| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Золбоо |
| Хэргийн индекс | 106/2024/0972/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/269 |
| Огноо | 2025-01-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Б |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/269
2025 01 24 2025/ШЦТ/269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтөлж,
улсын яллагч Д.Батзаяа,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч** овогт Б.Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305040910287 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Ч** овогт Б.Г (РД:********).
Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгохын тулд “****” ХХК-ийн захирал Р.Д-г Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК-ийн хөөсөнцөрийн үйлдвэр дээр дагуулан очиж энэ миний үйлдвэр мөнгөө шилжүүлбэл 7-10 хоногийн дотор захиалсан сендвичийг чинь гаргаж өгнө гэж төөрөгдөлд оруулан хуурч улмаар 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 28,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******** дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК-ийн хөөсөнцөрийн үйлдвэр дээр тус үйлдвэрийг өөрийн үйлдвэр гэж танилцуулан “мөнгө шилжүүлбэл 7-10 хоногийн дотор сендвичин хавтан гаргаж өгнө” гэж хохирогч “****” ХХК-ийн захирал Р.Д-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дансаар 28,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтууд болох:
Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас),
Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас),
Гэрч Р.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас),
Гэрч О.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),
Б.Г-н эзэмшлийн Хаан банкны ******** дугаартай дансны 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 35-42 дугаар хуудас),
“****” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),
“****” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 33 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас), Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 51-82 дугаар хуудас), Дархан-уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 83-100 дугаар хуудас), Өмнөговь аймаг Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 102-107 дугаар хуудас)
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:
Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК-ийн хөөсөнцөрийн үйлдвэр дээр тус үйлдвэрийг өөрийн үйлдвэр гэж танилцуулан “мөнгө шилжүүлбэл 7-10 хоногийн дотор сендвичин хавтан гаргаж өгнө” гэж хохирогч “****” ХХК-ийн захирал Р.Д-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дансаар 28,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл залилагч этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тухайлан тайлбарлавал “хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг,
“зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориудаар бий болгохыг, тухайлбал өөрийгөө амжилттай бизнесмен, баян, их хэмжээний эд хөрөнгийн өв залгамжлагч, томоохон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мэтээр бодит байдал дээр огтоос байхгүй зүйлийг байгаа мэтээр зохиомол байдал бүрдүүлэхийг,
“бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хохирогч эд зүйлс, өмч хөрөнгөө шилжүүлж байгаа үйлдлийн бодит байдлын хууль зүйн үр дагавар нь түүнд хохиролтой байгаа байдлыг гэмт хэрэгтэн хэдийгээр мэдэж байсан атал зориудаар үл мэдээлэх, нуун дарагдуулсан эс үйлдэхүйг ойлгоно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Г нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Г-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “****” ХХК-д 28,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол нөхөн төлөгдөөгүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-с 28,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч “****” ХХК-д олгуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэх боломжтой байх тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн /императив/ шинжтэй хэм хэмжээ биш, харин эрх олгосон /диспозитив/ шинжтэй хэм хэмжээ бөгөөд дээрх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал.
Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа тохиолдолд энэ зүйлд тодорхойлсон нөхцөлийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болох юм.
Ингэхдээ дараах нөхцөлийг буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г-н хувьд хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, шүүхийн шатанд хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байх боловч бодитоор нотолсон баримтыг гаргаж өгөөгүй, мөрдөн шалгах ажиллагаанд хэрхэн яаж бодитой дэмжлэг үзүүлж оролцсон зэрэг нь тогтоогдохгүй байх тул өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Б.Г-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, эсхүл түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд шүүгдэгч Б.Г-т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г-т урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 411 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 721 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар хөнгөрүүлэн оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд тус хорих ялаас биеэр 7 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлж, 09 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлээгүй үлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зааснаар шүүгдэгч Б.Г-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 411 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 721 дугаартай магадлалаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 2 жил 09 сар 29 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-н 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 77 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
III. Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч** овогт Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Г-т оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 411 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 721 дугаартай магадлалаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 (ес) сар 29 (хорин ес) хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 2 (хоёр) жил 09 (ес) сар 29 (хорин ес) хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-н 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 77 (далан долоо) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-с 28,000,000 (хорин найман сая) төгрөгийг гаргуулж хохирогч “****” ХХК-д олгосугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Г-т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЗОЛБОО