| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/0262/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/390 |
| Огноо | 2025-02-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/390
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Б.Одонтуяа,
хохирогч З.Н, түүний өмгөөлөгч Б.Буянжаргал,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ө.М,
шүүгдэгч П.П нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403008151076 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г овогт П-ийн П, Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэлчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд:
Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар үүрэг хүлээлгэсэн.
Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2650 нэгжтэй хэмжээний буюу 2,650,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг;
Шүүгдэгчээс хавтаст хэргийн 49, 60, 61, 72, 77 дахь талд авагдсан болон шүүхэд шинээр гаргаж өгсөн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон талаарх тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг;
Хохирогчийн өмгөөлөгчөөс хохирогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан хавтаст хэргээс шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан, мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 4 дэх тал),
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-11 дэх тал),
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 16-19 дэх тал),
- Хохирогч З.Н-ын “...Би 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө 08 цаг 40 минутын орчим гэрийнхээ гаднаа өөрийн эзэмшлийн Dongben маркийн *** улсын дугаартай мотоциклыг жолоодоод 32 дугаар байрны баруун хойноосоо урагш чиглэлтэй эсрэг урсгалтай 4 эгнээ замаар ойролцоогоор 40 км цагийн хурдтай 1 дүгээр эгнээгээр явж байтал 1 дүгээр эгнээнд нэг суудлын тээврийн хэрэгсэл аваарын гэрлээ асаагаад зогсож байхаар нь 2 дугаар эгнээ рүү шилжээд явж байтал 1 дүгээр эгнээнд явж байсан суудлын тээврийн хэрэгсэл баруун талаас 2 дугаар эгнээ рүү шахаад орж ирээд миний мотоциклын баруун урд талаас мөргөсөн. Тухайн үед би мотоциклтойгоо эсрэг урсгалын 2 дугаар эгнээнд 10 орчим метр шидэгдээд унасан. Мөргүүлж унаад босох гэсэн боловч баруун хөл өвдөөд, давхар шоконд орчихсон байсан болохоор босч чадахгүй байсан. Мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч над дээр ирээд намайг түшээд замын хажуу тал руу гаргасан. Нөгөө жолооч эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн, харин би цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд дуудлага мэдээлэл өгсөн. Яаралтай түргэн тусламж эхэлж ирж намайг үзээд баруун хөлийн дунд хуруу хугарсан байна, мөн шархтай байна гээд боогоод гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан, гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд баруун хөлийн дунд хуруу ил хугаралтай байна гээд 2 оёдол тавиулсан, чигчий хуруу мултарсан, хөлийн тавхай хэсэгт гүн зулгарсан, мөн баруун ташаанд зулгарсан байсан, хөлдөө гипс тавиулаад тэр өдрөө эмнэлгээс гарсан. Эмнэлэгт байж байхад 11 цаг 33 минутад замын цагдаагаас Б гэдэг ажилтан яриад тээврийн цагдаагийн албан дээр ирж мэдүүлэг өгөх хэрэгтэй байна гэхээр нь миний хөл хугарсан болохоор очих боломжгүй байна гэдгээ хэлсэн. Намайг эмнэлэгт байж байхад мөргөсөн машины жолооч гэх эрэгтэй ирж уулзаад Хэнтий аймагт хүүхдээ бариулах гэж байгаа юмаа, гялс цагдаа дээр хамт очиж уулзахгүй бол намайг явуулахгүй юм шиг байна гэхээр нь би өөрөө очих боломжгүй байна гээд Б мөрдөгчтэй утсаар хэлэхэд өөрөө ирэх боломжгүй бол эхнэрээ явуулчих гэсэн. Эхнэр Н-ыг Тээврийн цагдаа уруу явуулсан. Эмнэлэгт байхад тухайн машины жолооч хоорондоо тохиролцъё гээд байхаар нь би зөвшөөрөөд эхнэртээ цагдаагийн байгууллагад очоод хоорондоо учраа олохоор болсон гээд бичээд өгчих гэж хэлсэн. Манай эхнэр Б мөрдөгчид очоод хоорондоо тохиролцохоор болсон тухай хүсэлт бичиж өгсөн. 2 хоногийн дараа мөргөсөн машины жолооч манай гэрийн гадаа ирээд манай эхнэртэй уулзчихаад явсан байсан. Харин 3 хоногийн дараа журмын хашаан дээр нөгөө жолооч надтай тааралдаад ажил дээрээ очоод холбогдъё гэж хэлээд тэрнээс хойш холбоо барихаа больчихсон. 7 хоногийн дараа Б мөрдөгч дээр очоод нөгөө жолоочийг мөрдөгчөөр дуудуулан уулзахад бид хоёрын хэнийх нь зөв буруу гэж цагдаа хэлээгүй ш дээ тийм болохоор би цагдаагийн байгууллагаар шалгуулмаар байна гээд байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Осол болох үед зам орчны байдлын хувьд гадаа бүрхэг, зам чөлөөтэй байсан, цаг агаар бороотой, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Миний унаж явсан мотоциклын шулуун яндан цоорсон, моторын блок нь хагарсан, пластик баг хагарсан, тоормосны шороо орохоос хамгаалдаг хуванцар хамгаалалт хагарсан байсан. Тухайн осол болсноос хойш засвар үйлчилгээ хийгээгүй, яг тэр хэвээрээ 22-н товчоонд түрээсийн гаражид байгаа. Dongben *** улсын дугаартай мотоцикл нь 2023 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн. 2023 онд орж ирсэн. Би 2024 оны 06 дугаар сард нэрийг нь санахгүй байна. Нэг сэлбэгийн том дэлгүүрээс 5,800,000 төгрөгөөр худалдаж авсан. Даатгалгүй. Би осол болох үед хамгаалах малгай, хувцас өмсөж явсан. Би АВ ангилалтай, В ангиллыг 2012 онд, А ангиллыг 2024 оны 06 дугаар сард авсан. 2012 оноос хойш жолоо барьж байна. Харин мотоциклыг 2024 оны 06 дугаар сараас эхлэн барьж байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
- Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ө.М-ийн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр болсон зам тээврийн ослын талаар мэдэхгүй, сүүлд нь өөрийн төрсөн дүү Н-ээс сонссон. Би 2013 онд Toyota Verossa маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг хувь хүнээс 13,500,000 төгрөгөөр банкны лизингээр худалдаж авч байсан бөгөөд 2014 онд өөрийн нэр дээр шилжүүлсэн. Түүнээс хойш өөрөө унаж ашиглаж байгаад 2023 оны 02 дугаар сараас өөр тээврийн хэрэгсэлтэй болсон тул 1 дүгээр хороололд байдаг аавынхаа хашаанд тухайн тээврийн хэрэгслээ байрлуулж тавьсан. 2023 онд миний төрсөн эгч С-ийн нөхөр П нь ажилдаа унаж хэрэглэх зорилгоор надаас тээврийн хэрэгслийг унах зөвшөөрөл гуйхаар нь аав, ээжтэй ярьж байгаад унаж хэрэглэхийг зөвшөөрсөн. Би тухайн тээврийн хэрэгслийг эгч С-ийн нэр дээр боломжтой үедээ шилжүүлж өгнө гэж бодож байсан. Ослоос болж миний эзэмшлийн Toyota Verossa маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...Иргэний хуулийн 499 дүгээр зүйлтэй танилцлаа. Би үнэхээр хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32, 35 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13311 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт: 1. З.Н-ын биед баруун хөлийн тавхайд язарсан шарх, баруун 3, 5-р хурууны үзүүрийн шивнүүрийн ил хугарал, баруун тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, хэвлий, зүүн гарын алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн (хавтаст хэргийн 48-49 дэх тал),
- Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024.10.24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 57-62 дахь тал),
- Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024.10.24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 69-77 дахь тал),
- Хохирогч З.Н-ын мотоциклд учирсан хохирлыг 1,370,000 төгрөгөөр тогтоосон Сүлд үнэлгээ ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3-995 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 84-88 дахь тал)
- 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1919 дугаартай мөрдөгчийн магадалгаанд “...а/ Жолооч: П.П нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, Замын хөдөлгөөний дүрмийн хоёрдугаар хавсралт: 1.3. (үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана. 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон гэх үндэслэлтэй байна. б/ Жолооч: З.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна...” гэсэн (хавтаст хэргийн 42 дахь тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13311 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч З.Н-ын биед эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах хохирлын хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч П.П нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг, 34 дүгээр байрны баруун замд Toyota Verossa маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж, 10.4-т “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэж тус тус заасныг зөрчиж тус замын 1 дүгээр эгнээнээс 2-р эгнээ рүү байр эзлэхдээ тус замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлд 2-р эгнээгээр чигээрээ явж байсан *** улсын дугаартай Dongben маркийн мотоциклтой З.Ныг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч П.П-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж хохирогч З.Н-ыг мөргөсөн үйлдэл, хохирогч З.Нт учирсан хохирол нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Улсын яллагчаас шүүгдэгч П.П-ыг “...Замын хөдөлгөөний дүрмийн хоёрдугаар хавсралт: 1.3. (үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана. 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн...” гэж ялласан боловч хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгээр шүүгдэгч П.П нь үргэлжилсэн хос шугам давсан, давахаар оролдсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Харин хяналтын камерын бичлэгээр тэрээр замын 1-р эгнээнээс 2-р эгнээ рүү байр эзлэх үйлдэл хийхдээ хохирогч З.Н-ыг мөргөсөн болох нь хөтөлбөргүй тогтоогдсон болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоосон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.П-аас “...хохирогч З.Н-ын тээврийн хэрэгсэл нь бүрэн бус тоормос нь ажилладаггүй талаар дүгнэлт гарсан, замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 13.1 дэх заалтуудыг мөн адил зөрчсөн, тээврийн хэрэгслийн сохор бүсэд орсон, замын хөдөлгөөнд оролцох давуу эрх нь надад байсан, эгнээ сольсны дараа араас ирж мөргөсөн...” гэж мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй байна.
2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1919 дугаартай мөрдөгчийн магадалгаагаар хохирогч З.Н нь замын хөдөлгөөний ямар нэг заалт зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн.
Гэмт хэрэг гарах үед Замын хөдөлгөөний дүрмийн 10.4 дэх заалтад зааснаар хохирогч З.Н нь хөдөлгөөнөө урьтан хийх давуу эрхтэй, шүүгдэгч П.П нь замын тавьж өгөх үүрэгтэй байсан.
2024 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 1000399 дугаартай “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтэд *** улсын дугаартай Dongben маркийн мотоциклд учирсан эвдрэл гэмтлүүд нь бүгд ослын үед үүссэн байх боломжтой гэмтлүүд юм гэж дүгнэсэн байх тул хохирогч З.Н-ыг бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөн оролцож байсан үзэх боломжгүй.
Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хохирогч З.Н нь ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлд 2-р эгнээгээр чигээрээ явж байсан буюу гүйцэт түрүүлэх үйлдэл хийгээгүй, замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал хяналтын камерын бичлэгээр тогтоогдоогүй болно.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэмд жолоочийн сохор бүс гэх хууль зүйн ойлголт байхгүй боловч тээврийн хэрэгслийн овор, хэмжээ, зам орчны байдлаас хамааран жолоочийн нүдэнд үл үзэгдэх бүс байдаг тул Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтад “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасан болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч П.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирогч З.Н-ын биед гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол учирсан боловч эрүүлийн тусламж үйлчилгээтэй холбоотой баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байна.
Сүлд үнэлгээ ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3-995 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч З.Н-ын мотоциклд учирсан хохирлыг 1,370,000 төгрөгөөр тогтоосон байна.
Шүүх шинжилгээний тухай хуулиар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.
Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч ...танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус зааж тодорхойлсон байна.
Сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг хууль болон журмын дагуу зөвхөн шинжээч хүснэгтээр эсхүл дүгнэлтээр тогтоох байтал хохирогч З.Н-ын сэтгэцэд учирсан хохирлыг мөрдөгч хүснэгтээр тогтоосон байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хууль зүйн боломжгүй байна.
Иймд хохирогч З.Н нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж, 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч П.П-ын жолоодож байсан Toyota Verossa маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ө.Мгийн эзэмшлийнх болох нь хавтаст хэргийн 37 дахь талд авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ө.М нь мэдүүлэгтээ “...Миний төрсөн эгч С-ийн нөхөр П нь ажилдаа унаж зорилгоор надаас тээврийн хэрэгслийг унах зөвшөөрөл гуйхаар нь аав, ээжтэй ярьж байгаад унаж хэрэглэхийг зөвшөөрсөн...” гэж мэдүүлсэн буюу тэрээр өөрөө тээврийн хэрэгслээ П.П-т шилжүүлэн өсгөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагч Ө.М-ээс гаруулж шийдвэрлэлээ.
Иргэний нэхэмжлэгч Ө.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч П.П-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоох саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт хадгалан үлдээх саналтай байна ...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч: “...улсын яллагчтай санал нэг байна...” гэв.
Хохирогч З.Н: “...Шүүгдэгч П.П нь надтай адилхан залуу хүн байх тул зорчих эрхийг хязгаарлах ялаас өөр ял оногдуулж өгнө үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Хэрэгт авагдсан шүүгдэгч П.П-ын хувийн байдалтай холбоотой хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 44, 45 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 101 дэх тал), Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.31-ний өдрийн 2022/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 104-121 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 122 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 123 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 124 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 125 дахь тал), Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.25-ны өдрийн 2022/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 153-160 дахь тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар түүний хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч П.П-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч П.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч П.П-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.П-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдав.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.П нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Г овогт П-ийн П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 (хоёр) жилийн хугацаагаар хасаж 600 (зургаан зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.П-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Ө.М-ээс 1,370,000 (нэг сая гурван зуун далан мянга) төгрөг гаргуулж хохирогч З.Н-т олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.П нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч З.Н нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.П-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР