Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2018/02712 дугаар шийдвэртэй,

 

НэхэмжлэгчТ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ю.Ц , Б.М нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 55 557 182 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хохиролд 5 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагвын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Жамъяндагва

Хариуцагч: Ю.Ц , Б.М

Хариуцагч нарын өмгөөлөгч: З.Ариунжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.М , Ю.Ц  нар нь "Төрийн банк" ХХК-д зээл олгох хүсэлт гаргасны дагуу орон сууцны зээлийн хорооны 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 66.08 шийдвэрийн дагуу 52 000 000 төгрөгийн зээлийг сарын 1.35 хувь, жилийн 16.20 хувь, нэмэгдүүлсэн хүү сарын 0.27 хувь, жилийн 3.24 хувийн хүүтэй зээлийг 180 сарын хугацаатайгаар, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 дүгээр хороолол 19 дүгээр байрны 02 тоот 30 м.кв 2 өрөө орон сууцыг /Ү2201004798/ үүргийн гүйцэтгэлд барьцаалж зээл авсан. Гэтэл зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн зөрчил гаргаж 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээл хаах үлдэгдэл 55 557 182 төгрөг болж компанийг хохироосоор байна. Иймд зээлдэгч нараас зээлийн гэрээний үүрэгт 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртлэх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл 42 549 215 төгрөг, зээлийн хүү 12 904 124 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103 843 төгрөг, нийт 55 557 182 төгрөгийг гаргуулан, зээлдэгч нарын барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад хариу тайлбар гаргахдаа зээл авсан талаараа маргахгүй гэсэн байгаа гэжээ.

Хариуцагч Ю.Ц  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн төлбөрт төлсөн мөнгө, нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа мөнгөн дүнг бодоод үзэхээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид хамт очиж нэхэмжлэгчийн төлөөлөгчтэй уулзахад 13 800 000 төгрөгийг төлчих, гэхдээ та хоёрын нэр дээр 8 хувийн зээлд хамрагдах боломжгүй өөр хүний нэр дээр гарах боломжтой гэж хэлсэн. Нэхэмжлэгч тал нь бидний хуулийн мэдлэггүйг далимдуулж байгаад гомдолтой байна гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байгаа. Зээлийн гэрээний үүргээс 14 000 000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн. Үндсэн зээлийг 35 000 000 төгрөг гэж хариуцагч талаас үзэж байгаа. Мөн нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагадаа хэдэн оны хэдэн сараас эхэлсэн зээлийн зөрчил үүссэн талаар тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эхлээд надад болохгүй гэж хэлсэн. Дараа нь уулзахад 13 800 000 төгрөгийг төлчих, тэгэх юм бол 8 хувийн зээлд хамруулах боломжтой гэж хэлсэн боловч дараа нь боломжгүй гэж хэлсэн гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М би 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөрТ ХХК-иас 52 000 000 төгрөг сарын 1.35 хувийн хүүтэй, үндсэн хүүг 3 жил тутамд тухайн үед банкинд мөрдөгдөж байгаа орон сууцны зээлийн хүүгээр шинэчлэн тогтоож, гэрээг шинэчилж байх болзолтой зээлийн гэрээ хийсэн. 2014 он хүртэл зээлийн хүү, хугацааг нэг ч удаа хоцроохгүй төлж байсан. 2014 оны 2 сард миний эхнэр хамтран зээлдэгч Ю.Ц ын бие муудаж, хорт хавдар тусч маш өндөр эмчилгээний зардал шаардлагатай болсон. Мөн Б.М би авто тээврийн осолд орж тархины хүнд хагалгаанд орж амь нас аюултай байдалд орж, удаан хугацаанд ухаан орохгүй эмчлүүлж байсан. Эдгээр нөхцөл байдлын улмаас миний хүү АНУ-д сурч байсан сургуулиа орхиж, Монгол улсад ирж бид хоёрын эмчилгээг хийлгүүлэн мөн банкны төлбөрийг одоо болтол төлсөөр байгаа. Гэтэл Төрийн банк ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний 2.1.9-д заасан 3 жил тутам солих үүрэгтэй, үүргээ биелүүлээгүй.Т ХХК 2012 оноос эхлэн орон сууцны 8 хувийн хүүд шилжсэн байсан боловч зээлийн гэрээндээ өөрчлөлт хийхгүй байсны улмаас 2012 оны 11 дүгээр сарын 0З-нд “Төрийн банк” орон сууцны зээлийг 0.8 хувийн хүүтэй болгосон. Одоог хүртэл сар бүр 51 000 000 төгрөгийн 1.35 хувийн хүү 702 000 төгрөг, 0.8 хувийн хүү 408 000 төгрөг зөрүү 294.000 төгрөг, 2012 оны 11 сарын 03-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 17 640 000 төгрөгийн алдагдалд орсон байна. Намайг алдагдалд оруулсан 5 000 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талын буруугаас болж 8 хувийн зээлд хамрагдах боломжгүй болсон. Тийм учраас 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэдэг. Уг сөрөг нэхэмжлэлд хариу тайлбараа өгсөн байгаа. Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан шаардлага нь зээлийн хэмжээ нь 200 000 000 төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний ам.доллараас дээш үнийн дүнтэй орон сууцны зээлд л хамаарах учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтланТ ХХК-ийн хариуцагч Ю.Ц , Б.М нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 55 557 182 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М ын нэхэмжлэгчТ ХХК-иас алдагдалд оруулсан 5 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчТ ХХК-иас урьдчилан төлсөн 505 940 төгрөг, хариуцагч Б.М аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэлээ. Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2017 оны 04 дүгээр сараас ноцтой зөрчиж эхэлсэн нь зээлийн гэрээний 1.3.10, 7.2.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгч нартай удаа дараа уулзаж, зээлийн зөрчлийг арилгахыг шаардсан. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийг зээлдэгч нарт хүргүүлсэн боловч зээлийн гэрээний зөрчлийг арилгаагүй нь гэрээг цуцлах үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

НэхэмжлэгчТ ХХК нь хариуцагч Ю.Ц , Б.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 55 557 182 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч хохиролд 5 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

НэхэмжлэгчТ ХХК нэхэмжлэлдээ “хариуцагч Ю.Цэдэндолгор, Б.М нараас зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 55 557 182 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна” гэх агуулгыг тусгасан байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн боловч анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, давж заалдах шатны шүүх хуралдаанд үндсэн зээл, зээлийн хүү, зээлийн гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой нэмэгдүүлсэн хүү зэргээс татгалзаагүй гэх тайлбарыг гаргасан. Энэ тохиолдолд үүргийн зөрчил байгаа гэдэг дээр хэн алин нь маргаагүй гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчид зээлийн гэрээнийн хугацаанд эргэн төлөх хуваарийн дагуу ямар хэмжээний төлбөр төлсөн, хэдэн төгрөгийн үлдэгдэл төлбөртэй зэрэг нь ойлгомжгүй, энэ талаар нэхэмжлэгч талаас шаардлагатай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Нөгөө талаар, шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасантай нийцээгүй байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүйгээс нэхэмжлэгч нь хариуцагч Ю.Ц , Б.М нарт холбогдуулан эрх зүйн ямар харилцааг үндэслэн төлбөр шаардаж байгаа буюу нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээний үндсэн үүргийг, эсхүл зээлийн гэрээнээс татгалзаж, гэрээг цуцалсантай холбоотой үүсэх үр дагаврыг арилгуулах аль болох нь тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой болсноор талууд тухайн маргааны үйл баримтын талаар нотлох баримтаа гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг нөхөн гүйцэтгүүлэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2018/02712 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь зааснаар нэхэмжлэгчТ ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435 740 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлэх, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                             ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН