Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/00020

 

 

С.П гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03333 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.П гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Ц т холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 000 ам.доллар буюу 42 092 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц  нь 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр надаас 17 000 ам.доллар зээлдэж аваад зээлсэн мөнгөө өгөхгүй маш их хугацаа алдсан. Ингээд миний бие 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зээлсэн мөнгөндөө хүү тооцохгүй, харин ам.доллараар нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр буцаан авахаар тохиролцсон. Иймд хариуцагч Б.Ц оос 17 000 ам.доллар /1 ам.доллар 2476.02 төгрөг/ буюу 42 092 000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үржинсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зохигчдын хооронд хамтран ажиллахаар тохиролцон мөнгө өгч, авдаг байсан. Тэр мөнгийг төлж барагдуулсан. Миний үйлчлүүлэгч 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хэлцлийн дагуу 17 000 ам.доллар бэлнээр болон дансаар хүлээн аваагүй. Харин С.П , Б.Ц  нар нь хөрөнгө оруулалт хийн хамтран ажилладаг байсан. 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр авсан гэх 17 000 ам.долларыг төлөөд дууссан. Мөн С.П  өөрийн 99118468 дугаарыг Аи Би Капитал банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан байсан төлбөрийг төлж барагдуулж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Ц оос 17 000 ам.доллар буюу 42 092 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч С.П гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.П гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 368 410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх зохигчдын хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч бичгээр хийгдээгүй, хугацаа тохиролцоогүй бөгөөд шаардах эрх нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дууссан байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн баримтыг хэрхэн яаж үнэлсэн нь тодорхойгүй ба нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргаж өгсөн дээрх нотлох баримт нь нэхэмжлэгчээс хариуцагчид зээл төлөх үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон баримт гэж үзэх үндэслэлтэй буюу Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасантай нийцэж байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн бол хариуцагч үүргээ гүйцэтгэхийг зөвшөөрсөн тухай 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн баримтыг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь заалтуудаар тайлбарлан хэрэглэх боломжтой байсан. Нэхэмжлэгчид зээл төлөх үүргээ хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн гарын үсэгтэй уг баримт нь түүнийг зээл төлөх үүргээс чөлөөлөх, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт эргэлзээгүй байдлаар тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.П  нь хариуцагч Б.Ц т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 000 ам.доллар буюу 42 092 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч гэрээг бичгээр хийгээгүй, хугацаа тохиролцоогүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай болжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П  нь “Ай Би Капитал” ББСБ-иас зээл авсан бөгөөд Б.Ц  нь тус банк бус санхүүгийн байгууллагын Хаан банкны 517602725 тоот дансанд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 8 удаа өөрийн нэрээр шилжүүлэг хийсэн гэж тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад шилжүүлсэн баримтын хуулгыг гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 101/ШЗ2018/17653 дугаартай хангасан захирамж гаргасан байна. /хх 29-31/

 

Гэвч хэргийн 53 дугаар талд авагдсан “Ай Би Капитал ББСБ” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбараар манай байгууллага Хаан банкны 517602725 дугаартай дансыг эзэмшдэггүй, Хаан банк дахь 5178010816 тоот данс эзэмшдэг тул хуулгыг гаргаж өгөх боломжгүй гэх хариу албан бичиг ирүүлсэн байгааг анхан шатны шүүх энэ талаар тодруулах ажиллагаа явуулах нь талуудын хоорондын маргаанд хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдал байна.

 

Түүнчлэн, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагч нь зээлсэн мөнгөнөөс нийт 30 000 000 төгрөгийг төлсөн, одоо нэхэмжлэгчид 20 000 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан /хх 57/, мөн хэргийн 3 дугаар талд авагдсан 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан хэлцэл зэргийг харьцуулан үзвэл хариуцагч Б.Ц  нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн, баталгаа гаргаж өгсөн байгаа нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, тасалдсан тохиолдолд хугацааг дахин шинээр тоолох талаарх хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэхийг анхаарах нь зүйтэй байжээ.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03333 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбатаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368 410 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                             ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН