| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Золбоо |
| Хэргийн индекс | 195/2025/0121/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/268 |
| Огноо | 2025-01-24 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.О |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Цагаатгах тогтоол
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/268
2025 01 24 2025/ШЦТ/268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтөлж,
улсын яллагч Б.Одонтуяа,
шүүгдэгч Х.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос О** овогт Х.П-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403008401081 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О** овогт Х.П (РД:********).
Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Х.П нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө 31 дүгээр байрны баруун талын замд 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 15 цаг 50 минутын орчимд H.Sonata маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.“Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.1.“Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 15.8. “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас surron-той жолооч Н.Т, мопедтой жолооч Д.О нартай мөргөлдөж, улмаар surron-той жолооч Н.Т-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.П мэдүүлэхдээ “...Монгол улсад уг нь насанд хүрээгүй хүүхдэд суррон унахыг хориглодог юм байна лээ. Гэтэл унаж яваад ийм осол гарлаа” гэв.
Шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13324 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 40863229 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 29-33 дугаар хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Н.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Н.Т-н нас тоолсон тэмдэглэл “...2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр /осол болох үед/ 15 нас 03 сар 06 хоногтой байсан нь тогтоогдож байна...” (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас),
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас),
2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1924 дугаартай мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3108 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 100-106 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 3384 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 114-120 дугаар хуудас),
Шүүгдэгч Х.П-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 144 дүгээр хуудас).
Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дугаар хуудас), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дугаар хуудас), ажлын үнэмлэх (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /иргэн одоо эзэмшиж байгаа/ (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас), хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 70 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 77 дугаар хуудас).
I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт хууль ёсны, шударга ёсны зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.П-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2403008401081 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд шилжүүлсэн байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Х.П-г 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны 31 дүгээр байрны баруун талын замд “Honda Sonata” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.“Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.1.“Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 15.8. “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас surron-той жолооч Н.Т, мопедтой жолооч Д.О нартай мөргөлдөж, улмаар surron-той жолооч Н.Т-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэжээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “тээврийн хэрэгсэл гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг”, 3.1.3 дахь заалтад “жолооч гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг”, 3.1.7 дахь заалтад “замын хөдөлгөөнд оролцогч гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг” ойлгоно гэж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.24-д “мопед гэж 50 куб.см-ээс ихгүй ажлын багтаамж бүхий дотоод шаталтат хөдөлгүүртэй, эсхүл 0.25 кВт-аас 4 кВт хүртэл чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэй, техникийн дээд хурд нь цагт 50 км-ээс ихгүй, хоёр буюу гурван дугуйт тээврийн хэрэгслийг”, 1.2.25-д “мотоцикл гэж хөдөлгүүрийн ажлын багтаамж буюу чадал, эсхүл техникийн дээд хурд нь мопедынхоос илүү, хоёр дугуйт механикжсан тээврийн хэрэгслийг” тус тус ойлгоно.
Өөрөөр хэлбэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогч Н.Т-н унаж явсан тээврийн хэрэгсэл нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3108 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...159ZW6030413NA дугаартай цахилгаан хөдөлгүүрийн хүчин чадал нь 4-8 kW чадалтай, TL4000 загварын цахилгаан тээврийн хэрэгсэл нь 55 МРН буюу 88 км/цаг дээд хурд гаргах боломжтой гэж үйлдвэрлэгчээс заасан байх тул тээврийн хэрэгслийн “А” ангилал буюу мотоцикл байна...” гэж тодорхойлсноор тээврийн хэрэгслийн мотоциклийн ангилалд хамаарч байна.
Мотоцикл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-т зааснаар “А” ангилалд хамаарах механикжсан тээврийн хэрэгсэл байх бөгөөд тус тээврийн хэрэгслийг жолоодох тохиолдолд арван найман насанд хүрсэн, “А” ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй хүн байхаар тус журамд заасан ба 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1924 дугаартай мөрдөгчийн магадалгаанд “... Жолооч Н.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... гэсэн заалтыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна...” гэж дурджээ.
Гэтэл хохирогч Н.Т нь хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд 15 нас 03 сар 06 хоногтой байсан болох нь төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 50 дугаар хуудас), мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон буюу тухайн тээврийн хэрэгслийг жолоодох насанд хүрээгүй, “А” ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй атлаа тус тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэхүү тогтоогдсон нөхцөл байдал нь тухайн зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгаан нөхцөл болсон бөгөөд хохирогчийн хууль бус буруутай үйл ажиллагаа буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний холбогдох дүрэм, журмыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлтэй шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэв.
Тодруулбал, гэмт хэргийн шалтгаант холбоог тогтоохдоо тухайн хор уршгийг бий болгоход нөлөөлсөн бусад хүчин зүйлийн нөлөөг харгалзан үзэх учиртай. Тухайлбал тодорхой нөхцөлд гэмт хэргийн хор уршгийг бий болгох үйл явцад бусад этгээдийн үйлдэл, хүчин зүйл, хохирогчийн өөрийнх нь буруутай үйлдэл, оролцоо, байгалийн хүчин зүйлийн нөлөө зэргийг зайлшгүй харгалзан үзэж, тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол гэмт хэргийн шалтгаант холбоо үгүйсгэгддэг билээ.
Түүнчлэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3108 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн Talaria маркийн TL4000 загварын тээврийн хэрэгслийн тоормос ажиллахгүй ... байх тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна” гэж зааснаас үзэхэд насанд хүрээгүй хохирогч Н.Т нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч /өмчлөгч/ буюу ашиглагч этгээд хүлээнэ” гэж, мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “3.4.Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэж тус тус заасныг зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Х.П-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх” эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.
II. Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, энэ өдрөөс эхлэн шүүгдэгч Х.П-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О** овогт Х.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Х.П-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.
3.Цагаатгагдсан этгээд Х.П нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6.Цагаатгах тогтоолд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.П-д “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЗОЛБОО