Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/76

 

 

 

 

 

 

   2025           02           10                                          2025/ШЦТ/76

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0059/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Б.Энхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2518000000036 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын*******,******* тоотод оршин суудаг, Улсын бүртгэлийн лавлагаагаар Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******,*******,******* тоотод бүртгэлтэй, ял шийтгэлгүй, ******* ,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруу, үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын*******, тоотод өөрийн хойд эцэг болох гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай “архи уулаа” гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар толгойн тус газар нь өшиглөж цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханы цөмөрсөн хугарал, баруун талын дагзны дэлбэн, зүүн талын духны хажуу хэсэгт эдийн няцрал, зүүн тал бөмбөлгийн чамархайд аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, духны зүүн талын хуйх, нүүр хэсэгт зөөлөн эдийн эдийн няцрал, баруун чихэнд язарсан шарх, зүүн нүдний алим, баруун, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доор, хамрын зүүн хажуу, зүүн хацарт зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

 

Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-14/,

Хохирогч : “...2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байхад гаднаас манай эхнэр субдын хүү болох орж ирээд бид хоёрыг архи уулаа, одоо болно шүү дээ гээд уурлаад байсан. Эхнэр бид хоёр шагнал авсан гээд жаахан уучихсан байсан юм. Ач болох гурвуулаа л байсан. Тэгээд ээж рүүгээ архи уулаа гээд уурлаад байхаар нь чи одоо болиоч, битгий ингээд бай, байгууллагын аварга болоод ийм байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл над руу чи битгий олон юм яриад бай гээд дайраад эхэлсэн. Тэгээд бид хоёр жаахан маргалдаж байтал намайг гараараа миний нүүрэн тус газарт цохиход би газар унасан ингээд унах үед дээрээс 2-3 удаа гараараа цохиод хөлөөрөө миний нүүрэн дээр дэвссэн. Бас тэр үедээ заазуур аваад намайг айлгаж байсан. ...Нэг сэрсэн эмнэлэгт сэрсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19/,

 

Гэрч : “...2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр амралтын өдөр байсан. Урьд өдөр манай нөхөр бид хоёр баяр тэмдэглээд жаахан уусан юм. Ингээд маргааш нь гэртээ бид хоёр бас 2, 2 лааз пиво уусан. Манай хүний архи нь жаахан удаан гардаг юмаа. Ингээд орой 19 цагийн орчим манай хүн том өрөөнд газар ор засаад хэвтчихсэн байсан, хаалга цохихоор нь би тайлж өгтөл манай хүү орж ирсэн. Орж ирээд ыг хараад бас л архи уучихсан юм уу гээд уурласан. Тэгж хэлэх үед нь уг нь юм дуугараагүй. Би хүүдээ хандаж амралтын өдөр шүү дээ, жаахан уусан юм даа гэж хэлэхэд намайг ирэх болгонд согтуу байна шүү дээ, энийгээ больчихож болдоггүй юм уу гэж хэлсэн. Хүү маань гаднаас орж ирэхдээ жаахан үнэртүүлчихсэн орж ирсэн. Тэгээд хүү уурлаад ыг хэвтэж байхад нь гараараа нүүр лүү нь цохисон. Дахиад цохих гэхээр нь би урдуур нь ороод болиулах гэтэл миний үгэнд орохгүй байсан тэгэхээр нь би гараад өөр хүн дуудъя гэж бодоод би гэрээс гараад гүйсэн, ингээд би гараад явсан хойно юу болсныг мэдэхгүй байна, гэрт хүү , нөхөр , ач нар үлдсэн. Би гэрээс гараад унаанд суугаад цагаан сүлд дээр очоод манаач хийдэг эгчийг нөхрийнхөө хамт очоод ыг аваад ирээч зодох гээд байна гэж хэлсэн. Тэгээд эгч нөхөртэйгөө манайх руу яваад би тэнд үлдсэн. Удалгүй эгч ирээд ыг зодчихжээ, эмнэлэг рүү хүргээд өгчихлөө гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр очсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27/,

 

Гэрч П.ы : “...Би 2024 оны 12 дугаар сарын 29-ний 21 цагийн орчим ажил дээрээ хэвтэж байтал манай ажлын хаалгыг хүн тогших шиг болсон тэгэхээр нь надтай хамт байсан ач охин очоод хаалгыг нээх шиг болсон тэгтэл охин маань буцаж ирээд сувд эгч байна, таксины 1000 төгрөг өгөөч гээд надаас 1000 төгрөг аваад буцаад очсон. Тэгээд удалгүй сувдтай цуг ороод ирсэн. Тэгээд сувд орж ирээд эгчээ, баларлаа цаана чинь манай нөхөр ыг манай хүү зодоод аллаа, би бүр дийлэхгүй болиоч гээд нөхрийнхөө дээрээс дарж хэвтээд ч барсангүй ээ. Тэгээд айгаад гараад гүйгээд тань дээр ирж байна. Та нөхөртэйгөө очоод болиулаад өгөөч манай нөхрийг салгаад аваад ирээч гээд уйлаад гуйгаад байсан. Тэр үед сувдын гар нь хөхөрсөн, нүүр хэсэг нь цус болчихсон байсан, тэгээд би бодохдоо ээжийгээ ингэж байгаа юм чинь биднийг бол цохиж зодох юм байна даа гэж бодсон гэвч намайг гуйгаад байсан тул аргагүйн эрхэнд би нөхрийнхөө хамт очсон. Ингээд очиход байрных нь гэрлүүд унтраастай хаалгыг нь цохитол тайлахгүй байсан. Би айгаад за энэ чинь хүн амьтан алчихсан байх вий дээ гэж бодоод цагдаа руу дуудлага өгсөн. Тэгээд удаагүй цагдаа ирээд дахиад хаалгыг нь цохитол яг хэн онгойлгосон нь мэдэхгүй нэг жаахан хүүхэд цаашаа гүйгээд явсан. Ингээд бид нар гэрт ороход ертөнцийн зүгээр зүүн талын өрөөнд сувдын хүү хэвтчихсэн байсан мөн том өрөөнийхөн үүдэнд нэг хүн цааш харсан байдалтай хэвтэж байсан ба нүүр нь баганад тээглээд харагдахгүй байсан. Бид нар дөхөж очоод хартал байсан ба нүүр хэсэг нэлэнхүйдээ цус болчихсон байсан. Тэгтэл нөгөө залуу цаад өрөөнөөс гарж ирээд та нар бас яах гээд байгаа юм гээд тэнд байсан хүмүүс рүү дайраад байсан. Удалгүй түргэн тусламж ирээд ыг үзээд эмнэлэг рүү аваад явсан. Энэ үед ухаангүй байдалтай байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29/,

 

Гэрч : “...Би тус өдөр Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу шөнийн явган эргүүлд Хонгор 174 дуудлагын станцтай эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч , нэмэлтээр аймгийн онцгой байдлын газраас ахлагч , нарын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Ингээд хонгор-10 станцаас хуучин хорооллын тоотод шалгуулах зүйл байна гэсэн дуудлага мэдээлэл өгсний дагуу манай чиглэл очиход эрэгтэй, эмэгтэй 2 хүн орцны үүдэнд байсан ба тоотод хүн зодоод байна эхнэр нь зодуулаад гарч зугтаад надад хэллээ гэж хэлсэн. Үүний дагуу бид тухайн айл руу очоод хаалгыг нь таттал онгорхой байсан ба хаалгаар ортол харанхуй байсан миний бие өрөөнийх нь гэрлийг асаатал том өрөөнийх нь үүд хэсэг нэг хүн цааш харсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан толгой хэсэг нь харагдахгүй байсан тэгэхээр нь нөгөө хүн рүүгээ дөхөж очоод хартал толгой хэсэг нэлэнхийдээ цус болчихсон чих нь хавдаж цус гарсан байдалтай байсан. Ингээд би бусад өрөөг шалгая гээд ертөнцийн зүгээр зүүн талын өрөө рүү очтол тэнд нэг залуу хүүхэд тэвэрчихсэн хэвтэж байсан. Хүүхэд нь сэрүүн нөгөө залуу нь унтаж байх шиг байсан. Тэгэхээр нь би сэрээгээд энд юу болсон юм бэ гээд асуутал юм яриагүй босож ирээд нөгөө хүнийг харснаа миний хойд эцэг байгаа юмаа бид хоёр маргалдсан юм гэсэн л юм ярьсан. Тухайн залуугаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тухайн залуугийн хэлж байгаагаар хойд эцэг нь архи уулаа гээд хоорондоо маргалдсан юм шиг байна лээ. Ингээд бидний зүгээс эмнэлгийн байгууллага дуудаад нөгөө ухаангүй цус болсон хүнийг хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31/,

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч П.Одмаагийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 73 дугаартай: “... биед зүүн нүдний ухархайн дотор ханы цөмөрсөн хугарал, баруун талын дагзны дэлбэн, зүүн талын духны хажуу хэсэгт эдийн няцрал, зүүн тал бөмбөлгийн чамархайд аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, духны зүүн талын хуйх, нүүр хэсэгт зөөлөн эдийн эдийн няцрал, баруун чихэнд язарсан шарх, зүүн нүдний алим, баруун, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доор, хамрын зүүн хажуу, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...дээрх баруун талын дагзны дэлбэн, зүүн талын духны хажуу хэсэгт эдийн няцрал, зүүн тал бөмбөлгийн чамархайд аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.4, 4.1,3-т зааснаар хохирлын хүнд зэрэг, зүүн нүдний ухархайн дотор ханы цөмөрсөн хугарал, тархи доргилт, духны зүүн талын хуйх, нүүр хэсэгт зөөлөн эдийн эдийн няцрал, баруун чихэнд язарсан шарх, зүүн нүдний алим, баруун, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доор, хамрын зүүн хажуу, зүүн хацарт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1,1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47, 48/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл бүрэн хангагдсан байна.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлан хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

Иймд *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Д.т шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Иргэний хуулийн 513.1 дахь хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.

 

Хохирогч Д.т эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нийгмийн даатгалын сангаас гарсан зардал 1,437,462 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан байна.

 

Хохирогч Д. нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, прокурорын тохиролцсон ял, эрүүгийн хариуцлагын хэмжээний хүрээнд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, сарын орлогын хэмжээг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 24 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар “согтууруулах ундаа, хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

       1. *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 12,000 /арван хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 12,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 24 сарын хугацаанд, сар бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д. нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ГЭРЭЛТ-ОД