| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2016/01010/И |
| Дугаар | 181/ШШ2018/00899 |
| Огноо | 2018-04-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2018/00899
| 2018 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 181/ШШ2018/00899 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сум 2-р баг, Бумбатын 48 дугаар байр б-10 тоотод оршин суух,******* овогт******* *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө-17 Виста төвийн 4 давхарт байрлах Мфикс капитал ХХК,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Усны гудамж-4, Улаанбаатар14253,*******ХХК-д тус тус холбогдох,
Мфикс Капитал ХХК болон*******ХХК-ийн хооронд 2010.09.02-ны өдөр байгуулагдсан Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue Sky хотхоны 44Б дугаар байрны 02, 04 тоот тус бүр 132 м.кв талбайтай 4 өрөө иргэн Н.*******ын өмчлөлийн орон сууцнуудад холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.4 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлан, хариуцагч Мфикс капитал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр, хариуцагч*******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2016 оны 09 сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Мфикс капитал ХХК болон Капитрон банк ХХК-ийн хооронд 2010.09.02-ны өдөр байгуулагдсан Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue Sky хотхоны 44Б дугаар байрны 02, 04 тоот тус бүр 132 м.кв талбайтай 4 өрөө иргэн Н.*******ын өмчлөлийн орон сууцнуудад холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэвч хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулан өөрчилсөн.
Иргэн Н.******* нь 2008.04.04-ний өдөр Мфикс капитал ХХК-тай 125, 127 тоот Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба Мфикс капитал ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue Sky хотхоны 44Б байрны 02 болон 04 тоот, тус бүр нь 132 м.кв, 4 өрөө орон сууцнуудыг ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Н.******* нь 2009.09.30-ны өдөр гэхэд орон сууцны үнэ болох 250 800 ам.долларыг Мфикс капитал ХХК-д бүрэн төлсөн. Орон сууцыг хүлээн авч 2010 оноос амьдарч эхэлсэн. Орон сууцны өмчлөх эрхийг Н.*******ын нэр дээр бүртгүүлж, гэрчилгээ гаргаж өгөхийг Мфикс капитал ХХК-аас удаа дараа шаардсаар байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан. Мфикс капитал ХХК үүргээ биелүүлэхгүй байсан нь орон сууцыг банкны барьцаанд тавьсан, түүнээс шалтгаалан өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байсан нь хожим мэдэгдсэн. Мфикс капитал ХХК орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн Н.*******ын нэр дээр гаргаж өгөх үүргийг гэрээгээр хүлээсэн атлаа 25010.05.12-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж, 2010.09.02-ны өдөр Зээлийн барьцааны гэрээ байгуулан орон сууцыг Капитрон банктай хуйвалдан барьцаалсан.
Энэхүү зээлийн барьцааны гэрээ нь нэгдүгээрт: Мфикс капитал ХХК болон Капитрон банкууд 2010.09.02-ны өдөр Зээлийн барьцааны гэрээ байгуулж, орон сууцыг барьцаалсан нь Иргнэий хуулийн 56.1.8-д заасан хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл-д хамаарах тухайд: Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9.1-т брьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулах эрхтэй, мөн хуулийн 11.1.3-т барьцаалуулагчийн өмч мөн болохыг нотлох гэж, Иргэний хуулийн 101.1 дэх заалтад өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж тус тус заасан. Зээлийн барьцааны гэрээ байгуулах үед Мфикс капитал ХХК орон сууцыг өмчялөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан байсан хэдий ч дараах үндэслэлээр Мфикс капитал ХХК-ийг орон сууцны хууль ёсны өмчлөгч биш гэж үзэхээр байна.
1. Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ нь төрлийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заагдсан ажил гүйцэтгэх гэрээ бөгөөд нэхэмжлэгч орон сууцыг 2009 оноос эзэмшиж, ашиглаж эхэлсэн, үнийг бүрэн төлсөн тул Иргэний хуулийн 343.1, 343.3-т зааснаар 2009.09.30-ны өдрөөс эхлэн өмчлөгч нь болсон. Мфикс капитал ХХК орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авсан нь хууль бус төдийгүй Зээлийн барьцааны гэрээ байгуулагдах үед Мфикс капитал ХХК орон сууцыг өмчлөх эрхгүй байсан тул барьцаалсан нь хууль зөрчсөн.
2. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгох нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэдгийг баталгаажуулж буй арга юм.*******Мфикс капитал ХХК-ийг өмчлөгч эсэхийг шалгалгүй зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд үндэслэн барьцаалсан нь холбогдох хуульд нийцээгүй байна. Учир нь:*******дараах нөхцөл байдлуудыг мэдэж байсан буюу мэдэх бүрэн боломжтой байсан. Үүнд:
а. Мфикс капитал ХХК Blue Sky хотхоныг нийтийн орон сууцны зориулалттай, түүнийг барьж ашиглалтанд оруулан бусдад цаашид худалдан борлуулна, дутуу гүйцэтгэлтэй барилгад захиалга авч байгаа, иргэн, аж ахужйн нэгж байгууллагатай Орон сууц захиалгын гэрээ байгуулж байсныг*******мэдэж байсан.
б. Мөн Blue Sky хотхоныг Мфикс капитал ХХК өөрийн болон дан Зээлийн хөрөнгөөр бариагүй гэдгийг мэдэж байсан.
с. Blue Sky хотхоны орон сууцтай холбогдуулан Орон сууц захиалгын гэрээ байгуулж байгаа болохыг мэдэж байсан, мэдэх боломжтой байсан тул аль байрны хэдэн тоот захиалгын гэрээ байгуулагдсан, гэрээлэгч нь хэдэн төгрөгийн төлбөрийг нь төлсөн гэх мэтээр ялгаж зааглах боломжтой, түүнийг мэдэх боломжтой байсан, түүнчлэн орон сууцны үнийг бүрэн төлсөн эсэхийг шалгаж, зааглаж, түүндээ үндэслэн барьцаалах боломж Капитрон банкинд бүрэн дүүрэн байсан. Гэвч*******энэ бүхнийг үл харгалзан иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл тоомсорлон цаашид маргаан гаргахыг мэдсээр атлаа барьцаалсан байдаг.
д. 2007 онд*******Зээл болон Барьцааны гэрээ байгуулахдаа барьцаа хөрөнгө 44Б байрны үнэлгээг гаргаж, үзлэг хийсэн байдаг. Гэвч банк 2010 онд Зээлийн барьцааны гэрээ байгуулахдаа энэ ажиллагааг хийсэн гэх баримт байхгүй байна. Хэрэв банкнаас Зээлийн барьцааны гэрээ байгуулж, барьцаалах хөрөнгө /44Б байрны 02, 04 тоот/-ийн байдалтай танилцсан бол 02, 04 тоотод холбогдуулан гэрээ байгуулсан байсан гэдгийг, уг тоотод ******* болон түүний гэр бүл амьдарч байгаа, ашиглалтын зардлыг төлж эзэмшиж ашиглаж байгаа гэдгийг мэдэх бүрэн боломжтой байсан.
Мфикс капитал ХХК нь дээрх нөхцөл байдлуудыг бүрэн мэдэж байсан бөгөөд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг хохироох зорилгоор санаатайгаар барьцааны гэрээ байгуулсан. Орон сууц нь иргэн Н.*******ын хөрөнгөөр бий болсон бөгөөд ажлын үр дүн нь түүний өмчлөлийнх юм. Орон сууцыг Мфикс капитал ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй тул Орон сууц захиалгын гэрээ болон Иргэний хуулийн дагуу өмчлөгч гэж тооцогдох Н.*******аас орон сууцнуудыг барьцаалах тохиолдолд түүнд мэдэгдэж зөвшөөрөл буюу итгэмжлэл авах ёстой байтал хариуцагч нар иргэн Н.*******т мэдэгдэж зөвшөөрөл авалгүй орон сууцыг барьцаалсан нь Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар 2007.10.29-ний өдрийн Т07/208 дугаартай Зээлийн барьцааны гэрээг байгуулж, 44Б байрыг 55%-ийн гүйцэтгэлтэйгээр барьцаалж, 2010 оны 04 сарын 26-ны өдөр барьцаанаас чөлөөлсөн байдаг. Мфикс капитал ХХК 2010.05.12-ны өдөр 44Б байрны 02, 04 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаж, 2010.09.02-ны өдөр Зээлийн барьцааны гэрээ байгуулж орон сууцыг барьцаалсан байдаг. Эндээс Капитрон банкны Зээлийн барьцааны гэрээний барьцааны эрх 2010 онд улсын бүртгэлийн байгууллагад барьцааг бүртгүүлснээр буюу иргэн Н.*******ыг орон сууцны өмчлөгч болсон 2009.09.30-ний өдрөөс хойш үүссэн болох нь тодорхой харагдаж байна.*******орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Мфикс капитал ХХК-ийн нэр дээр байсан учир барьцаалсан гэдэг ч дээрх нөхцөл байдлуудыг мэдэж байсан, мэдэх боломжтой учир Иргэний хуулийн 154.6 дахь заалтад зааснаар*******орон сууцны барьцааны эрхийг шударгаар олж аваагүй гэж үзэхээр байна.
Хоёрдугаарт: Мфикс капитал ХХК болон Капитрон банкууд 2010.09.02-ны өдөр Зээлийн барьцааны гэрээ байгуулж, орон сууцыг барьцаалсан нь хууль зөрчсөн буюу Иргэний хуулийн 56.1.1 дэх заалтад хамаарахаар байна. Хариуцагч нар Зээлийн барьцааны гэрээ байгуулахдаа дараах хууль тогтоомжыг зөрчсөн байна.
Үүнд: 1. Банк, эрх бүхи йхуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23.4-т зааснаар банк эд хөрөнгийн тодорхойлолт гаргах гэснийг зөрчсөн.
2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29.3-т зааснаар барьцаалуулагч өөрийн хөрөнгөөр баригдсан орон сууц, үл хөдлөх хөрөнгө гэснийг зөрчсөн
3. Иргэний хуулийн 157.6.2 дахь заалтын дагуу барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх гэснийг зөрчсөн.
4. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11.9 дэх заалтын гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийг анхаараагүй.
2007.10.29-ний өдрийн Т07/208 дугаартай Зээлийн барьцааны гэрээний холбогдох хэсэг нь хууль зөрчин бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр барьцаалсан буюу Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д заасан хэлцэлд хамаарахаар байна.
Иймд Мфикс капитал ХХК болон*******ХХК-ийн хооронд 2010.09.02-ны өдөр байгуулагдсан Т07/208 дугаартай Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue Sky хотхоны 44Б байрны 02, 04 тоот иргэн Н.*******ын өмчлөлийн орорн сууцнуудад холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.4 дэх заалтад заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулж байна гэв.
Хариуцагч*******ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус банк нь Си Эм Эс Эл ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/2008 тоот Зээлийн гэрээг байгуулж, 1.500.000.000,00 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлүүлсэн юм. Мөн тус банк нь 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээг Си Эм Эс Эл ХХК-тай байгуулж, Си Эм Эс Эл ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Үүнд:
- Мфикс капитал ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008712 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000016259 тоот гэрчилгээний дугаартай хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн 44А тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,
- Мфикс капитал ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008713 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000016260 тоот гэрчилгээний дугаартай хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн 44Б тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,
- Мфикс капитал ХХК-ийн эзэмшлийн 1/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар
Харин 2010 оны 05 сарын 13-ны өдөр Мфикс капитал ХХК-ийн өмчлөлд 44А, 44Б, 44В, 44Г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 сарын 02-ны өдрийн Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээгээр 44Б дүгээр байрны 1-24 тоотын орон сууцыг нэг бүрчлэн барьцаалсан байна.
Тус банкны Мфикс капитал ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт болон 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, баталгаажуулсан байх ёстой байдаг. Ийнхүү бүртгүүлсэн тохиолдолд барьцааны гэрээг хуульд заасны дагуу байгуулагдсанд тооцож, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Капитрон банкны хувьд дээрх барьцааны гэрээг 2010 оны 09 сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хуульд заасан журмын дагуу бүртгүүлэн батьалгаажуулж хүчин төгөлдөр болсон. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 281 зүйлийн 281.1 дэх заалтад заасны дагуу бүртгэлийн байгууллага нь хуулиар тогтоосон журам зөрчсөн гэрээг бүртгэхээс татгалзах, буцаах эрхтэй байх бөгөөд үүнээс бусад тохиолдолд гэрээг бүртгэлийн байгууллага нь хуульд заасны дагуу бүртгэх үүрэгтэй юм. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг бүртгэлийн байгууллага бүртгэсэн байгаа нь банк болон барьцаалуулагч нь хуулиар тогтоосон ямар нэгэн журам зөрчөөгүй болохыг нотолж буй хэрэг юм.
Гэтэл Мфикс капитал ХХК нь иргэн Н.*******тай 2008 оны 4 сарын 04-ний өдөр 125, 127 тоот Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна. Нэхэмжлэгч нь барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ нэхэмжлэгчийн хөрөнгөөр баригдсан, түүний өмч ба Мфикс капитал ХХК нь Капитрон банктай барьцааны гэрээ байгуулахдаа өөрөөс нь зөвшөөрөл аваагүй гэжээ. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажина гэж, 18 дугаар зүйлийн 18.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох... гэж тус тус заасан байдаг.
Аливаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг улсын бүртгэлд тусгагдсаны дагуу буюу өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн тодорхойлдог. Тус банк нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд авч барьцаалах үед тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь Мфикс капитал ХХК-ийн нэр дээр байсан тул банкны дүгээс тус комданийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан.
Мөн Мфикс капитал ХХК нь дээрх орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус барилгын өмчлөгч гэдгээ нотолж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, газар ашиглах гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжүүлэх зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримтуудыг гаргаж өгч байсан юм. Барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжүүлэх зөвшөөрөл, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт болон бусад баримтад тус барилгын захиалагчаар Мфикскапитал ХХК, гүйцэтгэгчээр Вилмар ХХК байхаар эрх олгосон нь тус барилгын өмчлөгч нь захиалагч болох Мфикскапитал ХХК мөн байга гэж үзэх нэгэн үндэслэл болсон юм. Иймнхүү барьцааны гэрээ нь хууль тогтоомжийн дагуу байгуулагдан бүртгэгдэж хүчин төгөлдөр болсон байх бөгөөд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хууль, эрх зүйн үндэслэл бүрдээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Мфикс капитал ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь манай компанитай 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 125, 127 тоот Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue Sky хотхоны 44Б байрны 02, 04 тоот орон сууцнуудыг захиалан бариулж, гэрээнд зааснаар төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Нэгэнт тухайн орон сууц нь иргэн Н.*******ын өмч хөрөнгөөр бий болсон учраас манай компани нэхэмжлэгч эвлэрч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2015/08063 дугаар захирамжаар түүнийг орон сууцнуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон болно. Бидний хувьд уг иргэний хэргийн хариуцагч*******ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээг байгуулж, Си Эс Эс Эл ХХК-ийн*******ХХК-иас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгчийн өмчлөлийн 44Б байрны 02, 04 тоот орон сууцнуудыг барьцаалсан. Мфикс капитал ХХК нь*******ХХК-иас зээл авахад тус банк нь биднийг барилгын гүйцэтгэгч компани болохыг мэдэж байсан бөгөөд бид зээлийн өр төлбөрийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд барьж гүйцэтгэж буй Blue Sky хотхоны орон сууц, авто зогсоолуудыг иргэдээс үе шаттайгаар төлбөрийг нь авах буюу худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар тохиролцсон.
Ингээд 2007 оноос хойш манай компани*******ХХК-иас нийтдээ 9 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлийн төлбөрийг иргэдийн захиалсан, худалдан авсан орон сууц, авто зогсоолуудын төлбөр болон өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгийг банкинд шилжүүлэх замаар 20 орчим тэрбум төгрөгийг*******ХХК-ианд төлөөд байгаа боловч Зээлийн гэрээний хугацаанд банкны тухайн үеийн удирдлагууд нь бидний барьж буй болгон гүйцэтгэсэн орон сууцнуудыг үнэгүйдүүлж, үнийг нь 50 хувиар бууруулан авах, доллар, юанийн ханш өсөхөд тухайн валют руу зээлийг шилжүүлэх зэрэгэр биднийг зээлийн өрийн дарамтанд хийсвэрээр оруулж, манай компани санхүүгийн маш хүнд нөхцөл байдалд орсон. Зүй нь банкнаас бидэнд 1 400 000 ам.доллар буюу тухайн үеийн ханш болох 1 165.13 төгрөгөөр тооцоход 1 631 182 000 төгрөгийн зээлийг бодитоор олгосон атал банкны удирдлагууд нь бага үнээр орон сууцыг авах, Төлбөр барагдуулах гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг зах зээлийн ханшаас маш доогуур үнэлэх зэргээр зээлдэгч этгээдийн орлого олох боломжийг бууруулаад зогсохгүй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн авчихаад уг мөнгөн дүнг зээлийн үндсэн төлбөрөөс хасалгүй хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон ба Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасныг буруугаар ашиглаж, 2015 онд шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар нэхэмжлэлийн үнийн дүнг тооцон, биднээс их хэмжээний өр төлбөрийг төлүүлэхээр шаардсан нь манай компанийг хийсвэр өрийн дарамтанд оруулсан гэж үзэхээс өөр аргагүй. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан бид банкнаас тавьсан хатуу шаардлагыг биелүүлж, нэхэмжлэгчээс гадна манай компанийн барьж гүйцэтгэсэн Blue Sky хотхоны захиалагч иргэдийн өмчлөлийн эд хөрөнгийг өөрсдийн өмч мэтээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаж, бүртгэлийн газарас олгосон гэрчилгээг банк шууд өөрсдөө авч 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээг байгуулсан. Тухайн үед нэхэмжлэгч нь өөрийн захиалсан орон сууцнуудын төлбөрийг бүрэн төлж, өмчлөх эрх нь үүссэн байсан боловч бид түүнд мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээг байгуулснаа хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч Н.*******ын хувьд*******ХХК болон Мфикс капитал ХХК-ийн хооронд үүссэн зээлийн өр төлбөрийн асуудалд огт оролцоогүй, банкны өмнө бидний өмнөөс үүрэг хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй учир бидний зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Капитрон банк ХХК болон Мфикс капитал ХХК-уудад холбогдуулан, Мфикс Капитал ХХК болон*******ХХК-ийн хооронд 2010.09.02-ны өдөр байгуулагдсан Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue Sky хотхоны 44Б дугаар байрны 02, 04 тоот тус бүр 132 м.кв талбайтай, 4 өрөө иргэн Н.*******ын өмчлөлийн орон сууцнуудад холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.4 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Мфикс капитал ХХК нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч Капитрон банк ХХК нь нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж маргадаг.
Шүүх хэргийн баримтаар тогтоогдсон дараах үйл баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.******* нь 2008 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Мфикс Капитал ХХК-тай Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ №125, 127 дугаартайг тус тус байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр Мфикс Капитал ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блью скай хотхоны 44 Б байрны 1 дүгээр орцны 2 тоотын 4 өрөө болон 2 дугаар давхрын 4 тоотын 4 өрөө, 132 м.кв талбайтай орон сууцнуудыг нэг метр кв-тын үнэ 950 ам.доллараар тооцон, нийт 250800 ам.доллараар Н.*******д худалдах, Н.******* нь 2008 оны 5 дугаар сарын 15-ны дотор тус бүр байрнуудын 30 хувь буюу нийт 75240 ам.долларыг, байрны түлхүүрийг хүлээн авахад үлдэгдэл тус бүрийн 10 хувь болох нийт 25080 ам.долларыг төлөхөөр талууд тохиролцжээ. /хх-ийн 7-16 дугаар хуудас/
Гэрээний дагуу Н.******* нь 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тухайн 2, 4 тоотын орон сууцнуудын төлбөр болох 250800 ам.долларыг бүрэн төлж барагдуулсан болох нь 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Тооцоо нийлсэн акт /хх-ийн 57 дугаар хуудас/-аар тогтоогдож байх бөгөөд тухайн орон сууцнуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн иргэн Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг Мфикскапитал ХХК хүлээн зөвшөөрч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2015/08063 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосноор 44Б байрны 2, 4 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр Н.******* тогтоогдсон гэж үзэх үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 5-6, 57 дугаар хуудас/
Хэрэгт авагдсан баримтаар 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот зээлийн гэрээгээр*******ХХК нь 1 500 000 000 төгрөгийн зээлийг жилийн хүү 19.2 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 3.84 хувь, 24 сарын хугацаатайгаар Си Эм Эс Эл ХХК-д олгож, зээлийн барьцаанд ирээдүйд бий болох хөрөнгө буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан 44 А, Б дугаар байрнууд болох Мфикскапитал ХХК-ийн 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн дүүрэгт орших Богд Хан уул ДЦГ тусгай хамгаалалтын газар нутгийн Зайсангийн ам нэртэй Мфикскапитал ХХК-ийн эзэмших эрхтэй газар, мөн хаягт байрлах Фүжи Алтай ХХК-ийн эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалан мөн өдрийн Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээг байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг уг гэрээнд нэг бүрчлэн зааж оруулсан ба Мфикскапитал ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан энэхүү Зайсан 44 А, Б дугаар орон сууцнуудын дотор хожим Н.*******ыг өмчлөгчөөр нь тогтоосон 02, 04 тоот орон сууц багтсан үйл баримт мөн нотлогдон тогтоогджээ. /хх-ийн 35-41 дүгээр хуудас/
Шүүхийн дүгнэлт хийж, тогтоогдсон үйл баримтын талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгч Н.******* болон хариуцагч Мфикскапитал ХХК нарыг 2008 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Орон сууц захиалагчтай байгуулах, худалдах худалдан авах гэрээг байгуулж байх үед барилгын ажлын гүйцэтгэл 55%-д хүрч, дуусаагүй барилгад 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, гэрээний зүйл биет байдлын болон эрхийн тодорхой шинж тэмдэгтэй хөрөнгө бий болсон байснаас үзэхэд уг гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг илүү агуулсан байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээ гэж үзлээ.
Харин*******ХХК-ийн тухайд Си Эм Эс Эл ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалсан нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасантай нийцсэн, улмаар барьцаалагч барьцааг төгс болгон баталгаажуулах үүднээс бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ Мфикскапитал ХХК-ийн нэр дээр гарсны дараа барьцааны гэрээг 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр шинэчилж байгуулсан нь хуулийн дээрх заалтаас гадна мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасантай нийцжээ.
Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээний салшгүй дагах эрх мөн байх тул барьцаагаар хангагдах зээлийн гэрээний шаардлага мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар дуусгавар болоогүй энэхүү тохиолдолд шүүх*******ХХК болон Мфикскапитал ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр барьцааны гэрээ шинээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй, харин барьцаагаар хангагдах шаардлага үүсэх үндэслэл бүрдсэн гэж үзнэ.
Дээрхээс дүгнэвэл, 2008 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Н.******* болон Мфикскапитал ХХК-ийн хооронд Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө*******ХХК болон Мфикскапитал ХХК-ийн хооронд шинэчилж хийгдсэн 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн №Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч Н.*******аас зөвшөөрөл авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд шүүх Мфикскапитал ХХК болон*******ХХК-ийн хооронд шинэчилж хийгдсэн 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээг хууль зөрчсөн болон зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай Н.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.******* нь барьцааны эрхээр хязгаарлагдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах гэрээ хийгдсэн байх тул худалдагчид буюу Мфикскапитал ХХК-д холбогдуулан шаардлага гаргах эрхтэй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д зааснаар худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэж үздэг.
Барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан Н.******* нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаас бусад тохиолдолд мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэсэн зохицуулалтын дагуу барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор бус, харин зээлийн гэрээний үүргээ биелүүлж, эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг Мфикскапитал ХХК-аас шаардах, эсхүл өөрийн өмчлөлийн эд хөрөнгөд ногдох хэмжээний үүргийг Мфикскапитал ХХК-ийн өмнөөс*******ХХК-д гүйцэтгэх, гарсан зардлаа Мфикскапитал ХХК-аас шаардах, түүнчлэн худалдах, худалдан авах гэрээг цуцалж, үр дагаврыг Мфикскапитал ХХК-аар арилгуулахаар шаардах зэргээр өөрт учирсан хохирлоо арилгуулах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан Мфикскапитал ХХК болон*******ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр байгуулагдсан Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue Sky хотхоны 44Б дугаар байрны 02, 04 тоот тус бүр 132 м.кв талбайтай, 4 өрөө иргэн Н.*******ын өмчлөлийн орон сууцнуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ