Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/28

 

 

                                   Б.М, Б.С нарт холбогдох

                                    эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд цахимаар:

прокурор Н.Мөнхбат,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Д,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Д.Н,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/912 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.М, Б.С нарт холбогдох эрүүгийн 2005 00326 1223 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Б.С, 1992 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 0-10 насны хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир-59 гудамжны 5900 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баян-Уулын 5 дугаар гудамжны 27 тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:АЮ92061802/;

2. Өрлүүд овгийн Б.М, 1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү, хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, Хужирт 2-Б-18 гудамжны 2 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр гудамжны 29 тоотод оршин суудаг гэх, /РД:ГЮ94111401/;

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Б.М, Б.С нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны 101 тоотод оршин суух хохирогч Н.М-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 4 ширхэг мөнгөн аяга хулгайлж, түүнд 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.М, Б.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өрлүүд овогт Б.М, Боржигон овогт Б.С нарыг “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.М, Б.С нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.С нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.С нарын цагдан хоригдсон тус бүр 3 хоногийг тэдний ял эдэлсэнд оруулан тооцож, Б.М, Б.С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Б.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.С би үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Би насанд хүрээгүй бага насны 3 хүүхэдтэй ба шүүхээс оногдуулсан ялыг өөрөө эдлэх боловч энэ хугацаанд хүүхдүүдийн маань эрх ашиг зөрчигдөх таагүй нөхцөл байдал үүснэ. Хэргийг би санаачлаагүй бөгөөд хохирлоо нөхөн төлсөн. Миний гурван хүүхэд одоо Архангай аймагт манай ээжийн асрамжид байгаа. Надад оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгөхийг хүсч гомдол гаргаж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргах “тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Д.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шинээр хувийн байдалтай холбоотой баримтыг өгсөн. Б.С нь 06 сартайгаас 10 насны гурван хүүхдийн хамт амьдардаг. Хэргийн 85 дугаар талд авагдсан баримтад Б.С нь хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдагдсан талаар баримт авагдсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар ял хойшлуулж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Б.Д тус шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “... Б.М нь давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх Б.М-ийн үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

Прокурор Н.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.М, Б.С нарын үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүхээс хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзээд тус бүрт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хөнгөрүүлсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.С нь 2 хүүхэдтэй гэж мэдүүлж байсан. Шаардлагатай гэж үзвэл тухайн орон нутгийн Засаг даргад хандаж, хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Б.М, Б.С нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны 101 тоотод оршин суух хохирогч Н.М-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 4 ширхэг мөнгөн аяга хулгайлж, түүнд 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.М-ийн “... Би тухайн өдөр ядраад гэртээ харьсан чинь манай найз охины найз нь болох М гэх эмэгтэй манай гэрт гэр цэвэрлээд хоол хийчихсэн байсан. Хоолоо идчихээд ядраад байсан тул унтчихсан. Маргааш өглөө нь ажилдаа явах замдаа М гэх эмэгтэйг гэрт нь дөхүүлж өгсөн. Тухайн үед найз охин А-гийн үлдээсэн түлхүүрийг М гэх эмэгтэйгээс авахаа мартсан байсан. Тэгээд орой ажлаа тараад гэртээ иртэл сервант дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан. ...” /хх 15-16/,

иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.У-ийн “... Б.С гэх эмэгтэй нь 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Начин заан ломбардад 4 ширхэг мөнгөн аягыг 200.000 төгрөгийн зээл авсан байна. ...” /хх 21/,

гэрч И.А-гийн “... Би яараад байсан учраас найз залуу М лүү яриад “найз нь гэрийн чинь түлхүүрийг М-д үлдээчихсэн шүү, орой авчихаарай” гэж хэлээд явсан юм. ...” /хх 24/,

гэрч А.Б-ийн “... Намайг ажил дээрээ байж байтал 25-30 орчим насны эмэгтэй орж ирээд “мөнгөн аяга авдаг уу” гэж асуугаад цүнхнээсээ 4 ширхэг мөнгөн аяга гаргаж ирсэн. ... Би тухайн эмэгтэйгээс мөнгөн аягыг зээлийн гэрээ үйлдэж барьцаанд авсан. ...” /хх 26/ гэсэн мэдүүлгүүд,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-12/, “Начин заан” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ /хх 50/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 35-36/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 63-64/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.М, Б.С нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Түүнчлэн, шүүхээс шүүгдэгч Б.М, Б.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Прокурорын яллах дүгнэлтэд Б.С, Б.М нарын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг “урьдчилан үгсэн тохиролцож” гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр орхигдуулж бичжээ.

Хэрэгт авагдсан Б.М-ийн “... гэртээ байж байгаад С руу залгахад “... хоёулаа аягыг аваад зарахгүйгээр ломбардад тавиад буцаад аваад өгье” гэж хэлэхээр нь тэгье гээд зөвшөөрсөн. ...” /хх 70/, Б.С-ын “... М над руу залгаад “А-гийн найз залуугийн гэрийн түлхүүр надад байгаа, мөнгөн аягаа яах уу” гэхээр нь “хоёулаа зарахгүйгээр ломбардад тавиад буцаагаад аваад өгье” гэж хэлсэн. ...” /хх 77/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч нар нь урьдчилан үгсэн тохиролцож уг гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу боловч энэ нь хэргийн зүйлчлэл болоод шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэл, эрх зүйн байдалд нөлөөлөхөөргүй байгааг дурдах нь зүйтэй. 

Шүүгдэгч Б.С-с “... Миний бие бага насны 3 хүүхэдтэй тул оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Хэдийгээр шүүгдэгч Б.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулсан ч хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо үзэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулсан байх бөгөөд дахин түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, өөр төрлийн ял оногдуулах зохицуулалт Эрүүгийн хуульд алга.

Давж заалдах шатны шүүхэд Б.С-ын хувийн байдлыг буюу бага насны хүү С.Ж-ын төрсний гэрчилгээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч Б.Н гаргаж өгчээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.С-ын 0-10 насны гурван хүүхдийн талаарх асуудлыг гүйцэд тодруулалгүй орхигдуулсан боловч түүний хүүхдүүдийг эмэг эх Б.Э нь асран хамгаалдаг, одоогоор Архангай аймагт оршин сууж байгаа тухайгаа шүүгдэгч Б.С нь давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн болно.   

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ... хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална.” гэж тус тус заасны дагуу хүүхдүүдийн асрамжийн асуудлыг тухайн оршин суугаа газрын Засаг даргад хандан хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/912 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР