Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2018/00189

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2018/00189

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүгч Ч.Ичинхорлоо, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х банк нэхэмжлэлтэй

Хариуцагч: ЗНО ТББ холбогдох,

Ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, ажил хэргийн нэр хүндийг гутаасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Б.М, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Б, иргэдийн төлөөлөгч Р.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХЗАН Төрийн бус байгууллага нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хэвлэлийн хурал хийж, ийнхүү хурал хийсэн талаар болон хурлын үеэр ярьсан асуудлыг Эх орон телевиз, TV9 телевиз, NTV телевиз, SBN телевиз, TV5 телевиз, MN25 телевиз, TV8 телевиз, VTV телевиз, Түмний телевиз; MGL Radio 102.1 радио болон Facebook олон нийтийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд мэдээлсэн. Мөн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 082(5649) дугаартай Өдрийн сонины 15 дугаар нүүрэнд болон 2017 оны 4 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд bolod.mn, olloo.mn, report.mn, Шуурхай.мн, updown.mn, мөрч.мн, news.mn сайтууд дээр хэвлэлийн хурлын үеэр ярьсан асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл тавигдаж, нийтэд ил болсон бөгөөд мэдээлэлтэй холбоотойгоор сэтгэгдлүүд бичигдсэн байна. Тус Төрийн бус байгууллага нь дараах мэдээллийг олон нийтэд мэдээлж ХасБанкны ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэж байна. ХХЗАН Төрийн бус байгууллагын гишүүн Төмөрдөшийн Баярхүү нь Монголд харийн оффшорчид орж ирчихээд банк байгуулаад биднийг мөлжөөд байна. ХасБанк бол 100 хувь оффшор банк. Өөрөөр хэлбэл даян дэлхийн хулгайч нар Монголыг эзэнгүйг далимдуулж өндөр хүүтэй мөнгө хүүлээд байж байна. Дотоодын болон гадаадын оффшорчдын бүрэн мэдэлд манай улс орчихоод байна. Дахин анхааруулахад оффшорчид Монголд орж ирээд үүрлэчихсэн, банкны эзэд болчихсон байна. Мөн тэд Монголын хууль эрх зүйн орчныг нулимаад Иргэний хуулийн заалтыг тоохгүйгээр зөрж харилцагч болон зээлдэгчдэд дарамт өгөх маягаар сөрөг нэхэмжлэл гаргаж, аваагүй зээлийг нь төлүүлэхээр улайрч байна" гэсэн мэдээлэл, гишүүн Г.Ганбат нь Харийн оффшорчдын Монголд байгуулсан банк өнөөдөр Монголын ард иргэдийг мөлжиж байна. Дотоод гадаадын оффшорчдод уусч дууслаа. Гадаад оффшорчид Хас банкинд үүрлэж иргэдийг дээрэлхэж Монголын хуулийг уландаа гишгэлж байна. Монгол төгрөгний ханш унах тусам авсан зээлээ хэд дахин болгож төлдөг механизм бүрдчихлээ. Энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол Монгол Улсын иргэд авсан зээлээ насаараа төлж зарим нь бүр шантраад амиа хорлох тохиолдол ч гарсаар байна. Монгол мөнгөний ханшийн уналт иргэдэд хүчтэй нөлөө үзүүлж дээрээс нь гадаад оффшорчдын дарамтанд нэвчсэн байгаа. Хас банкны долларын зээлийн бодлогыг зогсоож Монголчууддаа Монгол төгрөгөөр үйлчилж зээлдэгчиддээ шударга хандахыг сануулж шаардах бичиг хүргүүлэх болно гэсэн мэдээлэл тус тус хийсэн. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна гэж, 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж тус тус заасан. Иргэний хуулийн тус заалтын Ажил хэргийн нэр хүнд гэх нэр томьёог Иргэний хуулийн онолын тайлбарт Зах зээлийн харилцаанд оролцогч хуулийн этгээдэд хамаарах бөгөөд бусдын өмнө хүлээсэн гэрээний болон бусад үүргээ шударгаар биелүүлж байгаа эсэхээс шалтгаалдаг гэж тайлбарласан бөгөөд Ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэгт бодит байдалд нийцэхгүй, өөр хэн нэгэн этгээдэд мэдээлсэн байхыг ойлгоно. Уг мэдээ, мэдээлэл нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хурал цуглаан дээр төдийгүй амаар өөр этгээдэд хүргэгдсэн байхыг ойлгоно. Өөр нэг л этгээдэд уг мэдээ, мэдээлэл хүргэгдсэн байхад ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэстэй гэж тайлбарласан байна. Гэтэл дээрх Төрийн бус байгууллага нь санаатайгаар ХасБанк 100 хувь оффшор банк. Өөрөөр хэлбэл даян дэлхийн хулгайч ... өндөр хүүтэй мөнгө хүүлээд байж байна" гэж бодит байдалд нийцэхгүй, ХасБанк, түүний хувьцаа эзэмшигчдийг гутаан доромжилсон мэдээллийг хэвлэлийн хурал зохион байгуулах замаар олон нийтэд мэдээлсэн үйлдлийг ХасБанк, ХасБанкны хувьцаа эзэмшигчид болон цаашилбал Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн нэр хүнд бүхий байгууллагуудын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч нь дээрх мэдээллийг олон нийтэд түгээхдээ тус мэдээлэл нь бодит байдалд нийцэж байгаа эсэхийг нотлох баримтаар нотлоогүй атлаа Хас Банкны ажил хэргийн нэр хүндэд халдаж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн. Хариуцагч нь банкны эзэд нь оффшорчид. Мөн тэд Монголын хууль эрх зүйн орчныг нулимаад Иргэний хуулийн заалтыг тоохгүйгээр зөрж харилцагч болон зээлдэгчдэд дарамт өгөх маягаар сөрөг нэхэмжлэл гаргаж, аваагүй зээлийг нь төлүүлэхээр улайрч байна гэж бодит байдалд нийцэхгүй, худал мэдээллийг олон нийтэд түгээснээр ХасБанкны хувьцаа эзэмшигчид болох Монголын Алт (МАК) ХХК, Монгол улсын Засгийн газар гишүүнээр элссэн Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC) болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD), Токио, Торонто, Нью- Йорк хотууд дахь олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь олон нийтийн хяналт дор нээлттэй арилжаалагддаг Канад Улсын Үндэсний Банк (National Bank of Canada), Орикс Корпораци (Orix Corporation) зэрэг хувьцаат компаниудын ажил хэргийн нэр хүндэд ноцтойгоор халдаж байгаагаас гадна хөрөнгө оруулагчдын Монгол улсад бизнесийн үйл ажиллагаа явуулах сонирхлыг бууруулж, банк санхүүгийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах замаар Монгол улсын санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, санаатайгаар олон нийтийг ХасБанк болон бусад арилжааны банкуудын эсрэг үйл ажиллагаанд турхирах, улмаар ард иргэдийн дунд үймээн дэгдээх нөхцөл байдлыг бүрдүүлж байгааг дурдах нь зүйтэй байна. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д Монгол улсын иргэн нь итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй гэж заасан боловч мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 -д Монгол улсын иргэн нь Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй гэж, 17.2-т хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ. Өнөө үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд мэдээ, мэдээлэл олж авах, түгээх, үзэл бодлоо илэрхийлэх боломж чөлөөтэй олгогдсон байгаа боловч бусдад мэдээ мэдээлэл түгээж, үзэл бодлоо илэрхийлэхдээ тухайн мэдээ, мэдээлэл нь үнэн бодит байдалд нийцэж байгаа эсэх, олон нийтийг төөрөгдүүлж болох эсэх, түүнчлэн бусдын ажил хэргийн нэр хүндэд халдах эсэхийг хянаж, цаашлаад тухайн мэдээллийнхээ төлөө хариуцлага хүлээх чадвартай байх ёстой юм. Гэтэл хариуцагчийн түгээсэн мэдээ, мэдээлэл нь бодит байдалд үл нийцэж, олон нийтийг төөрөгдүүлсэн байх бөгөөд Монгол улсын Банкны тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн дагуу Банкинд зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулах эрх олгогдсон болохыг үл хүндэтгэн, хууль зөрчсөн гэх аливаа нотлох баримтгүй байхад дээрх байдлаар мэдээлэл хийсэн үйлдлийг ХасБанкны ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаасан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж, 21.9-д Энэ зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгана гэж, 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ажил хэргийн нэр хүнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 511 дүгээр зүйлийн 511.1-д Бусдын ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж тус тус заасны дагуу ХасБанкны ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч ХХЗАН ТББ-ын төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банк ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие анхнаасаа банкуудын үйл ажиллагааг шүүмжилдэг. Зөвхөн Хас банкийг шүүмжлээгүй, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх банкийг шүүмжилсэн. 2017 оны 04 сарын 11-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж, ярилцлага өгсөн нь үнэн. Миний ярилцлагад өгсөн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсныг шүүхээс үзэж баталгаажуулан үзлэг хийснийг зөвшөөрч байна. Би Монголд харийн оффшорчид орж ирж банк байгуулаад биднийг мөлжөөд байна. Хас банк бол 100 хувь оффшор банк гэдэг нь үнэн. Үүнийг би хэзээ ч, хаан ч хэлнэ, цаашид ч хэлэх болно, үүнтэй тэмцэнэ. Даян дэлхийн хулгайч нар Монголыг эзгүйг далимдуулж өндөр хүүтэй мөнгө хүүлээд байгаа нь үнэн. Энэ талаар Хас банкнаас зээл авч, биеэрээ мэдэрч, хохироод байгаа иргэн Мөнхдэлгэр үүний талаар бидэнд хандаж ярилцлага өгсөн. Жишээ баримт нь: Энэ хүн Хас банкнаас орон сууц худалдан авахаар 160 сая төгрөгийн зээлийн хүсэлт тавьсан байдаг. Гэтэл Хас банк төгрөгөөр зээл олгохыг шийднэ гэж хэлчихээд доллараар зээлийг олгохоор шийдвэрлэсэн, зээл батлагдахад доллараар гарчихлаа гэсэн гэдэг. Тухайн зээлийн хувиараар сар бүр тасралтгүй 6 жил төлөхөд өнөөдрийн байдлаар 128 000 ам доллараа, 200 000 доллараар төлөөд, ханший зөрүүний алдагдлаас болоод 160 сая төгрөгийн зээл авсан хүн 320 сая төгрөг төлчихөөд цаана нь дахиад 108 000 долларын өртэй болчихоод байгаа юм. Энэ байдлыг л үнэнээр нь би хэлээд, үүнтэй тэмцээд байгаа. Монгол Улсын мөнгө санхүүгийн тогтолцоо нь харийн болон дотоодын оффшорчдын гарт орчихоод байна. Монголын ард түмэнд очих ёстой баялгийг дотоодын оффшорчид нь хулгайлаад аваад явчихдаг. Тэрнийх нь оронд зөрөөд гадаадын оффшорчид орж ирж банк байгуулчихаад 200 саяын байшинг 900 сая болтол нь хүнээс нэхээд сууж байдаг. Ийм учраас Харийн оффшорчдын Хас банк Монголын ард түмнийг мөлжихөө зогсоо гэсэн уриатай Хас банкинд бид очиж шаардлага өгсөн. Банк нь оффшор яахын аргагүй мөн учир би буруу зүйлийг огт яриагүй. Тэгвэл Хас банк нь оффшор биш гэдгээ нотло л доо, өнөөдөр оффшор биш гэдгийг нотолж чадахгүй байна шүү дээ.

Оффшор гэдэг үгийг буруугаар ойлгоод байх хэрэггүй, энэ нь үнэн учир Хас банкны ажил хэргийн нэр хүндийг гутаачихсан зүйл огт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага өөрөө үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч ХХЗАН ТББ холбогдуулан Ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, ажил хэргийн нэр хүндийг гутаасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.

ХХЗАН ТББ нь 2017 оны 04 сарын 11-ний өдөр хэвлэлийн хурал хийж, тэргүүн Т.Баярхүү болон түүний гишүүд ярилцлага өгсөн байна.

Тухайн ярилцлагадаа: гишүүн Төмөрдөшийн Баярхүү нь ...Монголд харийн оффшорчид орж ирчихээд банк байгуулаад биднийг мөлжөөд байна. ХасБанк бол 100 хувь оффшор банк. Өөрөөр хэлбэл даян дэлхийн хулгайч нар Монголыг эзэнгүйг далимдуулж өндөр хүүтэй мөнгө хүүлээд байж байна. Дотоодын болон гадаадын оффшорчдын бүрэн мэдэлд манай улс орчихоод байна. Дахин анхааруулахад оффшорчид Монголд орж ирээд үүрлэчихсэн, банкны эзэд болчихсон байна. Мөн тэд Монголын хууль эрх зүйн орчныг нулимаад Иргэний хуулийн заалтыг тоохгүйгээр зөрж харилцагч болон зээлдэгчдэд дарамт өгөх маягаар сөрөг нэхэмжлэл гаргаж, аваагүй зээлийг нь төлүүлэхээр улайрч байна..." гэсэн мэдээллийг,

Тус ТББ-ийн гишүүн Г.Г нь ...Харийн оффшорчдын Монголд байгуулсан банк өнөөдөр Монголын ард иргэдийг мөлжиж байна. Дотоод гадаадын оффшорчдод уусч дууслаа. Гадаад оффшорчид Хас банкинд үүрлэж иргэдийг дээрэлхэж Монголын хуулийг уландаа гишгэлж байна. Монгол төгрөгний ханш унах тусам авсан зээлээ хэд дахин болгож төлдөг механизм бүрдчихлээ. Энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол Монгол Улсын иргэд авсан зээлээ насаараа төлж зарим нь бүр шантраад амиа хорлох тохиолдол ч гарсаар байна. Монгол мөнгөний ханшийн уналт иргэдэд хүчтэй нөлөө үзүүлж дээрээс нь гадаад оффшорчдын дарамтанд нэвчсэн байгаа. Хас банкны долларын зээлийн бодлогыг зогсоож Монголчууддаа Монгол төгрөгөөр үйлчилж зээлдэгчиддээ шударга хандахыг сануулж шаардах бичиг хүргүүлэх болно... гэсэн мэдээллийг тус тус хийсэн талаар зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт тухайн мэдээллийг бэхжүүлсэн талаарх баримт авагджээ.

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг манай банкийг оффшор гэдгийг тогтоогоогүй байхад хариуцагч нь Эх орон телевиз, ТY9, NTV, SBN, TV5, MN25, TV8, VTV, Түмний телевизүүд, MGL radio 102.1 болон Facedook олон нийтийн сүлжээгээр дамжуулан мөнгө хүүлэгч, луйварчин мэтээр нийтэд мэдээлсэн гэж тайлбарладаг бол хариуцагч нь банкийг мөнгө хүүлэгч гэдэг утгаар нь бодит мэдээллийг нийтэлсэн гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Хасбанк ХХК нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотолж:

Монгол улсын өдөр тутмын сонин Өдрийн сонины 2017.04.12-ны өдрийн 082 /5649/ дугаарын 15 дугаар нүүрний баруун доод хэсэгт Өргүй Монголын төлөө хөдөлгөөнөөс Хас банкинд шаардлага хүргүүллээ гарчиг бүхий нийтлэл /хх-9х/,

Хариуцагч ХХЗАН ТББ-аас 2017 оны 04 сарын 11-ний өдөр Хэвлэлийн хурал хийж мэдээлсэн мэдээллийн талаар телевизүүд болон сайт, MGL radio 102.1-д өгсөн ярилцлагыг цаасан дээр буулгасан тэмдэглэл, уг тэмдэглэлийг компакт дискэнд буулгаснаа шүүх хуралдаанд талуудыг байлцуулан үзлэг хийж бэхжүүлсэн тэмдэглэл зэрэг баримт хэрэгт авагджээ.

Хариуцагч нь 2017 оны 04 сарын 11-ний өдөр Хэвлэлийн бага хурал хийж мэдээлсэн мэдээллийг өөрсдийнх нь мэдээлсэн мэдээлэл үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргадаг бөгөөд тэдгээрт дурдагдсан өгүүлбэр, агуулгын талаар зохигч талууд маргадаггүй.

Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын үнэн зөвийн талаар зохигч талууд маргаагүй учир эдгээр мэдээллүүдэд дурдагдсан гэх мэдээллийн талаар зохигч талуудаас гаргасан тайлбар, эдгээр мэдээллийг эш татаж хэлсэн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж шийдвэр гаргах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 27 дугаар зүйлийн 27.6-д зааснаар иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна гэж заасан.

Дээр дурдсан телевизүүд болон MGL radio 102.1-д өгсөн мэдээлэл, Өдрийн сонинд нийтлэгдсэн нийтлэл зэргийг судлахад Хас банк ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл агуулсан гэж үзэх үндэслэл нотлогдон тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Баярхүүгийн хийсэн мэдээлэлд: Монгол банк, Монголын төр, засгийн газрын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж төгрөгийн ханшийг тогтвортой барьж чадахгүй байгаа талаар болон нийт Монголд үйл ажиллагаа явуулж байгаа банк, зээлийн үйл ажиллагааны талаар тайлбарласан байх бөгөөд Хас банк ХХК-ийн орон сууцны зээлд хамрагдсан иргэн н.Мөнхдэлгэрийн авсан долларын зээлийн талаар эшлэл авч тодруулсан байна.

Түүнчлэн, хариуцагчийн төлөөлөгч Т.Баярхүү нь Эдийн засгийн мэдээ сэтгүүлийн 2016 оны 06 сарын 04 /68/ дугаарт Ард санхүүгийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг зочиноор оролцон Монголынхоо ирээдүйг мэргэжлийн зургийн дагуу тоосго тоосгоор нь өрмөөр байна Хас банкны эздийн нэрс жагсаалтаараа ил тод байдаг гарчигтай нийтлэгдсэн нийтлэлд өгсөн ярилцлагад: ...би олон улсын байгууллага, том банк, оффшор бүсийн хөрөнгө оруулалтын сангуудаас мөнгө босгосон. Монголд хөрөнгө оруулалт хийсэн компаниудын дийлэнх нь оффшор бүсэд бүртгэлтэй... гэж дурджээ. Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын үүсгэн байгуулагч, шууд төлөөлөх эрх бүхий этгээд байсан хүний ярилцлагыг үндэслэж Хас банкийг оффшор гэдэг агуулгаар мэдээлэл хийсэн гэж тайлбарлаж байх бөгөөд хэвлэлд ярилцлага өгсөн Ч.Ганхуяг нь тус банкны үүсгэн байгуулагч, эрх бүхий этгээд байсан гэдэгт нэхэмжлэгч маргаагүйгээс гадна дээрх сэтгүүлд гарсан мэдээллийг үгүйсгээгүй байна. Иймд хариуцагч Хас банк ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн талаар бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

Тэрээр оффшор гэсэн үг нь үг зүйн хувьд татварын чөлөөт бүсэд мөнгийг байршуулах гэсэн агуулгатай гэдэгт талууд хэн алин нь маргаагүй ч Монгол Улсад олон нийт үгийн утгийг авилга гэдэг агуулгаар буруугаар ойлгодог, банкны хөрөнгө оруулагч нараас татварын чөлөөт бүсэд бүртгэлтэйг нотлоогүй хэрнээ мэдээллийг цацсан тул ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэнэ гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

Иргэд, олон нийт үгийн утгийг буруу ойлгох явдал нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх үндэслэл болохгүйгээс гадна өөрийн банкны хөрөнгө оруулагчид нь татварын чөлөөт бүсэд бүртгэлгүйг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тус банкны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн талаарх мэдээлэл нийтэд илэрхий, нотлох шаардлагагүй үйл баримт гэж тайлбарлаж байх боловч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн талаарх мэдээллийг нийтэд илэрхий үйл баримт гэж үзэх боломжгүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээд байна гэж заасан.

Банк нь Банкны тухай, Валютын зохицуулалтын тухай, Төлбөр тооцоог мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай, болон Иргэний хуульд тус тус зааснаар өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх, санхүүгийн зуучлалын болоод ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх тул энэхүү үйл ажиллагааны талаар нь иргэн н.Мөнхдэлгэр ХХЗАН ТББ-д хандсаны дагуу хариуцагчийн хийсэн мэдээлэл нь нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймээс, хариуцагч ХХЗАН ТББ-д холбогдох ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, ажил хэргийн нэр хүндийг гутаасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 21 дүгээр зүйлийн 21.2, 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ХХЗАН ТББ-д холбогдох, Хас банк ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, ажил хэргийн нэр хүндийг гутаасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банк ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ИЧИНХОРЛОО

 

О.ОДГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Б.ТҮМЭНЦЭЦЭГ