзийт сумын 1-р баг  “Талын ус” гэх газар малчин Дэмбэрэл гуайн тэмээнд манай чандмань тамгатай, 3 настай, хүрэн тайлган тэмээ 2016 оны 5 дугаар сарын сүүлээр нийлсэн юм. Тэгээд тэдний тэмээнд байж байгаад 2016 оны 8 сарын  10-ны үед гэнэт алга болсон. Сураглаад байсан  чинь “Хөтлийн  ус”-руу Базар гэдэг  айлын тэмээнд байна гэж байсан.  Базарын тэмээнд Бямбацогт мотоциклиор ганцааранг  нь хөөж нийлүүлсэн байсан...” гэх  мэдүүлэг  /хх-26-рт/

3.Гэрч Д.Мөнх-Эрдэнийн: “...2016 оны 8 дугаар сарын эхээр өдрийг  нь сайн  санахгүй байна. Бямбацогт 1 тооны тэмээ мотоцикльтойгоо туугаад манай гэрийн гадуур гэр рүүгээ чиглэлтэй явж байсан. Гадаа харанхуй байсан  тул тэмээний зүс тамгыг харж чадаагүй. Ямар ч байсан Бямбацогт тууж явсан юм.” гэх  мэдүүлэг /хх-29-рт/

4. Гэрч О.Идэрнасангийн: “...Намайг гэрт ганцаараа байхад Бямбацогт ганцаараа ирээд нэг бага тэмээ борлуулах гэсэн юм. Чи машиндаа ачаад аймаг оруулаад борлуулаад өгөөч гэхээр нь хамт гэрт нь очиход хүрэн зүсмийн тайлаг насны тэмээ уяатай байсан. Түүнийг бид 2 нядлаад өөрийн Ланд-80 маркийн  92-49 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад Дундговь аймгийн төв оруулж Отгонцэцэг гэх ченжид зарсан. Надад  хулгайн  тэмээ  гэж  хэлээгүй. Имийг нь хараагүй, тамга нь чандмань тамга байсан.” гэх  мэдүүлэг /хх-31-рт/

5. Гэрч Б.Дэмбэрэлийн:  “...2016 оны 8 дугаар сарын  7-ны өдөр Бямбацогт “манай тэмээ танай тэмээнд байна уу” гэж асуусан байсан. Тэгэхээр  нь байгаа гэж хэлж байсан.  Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тэмээгээ үзэхэд Бэх-Очирын 1 тооны тэмээ алга болсон байсан. 3 настай гэмээр хүрэн зүсмийн чандмань тамгатай тайлаг тэмээ байсан юм... ” гэх  мэдүүлэг  /хх-ийн 33-рт/

6.Гэрч Д.Эрдэнэбазарын: “...манайхыг “Хөтөл” гэх газар нутаглаж байх үед нэг орой Бямбацогт гэх нутгийн залуу 1 тооны тэмээ тууж ирээд манай гадаа байх тэмээнд нийлүүлж орхиод маргааш авна гээд явсан. Тэр тэмээ нь чандмань тамгатай юм шиг харагдаж байсан.  Тэгээд нэг мэдсэн тэр тэмээ нь алга болсон  байсан. Тууж явсан тэмээ нь Бэх-Очирын тэмээ юм шиг харагдсан, хулгайлаад аваад явж байна гэж даанч санасангүй...” гэх  мэдүүлэг /хх-ийн 34-рт/

7. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл  /хх-ийн 3-4/

8.  Шүүгдэгчийн  гэмт хэрэг  үйлдэх үедээ  ашигласан  тээврийн  хэрэгслийг  хураан  авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-11/

9. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл  /хх-ийн 12-13-рт/

10. Хэрэгт  цугларсан  бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Бямбацогт нь 2016 оны 8 дугаар сарын 7-ноос 10-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Өлзийт сумын 1-р багийн  нутаг “Хөтөл” гэх газраас тус сумын иргэн Л.Бэх-Очирын 1 тооны тэмээг тээврийн  хэрэгсэл ашиглан  хулгайлж 450000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бямбацогтыг тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн  хуулийн  145 дугаар  зүйлийн  145.2 дахь хэсэгт зааснаар  хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн хувийн  байдлыг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас  учруулсан  хохирлоо сайн  дураараа  нөхөн  төлсөн зэрэг  нь  ял хөнгөрүүлэх нөхцөл болж  байх ба  ял  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

Шүүгдэгч нь хүндэвтэр  гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид хохирол төлбөрөө төлсөн болохыг  дурьдав.

Шүүгдэгч Б.Бямбацогт нь  хохирогч Л.Бэх-Очирт хохирол төлбөр барагдуулсан  талаархи баримт  хэрэгт  авагдаагүй  боловч  шүүх хуралдааны зарыг  хохирогчид мэдэгдэхэд “ Бямбацогт 450.000 төгрөг хүнээр өгөөд явуулсан  байна лээ. Хохирол төлбөр нэхэмжлэх  зүйлгүй. Гомдол саналгүй... ” гэсэн  тайлбарыг гаргасан  байх  тул   шүүгдэгчийг гэмт хэргийн  улмаас  учруулсан  хохирлоо  төлж барагдуулсан гэж  үзлээ.

Хэрэгт  авагдсан  баримтуудаар  шүүгдэгч  нь Л.Бэх-Очирын   тэмээг  хулгайлж  нядалсаны  дараа  О.Идэрнасангийн  эзэмшлийн цагаан өнгийн Тоёота Ланд крузер -80 маркийн  92-49 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр  махыг нь  тээвэрлэн  борлуулсан  болох нь  тогтоогдож  байх  боловч   уг  тэмээг  хулгайлсан  гэдгийг  гэрч  О.Идэрнасан  мэдээгүй  болох  нь  О.Идэрнасангийн  гэрч  болон  иргэний  нэхэмжлэгчээр  өгсөн  мэдүүлэг, Б.Бямбацогтын  сэжигтэн  яллагдагчаар  өгсөн  мэдүүлэг  зэргээр  нотлогдож  байна.

Иймд О.Идэрнасангийн эзэмшлийн  92-49 ДУА улсын дугаартай Тоёота Ланд крузер-80 маркийн  тээврийн хэрэгслийг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэх  үндэслэлгүй байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017.03.07-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ улсын дугааргүй “Даюун” маркийн /арал № *L7GPCKLVXE40681178, мотор №DY162FMJ-28*E6072590* дугаартай/ 450000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн мотоциклийг ашигласан болох нь гэрч Д.Мөнх-Эрдэнэ, Д.Эрдэнэбазар  нарын  болон Д.Бямбацогтын яллагдагчаар  болон  шүүхийн  хэлэлцүүлэгт  өгсөн  мэдүүлгээр  нотлогдож  байх тул  Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Мөн  шүүгдэгч  нь бусдын 1 тооны тэмээг хулгайлж бусдад зарж борлуулсаны  улмаас 450000 төгрөгийн ашиг олсон байх  тул шүүгдэгчээс тэмээний  үнэ  450.000 төгрөгийг Эрүүгийн  хуулийн  49 дүгээр  зүйлийн  49.2 дахь хэсэгт  зааснаар  хурааж  улсын  орлого  болгохоор шийдвэрлэв.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн  эзэмшлийн 5 тооны  малыг  битүүмжилсэн  мөрдөн  байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болтол  хэвээр  үлдээх нь  зүйтэй  гэж  шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Бямбацогт нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан  харгалзахаар шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  283, 284, 285, 286, 290 дүгээр  зүйлийн 290.3,   294, 295, 296, 297, 298, 299, 303, 304 дэх хэсгүүдэд тус тус заасныг  удирдлага  болгон  ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Самдан овогт Батсуурийн Бямбацогтыг тээврийн хэрэгсэл ашиглан бусдын 1 тооны тэмээг хулгайлж бусдад бага бус хэмжээний  хохирол  учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбацогтод эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбацогтод оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбацогтын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  улсын дугааргүй, цагаан өнгийн “Даюун” маркийн 450000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг улсын орлогод, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийн үнэ буюу 450000 төгрөгийг шүүгдэгч Б.Бямбацогтоос гаргуулан улсын орлогод тус тус оруулсугай.

6. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Бямбацогтын өмчлөлийн 5 тооны хонийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар О.Идэрнасангийн эзэмшлийн 92-49 ДУА улсын дугаартай “Тоёота Ланд крузер” маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 3 сарын 7-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай

8.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбацогтод оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бямбацогтод урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар бүхэлд нь иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Г.МӨНХБАТ