Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж,  тус  шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Шүүгчийн туслах Г.Нямаа

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Хохирогч Ц.Сарангоо

Шүүгдэгч Т.Амгаланбүрэн нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар  яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хялбаршуулсан  журмаар  шийдвэрлэх саналтай  ирүүлсэн, Т.Амгаланбүрэнд холбогдох эрүүгийн 201712000063  тоот  хэргийг  2017 оны  04 сарын 19-ний  өдөр  хүлээн  авч  хялбаршуулсан  журмаар хянан хэлэлцэв. 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 3 сарын 23-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой /уншиж, бичиж чадна гэх/, мэргэжилгүй, ам бүл 4,  эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2-р баг “Шороот” гэх газарт нутагладаг /Сайнцагаан сумын 6 дугаар баг  Цэргийн  ангийн  4-2 тоотод түр оршин  суух/, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Мижид овгийн Түмэнбаярын Амгаланбүрэн /РД:ЗИ87032319/

 

Шүүгдэгч Т.Амгаланбүрэн нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 8-р баг, Айргийн 1-р гудамжинд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.Сарангоогийн нүүрэн тус газарт нь чулуугаар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

  1. Т.Амгаланбүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2017.03.20-ны орой 18 цагийн үед би Айргийн 1-74 тоотод айлд байж байсан  чинь манай эхнэр Сарангоо хоёр хүүхэдтэйгээ манай төрсөн ах Түвшинбаатарыг дагуулчихсан хүрээд ирсэн. Тэгээд Сарангоо гаднаас орж ирээд хүүхдээ ав гээд манай хоёр хүүхдийг оруулж ирээд өлгийтэй бага хүүхдийг орны хөлд тавьчихаад хашаанаас гараад явахаар нь араас нь би хүүхдүүдээ авч гараад Сарангоод бага хүүхдээ өгөөд том хүүхдээ би өөрөө авлаа гээд эргээд явсан чинь Сарангоо бага хүүхдийг маань гадаа дэрсэн дээр тавьчихаад гүйгээд явахаар нь би араас нь газраас чулуу аваад шидсэн  чинь Сарангоогийн  нүүрэн тус газар нь оночихсон юм …” гэх мэдүүлэг /хх-19, 24/
  2. Шүүгдэгч Т.Амгаланбүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд нотлох баримт  нэмж  шалгуулах  тухай  хүсэлт  байхгүй. Улсын яллагчийн  санал  болгосон  2 сарын  хугацаагаар баривчлах  ялыг зөвшөөрч байна...” гэв.
  3. Хохирогч Ц.Сарангоогийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...нөхөр болох Амгаланбүрэнтэй суугаад 5 жил болсон. Бид 2-ын дунд хоёр хүүхэд байгаа, гэтэл 2016 оны 12 дугаар сараас эхлээд манай нөхөр аймаг дээр өөр хүүхэнтэй болчихоод надтай огт ярихгүй чимээгүй алга болсон юм...2017.03.20-ны орой 18 цагийн  үед байгаа айлд нь очсон юм. Тэгээд Амгаланбүрэнг 2 хүүхдээ ав гэсэн  чинь авахгүй чи өөрөө ав гээд байхаар нь хүүхдүүдээ тэр айлд оруулж орхичихоод гараад явсан.  Тэгсэн Амгаланбүрэн  араас туулгахаар нь гүйж байгаад эргээд хартал миний араас чулуу шидэж нүүрэн тус газарт оносон...” гэх мэдүүлэг /хх-13/
  4. Хохирогч Ц.Сарангоо шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “...Шүүхэд нэмж  гаргах  санал хүсэлт байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй. Улсын яллагчийн  санал болгосон  ялыг  хүлээн  зөвшөөрч  байна...” гэв.
  5. Гэрч Д.Түвшинбаатарын:“...утсаар ярихаар нь Сарангоотой хамт Амгаланбүрэнгийн байгаа айлд нь хамт очсон юм. Тэгээд тэр айлд тэр хоёр маргалдаад Сарангоо хоёр хүүхдээ Амгаланбүрэнг ав гэсэн чинь Амгаланбүрэн  би хоёуланг нь авч чадахгүй нэгийг нь авна гээд маргалдсан. Тэгж байгаад Сарангоо нь хүүхдээ авахгүй бол энд орхилоо шүү гээд өлгийтэй хүүхдээ газар тавиад эргээд гүйтэл араас нь Амгаланбүрэн туулгаж чулуу аваад шидсэн чинь Сарангоогийн хөмсөгнийнх нь хавьд оноод хагалчихсан . Би цагдаа дуудъя гэсэн, тэр хоёр хэрэггүй гээд дуудуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-14/
  6. Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017.03.27-ны өдрийн №170200102 тоот дүгнэлтэд: “Ц.Сарангоогийн биед зүүн  чамархайн язарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хурсан зөөлөн  эдийн гэмтэл тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусдад чулуугаар цохиулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Чамархайн язарсан шарх. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ.  /хх-16/
  7.  Хэрэгт  цугларсан  бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан  дээрхи баримтуудаар шүүгдэгч Т.Амгаланбүрэн нь хохирогч Ц.Сарангоотой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан  улмаар  Ц.Сарангоогийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Амгаланбүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын  яллагчийн  ялын  саналыг  харгалзан  Эрүүгийн  хуулийн 99 дүгээр зүйлийн  99.1 дэх  хэсэгт  зааснаар   баривчлах  ял  оногдуулахаар  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Амгаланбүрэн  нь  энэ гэмт  хэргийг  ялтай  байхдаа  үйлдсэн  нь Эрүүгийн  хуулийн 56 дугаар  зүйлийн  56.1.12 дахь хэсэгт  заасан  ял  хүндрүүлэх,  гэмт  хэрэг  үйлдэж  учруулсан  хохирлоо  сайн  дураараа  нөхөн  төлсөн  нь Эрүүгийн  хуулийн  55 дугаар  зүйлийн  55.1.3 дахь хэсэгт  заасан  ял  хөнгөрүүлэх  нөхцөл болж  байна.

Шүүгдэгч Т.Амгаланбүрэн  нь Дундговь аймаг   дахь сум   дундын  шүүхийн  2008 оны 12 сарын 19-ний  өдрийн  93 дугаар  шийтгэх  тогтоолоор Эрүүгийн  хуулийн  96 дугаар зүйлийн 96.1 дэх  хэсэгт  зааснаар 5 жил 1 сарын  хугацаагаар  хорих  ялаар  шийтгүүлж,  уг ялаас  2009.7.9-ний  өдрийн  өршөөл  үзүүлэх  тухай  хуулийн 5 дугаар  зүйлд  зааснаар 2 жилийн  хугацааг  өршөөн  хассан  ба  2010 оны 8 сарын  3-ны  өдөр  ялын  хугацаа  дуусч  суллагдсан, мөн  Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014.6.5-ны  өдрийн 51 дугаар  шийтгэх  тогтоолоор  Эрүүгийн  хуулийн  145 дугаар  зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн  хорих  ялаар  шийтгүүлж,  Сум дундын 18 дугаар  шүүхийн  шүүгчийн 2015 оны 6 сарын 29-ний  өдрийн 110 дугаар  захирамжаар   хорих  ял  эдлэхээс  10 сар  16 хоногийн  өмнө  тэнсэн  суллагдсан  болох  нь  хэрэгт  авагдсан  баримтуудаар  тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Амгаланбүрэнгийн хорих ял  эдлэхээс  хугацааны  өмнө  тэнсэн   суллагдсан  хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн  ойг  тохиолдуулан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар  зүйлийн 6.1.3 дахь хэсэгт  зааснаар  хэрэгсэхгүй  болсон  байна.

Харин  Эрүүгийн  хуулийн  78 дугаар  зүйлийн  78.2.4, 78.5 дахь хэсэгт  заасан ялтай  байх  хугацаанд энэ  гэмт хэргийг  үйлдсэн  байна.

Шүүгдэгч  нь энэ  хэргийн  улмаас цагдан  хоригдсон  хоноггүй, хэрэгт  эд мөрийн  баримтаар  хураагдсан  зүйлгүй,  шүүгдэгч  нь  хохирогчид 200.000 төгрөг  төлсөн  болохыг   тус  тус  дурдлаа.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283-286, 290 дүгээр  зүйлийн  290.3,  294-299, 301, 303, 304, 148 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

         1.Шүүгдэгч Мижид овгийн Түмэнбаярын Амгаланбүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Амгаланбүрэнд 2 /хоёр/  сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Амгаланбүрэнд оногдуулсан баривчлах ялыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны баривчлах ял эдлүүлэх байранд эдлүүлсүгэй.

         4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

         5. Шүүгдэгч нь хохирогч Ц.Сарангоод 200000 /хоёр зуун мянган/ төгрөг төлсөн ба бусдад төлөх төлбөргүйг  дурдсугай.

         6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Амгаланбүрэнд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй байх баталгааг авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

         7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.МӨНХБАТ