Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2018/00246

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2018/00246

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Р.Л нэхэмжлэлтэй,

Хариуцагч: К банк ХХК,

Хариуцагч: МК ХХК-д тус тус холбогдох

Мк ХХК болон Кбанк ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue sky хотхоны 44В байрны зоорийн давхарт байрлах, иргэн Р.Лийн өмчлөлийн 98 тоот автозогсоолд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагч МкХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, П.С, хариуцагч Кбанк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Кбанк ХХК нь Мк ХХК-тай байгуулсан Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус компанитай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ-г байгуулахдаа Мк ХХК нь 44А, Б, В, Г байрны зоорийн давхарын автозогсоол тус бүрээр нь өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд энэхүү улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэж, Кбанк ХХК нь захиалагч Р.Л миний хөрөнгөөр баригдаж, захиалагч нь эзэмшиж, ашиглаж зхэлсэн автозогсоолыг мэдсээр атлаа хууль зөрчиж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн зээлийн харилцаанд огт хамааралгүй иргэн миний эд хөрөнгийг надад огт мэдэгдэлгүйгээр барьцаалсан байна. Иймд иргэн Р.Л миний бие Кбанк ХХК болон Мк" ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн зэрьцааны гэрээ-ний миний өмчлөлийн автозогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр гаргаж байна. Үүнд: Иргэн Р.Л миний бие 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Мк ХХК-тай Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sky хотхоны 44В байрны зоорийн давхарын 98 тоот автозогсоолыг захиалан, гэрээний үүргээ биелүүлж,, төлбөрийг бүрэн төлсөн. Ингээд Мк ХХК-иас автозогсоолын өмчлөх эрхийг хууль ёсны емчлөгчийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул миний зүгээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Мк ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01754 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мк ХХК нь Иргэний хууль-ийн 343 дугаар зүйлийн 343.3-д Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол Захиалагчийн өмчлөлд шижүүлнэ гэж заасныг зөрчиж, иргэн миний хөрөнгө оруулалтаар бий болсон автозогсоолыг захиалагч Р.Л миний нэр дээр шилжүүлэлгүй, 90%-ийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын өмчлөх эрхийн улсын бүртгэлийг 2010 оны 05 дугаар сард өөрийн нэр дээр хийлгэжээ. Улмаар 2010 оны 09 дугаар сарын 02-ны өдөр Кбанк ХХК-тай Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ-г байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд миний өмчлөлийн автозогсоолыг барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д барьцааны гэрээнд барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх-ийн талаар тусгана, мөн хулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид мэдэгдэнэ гэж заасныг болон Иргэний хууль-ийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх шаардлагыг тус тус зөрчсөн байна. Харин Кбанк ХХК нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг бүрдүүлнэ, 23.4-т "... эд хөрөнгийн тодорхойлолтонд иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ... эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтанд дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ" гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзэлгүйгээр, иргэн миний эрх ашгийг зөрчсөн хэлцэл байгуулжээ. Иймд Мк ХХК болон Кбанк ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue Sky хотхоны 44В байрны зоорийн давхарт байрлах, иргэн Р.Л миний өмчлөлийн 98 тоот автозогсоолд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэв.

Мк ХХК шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Р.Лоос тус дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариуцагч Мк ХХК-ийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Иргэн Р.Л нь 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай компанитай 80А тоот Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу дахь Blue Sky хотхоны 44В байрны 15 тоот орон сууцыг, мөн байрны зоорийн давхарт байрлах 98 тоот 1 ширхэг автозогсоолын хамт захиалан бариулсан. Ийнхүү гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог 2010 оны 03 дугаар сард бүрэн төлж дууссан бөгөөд тухайн үеэс эхлэн орон сууцандаа амьдарч автозогсоолоо ашиглаж байгаа болно. Нэгэнт тухайн авто зогсоол нь иргэн Р.Лийн өмч хөрөнгөөр бий болсон тул түүнийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101 /ШШ2016/01754 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу Blue Sky хотхоны 44В байрны зоорийн давхарт байрлах 98 тоот автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэснийг манай компанийн зүгээс хүндэтгэлтэй хандаж байгаа болно. Тус компани Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue sky хотхоныг 2007 оноос эхлэн барьж, 2010 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулж дуусгасан бөгөөд уг хотхоныг барихын тулд Мк ХХК болон түүний нэгдэлд хамаарах 10 компани Кбанк ХХК-иас нийт 15 тэрбум орчим төгрөгийн эргэлтийн зээл авч.орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцож, иргэдэд худалдан борлуулсан орлого болон дээрх хотхоноос үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөрт шилжүүлэх замаар үндсэн зээл 15,0 тэрбум төгрөгийг болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 12 тэрбум, нийт 27,0 орчим тэрбум төгрөгийг төлсөн байдаг. Ийнхүү төлөлт хийхдээ зээлийн төлберт тооцон эд хөрөнгө шилжүүлэх замаар мөн төгрөгөөр болон валютаар зээлийн өр төлбөрийг хангалттай төлжээ. Мк ХХК нь Кбанк-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот Зээлийн гэрээ, Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж, 205 автомашины гаражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө биет байдлаар бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно. Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Бгийнөмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хатан туул хотхоны 17 тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм. Үүнээс хойш буюу 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т/07/141 тоот зээлийн барьцааны гэрээгээр 205 автомашины зогсоолыг нэг бүрчлэн 90 хувийн гүйцэтгэлтэйгээр барьцаалж, зээлийн барьцааны гэрээг шинэчлэн байгуулсан болно. Өөрөөр хэлбэл үүнээс өмнө зээлийн барьцааны гэрээ байгуулагдаагүй байдаг бөгөөд ИХ-ийн 154 дүгээр зүйлийн 154,4-т зааснаар 2010 оны 05 дугаар сард 90 хувийн гүйцэтгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээ Мк ХХК-ийн нэр дээр гарч түүний дараа зээлийн барьцаанд барьцаалсан байна. Мөн 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т07/252 тоот Зээлийн барьцааны гэрээ-гээр Файндеко ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Мк ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн 44В тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 44Г тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга мөн эзэмших эрхтэй нийт 3,5 га газрын хамт Кбанк ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалсан бөгөөд 44В хаяг бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг зээлийн барьцаанаас банк бүрэн чөлөөлсөн байдаг. Ийнхүү дээрх орон сууцыг Кбанк ХХК нь 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2829 тоот Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт явуулсан албан бичгээр Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээл болон хүүг 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэж зээлийн барьцааг чөлөөлснөөр иргэн Р.Лийн өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр гаргасан байдаг. Гэтэл үүнээс хойш 2 жилийн дараа буюу 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэлд 44В байрны 98 тоот зогсоолыг, Кбанк-ны шаардлагаар иргэн Р.Лид мэдэгдэлгүйгээр барьцаалснаа манай компани бүрэн хүлээн зөвшөөрч байна. Ингэж барьцаалахдаа тус компани нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасан Барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д заасан барьцааны гэрээнд барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийн талаар тусгана гэснийг мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид бичгээр мэдэгдэх.." гэсэн шаардлагуудыг тус тус зөрчсөн. Харин Кбанк ХХК нь зээлийн барьцаанд орон сууцнуудыг барьцаалахдаа Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар эд хөрөнгийн тодорхойлолтонд иргэн хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ...эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн нягтлан шалгаж үзэлгүйгээр зээлийг олгосон байдаг. Учир нь тухайн орон сууц, автозогсоолыг барьцаанд бүртгүүлэх үед буюу 2010 оны 09 дүгээр сард орон сууц болон автозогсоолууд нь 90 хувийн гүйцэтгэлтэй биш, бүрэн хэмжээгээр баригдсан, /хэдийгээр 10 дугаар сард улсын комисс хүлээн авсан хэдий ч/ иргэд 2009 оны 12 дугаар сараас тухайн байрандаа нүүн орж байр болон автозогсоолуудаа эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд иргэн Р.Л нь тэдний нэгэн адил гэрээний дагуу 2010 оны 05 дугаар сараас эхлэн орон сууцандаа амьдарч, зогсоолоо ашиглаж, ашиглалтын төлбөрөө төлж байсан. Иймд нэхэмжлэгчийн Мк ХХК-ийн Кбанк-тай 2010 оны 10 дугаар сарын 02-ний өдөр байгуулсан Т07/41 тоот зээлийн барьцааны гэрээний ХУД-ийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, Blue sky хотхоны 44В байрны зоорийн давхарт байрлах 98 тоот авто зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, орон сууц, автозогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Кбанк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Кбанк ХХК нь Мккомпанитай 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдөр T07/141 тоот Зээлийн гэрээг байгуулж, 1.400.000 америк долларыг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн Мккомпанитай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн T07/141 тоот Барьцааны зээлийн гэрээг байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Үүнд: Зээлээр санхүүжүүлэн барих таван блок 120 айлын сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины граж, 3 өрөө орон сууц, гражийн хамт, зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон Мккомпанийн бараа. Түүнчлэн 2010 оны 05 дугаар сарны 13-ны өдөр Мккомпанийн өмчлөлд 44А, Б, В, Г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр T07/141 тоот Зээлийн барьцааны гэрээгээр 44А, Б, В, Г дүгээр байрны 1-205 тоот авто зогсоолыг тоот тус бүрээр нэг бүрчлэн барьцаалсан. Кбанкны МкХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ болно. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 болон 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, баталгаажуулсан байх ёстой. Ийнхүү бүртгүүлж баталгаажуулсан тохиолдолд Иргэний хуульд зааснаар тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Кбанкны хувьд T07/141 тоот Барьцааны гэрээг 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хуульд заасан зохих журмын дагуу бүртгүүлсэн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 28 -т заасны дагуу бүртгэлийн байгууллага нь хуулиар тогтоосон журам зөрчсөн гэрээг бүртгэхээс татгалзах, буцаах эрхтэй байх ба үүнээс бусад тохиолдолд гэрээг бүртгэх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагын зүгээс бүртгэсэн байгаа нь банк болон барьцаалуулагч хуульд заасан зохих журмыг зөрчөөгүй гэдгийг харуулж байгаа юм. Нэхэмжлэгч Р.Л нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ өөрийн хөрөнгөөр баригдсан үл хөдлөх хөрөнгийг Мккомпани нь Кбанктай барьцааны гэрээг байгуулахдаа хууль ёсны өмчлөгчөөс нь зөвшөөрөл аваагүй гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгчийн маргаж буй автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр МкХХК нь 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр болон 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна, 18 дугаар зүйлийн 18.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид бүртгэлийн гэрчилгээ гэх/ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана гэж тус тус заасны дагуу өмчлөх эрхээ баталгаажуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болно. Тухайлбал, Ү-2206013889 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000098080 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 хороо 44А, Б, В, Г байрны 98 тоот авто зогсоол. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4-т ...үл хөдлөх хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээ...-г хувийн хэрэгт нь хавсаргаж бүрдүүлбэрт тусгахаар хуульчилсан байна. Дээрх зохицуулалтын дагуу банкны зүгээс барьцаа хөрөнгийн гэрчилгээг шалгасны үндсэн дээр зээлийг олгох үйл ажиллагааг явуулах нэг үндэслэл болдог. Кбанк нь Хөхтэнгэр хотхоны 44В байрны 98 тоот автозогсоолыг зээлийн барыдаанд барьцаалах үед тус орон сууцны өмчлөгчийн гэрчилгээ нь Мккомпанийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Мөн Мккомпани дээрх орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус барилгын өмчлөгч гэдгээ нотолж автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, газрын гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжүүлэх зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримтуудыг гаргаж өгч байсан. Барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, бусад баримтад тус барилгын захиалагчаар Мккомпани, гүйцэтгэгч компаниар Вилмар компани байхаар эрх олгосон нь тус барилгын өмчлөгч нь захиалагч болох МкХХК мөн байна гэж үзэж итгэх нэг үндэслэл болсон. Дээрх автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээнүүд хүчин төгөлдөр хэвээр бөгөөд нэхэмжлэгч нь дээр дурдсан автозогсоолын өмчлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг болтол аваагүй байна. Харин иргэн Р.Л нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01754 тоот захирамжаар тус автозогсоолын өмчлөгчөөр тогтоогдсон байна. Дээрх үйл баримтаас харахад МкХХК нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 44А, Б, В, Г байрны 98 тоот автозогсоолын өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, Кбанк нь 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр T07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг хууль ёсны өмчлөгч этгээд болох МкХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин иргэн Р.Л нь дээрх барьцааны эрхээс хойно Иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх учир Кбанк нь нэхэмжлэгчээс тухайн үед зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т Зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг бүрдүүлнэ, мөн хуулийн 23.4-т Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. гэж заасны дагуу тус банкны эрх бүхий этгээд болох Хөрөнгийн үнэлгээчин 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 44А, Б, В, Г байрны 55 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байх үед барилгыг газар дээр нь очиж шалгасан байдаг. Түүнчлэн барьцаа үл хөдлөх хөрөнгийг газар дээр нь очиж шалгаж, танилцах үед тухайн автозогсоолыг ашиглах нөхцөл бүрдээгүй байсан учир нь улсын комисс 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл бүрдээгүй байх учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Л нь хариуцагч Кбанк ХХК болон МкХХК-уудад холбогдуулан Мк ХХК болон Кбанк ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue sky хотхоны 44В байрны зоорийн давхарт байрлах, иргэн Р.Лийн өмчлөлийн 98 тоот авто зогсоолд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч МкХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг, хариуцагч Кбанк ХХК нь барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Шүүх хэргийн баримтаар тогтоогдсон дараах үйл баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Р.Л 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр МкХХК-тай Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах нэртэй гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр МкХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блью скай хотхоны 44В байрны 2-р орцны 2 давхарын 15 тоот 4 өрөө 132 м.кв талбайтай орон сууцыг нэг м.кв-ийн үнийг 1200 ам.доллараар, мөн 44АБВГ байрны зоорийн давхарын 98 тоот гаражийг 10000 ам.доллараар тооцон, нийт 168400 ам.доллараар худалдахаар талууд харилцан тохиролцжээ. /хх-ийн 5-7 дахь тал/

Гэрээний дагуу Р.Л нь 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гаражийн үнэ 10.000 ам.долларыг МкХХК-д төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 8-9 дэх тал/

МкХХК нь 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 44АБВГ байрны зоорийн давхарын 98 тоот авто машины зогсоолын өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-2206013889 дугаарт бүртгэгдэж, 00098080 дугаартай гэрчилгээ авсан байх боловч улмаар тухайн гаражийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Р.Лийн нэхэмжлэлийн шаардлагыг МкХХК хүлээн зөвшөөрч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01754 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосноор 98 тоот гаражийн өмчлөгчөөр Р.Лийг тогтоогдсон гэж үзэх нотлох баримт авагджээ. /хх-ийн 10-11 дэх тал/

Нэхэмжлэгч Р.Л, хариуцагч МкХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн ба уг гэрээнд орон сууц, болон гараж захиалан бариулахаар тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ. гэж заасан, мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 4.6Байрны төлбөрийг бүрэн хийсэн захиалагчид сууц эзэмших эрхийн бичгийг олгох бөгөөд төлбөрийг 100 хувь хийгээгүй бол уг байрны албан ёсны өмчлөгч нь Мк ХХК байна, 5.7-д Төлбөрөөс 100 хувь төлсөн нөхцөлд орон сууцаа хүлээж авна гэж харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч Р.Л нь 2010 оны 3 дугаар сарын 09-ний өдөр тухай үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр гаражийн өмчлөх эрх шилжсэн бөгөөд хариуцагч МкХХК нь өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн гэж үзнэ.

Гэтэл хариуцагч МкХХК өөрийн өмчлөлд бүртгэлтэй, 90%-ийн гүйцэтгэлтэй барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэлгүй, Кбанк ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот барьцааны гэрээг байгуулж, нэхэмжлэгчийн өмчлөлийн 98 тоот авто зогсоолыг барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д заасан Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид бичгээр мэдэгдэх... гэснийг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасан барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх шаардлагыг тус тус зөрчсөн байна.

Харин барьцаалагч Кбанк ХХК-ийн хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3.-т зааснаар зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт...-ыг бүрдүүлнэ, 23.4.-т ..эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ...эрх бүхий хүмүүс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна.

Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ гэсэн заалтыг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзээгүйгээс зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгө гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хэлцлийг байгуулжээ.

Кбанк ХХК, МкХХК-иудын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний хавсралтын 98-д заасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блью скай хотхоны 44АБВГ дугаар байрны зоорийн давхарт байрлах, Р.Лийн өмчлөлийн 98 тоот өмчлөлийн гаражийг барьцаалсан хэсэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хэлцлийн тухайн хэсэг хүчин төгөлдөр бус байна.

Барьцааны гэрээний тухайн хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блью скай хотхоны 44АБВГ дугаар байрны зоорийн давхарт байрлах, Р.Лийн өмчлөлийн 98 тоот гаражийг барьцааны хөрөнгө гэж үзэхгүй бөгөөд барьцаанаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Мк ХХК болон Кбанк ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue sky хотхоны 44В дугаар байрны зоорийн давхарт байрлах, иргэн Р.Лийн өмчлөлийн 98 тоот авто зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 98 тоот авто зогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг МкХХК болон Кбанк ХХК-д тус тус даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Лийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МкХХК-иас 175.000 төгрөг, хариуцагч Кбанк ХХК-иас 175.000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Р.Лид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах, эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ