2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/187

 

 

    2025             01              16                                                2025/ШЦТ/187

                                                                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтөлж,

улсын яллагч Б.Одонтуяа (томилолтоор),

хохирогч Г.Ж, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх,

шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч Л.Ононбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө** овогт Л.Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403008290982 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ө** овогт Л.Н (РД:*********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Л.Н нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 9 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо  Доктор авто засварын баруун замд “Toyota Rav 4” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөнтэй 16.3-т “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэснийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч явсан явган зорчигч Г.Ж-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан, замын зорчих хэсгээс гарч “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н мэдүүлэхдээ “...Машины тормос болохгүй байснаас үүдэлтэй тухайн осол болсон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ж мэдүүлэхдээ “...Хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжилнэ” гэв.

Шүүгдэгч Л.Н нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доктор” авто засварын баруун замд “Toyota Rav 4” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэснийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч явсан явган зорчигч Г.Ж-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн замын зорчих хэсгээс гарч Toyota prius” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас),

Хохирогч Г.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр ослоос болж миний  машины зүүн талын крило болон толь, 2 хаалга эвдэрсэн, би үнэлгээ хийлгэсэн байгаа. ...Хохирлоо яаралтай барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13166 дугаартай  шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас),

“Автотээврийн үндэсний төв ТӨҮГ” Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №1000360 дугаартай шинжээчийн:

“1.Rav-4 маркийн 1785 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн стандартын шаардлага хангахгүй байна.

2.Уг тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл нь урд гүперийн баруун урд хэсэг хагарсан, баруун крило хонхойж нугаларсан, баруун болон зүүн гэрлийн бүрхүүл шил хагарсан зэрэг гэмтлүүдтэй байна.

3.Уг тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн.

4.Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат, ABS, цахилгаан тоормосны системтэй. Тоормосыг тоног төхөөрөмжөөр болон жолоодлого хийж шалгахад стандартын шаардлага хангаж байна. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,87 кН, баруун талдаа 3.52 кН ,зөрүү нь 18% (стандарт<20%), 2-р тэнхэлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.8 кН, баруун талдаа 1.62 кН, зөрүү нь 10% (стандарт<30%) автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон.

5.Уг тээврийн хэрэгслийн их гэрлийн тусгалыг тоног төхөөрөмжөөр шалгахад стандартын шаардлага хангаж байна. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 31800cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 60600cd, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 13700cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 15000cd (стандарт 10000-225000cd) стандартын шаардлага хангаж байна.

6.Rav-4 маркийн 1785 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хамгаалах бүстэй. Хамгаалах бүс нь хэвийн ажиллагаатай байна.

7.Rav-4 маркийн 1785 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2023-05-22-нд Сонгинохайрхан, 2024-07-30-нд Доктор авто сүлжээ тус тус орж тэнцсэн...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45-51 дүгээр хуудас),

“Онцгой үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №190/ДД№31408789 дугаартай “…үнэлгээгээр тогтоогдсон дүн 1,730,000 төгрөг…” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас),

2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 65 дугаар хуудас),

Шүүгдэгч Л.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дүгээр хуудас),

2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1719 дугаартай Мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 86 дугаар хуудас, 94 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 84 дүгээр хуудас), “Инвескор пропертис” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 85 дугаар хуудас), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 87 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 88 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 89 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас), иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 92 дугаар хуудас), тээврийн  хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 93 дугаар хуудас), тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ (хавтаст хэргийн 95 дугаар хуудас).

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

    Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

Шүүгдэгч Л.Н нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доктор” авто засварын баруун замд “Toyota Rav 4” маркийн 1785 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэснийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч явсан явган зорчигч Г.Жавзандуламыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн замын зорчих хэсгээс гарч “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 13166 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн №1000360 дугаартай шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан, 1782 дугаартай мөрдөгчийн магадалгаа, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн хохирол учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлэх бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг (давхар объекттой) гэмт хэрэг байх ба шүүгдэгч Л.Н-н тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.

Шүүгдэгч Л.Н нь “...тухайн үед машины тормос ажиллахгүй байснаас үүдэн тухайн осол гарсан...” гэж маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ” Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №1000360 дугаартай шинжээчийн “...4.Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат, ABS, цахилгаан тоормосны системтэй. Тоормосыг тоног төхөөрөмжөөр болон жолоодлого хийж шалгахад стандартын шаардлага хангаж байна. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,87 кН, баруун талдаа 3.52 кН ,зөрүү нь 18% (стандарт<20%), 2-р тэнхэлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.8 кН, баруун талдаа 1.62 кН, зөрүү нь 10% (стандарт<30%) автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна...” гэсэн дүгнэлтээс үзэхэд хэрэг болсон цаг хугацаанд шүүгдэгчийн жолоодож явсан Rav-4 маркийн 1785 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормос хэвийн ажиллагаатай байсан болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Н-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

хохирогч Г.Ж нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Ч.Б-т 1,853,000 төгрөгийн хор уршиг учирсан бөгөөд хор уршиг нөхөн төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Н-с 1,853,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Б-т олгуулж шийдвэрлэв.

Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид 224,682 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байх бөгөөд тус хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Н-с 224,682 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгуулах нь зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх “...1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү”  гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ононбаяр “...Торгох ялын хамгийн бага хэмжээг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Л.Н-н хувьд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүхээс шүүгдэгч Л.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Л.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.

III. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

    Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ө** овогт Л.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Н-с 1,648,450 (нэг сая зургаан зуун дөчин найман мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ж-д олгосугай. 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Н-с 1,853,000 (нэг сая найман зуун тавин гурван мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Б-т олгосугай.

7.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Н-с 224,682 (хоёр зуун хорин дөрвөн мянга зургаан зуун наян хоёр) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

8.Хохирогч Г.Ж нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болон бусад гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

10.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Л.Н-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЗОЛБОО